Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 299

 

Г.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1939 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар тогтоолтой, Г.Ч-т холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1939 оны байдлаар 19 настай, ард, халх, ам бүл 5, сонгуулийн эрхтэй, бод 20, Завхан аймгийн *** оршин суух, Г-ын Ч- нь “Тонхилын хүрээний гавж, хувьсгалын эсэргүү, лам Гончигийн эсэргүү бүлгэмийн гишүүнээр элсэж, түүний даалгавраар ард олны дунд оргүй худал цуурхал тарааж, нам, засгаас явуулж буй бодлогыг нэр хүндгүй болгохын тулд эсэргүү ажлыг үйлдэж байсан ба эсэргүү хэргийн удирдагч Гончигийг баригдсан явдалд хорсож түүний үйлдлийг үргэлжлүүлж байсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 06 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 66 дугаар тогтоолоор “ ... Г овогтой 19 настай Ч-ыг Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 139 дүгээр зүйлээр 5 сар хорьж шийтгэх, мөн бичгийн 45 дугаар зүйлийг баримтлан 1 жил 6 сар хорьж шийтгэх ба хулгайлан авч шатаасан 261 төгрөгийг уг газарт төлсөн явдал нь хэлэлцэх явалгүй бөгөөд гагцхүү Дарви сумын ард Тавхайгаас хулгайлан авч ашигласан 31 төгрөгийг гаргуулан ард Тавхайд олгосугай” гэж шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “ ... Г.Ч-ыг Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 139 дүгээр зүйлээр 5 cap хорьж шийтгэсэн хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй боловч Завхан аймгийн прокурорын газраас Г.Ч-т Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 139 дүгээр зүйлээр ял төлөвлөж, Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 06 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 66 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 45 дугаар зүйлээр Г.Ч-т улс төрийн хэрэгт ял хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Г.Ч-ыг Тонхилын хүрээний гавж, Ёнзонхамба нарын үүсгэн байгуулсан хувьсгалын эсэргүү бүлгэмийн Гончигт 1937 онд элсэж, эсэргүү үйл ажиллагаа явуулсан гэж шийтгэсэн байх бөгөөд түүнийг эсэргүү бүлэгт элсүүлэн авсан гэх лам Гончигийн цагаатгалын 2518 дугаартай хэрэгт хийсэн үзлэгээр Г.Ч-ын мэдүүлсэн лам Гончигийн овог нэр /Дармаагийн Гончиг/, үндсэн захиргаа /Завхан аймгийн Дарви сум 6 дугаар баг/, авга ах нь болох /биеийн байцаалт дахь ам бүлдээ Г.Ч-ын аав Галсанчоймбол гэх нэрийг мэдүүлсэн/ зэрэг нь Г.Ч-ын мэдүүлэгтэй тохирч, түүний эсэргүү бүлэгт элсүүлсэн гэх Гончиг мөн болох нь тогтоогдож байна.

Харин Гончиг нь Г.Ч-ыг эсэргүү бүлэгтээ элсүүлэн авсан талаар хэрэгтээ мэдүүлээгүй байна.

Дармаагийн Гончиг ... нарыг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор шийтгэснийг, хянаад БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны 1991 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 186 дугаар магадлалаар цагаатган шийдвэрлэсэн байна.

2. Г.Ч-ыг улс төрийн биш хэрэгт дайчлан баривчилж, улмаар хувьсгалын эсэргүү гэх ламын хэрэгт холбогдуулан шалгаж ял төлөвлөсөн боловч түүний эсэргүү цуурхал тараасан, бурхан, мөнгө, төгрөг, сонин сэтгүүл шатаасан, эсэргүү хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэг, үйлдлийг нь нотлон тогтоосон ямар ч баримт хэрэгт байхгүй, гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа зорилго, хэргийн улмаас ард иргэд, нийгэмд учирсан хор хохирлыг тогтоогоогүй байж зөвхөн өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/ ... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 06 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 66 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 45 дугаар зүйлээр хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ч-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

2. Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 06 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 66 дугаар тогтоолоор “ ... Галсанчоймбол овогтой 19 настай Ч-ыг Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 139 дүгээр зүйлээр 5 сар хорьж шийтгэх, мөн бичгийн 45 дугаар зүйлийг баримтлан 1 жил 6 сар хорьж шийтгэх ба хулгайлан авч шатаасан 261 төгрөгийг уг газарт төлсөн явдал нь хэлэлцэх явдалгүй бөгөөд гагцхүү Дарви сумын ард Тавхайгаас хулгайлан авч ашигласан 31 төгрөгийг гаргуулан ард Тавхайд олгосугай” гэж шийдвэрлэсэн байна.

Үүнээс Г.Ч-ыг 1934 оны Шүүх цаазын бичгийн 45 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

3. Хэргийн баримтаас үзэхэд Г.Ч-ыг гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон эсэргүү цуурхал тараасан, бурхан, мөнгө, төгрөг, сонин сэтгүүл шатаасан, эсэргүү хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх үйлдлийг нь нотлон тогтоосон ямар ч баримт хэрэгт байхгүй, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, хэргийн улмаас ард иргэд, нийгэмд учирсан хор хохирлыг тогтоогоогүй байхад зөвхөн өөрийнх нь мэдүүлэгт тулгуурлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай байна.

Түүнчлэн Гончиг нь Г.Ч-ыг эсэргүү бүлэгтээ элсүүлэн авсан талаар мэдүүлээгүй,  мөн Дармаагийн Гончиг ... нарыг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор шийтгэснийг хянаад БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлын 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаар магадлалаар цагаатган шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

4. Энэхүү нөхцөл байдал нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”, “улс төрийн хэлмэгдүүлэлт”, мөн дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Шүүх цаазын бичгийн 45 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд тус тус хамаарч байгаа болно.

5. Харин Шүүх цаазын бичгийн 139 дүгээр зүйлд “Аливаа хүн тус улсын мөнгөн тэмдэгт цаас зоос зэргийг олонд итгэмж үгүй болгох саналаар элдэв цуу үг зохион ард олонд ятган ухуулваас 2-5 жил хүртэл хорино” гэж заасан байх бөгөөд Г.Ч-ын “ ... өөрийн хадам эцэг Тавхайнхаас 31 төгрөг 90 мөнгө, Дарви сумын хураагдал хөрөнгө худалдах комиссын 261 төгрөгийг хулгайлан авч, түүнээс 25-тын дэвсгэрт 3-ыг буюу 75 төгрөгийг шатаасан” гэх мэдүүлэг, Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1939 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн таслан шийтгэсэн 66 дугаар тогтоолд хулгайлан авч шатаасан 261 төгрөгийг уг газарт төлсөн зэрэг баримтаар 5 сар хорьж шийтгүүлсэн болох нь тогтоогдож байгаа тул энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

6. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэх үндэслэлээр Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 06 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 66 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 45 дугаар зүйлээр хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэснийг хүчингүй болгон Г.Ч-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, мөн    “ ... 45 дугаар зүйлийг баримтлан 1 жил 6 сар хорьж ...” гэснийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1939 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн таслан шийтгэсэн 66 дугаар тогтоолын “... Шүүх цаазын бичгийн ... тусгай ангийн 139 дүгээр зүйлээр 5 сар хорьж шийтгэх ...” хэсгийг хэвээр үлдээж, мөн тогтоолын “ ... шүүх цаазын бичиг 45 дугаар зүйлээр 1 жил 6 сар хорьж ... ” гэсэн хэсгийг хүчингүй болгож, уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Ч-ыг цагаатгасугай.

 

ДАРГАЛАГЧ                                              Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                   С.БАТДЭЛГЭР

                                                                    Б.ЦОГТ

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН