Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2026/00252

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09759 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд илүү төлсөн 21,500,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд олох байсан орлогод 20,864,383 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор ******* нь ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, энэ үйлдлийн хувьд гэмт хэргийн хохиролд 37,000,000 төгрөгийг *******гаас гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолд ******* давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс *******д холбогдох 3 үйлдлийг тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2 үйлдэлд ялыг хөнгөрүүлж, хохиролд 15,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хохиролд 37,000,000 төгрөгийг төлсөн.

1.2 Давж заалдах шатны шүүх *******гаас 15,500,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэхдээ зөрүү 21,500,000 төгрөгийг буцаан олгохгүйгээр жич нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн.

Иймд шүүхээс тогтоосон төлбөрийн зөрүү 21,500,000 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож, *******д 4 жилийн хорих ял оногдуулж, хохирол 150,000,000 төгрөгөөс 37,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 36.10.4 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно гэж заасан бөгөөд ******* 37,000,000 төгрөгийн хохирол учруулснаа зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг биелүүлж, хохирлыг төлсөн. Хэрэв хохирлын төлбөрийг үндэслэлгүй гэж үзсэн бол хохирлоо төлөхгүй байх эрх нь нээлттэй байсан.

2.2 ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хохирлыг төлж, хохирол төлөгдсөн хэмээн шүүх хуралдаанд оролцож ял шийтгэлийг хөнгөрүүлсэн атлаа, нэгэнт төлөгдсөн төлбөрийг буцаан нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хохирлыг төлснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг дуусгавар болсон ба нэгэнт дуусгавар болсон үүргийг буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дураараа төлчхөөд давж заалдах шатны шүүх хуралд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн. Гэтэл хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэхэд илүү мөнгө төлсөн гэх агуулгаар асуудалд хандаж байгаа нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй буцаан шаардах эрх үүсэхгүй.

2.3 Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1 дэх хэсэгт зааснаар ******* өөрийн хүсэл зоригийн дагуу 37,000,000 төгрөгийг төлсөн.

Иймд талуудын хооронд хуулиар үүссэн үүрэг дуусгавар болсон учраас үндсэн нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 ******* залилан мэхлэх гэмт хэргийн улмаас 150,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Уг тогтоолыг давж заалдах шатны шүүх хянаад 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээл, фидуцийн гэрээ байгуулан 32,000,000 төгрөг, нийт 62,000,000 төгрөгийг *******-ийн ажилтан өөрийн танил *******д нөлөөлж тус байгууллагаас авсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 62,000,000 төгрөгөөс 37,000,000 төгрөгийг ******* хохирлоо төлөв гэх байдлаар төлсөн. ******* мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд тухайн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг *******-иас бизнесийн зээлийн зориулалтаар сарын 1,5 хувийн хүүтэй, жилийн 18 хувийн хүүтэйгээр авч эргэлтийн хөрөнгө оруулалтаар ашигладаг.

3.2 ******* нар гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулаагүй байсан бол хариуцагч уг мөнгөн хөрөнгийг хамгийн багаар тооцон, арилжааны банкны хадгаламжид байршуулж орлого олох байсан. Тодруулбал, *******-ийн нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү 12,5 хувийн хүүгээр тооцоход 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 1010 хоногт 10,376,712 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 32,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 957 хоногт 10,487,671 төгрөг, нийт 20,864,383 төгрөгийн орлого олох байсан.

3.3 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт зааснаар *******г гэм буруутайд тооцсон 2 зээлийн гэрээний үнийн дүн 62,000,000 төгрөгийн асуудалд бусад 3 этгээд холбогдсон боловч Иргэний хуулийн дээрх заалтууд үндэслэлийн дагуу нэхэмжлэгчээс бүхэлд нь шаардаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу *******-ийн хугацаагүй хадгаламжийн хүү нь нийтэд илэрхий үйл баримт тул нотлох шаардлагагүй.

Иймд *******гаас олох ёстой байсан орлогод 20,864,383 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Хариуцагч ашиг олж байгаа нь тус байгууллагын өөрийнх нь үйл ажиллагаа ба үүнд *******гаас шалтгаалж хохирол учирсан мэтээр тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

4.2 Хэрэг эрүүгийн журмаар шийдэгдсэн ба *******гийн үйлдэл, учруулсан хохирлын асуудлыг тухайн үед шийдвэрлэсэн тогтоол, магадлал хүчин төгөлдөр хэвээр байгаа. Харин ******* ял шийтгэлээ хөнгөрүүлэх гэж хохирол төлөөгүй. Анхан шатны шүүх 37,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн учраас төлсөн. Давж заалдах шатны шүүхээс түүний 3 үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хохирлын хэмжээг үйлдэлд нь тохируулж 15,500,000 төгрөг гэж тогтоосон. Иймд илүү төлсөн төлбөрөө хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.3 Мөн хариуцагч тал 2023 онд нэхэмжлэл гаргаснаас хойш 21,500,000 төгрөгөөс ашиг олж байгаа.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

5.1 ******* хохирлоо барагдуулсан байна. Гэвч илүү төлсөн мөнгөө хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч нь байгууллагын хохирлыг барагдуулах нь зүйтэй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 21,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гаас 5,426,730 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,437,653 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 265,450 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 262,280 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 265,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 101,778 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, түүнээс 37,000,000 төгрөгийг гаргуулан *******-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд дээрх 37,000,000 төгрөгийг төлөх үүрэг тус ******* дугаар шийтгэх тогтоолд зааснаар талуудын хооронд үүссэн байна. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд 21,500,000 төгрөгийг төлөх үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

7.2 *******гийн зүгээс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шийтгэх тогтоолд заасны дагуу хохирол болох 37,000,000 төгрөгийг сайн дурын үндсэн дээр *******-д шилжүүлсэн. Ийнхүү ******* нь өөрийн сайн дурын үндсэн дээр, шүүхийн шийдвэрийг биелүүлэн төлснөөр шийтгэх тогтоолд заасан төлбөрийн үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон. Иймд төлбөрийн үүрэг дуусгавар болсон тул нэгэнт дуусгавар болсон үүргийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Мөн ******* нь илүү төлсөн хохиролд 21,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргахдаа нэгэнт дуусгавар болсон үүргийг хэрхэн буцаан шаардаж гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ тодорхой заагаагүй ба анхан шатны шүүх мөн адил нэгэнт дуусгавар болсон үүргийг хэрхэн буцаан гаргуулах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Нөгөөтээгүүр, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа ******* нь нэхэмжлэгчээс 37,000,000 төгрөгийг аливаа хэлбэрээр шаардаагүй байхад ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг сайн дураараа биелүүлж төлсөн. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу ******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу дээрх төлбөрийг төлсөн бөгөөд түүнийг нь ******* хүлээн авсан. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

7.3 ******* шийтгэх тогтоолд заасан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тохиолдолд тухайн хохирлыг төлөхгүйгээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь хуулиар нээлттэй байсан. Гэвч ******* нь 37,000,000 төгрөгийг дээрх байдлаар төлж, хохирол төлбөрөө бүрэн төлсөн хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлага болон хохирлын хэмжээг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, ******* нь өөрт нь оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зорилгоор, өөрийн сайн дурын үндсэн дээр дээрх хохирлын төлбөрийг төлсөн бөгөөд тухайн нөхцөл байдлыг нь давж заалдах шатны шүүх дүгнэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсний дараа 21,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, түүнийг нь анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.4 *******гийн үйлдэл, оролцооны улмаас *******-д 62,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон. ******* нь *******, ******* нартай хамтран 62,000,000 төгрөгийн хохирлыг *******-д учруулсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эдгээр 3 этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид болно. Иймд үүрэг гүйцэтгүүлэгч ******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг *******гаас бүхэлд нь шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр, дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 15,437,653 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 37,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болохоос үүргийн гүйцэтгэлтэй холбоотой харилцаа талуудын хооронд үүсээгүй. ******* болон түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс *******д холбогдох 3 үйлдлийг тогтоогдохгүй байна гэж дүгнээд хэрэгсэхгүй болгож, 2 үйлдэлд нь ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн ба түүний хохиролд 15,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд илүү төлсөн төлбөрөө жич нэхэмжилж болох талаар дурдсан бөгөөд үүний дагуу илүү төлсөн төлбөрийг хариуцагч компаниас нэхэмжилсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, мөн хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохиролд төлөх төлбөрөө зохих ёсоор төлсөн байх бөгөөд илүү төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

8.2 Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч талаас Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу үүрэг үүссэн гэж үзээд 20,864,383 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч гомдол гаргаагүй. Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 242 дугаар заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байсан хэдий ч мөн хуулийн 228, 229 дүгээр заалтуудыг тус тус үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан хохиролд илүү төлсөн 21,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, олох ёстой байсан орлогод 20,864,383 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ...*******гаас 37,000,000 төгрөг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн байна.

4.1 ******* нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******гаас хохирол төлөв гэх гүйлгээний утгатайгаар 37,000,000 төгрөгийг *******-д шилжүүлсэн. /1хх 43/

4.2 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******д холбогдох хэргээс 3 үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, *******г шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн осолд орж эвдэрсэн машины бичиг баримт ашиглан *******-ийн нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас зээл авахад нь тус байгууллагын ажилтан өөрийн танил *******д нөлөөлөн түүнд урамшууллын 1,000,000 төгрөг өгч, өөрөө *******гээс мөнгө авах зэргээр шунахай сэдэлтээр 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр маркийн улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 30,000,000 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр маркийн, улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 32,000,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******гаас 15,500,000 төгрөг гаргуулан хохирогч *******-д олгохоор, *******гаас *******-д 37,000,000 төгрөг төлснийг дурдаж шийдвэрлэсэн.

Дээрх магадлалд Шүүгдэгч *******гийн хувьд давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед хохирол төлбөрт 37,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ...байх тул уг мөнгөнөөс хохирлын төлбөрөө шийдүүлж, илүү гарсан мөнгийг шаардах эрх нээлттэй болохыг тэмдэглэж байна гэсэн. Дээрх үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******гаас гаргуулах 37,000,000 төгрөгийг 15,500,000 төгрөг болгон өөрчилсөн байх тул нэхэмжлэгчийн илүү төлсөн 21,500,000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 15,500,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэг үүссэн, уг үүргийг нэхэмжлэгч биелүүлсэн. Харин зөрүү 21,500,000 төгрөгийн хувьд талуудын хооронд үүрэг үүсээгүй байх тул шүүх хариуцагчийг мөн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болдог. Шүүхийн шийдвэрт заасан нэхэмжлэгчид үүссэн үүргийн хэмжээ 15,500,000 төгрөг байх бөгөөд уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлснөөр түүний үүрэг дуусгавар болсон байна.

5.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн эрүүгийн хэргийн хохиролтой холбоотой нийт 37,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн нь хожим зөрүү 21,500,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******-иас 21,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...37,000,000 төгрөгийг төлөх үүрэг ******* дугаар шийтгэх тогтоолд зааснаар талуудын хооронд үүссэн, үүрэг дуусгавар болсон тул шаардах эрхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2 Түүнчлэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалаар *******д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдлыг бий болгохгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...******* өөрт нь оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зорилгоор, өөрийн сайн дурын үндсэн дээр хохирлын төлбөрийг төлсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалаар *******г 2 үйлдэлд гэм буруутайд тооцсон, түүний гэмт хэрэг үйлдэхэд болон гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг захиран зарцуулсан байдалд оролцсон оролцоо зэрэгт дүгнэлт хийж түүнээс 15,500,000 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд дээрх магадлалаар *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хариуцагчид учруулсан бодит хохирлыг 15,500,000 төгрөг гэж дүгнэнэ.

6.1 Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.

6.2 Анхан шатны шүүх бодит хохирол болох дээрх 15,500,000 төгрөгийг *******-ийн хугацаатай хадгаламжийн нэг жилийн хүү 12.5 хувиар, гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 дугаар сарын 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 5,426,730 төгрөгийг хариуцагч байгууллагын хувьд олох ёстой байсан орлогод тооцон нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эдгээр хүмүүс хамтран үүрэг гүйцэтгэгч тул мөн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шаардах хууль зүйн үндэслэлтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ...******* хохирлоо барагдуулсан байна. Гэвч илүү төлсөн мөнгөө хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч нь байгууллагын хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байх бөгөөд уг дүгнэлт нь үндэслэлтэй болсон байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09759 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

М.БАЯСГАЛАН