Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 23

 

 

 

 

Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                                         Прокурор       Д.Ганцэцэг

                                                        Шүүгдэгч        Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах,  Б.Самдан

                                                        Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 264 дүгээр шүүгчийн захирамжинд улсын яллагчийн гаргасан эсэргүүцлээр, Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт холбогдох эрүүгийн 201715000048 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай, халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Өлний ар” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, дээр дурдсан биелүүлэхийг хойшлуулсан байсан шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 217 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 11 cap 01 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж байсан, Тайж овогт Батбаярын Мөнхбаяр /Регистрийн дугаар ЙИ90082415/,

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1981 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 36 настай, халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Аргуйт” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар  хянан харгалзагдаж байсан, Тайж овогт Шийрэвсамбуугийн Галбадрах /Регистрийн дугаар  ЙИ81102716/,

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторч мэргэжилтэй, ам бүл-3, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Цохиотын ар” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Тайж овогт Батсүхийн Самдан /Регистрийн дугаар ЙИ94061511/

Б.Мөнхбаяр нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр Ш.Галбадрах, Б.Самдан нартай, Ш.Галбадрах, Б.Самдан нар нь Б.Мөнхбаяртай тус тус бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 09-13-ны өдрийн хооронд Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Угалзын ам” гэх газраас машин механизм хэрэглэн З.Адъяасүрэнгийн хул зүсмийн байдас гүүг хулгайлан нядалж З.Адъяасүрэнд 800000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах нарыг З.Адъяасүрэнгийн хул зүсмийн байдас гүүг хулгайлан  үйлдэлдээ бусдын морийг хэрэглэсэн болох нь тогтоогдож байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3-т заасан буюу “Яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох”-ыг бичээгүй, шүүгдэгч нар нь хулгайлсан байдсан гүүний мах, ширийг хэдэн төгрөгөөр зарсан болохыг тогтоогоогүй, түүний үнийг тогтоох шаардлагатай, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж  үзэн Б.Мөнхбаяр, Б.Самдан, Ш.Галбадрах нарт холбогдох  эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, хэрэгт битүүмжлэгдэж хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Мөнхбаярын эзэмшлийн /AS 5012865/ серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт прокурорт шилжүүлэхээр, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Самданд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр заан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар прокурор шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Улсын яллагч Д.Ганцэцэгийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар эсэргүүцэлд:

Яллагдагч Б.Мөнхбаяр нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр Ш.Галбадрах, Б.Самдан нартай, яллагдагч Ш.Галбадрах, Б.Самдан нар нь Б.Мөнхбаяртай тус тус бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 09-13-ны өдрийн хооронд Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Угалзын ам” гэх газраас машин механизм хэрэглэн З.Адъяасүрэнгийн хул зүсмийн байдас гүүг хулгайлан нядалж З.Адъяасүрэнд 800000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч З.Адъяасүрэн, гэрч С.Батбаяр, Т.Төмөрсүх, Д.Шийрэвсамбуу, Б.Билэгмаа, Т.Даваацэрэн, Н.Сосорбурам, яллагдагч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарын мэдүүлгүүд, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/37 тоот үнэлгээний тайлан, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолууд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

1. Шүүгчийн захирамжид шүүгдэгч нар нь дээрх үйлдэлдээ бусдын морийг хэрэглэсэн болох нь тогтоогдож байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3-т заасан буюу “Яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох”-ыг бичээгүй гэж дүгнэжээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нар нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлахдаа бүлэглэсэн, хулгайн эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм буюу мотоцикл ашигласан, шүүгдэгч Б.Мөнхбаяр нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгож байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.7-д зааснаар шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэлдээ хэрэглэсэн морь нь машин механизмд хамаарахгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн унаа, хөсөгт хамаарч байх тул мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн морийг битүүмжилж, шүүхээс эдгээр морьдыг эд хөрөнгө хураах ялаас гадуур хураах нөхцөлийг хангаж өгсөн.

Тиймээс шүүгдэгч нар нь давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм буюу мотоцикл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллагдах талаар яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч нарын морь хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгохгүй тул яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Морь хэрэглэж” гэж дурдах шаардлагагүй байна.

2. Мөн шүүгчийн захирамжид шүүгдэгч нар нь хохирогч З.Адъяасүрэнгийн эзэмшлийн хул зүсмийн байдас гүүний мах, ширийг хэдэн төгрөгөөр зарсан болохыг тогтоогоогүй, түүний үнийг тогтоох шаардлагатай, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж дүгнэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 5-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ” гэдэгт гэм буруутай этгээд нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдэх явцдаа хууль бусаар олж авсан эд юмс, тэдгээрийн зах зээлийн үнэлгээг ойлгоно гэж тайлбарласнаас үзвэл энэ хэрэгт хууль бусаар олж авсан эд юмс буюу адууны үнийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ гэж ойлгоно.

Тэгвэл энэ хэрэгт хууль бусаар олж авсан эд юмс буюу адуу, түүний зах зээлийн үнийг мөрдөн байцаалтын шатанд хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-иар тогтоолгосон.

Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу адууны махыг зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр худалдан борлуулаагүй болох нь хэрэгт цугларсан гэрч Т.Даваацэрэнгийн “...танихгүй хүмүүс байсан. ...адууны сээр, хүзүүтэйгээ үргэлж салгаагүй хаа авчирч өгсөн. Би 60000 төгрөгөөр авсан” гэсэн мэдүүлэг, яллагдагч Б.Самдангийн “...Төмөрсүхтэй хамт 1 гуя сүвээний хавиргатай хамт салгаагүй үргэлж байснаар нь аваад аймаг явсан. Элит төвийн хажуу талд нь байсан санагдаж байна махны худалдааны төвд очсон эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан одоо харвал танихгүй байх өгсөн мах нь 30-40 килограмм болсон байх ямар ч байсан 92000 төгрөг болсон” гэсэн мэдүүлэг, яллагдач Б.Самдангийн “...тэр оройноо авч ирсэн архи пиво оо ууж хоноод маргааш нь Мөнхбаяр ах бид 2 Төмөрсүхийн мотоциклоор 1 хаа 1 гуя аваад аймаг ороод хар замаар уруудаж явж байгаад ...ченжид өгсөн...бөөнд нь 60000 төгрөгөөр өгчихсөн” гэсэн мэдүүлэг, яллагдагч Ш.Галбадрахын “...Самдан, Төмөрсүхтэй хамт Төмөрсүхийн мотоциклоор нь 1 гуя ганзагалаад аваад явсан. Тэр 2 орой гэгээ тасарсан харанхуй болсон үед эргэж ирсэн. Ингэж ирэхдээ махаа аймагт аваачиж зарсан гэсэн. Яг хаана хэнд өгсөн талаар нь асуугаагүй. ...тэр шөнөө авч ирсэн архи, пивоо ууж хоносон маргааш нь Самдан, Мөнхбаяр 2 үлдсэн хаа, гуя сээр, ширээ аваад аймаг явсан. Ингэхдээ надад тамхи 50000 төгрөгтэй өгсөн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...ширийг нь би ченжид 40000 төгрөгөөр өгсөн, хэдээр өгснийг Самдан анзаараагүй байх” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнийг “Лэндс ХХК”-ийн алдагдсан адууг үнэлсэн үнэлгээгээр тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалт нь гэмт этгээд гэмт хэрэг үйлдэж өөрт эд хөрөнгийн давуу байдал буюу тодорхой эд юмсыг хууль бусаар өмчлөлдөө оруулсан бол тухайн эд хөрөнгийг хураах тухай ойлголт юм. Харин энэ хэргийн хувьд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж ашиг орлого олоогүй, гэмт хэрэг үйлдэж олсон адууны махыг худалдан борлуулсан үнэ нь тухайн адууны зах зээлийн үнээс хэд дахин бага болох нь тогтоогдсон бөгөөд уг адууны үнэ буюу хохирогчид учирсан хохирлыг төлөхөд адууны махыг худалдан борлуулсан үнээс илүү үнэ төлж байгаа тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж эд зүйл олсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэв гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын хэмжээгээр хохирол барагдуулахаас гадна мөн дүнгээр гэмт хэрэг үйлдэж олсон эд юмс, түүний үнийг гэмт этгээдээс хураана гэж ойлговол “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчим алдагдах юм.

Мөн шүүгчийн 264 дугаартай захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т заасан “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 264 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлтээ Эрүүгийн байцаан шийттэх хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт зааснаар гаргаж байна ... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганцэцэг гаргасан дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна. Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 264 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгон тэд нарт холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах саналтай байна... гэв

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 09-13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Угалзын ам” гэх газраас З.Адъяасүрэнгийн хул зүсмийн байдсан гүүг хулгайлан нядалж түүнд 800000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хяналтын прокурор Д.Ганцэцэгийн бичсэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 38 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэг нь /1-р хх-214х/  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3-т заасан шаардлагыг хангасан өөрөөр хэлбэл прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заагаагүй хүндрүүлэх бүрэлдэхүүнийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичих хууль зүйн үндэслэлгүй юм.

Хохирогч З.Адьяасүрэнгийн байдсан гүүний махыг Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах Б.Самдан нар хэдэн төгрөгөөр борлуулсанг нарийвчлан тогтоолгүйгээр тэд нарт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн, Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах Б.Самдан нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2,  322 дугаар зүйлийн 322.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 264 дүгээр захирамжийг хүчингүй болгон, хэргийг шүүхэд шилжүүлсэн шатнаас дахин шийдвэрлүүлэхээр Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт холбогдох эрүүгийн 201715000048 тоот хэргийг мөн шүүхэд буцаасугай.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.5-д тус тус  зааснаар хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол Б.Самданд урд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                   

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ЭНХМАА

                                                         ШҮҮГЧИД                                  Н.НАСАНЖАРГАЛ 

                                                                                                            Д.ЭРДЭНЭБИЛЭГ