Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 544

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б

улсын яллагч Н

шүүгдэгч Б түүний өмгөөлөгч Г, Б,

хохирогч О түүний өмгөөлөгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... тоот хэргийг ..... оны ..... дүгээр сарын ....ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ....дугаар сарын .....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүрэг .... дугаар хороо Хувьсгалчдын ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б нь ....оны .... дугаар сарын .....ны шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн авто зогсоолд ..... УБТ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашинд иргэн О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:

“Онон 00 цагийн үед миний машинд суухад эрүүл болчихсон байсан ба юм ярьж байсан. Тэгээд хамт явсан залуутайгаа хэрэлдээд байсан. О“чиний бичсэн мессежийг манай нөхөр хараад уурласан” гэж хэлэхэд нь нөгөө залуу “чамайг хүргэж өгөхгүй” гээд хэрэлдэж байгаад О хамт явсан хүүхэн, залуу хоёр нь Багшийн дээдийн автобусны буудлын орчимд машинаас буусан. Би тэнд 10 орчим минут хүлээсэн. Камерын бичлэгийг шалгаж буцаж тэр хүмүүс очсон эсэхийг шалгуулах хүсэлтэй байна. О согтуу байсан бол хамт явсан хүмүүс нь миний машинд орхиж явахгүй байсан. Би О хаана ажилладаг вэ гэж асуухад Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг, өнөөдөр ажлын газрын шинэ жилийн баяртай байсан гээд ярьж байсан. О тэр үед эрүүл ухаантай надтай юм ярьж байсан. Мөн надад парадоксын автобусны буудлын тэнд гэр нь байдаг гэж зааж өгч байсан. О гар утасны гадагшаа залгасан болон бичсэн мессежийг шалгаж өгөөгүй. О хамт таксинд суусан залуу түүн рүү мессеж бичсэн гэж ярьдаг. Энэ асуудлаас болж түүнтэй хэрэлдээд “хүргэж өгч чадахгүй” гээд машинаас буугаад явсан” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О мэдүүлэхдээ:

“Тухайн үед Т, Н нар хоорондоо маргалдаагүй. Намайг Т маргалдсан гэж шүүгдэгч ярьж байна. Тэр дугаарыг нь аваад шалгаж болно. Т над руу мессеж бичиж байгаагүй. 2017 оны шинэ жилийн баярын дараа Т “чи үнэхээр сайхан хүүхэн юм, би чамтай уулзаж болох уу” гэж фэйсбүүк рүү бичиж байсан. Тэр үед нь би “манай нөхөр үүнийг чинь харвал буруугаар ойлгоно, дахиад ингэвэл би чамайг нөхөртөө хэлнэ шүү” гэж хэлж байсан. Тэрнээс хойш бид хоёрт ямар ч харилцаа байгаагүй. Н миний найз биш. Т тэр хоёртой би тийм дотно харьцаатай биш. Хэргийн материалтай танилцахад шүүгдэгчийн ээж нь намайг Т Н нартай хуйвалдаж мэдүүлэг өгүүлсэн байх гэж хэлсэн байсан. Тэр хүмүүс надтай дотно харьцаатай хүмүүс биш. Н  би маргааш нь “та хоёр яагаад намайг орхиод явчихсан юм бэ” гэж асуухад “би О руу яах гэж чат бичсэн юм бэ, нөхөр нь харчихвал бөөн юм болно гэж хэлэхэд би тэгвэл хүргэж өгөх албагүй гээд буугаад явчихаар нь түүний араас буусан, эргээд ирэхэд чамайг суулгасан такси хөдлөөд явчихсан байсан, чиний цүнхийг машины урд үлдээсэн” гэж хэлсэн. Намайг сэрэхэд би цүнхээ үүрчихсэн байсан. Надад миний цүнхийг яаж үүрүүлсэн болохыг би сайн мэдэхгүй байна. Хэргийн материалтай танилцахад намайг Н их дэлгүүрийн зогсоол дээрээс гэр лүүгээ гүйгээд орчихсон гэсэн байсан. Намайг сэрэхэд машин хөдлөөд явж байсан. Би 04 цагийн үед сэрээд эхлээд өөрийнхөө дугаар луу залгахад авахгүй байхаар нь салбарынхаа эрхлэгч рүү залгасан. Учир нь надад “чамайг царай муутай бүдүүн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сая орхиод буусан” гэхээр нь манай салбарын эрхлэгч залуу юм байх гэж бодоод түүн рүү залгасан. Тэгтэл салбарын эрхлэгч утсаа аваагүй. Тэгээд жолоочийн гар утсыг буцаагаад өгөхөд “нэг дугаар залгаад байна, чамтай ярих гэж байгаа байх” гээд утсаа надад өгсөн. Тэгтэл манай нөхөр залгаж байхаар нь нөхөртэйгээ утсаар яриад гэрээ зааж өгөөд буусан. Батжаргал нь өмнөх мэдүүлэгтээ намайг өвдөг хүртлээ өмдөө шувталж өгсөн гэж ярьж байснаа сая шагай хүртлээ өмдөө тайлсан гэж хэлж байна. Миний цүнхэнд косметик, ороолт, костюм, пиджак зэрэг байсан ба өөр юу ч байгаагүй. Тэдгээр зүйлсээс ямар нэгэн зүйл арчсан, муухай болсон зүйл байгаагүй. Би хэзээ ч гэртээ оройтож очдоггүй учраас тухайн үед “яанаа шөнийн 04 цаг болж байна, орохоор нөхөр уурлах байх” гэж бодож л “нөхөртөө алуулсан” гэж машинаас буухдаа хэлсэн. Тэр үед би машинаас буухдаа юу болсныг мэдэхгүй, гэртээ орох гэж яараад буусан. Надад Б  нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б нь .... оны .... дугаар сарын ....ны шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн авто зогсоолд .... УБТ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашинд иргэн О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг нь далимдуулан бэлгийн харьцаанд орсон болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч О “..... оны ..... дугаар сарын .....ны өдөр манай байгууллага шинэ жилийн арга хэмжээ Чингис зочид буудлыг А танхимд болсон юм. Тухайн үед би арга хэмжээний комисст орсон байсан учраас 16 цагт очоод Халиунаа, Буяндэлгэр нарын хамт ширээ зассан. Тэгээд арга хэмжээ 18 цагт эхлээд би захын ширээнд Б Д Э Ж Т Т нарын хамт нэг ширээнд суусан. Тэгээд ширээн дээрх вискинээс дөрвөн хундагыг ууж байснаа санаж байна. Тэгээл бүгдээрээ гараад 20 цаг 30 минутын үед бүжиглэж байснаа санаж байна. Түүнээс хойш юу ч санахгүй байж байгаад автомашин дотор сэрэхэд 04 цаг болж байсан. Ойр орчимоо харахад Өргөө кино театрын урдуур баруун тийшээ явж байсан. Тэгээд би “таксины жолоочоо би хүнтэй хамт байсан уу” гэсэн чинь “чамайг сая нэг эмэгтэй, эрэгтэй хоёр орхиод буусан шүү” гэж хэлсэн. Би гар утсаа хайгаад олдохгүй болохоор нь гар утсаа өгчих гэсэн чинь цагаан өнгийн жижигхэн гар утас өгөхөөр нь өөрийнхөө гар утас руу залгасан чинь манай нөхөр аваад “чи чинь хаашаа алга болчих воо” гэхээр нь “одоо гэр лүүгээ орж байна” гээд таксинд 10.000 төгрөг өгөөд шатаар дээшээ гарч байхад манай нөхөр Л өөдөөс гарч ирж тааралдаад хамт гэртээ орсон. Тэгээд гадуур хувцасаа тайлаад зогсож байтал манай нөхөр миний өмдний цахилгаан онгорхой байхыг хараад өмдийг тайлаад үзэхэд трико буруу харуулаад өмсчихсөн, трусик норчихсон байсан. Тэгээд би бие засах өрөөнд ороод биеэ засахад хөөсөрсөн цагаан өнгийн зүйл гарсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед Т  Н хоёр намайг аваад таксигаар явж байгаад Багшийн дээдийн автобусны буудал дээр хоёулаа хоорондоо маргалдаад буучихсан байхад нөгөө такси намайг аваад хөдлөөд явчихсан байсан гэсэн. Би мэдэхгүй байгаа юм. Санахгүй байгаа. Би бүжиглэж байснаас хойш юу ч санахгүй. Тэгээд л автомашин дотор сэрсэн.

... Туранхай жижиг биетэй хүн байх шиг харагдсан. Жижигхэн нүдтэй, саравчтай малгайтай байсан байхаа. Тод чанга яриатай, 25 орчим насны хүн байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/

... Тухайн үед Т намайг үүрээд таксинд суулгасан гэж хэлж байсан. Тэгээд Багшийн дээд автобусны хойд талын буудал дээр буугаад явсан гэж дараа нь хэлсэн. Би яг хэзээ буугаад явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Хамгийн сүүлд тайзан дээр ажлынхаа хүмүүстэй бүжиглэж байсан гэдгээ санаж байна. Өөр юу ч санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

... Тэгээд бас энэ хэргийн улмаас гэр бүлийн уур амьсгал маш их өөрчлөгдсөн. Гэр бүлийн харилцаа салах дээрээ тулаад байгаа юм. Сэтгэл санааны хувьд хүнд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/

 

Гэрч Б “... Мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius 30 маркийн автомашин байсан. Дугаарыг нь хараагүй тулаад зогсчихсон байсан юм. Тэгтэл нэг эрэгтэй хүн мөрөн дээрээ нэг эмэгтэйг үүрчихсэн таксинд суугаад өөр бас нэг эмэгтэй урд талд нь суугаад залуу нь буцаад Чингис зочид буудал руу явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Гэрч Л “... 23 цаг 40 минутын үед Н над руу залгаад “найз нь О архиар шахаад согтоочихлоо, чи очихоор нь битгий загнаад байгаарай хамт очихоор үүднээсээ тосоод авчихаарай” гэсэн. Тэгээд 00 цаг 20 минутын үед Н дахин залгаад “би Багшийн дээд дээр буугаад буцаад ирэхэд такситай О хөдлөөд явчихсан байна. Урд талын суудал дээр нь цүнх нь байгаа, өөрөө ард нь унтаж байгаа гэртээ очсон уу” гэсэн. Тэрнээс хойш Н над руу 6-7 удаа залгаад “О гэртээ очсон уу, одоо би гэртээ харьчихсан байсан” гэсэн. Тэгээд 03 цагийн үед О гар утас руу дахиад залгаад байсан чинь Т гэдэн ажлын газрын хүн О гар утсыг аваад О утсаа орхиод явчихсан байсан гэхээр нь гэрт нь очиж аваад 04 цагийн үед гэртээ байж байтал 99676893 гэсэн дугаараас залгасан байхаар нь эргүүлээд залгасан чинь О аваад “таксины жолоочийн утсаар ярьж байна, чи миний утсыг хаанаас авсан юм бэ, за за би одоо орлоо үүдэнд ирчихсэн байна” гэхээр нь би өөдөөс нь шатаар бууж байхад 1-2 давхарын шатан дээр О тааралдаад харахад өмднийх нь цахилгаан тайлагдсан, цамц нь буруу харчихсан байхаар нь гэртээ оруулаад өмдийг нь тайлаад үзэхэд турсик нь норчихсон байхаар нь нөгөө дугаар луу эргэж залгаад “чи энэ хүнийг хүчиндсэн байна” гэсэн чинь “чи яриад байгаа юм бэ, Өргөө кино театрын энд миний утсаар ярьчихаад явсан гээд утсаа салгаад дахиж холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/

 

Гэрч Т “... Тухайн үед би гарах санаатай зааланд явж байхад манай ажилчин О манай байгууллагын 2-3 эмэгтэй хоёр талаас нь сугадчихсан явж байсан. Тухайн үед ойр орчимд нь эрэгтэй хүн байхгүй, намайг “таксинд суулгаад өгөөч” гэж хэлэхээр нь би О өргөөд мөрөн дээрээ тавьж үүрээд гарсан. Харин миний араас Н О цүнхийг бариад гараад ирсэн юм шиг байна лээ. Нарийн бол сайн санахгүй байна. Тэгээд үүдэнд хүлээж байсан таксины дундаас Prius маркийн автомашины баруун хойд хаалгыг нь онгойлгоод хойд талын суудал дээр хэвтүүлсэн юм. Тухайн үед Н жолооч талын хажуу талд ирж суугаад “гэр нь хүргэж өгье, тэгэхгүй бол болохгүй юм байна, хоёулаа хамт яваад ирье” гэж хэлэхээр нь би “үгүй ээ, би дотор өөр ажилтай явах гээд байна” гэж хэлэхэд Н “би ганцаараа дийлэхгүй шүү дээ, гэрт нь оруулж өгч чадахгүй шүү дээ, хамт яваад ирье” гэж хэлсэн. Тэгтэл дотор талд манай ажлын залуу дуудахаар нь буцаад Чингис зочид буудал руу ороод 5 минутын дараа буцаж гарч ирээд хойд талынх нь суудал дээр суугаад хамт явсан. Тэгээд төв зам руу ороод Багшийн дээдийн чиглэлтэй явж байх үед Н бид хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдаад жолоочийг нь Багшийн дээдийн автобусны буудлын хажууханд зогсоогоод машинаас буугаад буцаад Чингис зочид буудал руу алхаад явж байхад Н машинаас буучихсан байсан.

... Сүүлд нь Н миний араас явж байгаад буцаад О сууж байсан такси руу очиход нөгөө такси нь хөдлөөд яваад өгсөн байсан гэж надад хэлсэн.

О маш их согтуу байсан. Таксинд суулгахад арын суудал дээрээ хэвтээд өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч Н “... Тухайн үед Т бид хоёр хоорондоо муудалцаад Т буугаад явахаар нь би араас нь буугаад О  яаж хүргэж өгөх юм бэ гэж асуух санаатай Түвшинтөрийн араас алхсан боловч Т зугтаагаад яваад өгөхөөр нь би буцаад такси руугаа очтол О суулгасан такси хөдлөөд явсан байсан. Тэгэхээр нь машинаа андуураад байх шиг байна гээд тэнд зогсож байсан 2-3 машины хаалгыг татаж үзсэн боловч нөгөө такси байхгүй хөдлөөд явсан байсан. ... О нилээд их согтуу байсан. Шинэ жилээс гарахад нь Т мөрлөөд таксинд суулгасан юм.

... Тэгээд шинэ жилийн маргааш нь Онон над руу яриад сууж явсан таксины жолооч намайг хүчиндсэн байна, би эмнэлгээр явж байна гэж хэлсэн” гэсэн  мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №258 дугаартай:

“... 4. О үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1159 дугаартай шинжээчийн

“... Ягаан өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 49 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3020 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн О  гэх ягаан өнгийн дотоожноос илэрсэн хучуур эс болон эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

2. О  гэх дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Б  ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /хэргийн 145-146 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Б нь О согтуурсан байдлын улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “надад Б нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өмгөөлөгч Б шүүх хуралдаанд “... Шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...” хэмээн санал гаргажээ.

“Тэнсэх” зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний хувьд хуульд зааснаар эрх зүйн байдлыг  нь хөнгөрүүлэх шинжтэй зохицуулалт бөгөөд шүүгдэгч Б хувьд гэм буруугийн хувьд маргаж байгаа тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн дотоож 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч  Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, энэ хэрэгт түүний цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

Шүүх шүүгдэгч Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хугацаатай хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б хохирогчийн согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

               

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн дотоож 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устга

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ