Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 521

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э,

улсын яллагч Н

шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай хэргийг .... оны ....дугаар сарын .......ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Э, ..... оны ..... дугаар сарын ....ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Баялаг худалдааны төвд үйлчлэгч ажилтай, Баянзүрх дүүрэг ....дугаар хороо ....дүгээр хэсэг Сургуулийн гудамж ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э нь .... оны ... дүгээр сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн ... дугаар гудамжны .... тоотод иргэн Б цахилгааны мөнгө  төлсөнгүй хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э мэдүүлэхдээ:

“Тогны мөнгөнөөс болж маргалдсан. Би гурав хоногийн хугацаа өгсөн байсан. Тэр өдрөө төлөхгүй байхаар нь жоохон ууртай явж байхад хашааны гадаа таараад тогныхоо мөнгийг өгсөн үү гэхэд өгөөгүй гээд тэгээд бид хоёр маргалдаад би цохисон” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э нь .....оны ..... дүгээр сарын ....ны өдөр Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн ..... дугаар гудамжны ..... тоотод иргэн Б цахилгааны мөнгө төлсөнгүй хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Б ..... оны ..... дүгээр сарын ....ны өдрийн ... цагийн орчим би хашааны үүд түшин зогсож байсан чинь нэг хашаанд байдаг Э эгч танайх яагаад цахилгааны мөнгө өгөхгүй байгаа юм гэж гүйж хүрч ирэн миний үснээс үсдэж, зүүн хацар луу нэг удаа алгадсан. Дахин зүүн хацар луу нэг удаа цохисон. Би чанга дуугаар та яагаад намайг зодоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай эгч О гэрийн хаалгаар шагайгаад та яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гэж хэлсэн чинь Э ямар нэгэн шалтгаангүй О намайг эд нар аллаа гэж хэлэн гэр лүүгээ орсон. Буцаад О хамт гарч ирэхээр нь манай эгч О танай эхнэр чинь хүүхэд зодлоо гэж хэлсэн чинь Э эгч дахин гэртээ орон буцаад гартаа хутга барьчихсан, та нарыг ална гээд дайрсан чинь нөхөр О нь Э гараас хутгыг нь аваад цааш эргэсэн чинь Э дахин намайг алгадсан. Би гэр лүүгээ гүйн ороод ээж Н руу Э намайг зодлоо гэж хэлсэн чинь ээж Н гар утсаараа дуудлага өгсөн. Цахилгааны мөнгө төлсөнгүй гэх шалтгаанаар зодсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй.

          ... Э эгч гараараа миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж үснээс зулгаан учруулсан. Шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн, цахилгааны мөнгө төлөхгүй байна гэж хэлэн хашгираад байсан.

          ... Э хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-16 дугаар хуудас/

          “... Би Э сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хохирлын ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63-65 дугаар хуудас/

 

          Гэрч Н “... Харин Б нь бие засна гэж хэлэн гарсан. Гэнэт хашаан дотор хоёр эмэгтэй хүн хэрэлдээд байсан бөгөөд нэг хашаанд амьдардаг Э эгч цахилгааны мөнгөө өгсөнгүй гэж хэлэн хашгираад байсан. Харин манай найз охин өөдөөс нь хэрэлдээд байсан. Би хувцсаа өмсөөд гарсан чинь манай найз охин Б толгой хэсэг рүү Э гараараа цохиж байхаар нь би салгах гээд очсон чинь Э гэрээс нөхөр О нь гарч ирэн Э болиулан гэр лүү нь оруулсан.

          ... Намайг  гэрээс гарч ирэхэд Э эгч Б толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Энэ зодоон хашааны үүд хэсэгт болж байсан. Хашааны үүд хэсэгт Б толгой хэсэг рүү нэг удаа цохиод О ах салгах гээд дундуур нь ороход Э О ахыг давуулан Б толгой хэсэг рүү нэг удаа дахин цохисон. Ингээд нийт хоёр удаа гараараа толгой хэсэг рүү нь цохиж байхыг харсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-22 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4505 дугаартай:

          “1. Б биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/

 

          Э яллагдагчаар өгсөн “... гэрийнхээ хашаанд орж ирсэн чинь хажуу айлын Б гэх охин зогсож байхаар нь танайх цахилгааныхаа мөнгийг төлсөнгүй. 4 сарын мөнгө 114.000 төгрөг гарсан, талыг нь төлөх ёстой гэж хэлснээс болон маргаан үүссэн чинь Б миний өөдөөс чи муу авгай, янхан чи өөрөө төл гэж хэлэхээр нь би гэртээ орон цахилгааныхаа төлбөрийн бичгийг аван гарч ирсэн. Төлбөрийн бичгийг Б үзүүлсэн чинь надаас булаан аваад урчихсан түүнээс болон би Б толгойтой үснээс зулгаасан. Мөн зүүн хацар луу нь нэг удаа алгадсан. Үүнээс болон Б  маш чанга дуугаар хашгирсан бөгөөд Б гэрээс эгч нь, мана гэрээс нөхөр Очирхуяг нар гарч ирэн салгасан. ... Б үснээс зулгаан нүүрэн тус газар нь 1-2 удаа алгадсан талаараа санаж байна.

          ... Би хохирогч Б уучлалт гуйсан. Бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 764 дугаартай дүгнэлтэнд “....1. Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Э нь мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэжээ. /хэргийн 30-32 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Э нь хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч  Б “... Э гэх хүнд зодуулсан бөгөөд  энэ хүнтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 76 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ