| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 313/2025/00166/И |
| Дугаар | 203/МА2026/00001 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 203/МА2026/00001
Ц.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 313/ШШ2025/00572 дугаартай шийдвэртэй,
Ц.*******ийн нэхэмжлэлтэй
Б.*******ад холбогдох
Гэм хорын хохирол 11,620,940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд хандаж байна. Учир нь: Миний төрсөн охин болох ******* овогтой *******г 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байх бидний ажилуулдаг "Ажнай" дэлгүүрт байхад гаднаас Б.******* нь согтуугаар орж ирсэн. Согтуу орж ирээд миний нөхөр болох Ц.*******ас архи нэхэн маргалдсан Б.*******ыг дэлгүүрээс гаргахад гадаа Б.******* нь охины өмнө зогсоод хэл амаар доромжлон аавыг чинь ална гэж хэлээд дэлгүүр рүү орохоор дайраад байхаар нь оруулахгүй гээд хориод түүний урдаас нэг удаа түлхээд цаашлуултал охины өмсөж байсан куртикний энгэрээс заамдаж бариад цээж хэсэг болон эгэм хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохисон байдаг. Үүнээс үүдэн охины бие өвдөн зовиурлаад байхаар нь эмнэлгийн байгууллагад хандан үзүүлэхэд цээжний дээд хэсэгт хөхрөлттэй өвчүүний дунд хэсэгт хугарсан гэсэн онош тавигдаж улмаар эрүүл мэндээрээ хохирч үлдсэн охины бие эрх чөлөөнд халдсан талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан боловч Мандал-Овоо сумын хэсгийн мөрдөгч Х.******* нь мөрдөн шалгах ажиллагааг шалтаг шалтгаангүйгээр маш удаан явуулсан, хэрэгт хяналт тавьж байсан прокурорын хяналт муу зэргээс шалтгаалан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэгдэж, гэмт хэрэг хийсэн хүн ял завшиж, бид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлж чадахгүйд хүрч хохирч үлдсэн. Иймээс одоо би насанд хүрээгүй охин буюу Б.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирол болоод гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирлыг дараах байдлаар нэхэмжилж байна. 1. Эрүүл мэндэд учирсан хохирол төлбөртэй холбоотой-1 499 540 төгрөг 2. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр-8 573 400 төгрөг 3. Өмгөөлөгчийн зардал-1 500 000 төгрөг 4. Архиваас баримт хуулбарлан авсан төлбөрт-48 000 төгрөг гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.*******ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие охины бие эрх чөлөөнд хүндэвтэр гэмтэл учруулах хэмжээнд халдаагүй, тухайн үед охины аав нь миний бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулан эрүүгийн хэрэгт татагдаж ял шийтгэл авч байсан. Энэ цаг хугацаанд охины биед гэмтэл бэртэл учирсан бол яагаад тухайн үед нь гомдол гаргаагүй сарын дараа гомдол гаргасныг ойлгохгүй байна. Мөн охин гэмтэл авсан гэх 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш охины бие зүгээр тоглоод явж байсан гэмтэл бэртэл авсан гэх байдал тухайн үед ажиглагдаагүй. Тиймээс охины биед миний үйлдлээс шалтгаалж гэмтэл учирсан гэж үзэхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас 8,762,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,858,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамж 200,885 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******аас 155,154 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэл нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1-р багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.*******гийн цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиж зодон, биед нь өвчүү ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буруутай үйлдлийн улмаас Б.*******гийн эрүүл мэнд болон сэтгэцэд хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1489 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон, түүний хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, сэтгэц, эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул тэрээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.
Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1-р багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.*******гийн цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиж зодсон гэх үйл баримт нь ганц хохирогч гэх Б.*******гийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар тогтоогддоггүй. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд дурдсан нотлох баримтаас үзэхэд Гэрч Ц.*******ийн мэдүүлэгт ...манай охин дэлгүүр орж ирээд энэ хүн намайг цохичихлоо гээд эвхрээд орилоод унасан ... гэдэг ч энэ мэдүүлэг нь *******гийн мэдүүлгийг давхар нотлох шууд нотлох баримт бус охиныхоо хэлснээр мэдүүлсэн дамжимал буюу өөрөө хараагүй, сонссон зүйлийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг юм.
Хохирогч *******гийн мэдүүлэг, түүний ээж нь болох Ц.*******ийн мэдүүлэг нь гэрч А.Ганцэцэг, Б.*******ийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тухайлбал гэрч Б.*******э "... ******* өөрийн дэлгүүрийн гадаа довжоон дээр зогссон
*******ын толгойн оройн хэсгийн үснээс нь хоёр гараараа зулгаагаад доош дарсан зогсож байсан. Тэгэхээр нь би *******г чи яагаад эрэгтэй хүний толгойд хүрээд байгаа юм бэ гэсэн чинь ******* *******ын үснээс тавьчхаад дэлгүүр рүү эргээд орсон гэрч А.Ганцэцэгийн мэдүүлэгт ...Бямбадагвын дэлгүүрийн гадаа баруун талд *******ын эгчийнх нь машин байсан. тэр машины хажууд гадаа нь ******* нүүрээ дарсан сууж байсан. Харин ******* эхнэр охины хамт дэлгүүрийн гадаа довжоон дээр зогсож байсан. гэжээ эндээс үзэхэд тухайн өдөр дэлгүүр дотор болон дэлгүүрийн гадаа болсон үйл явдлын дараа хохирогч ******* нь гэмтэл бэртэл аваагүй зүгээр байсан болох нь, *******, Ц.******* нарын мэдүүлгээр мэдүүлээд байгаа ******* *******гийн хэвлий хэсэг рүү гараараа 2 удаа цохисон, хөдөлж чадахгүй эвхрээд унасан гэдэг үйл баримт нь үгүйсгэгдэж байгааг анхаарч үзнэ үү.
Мөн түүнчлэн Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******гийн биед өвчүү ясны хугарал гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон гэж үзсэн. Тухайн дүгнэлт гаргасан шинжээчээс гаргасан дүгнэлтийг нь тодруулах, тайлбарлуулах зорилгоор мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэгт шинжээч нь дүгнэлтээ үгүйсгэсэн байдлаар мэдүүлсэн байгааг анхаарч үзнэ үү. Учир нь шинжээч дүгнэлтээрээ *******гийн биед учирсан өвчүү ясны хугарал гэмтэл нь шинэ, хуучин гэмтлийн аль нь болохыг ялгаж өгөөгүй, мэдүүлэгтээ шинэ, хуучин хугарлын аль нь болохыг ялгах боломжгүй, компьютер томографын шинжилгээ хийсэн эмч л шинэ хуучин гэмтлийг нь ялгах боломжтой гэдэг. Түүнчлэн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэж дүгнэлтэд дурдсан ч мэдүүлгээрээ өвчүү ясны хугарал гэмтэл авсан хүн хөдөлмөр эрхлэх, спортоор хичээллэх боломжгүй гэж мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлт өөрөө үндэслэлтэй гарсан эсэх нь эргэлзээтэй байдаг.
Учир нь тухайн үйл явдал 2024.01.05-ны өдөр болсон буюу ******* нь *******ын үйлдлийн улмаас өвчүү ясны хугарал гэмтэл авсан гэдэг. Энэ өдрөөс хойш 8 хоногийн дараа буюу 2024.01.13-ны өдөр өвчүү ясны хугарал гэмтэл авсан гэх ******* нь хүмүүстэй хамт гэмтэл бэртэл авсан гэхээргүй, бүх байрлалд үсэрч харайж, өмнөх шигээ зүгээр гар бөмбөг тоглож байсан гэж хамт зааланд гар бөмбөг тоглосон насанд хүрээгүй гэрч Б., Д. нарын мэдүүлгээр мөн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлээр ******* нь 2024.01,05-ны өдөр өвчүү ясны хугарал гэмтэл авсан гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Шинжээчийн мэдүүлж буйгаар өвчүү ясны хугарал гэмтэл авсан хүн 8 хоногийн дараа спортоор хичээллэж, ямар ч эмзэглэлгүй гар бөмбөг тоглох боломжгүй учир *******гийн биед учирсан өвчүү ясны хугарал гэмтэл нь *******ын үйлдлээс болж учирсан бус харин өмнө нь учирсан хуучин хугарал гэмтэл гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хор учруулагч хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлээс хохирогчид гэм хор учирсан байх, эдгээрийн хооронд шалтгаант холбоо, гэм буруу байхыг шаардана. Өөрөөр хэлбэл Б.*******ын гэм буруутай санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн охин *******гийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан бол хариуцагч уг хохирол, хор уршгийг хариуцаж төлөхөөр хуульчилсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Хариуцагч Б.*******ын буруутай үйлдлийн улмаас *******гийн эрүүл мэндэд хохирол учирсан гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй. Мөн түүнчлэн Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******гийн эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримт ч хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй байдлаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Харин эсрэгээрээ тухайн өдөр буюу 2024.01.05-ны өдөр нэхэмжлэгчийн нөхөр *******, охин ******* нар нь хариуцагчаар татагдсан Б.*******ын бие эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх атал нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн охин *******гийн эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй байдлаар нотлогдон тогтоогдохгүй байгааг анхаарч үзнэ үү.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 313/ШШ2025/00572 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг. Өөрөөр хэлбэл хэргийн бодит нөхцөл байдал гэдэг нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шүүхийн шийдвэртээ шийдвэрлээд байгаа нь үнэнтэй нийцээгүй гэдэг агуулгаар хэлээд байх шиг байна. Энэ хэргийн үйл баримт болоод хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй шийдвэр гарсан гэж дүгнээд байгаа боловч хэргийн хүрээнд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулсан хэд хэдэн бичгийн нотлох баримтыг Өмнөговь аймгийн Прокурорын газар дахь эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн хэргийн материалаас нотлох баримтын шаардлага буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан ийм баримтуудыг өгсөн байгаа. Тэгэхээр анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцээд хэргийн хүрээнд авагдсан бичгийн нотлох баримт бол хуулийн шаардлага хангасан, болсон үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлээд байна. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэдэг. Нотлох баримтын хувьд би түрүүнд хэлсэн. Эрх бүхий байгууллагаас нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авдаг. Мөнгөн дүн дээр маргаад байдаг. Насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нар нь Мандал-Овоо сумын хүмүүс байдаг. Мандал-Овоо сумаас хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа Өмнөговь аймгийн Цагдаагийн газар дээр явагдсан учраас наашаа, цаашаа явах, Улаанбаатар хот руу явах, ирэх, буцах гээд тодорхой хэмжээний шатахууны зардлууд гарсан. Тухайн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан хэмжээгээр гаргаж өгсөн. Шүүх энэ хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтыг үндэслэлтэй дүгнэсэн. Ийм учраас Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 572 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Насанд хүрээгүй хүүхдэд хохирол учирсантай холбоотой асуудал яригдаж байгаа. Насанд хүрсэн хүний эрх чөлөөнд халдсан бол өөр хоорондоо зохицоод явъя, барья гэдэг зүйл яригдах байх. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд учирсан гэмтэл болон болсон үйл баримт дээр маргаангүй гэж үзэж байгаа гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэг дээр дүгнээд байгаа цаг хугацааны хувьд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б.******* болон Б.******* нарын хооронд ийм үйл явдал болоогүй. Он, сар, цаг хугацааны хувьд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үйл баримтыг ярьсан. Гэтэл цаг хугацааны хувьд огт хамааралгүй 01 дүгээр сарын 24-ний өдрийн үйл явдал гэж шүүх дүгнэж байгаа нь өрөөсгөл ойлголт байна. Мөн 01 дүгээр сарын 05-ны өдрийн үйл баримт нь шинжээчийн хоёр дүгнэлт, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж үздэг. Гэтэл Б.*******гийн биед өвчүү ясны хугарал гэсэн хүндэвтэр гэмтэл учирсан гэдэг шинжээчийн дүгнэлтийг эргүүлээд шинжээчээс мэдүүлэг авч тодруулсан байдаг. Тэр шинжээчийн мэдүүлэг дээр цаг хугацааны хувьд буюу тухайн үед учирсан гэмтэл үү, үгүй юу, шинэ, хуучин гэмтэл эсэхийг би тогтоож, мэдэх боломжгүй. Өвчүү ясны хугарал нь шинэ гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг тухайн компьютер томографын шинжилгээ хийсэн эмч л мэдэх боломжтой. Шинжээч эмчийн хувьд үүнийг ялгах боломжгүй гэдэг. Ийм байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд өвчүү ясны хугарал гэмтэл нь үнэхээр хуучин гэмтэл үү, шинэ гэмтэл үү гэдгийг тухайн үед компьютер томографын шинжилгээ хийсэн эмчээс нь асуухаар 9 сарын өмнөх сиди байгаа учраас шинэ, хуучин гэмтлийг нь ялгах боломжгүй гээд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр учирсан шинэ гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Хэргийн хүрээнд шинжээч эмчээс мэдүүлэг авахдаа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр энэ хүн өвчүү ясны хугарал гэмтэл авсан бол 8 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үсэрч харайгаад гар бөмбөг тоглоод явах, спортоор хичээллэх боломж нөхцөл байдаг уу гэж шинжээчээс асуухад өвчүү ясны хугарал авсан хүн үсэрч харайх, спортоор хичээллэх, ажил хөдөлмөр хийх, эрхлэх боломж байхгүй гэж хариулсан. Тэгэхээр шинжээч эмч нь энэ дүгнэлтээ мэдүүлгээрээ үгүйсгэсэн нөхцөл байдал байгааг анхаарч үзнэ үү. Мөн тухайн өдөр цээж хэсэг рүү нь хоёр удаа гараараа цохисон үйл явцыг Б.******* охины мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдсон зүйл байхгүй. Харин эсрэгээрээ Б.******* болон түүний аав Ц.Бямбадавга нар нь хариуцагч Б.*******ын эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол гэмтэл учруулсан үйл баримтууд нотлогдон тогтоогдоод шүүхээр ороод шийдвэрлээд явчихсан нөхцөл байдал байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн нэхэмжилсэн хохирол төлбөрийг нь аваад үзэхээр эрүүл мэндийн хохирол төлбөр гээд 1,499,500 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилдэг. Гэтэл энэ нэхэмжлэлийн 1,289,540 төгрөг нь шатахууны зардал нэхэмжилсэн байдаг. Эрүүл мэндтэй холбоотой хохирол гэж шатахууны зардлыг үзэхгүй. Мөн шинжилгээний хоёр баримт байдаг. Нэг нь 127,000 төгрөг, нэг нь 69,000 төгрөг байдаг. Өвчүү ясны хугарлын улмаас хийгдсэн шинжилгээ нь зайлшгүй хийгдэх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг давхар нотолсон эмнэлгийн бичиг баримт нотлох баримтаар хэргийн хүрээнд авагдаагүй. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилдэг. Гэтэл тухайн өдрийн үйл явдал нь хохирогч гээд байгаа Б.******* болон түүний аавын зүй бус үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн хохирол, төлбөр байхад яагаад Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар хохирол, төлбөрийг багасгаж болдоггүй юм бэ? хохирогч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг анхаарч үздэггүй. Гомдол дээр дэлгэрэнгүй тайлбарласан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан гэм хорын хохирол 11,620,940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...охины биед миний ... Б.*******ыг дэлгүүрээс гаргахад гадаа Б.******* нь охины өмнө зогсоод хэл амаар доромжлон аавыг чинь ална гэж хэлээд дэлгүүр рүү орохоор дайраад байхаар нь оруулахгүй гээд хориод түүний урдаас нэг удаа түлхээд цаашлуултал охины өмсөж байсан куртикний энгэрээс заамдаж бариад цээж хэсэг болон эгэм хэсэг рүү нь гараараа хоёр удаа байдаг. гэж тайлбарлажээ.
Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... миний үйлдлээс шалтгаалж гэмтэл учирсан гэж үзэхгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, зохигч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэл эс зөвшөөрч шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.*******г зодсон гэх мэдээллийг Цагдаагийн газар хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн 242800100 дугаартай хэрэг нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Б.*******гийн биед өвчүү ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо, Б.*******гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, Б.*******гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-22-23/ гэжээ.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1489 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Бямбадагвын *******гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна, Б.*******гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчны, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэх зэргээс хамаарна, дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна /хх-24-26/ гэжээ.
4. Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолоор ...Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиж зодон, биед нь өвчүү ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлтийг хийж, хэрэг бүртгэлтийн 242800100 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан байна. /хх-27-29/
5. Нэхэмжлэгч Ц.******* нь хохирогч В.*******гийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд тэрээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж заасан.
6. Анхан шатны шүүх Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1-р багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.*******гийн цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиж зодон, биед нь өвчүү ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буруутай үйлдлийн улмаас Ц.*******гийн эрүүл мэнд болон сэтгэцэд хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1489 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон, түүний хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, сэтгэц, эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул тэрээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолд:
...Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиж зодон, биед нь өвчүү ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгайн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн... бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байх тул хэрэг бүртгэлтийн 242800100 дугаартай хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна. гэжээ.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татахгүй хуульчилсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл нь зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах бөгөөд Б.*******ын үйлдлийн хувьд хяналтын прокурорын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацааны тухай ойлголт нь зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд хамаарах бөгөөд Б.*******ын хувьд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоогоогүй байхад хохирол төлбөр гаргуулах нь үндэслэлгүй байна гэх гомдол үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг прокурорын тогтоолоор хаасан боловч хохирогчийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохиролтой хамаарал хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1-р багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.*******гийн цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиж зодсон гэх үйл баримт нь ганц хохирогч гэх Б.*******гийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар тогтоогддоггүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий гомдлыг давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
7. Шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 313/ШШ2025/00572 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэлийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,885 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР