| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 313/2025/00584/И |
| Дугаар | 203/МА2026/00005 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 203/МА2026/00005
Б.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 313/ШШ2025/00723 дугаартай шийдвэртэй,
Б.*******гийн нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн ******* суманд нисэх онгоцны буудалд /******* тээврийн газар/ 1982-1985 онд хугацаат цэргийн алба хааж ирээд 1985-2004 оны 07 сар хүртэл ачаа тээшний диспичер, аж ахуйн нярав, манаач, галч, Гурвантэс, Баян-Овоо суманд холбоочин, касс ажил хийж улсад 19 жил, цэргийн алба хаасантайгаа 22 жил ажилласан байна. Одоо өндөр тэтгэвэртээ тогтоолгох гэтэл 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийг хүртэлх ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас энэ хугацааны маань ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд миний 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг хүртэл Өмнөговь аймаг ******* сум, Нисэх онгоцны буудалд /******* тээврийн газар/ галч, манаач хийж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар 1991 оны 04 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн ******* тээврийн газарт галч, манаачаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын давж заалдах гомдлын агуулга:
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 18-ны өдрийн 313/ШШ2025/00723 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь миний 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, тухайн үеийн цалингийн тушаал болон бусад бичиг баримт архивт байхгүй учир шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Тухайн үед хамт ажиллаж байсан Ц.*******, Ч.******* нарыг гэрчээр оруулж өөрийгөө ажиллаж байсныг гэрчлүүлсэн.
Иймд 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн ******* тээврийн газарт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол дээр хамгийн гол нь тухайн үед ажиллаж байсан дарга н.*******, хамт ажиллаж байсан н.******* гээд хоёр хүнээр гэрчлүүлчхээд байхад хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Тухайн үеийн бичиг баримт байхгүй учраас архив дээр очиж шүүлгэсэн боловч олдоогүй. Хамт ажиллаж байсан хоёр хүнийг нь гэрчээр асуулгаад байхад хэрэгсэхгүй болгож байгааг гайхаж байна. Энэ 2 гэрч ч гэсэн тэтгэвэрт гарахдаа энэ хугацааны ажилласан жилээ шүүхээр тогтоолгосон гэсэн. Шүүх үүнийг анхаарч үзээгүй гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.******* нь 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймаг ******* сум, Нисэх онгоцны буудалд /******* тээврийн газар/ галч, манаач хийж байснаа тогтоолгохоор анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар 1991 оны 04 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн ******* тээврийн газарт галч, манаачаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд хандан гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шийдвэрт хүрсэн шүүхийн эрх зүйн дүгнэлт бүрэн илэрхийлэгдэж тусгагдсан байх ёстой бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хамт нэг байгууллагад ажиллаж байсан Ц.*******, Ч.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан, улмаар гэрч нарын мэдүүлгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан талаараа шийдвэртээ дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. гэж хуульчилсан ба дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан боловч шүүх шийдвэртээ гэрч нарын мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнээгүй орхигдуулсан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч энэхүү үндэслэлээр гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.******* нь гэрчээр татах тухай хүсэлтдээ 1991.04.30-1994.12.31-нийг хүртэл ажиллах байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд тухайн үед хамт ажиллаж байсан гэрч нарыг оролцуулах хүсэлтэй байна гэсний дагуу Ц.*******, Ч.******* нараас гэрчийн мэдүүлэг авч, тэмдэглэл үйлджээ.
Уг мэдүүлгээс дүгнэхэд шүүх гэрч нараас мэдүүлэг авахдаа нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох 1991 оны 04-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Б.******* хаана, ямар ажил хийж байсан талаар асуугаагүй орхигдуулсан улмаар гэрч нарын ажилласан байдлын талаар л дахин дахин тодруулж асуусны улмаас гэрч нарын мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд Гэрчийн мэдүүлэг хуульчлагдсан ба мөн зүйлийн 43.2 дугаар зүйлд гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэжээ.
Ийнхүү гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хийж гүйцэтгэхийг тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүх хуульд байхгүй нэр томьёо ашиглан гэрчээр асуусан тэмдэглэл, асуусан шүүгч гэх мэт хуулийн бус үг хэллэг хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй.
Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн хувьд анхан шатны шүүх чиглүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгч хөндлөнгийн байх зарчимд харшлахгүй тул шаардлагатай нотлох баримтыг цуглуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэх заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй, үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 313/ШШ2025/00723 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА