Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар  223/МА2026/00001

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

   2026           01            22                                                            223/МА2026/00001

 

 

Р.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2025/01643 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух, Р.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............... гэх газар байрлах, “Н” ХХК-д холбогдох,

“Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/214 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,007,978 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Н” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1.Нэхэмжлэгч Р.З шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга шаардлагаа тодорхойлохдоо: “...Миний бие тус компанид Зорчигч терминалын газрын Зорчигч үйлчилгээний хэлтсийн Зорчигч чиглүүлэх ажилтнаар 2024 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Гүйцэтгэх захирлын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/214 дугаартай Р.Зт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан буюу ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр дуусгавар болгож шийдвэрлэсэн. Би 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд ажлын байран дээрээ ч архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Гэтэл тухайн өдөр Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Б намайг дуудаж “Чи согтуу байна” гэж хэлээд, нисэх буудлын эмнэлэгт дагуулан очиж, эмчээр нэгэн багаж руу үлээлгэсэн бөгөөд тухайн үедээ надад ямар нэгэн зүйл хэлж, танилцуулсан зүйлгүйгээр намайг явуулсан. Би тухайн ээлжийнхээ ажлыг хэвийн гүйцэтгэж байхад Ц.Б дарга ирж “Чамаас согтолтын зэрэг гарсан, чи өнөөдөр ажиллах шаардлагагүй” гээд ажил хийлгэхгүй, чи яв гэж хэлсэн.

Энэхүү өдрөөс хойш намайг ажиллуулаагүй бөгөөд ахлахыг дуудтал битгий ир гэж байсан бөгөөд энэ хугацаанд чи өргөдлөө өгөөд ажлаасаа гар, хамт олноо бод гэж хэлж байсан. Би Ц.Б даргад “Би согтуу байгаагүй учраас өргөдлөө өгөхгүй, харин тайлбар өгч болно” гэж хэлсэн бөгөөд ямар нэгэн шийдвэр гарсан эсэх талаар танилцуулахгүй байсаар дээрх гүйцэтгэх захирлын тушаалыг надад 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр цахим шуудангаар явуулж, улмаар би өөрийн биеэр 5 дугаар сарын 27-ны өдөр эх хувиар нь гардаж авсан юм.

Ийнхүү би тус тушаалыг эс зөвшөөрч компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргасан бөгөөд тус комиссоос талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг надад 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гардуулж өгсөн.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол хүлээн авч 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд тус хорооны хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байх тул Гүйцэтгэх захирлын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/214 дугаартай “Р.Зт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэлдээ “...Тухайн өдөр Р.З нь өглөө ажилдаа ирц, цагийн бүртгэлдээ хамрагдсан. Үүнээс хойш надтай таарах хүртэл ажлын байрандаа байгаагүй. Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэдийг тосон авч, нисэх буудлын зогсоол хүргэж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Тус үйлчилгээнд нэмэлтээр ажилтан шаардлагатай болсон тул ээлжийн ахлах нь ажилтнуудаа групп чатаар дуудан ирүүлэх үед Р.З тээш олгох танхимд орж ирсэн. Манай нисэх буудал улсын тусгай хамгаалалтад байдаг онцгой объект бөгөөд тэр өдөр би тээш олгох танхимд ажиллаж байсан. Миний хувьд ариун цэврийн өрөө шалгачхаад гарч ирэхэд Р.З цаанаас над руу чиглээд алхаж байсан ба алхах үедээ гуйвсан байдалтай яваад байхаар нь хажуудаа байсан ээлжийн ахлах ажилтанд “...энэ хүний алхаа хэвийн бус байна, чи угтаж аваад заал зохион байгуулагчийн өрөө буюу 213 дугаар өрөөнд аваад оч, гаалийн хяналтын бүсэд ийм байдалтай байлгаж болохгүй...” гэж хэлсэн. Ингээд араас нь эмчээ дуудаад драгер буюу тандагч төхөөрөмжөө аваад 213 дугаар өрөө рүү орсон. Р.Зыг тандагч төхөөрөмж рүү үлээлгэхэд 0.40 хувийн согтолтын түвшинтэй байсан. Тэр өдрөө яагаад архи уусан талаар нь тодруулахад хамт ажилладаг хүнийх нь байрны найр болсон бөгөөд тухайн байранд цуглаж архи уусан гэсэн тул тухайн өдөр хамт байсан гэх хүмүүсийг дуудаж драгер үлээлгэсэн. Хамт явсан гэх хүмүүс нь ямар нэг зөрчилгүй гарсан. Үлээлгэхээсээ өмнө тухайн хүний биеийн ерөнхий байдал буюу амин үзүүлэлтийг нь шалгадаг. Үүний дараа драгер үлээлгэж, тэмдэглэл хөтөлсөн. Р.Зын согтолтын зэрэг өндөр байсан тул өөрийнх нь болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс Р.Зыг тэр өдөр ажиллуулаагүй” гэжээ.

 

2.1.Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэлдээ "...Р.З нь зорчигчдод үйлчлэх тэр тусмаа тусгай хэрэгцээт хүмүүст үйлчлэх үүргийг гүйцэтгэдэг. Манайд үйлчилгээний ажилтнуудын журам гэж бий. Энгийн хүнтэй 1 метр, тусгай хэрэгцээт хүнтэй 30-50 см зайтай харьцахаар зохицуулсан. Гэтэл Р.З нь тусгай хэрэгцээт хүнд үйлчлэх нь бүү хэл өөрөө биеэ авч явах чадваргүй, илэрхий байдалтай байсан. Манай хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл буюу ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гэж заасан бөгөөд 7 дугаар зүйлийн 7.2.4-д “ажил үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхээр завдсан, хэрэглэсэн, ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан нь тогтоогдсон бол үүнийг ноцтой зөрчил гэж үзнэ...” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээнд Р.З гарын үсэг зурж, хөдөлмөрийн харилцаанд ямар эрх эдэлж, үүрэг хүлээхээ мэдэж байсан. Өөрөө нисэхийн онцгой бүсэд ажилладаг, согтууруулах ундаа үнэртүүлсэн, уусан, хэвийн бус байдалтай ирж болохгүй гэдгээ маш сайн мэдсээр байж ийм алдаа дутагдал гаргасан. Үүнийг ажил олгогч драгер үлээлгэсэн, сонсох ажиллагаа хийж тайлбар авсан, мөн эмчээр биеийн байдлыг нь хэмжүүлж, дүгнэлт гаргуулсан. Ийм хэмжээний баримт бичиг цугларчихсан байхад Р.Зын согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ..." гэжээ.

 

3.Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 158.2.2-т зааснаар Р.З-ыг “Н” ХХК-ийн Зорчигч терминалын газрын Зорчигч үйлчилгээний хэлтсийн Зорчигч чиглүүлэх ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,007,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Зт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Р.Зын 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Н” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.З нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Н” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,007,978 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 111,078 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч “Н” ХХК давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, Д.О нарын гаргасан тайлбарын агуулга: “...Р.З нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, согтууруулах ундааны нөлөөнд байх үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 3.4.6 дахь хэсэг “Ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх” гэсэн үүргийг зөрчсөн. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар санал гаргах боломж олгоно гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн харилцаанд хамаатуулан хэрэглэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заасан байдаг. Р.Зыг эмнэлгийн хэсэгт хэрэглэдэг тандагч багажаар үлээлгэхээс өмнө өөрийгөө ямар зөрчил гаргасан гэдгээ мэдэж байсан ба Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийг маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд Р.Зыг тайлбараа өг гэхэд өгөөгүй талаарх мэдээллийг хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Р.З тайлбараа өгөхгүй гэж байхад ажил олгогч хүчээр тайлбар бичүүлж авах боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч талаас гаргасан нотлох баримт болох эмч Д.Г, өмнөх орой нь хамт архи уусан А.Г, Т.М, Н.С нарын тайлбарыг үнэлээгүй. Түүнчлэн цагийн бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй тул Р.Зын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгч Р.Зын өмгөөлөгч М.Цэнгүүний давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед Р.Зын согтолтын зэргийг тогтоосон гэх тандагч төхөөрөмжийн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулаагүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шатанд мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхээс татгалзаж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу иргэний хэргийг хянахдаа хариуцагч Н” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд буюу зохигчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчмыг баримталсан болно. 

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцсэн, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Р.З нь  "Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/214 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,007,978 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

“...Би 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа ирэхдээ болон ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Гэтэл тухайн өдөр Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Б намайг дуудаж “...Чи согтуу байна” гэж хэлээд, нисэх буудлын эмнэлэг рүү дагуулан очсон ба эмч багаж руу үлээлгэсэн. Тухайн үед Ц.Б ямар нэгэн зүйл хэлж, танилцуулаагүй атлаа чамаас согтолтын зэрэг гарсан, чи өнөөдөр ажиллах шаардлагагүй, ахлахыг дуудтал ирэх хэрэггүй гэсэн. Мөн энэ хугацаанд өргөдлөө өгөөд ажлаасаа гар, хамт олноо бод гэж байсан. Намайг ажлын байранд согтуу ирсэн, эсхүл согтууруулах ундааны зүйл ажлын байранд хэрэглэсэн гэх аль үндэслэлээр буруутгаж байгааг ойлгохгүй байна. Мөн энэ талаар тайлбар авч сонсгох ажиллагаа хийлгүй "Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/214 дугаартай тушаалаар ажлаас халсан. Иймд уг тушаалыг үл зөвшөөрч маргаан таслах комисс болон Төв аймгийн Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч амжилтгүй болсон... ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийн байдлаар тооцож үзэхэд 6,007,978 төгрөг болж байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж тайлбарласан.

 

Хариуцагч Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Үүнд:

“...Тухайн үед Р.З нь ажилдаа ирэхээсээ өмнө уусан, ажил дээр ирээд шараа тайлах зорилгоор уусан, бүгдээрээ л архи уусан гэх мэт зөрүүтэй зүйл ярьдаг. Иймд Г, М, С, М нараас тайлбар авч, согтуурал шалгах багажаар драгер үлээлгэхэд бүгд хэвийн гарсан. Харин Р.З 0.40 хувийн согтолттой байсан. Энэ нь тухайн үед байсан хүмүүсийн тайлбар болон эмч Д.Г, Л.А нарын тодорхойлолтоор тогтоогдож байгаа.

Мөн хөдөлмөрийн ноцтой зөрчлийн талаар гэрээний 7.2.4-т “ажил үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхээр завдсан, хэрэглэсэн, ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан нь тогтоогдсон бол үүнийг ноцтой зөрчил гэж үзнэ...” гэж заасан.

Р.З хөдөлмөрийн гэрээтэй танилцаж гарын үсэг зурсан. Тэрээр нисэхийн онцгой бүсэд согтууруулах ундаа үнэртүүлсэн, уусан, хэвийн бус байдалтай ирж болохгүй гэдгээ мэдсээр байж ирж ноцтой зөрчил гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж мэтгэлцсэн байна.

 

Харин зохигчид хөдөлмөрийн гэрээний дагуу ажил, үүрэг гүйцэтгэж байсан,  тус компани албаны үйл ажиллагаанд хэрэглэж байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багаж нь Хэмжил зүйн газраар баталгаажуулаагүй, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарах өдрийн байдлаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,007,978 төгрөг шаардсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, хариуцагч нэхэмжлэгч Р.З нь “Н” ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр EA-24/670 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулсны дагуу Зорчигч Терминалын газрын Зорчигч үйлчилгээний хэлтсийн Зорчигч чиглүүлэх ажилтнаар ажиллах болсон.

Н” ХХК-ийн захирал 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б/214 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1, 3.4.6, 3.5.6, 4.9.1(4) болон Хөдөлмөрийн гэрээний 2.3.6, 7.2.4 гэсэн заалтыг баримтлан Р.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгохдоо “...Рэнцэндоржийн Золбаяр нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, согтууруулах ундааны нөлөөнд байх үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн нь ажилтны бичгээр болон сонсох ажиллагааны явцад гаргасан тайлбар, бусад ажилтны тайлбар, эмчийн тэмдэглэл бусад холбогдох нотлох баримтаар тус тус батлагдсан тул түүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж заасан.

Нэхэмжлэгч Р.З нь дээрх тушаалыг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Н” ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх комисст, мөн оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч амжилтгүй болсон тул шийдвэрийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүхэд мөн оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргасан байна.

 

4.Зохигч 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж дуусгавар болсонтой холбоотой маргаан үүссэн байх тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, хэргийн үйл баримт болон эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, тогтоосон гэж үзлээ.

 

4.1.Тодруулбал, ажилтан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийн төрлөөс сонгож оногдуулах ба бичгээр гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх ёстой.

 

 Иймд хариуцагч “Н” ХХК нь 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/214 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэлээ баримтаар нотлох нотолгооны үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хүлээнэ.

 

4.2.Хавтаст хэргийн 80-140 дүгээр хуудсанд авагдсан баримтаас үзвэл, “Н” ХХК-ийн сахилгын зөрчлийн шийтгэл оногдуулах маягтад “...Р.З нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлын байран дээрээ согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсныг тус хэлтсийн дарга Ц.Б илрүүлсэн. Эмч Д.Г-г дуудан тандагч төхөөрөмжөөр үлээлгэж үзэхэд согтуурлын зэрэг 0.40 хувь хэмжээтэй гарсан тул ажил гүйцэтгүүлэхээс татгалзаж гэрт нь буцаасан...

Р.З тайлбартаа: 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хэлтсээрээ нэгнийдээ цугларсан. Бүгдээр ууж идэж ярьж суусан, маргааш нь ажилдаа ирэхэд тандагч багажаар үлээлгэсэн бөгөөд тандагчийн хэмжээг үзүүлээгүй, ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй...” гэх үйл баримт тусгагдсан.

А.Г, Т.М, Н.С нарын “...2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр А.Г-ын гэрт очиж... бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... Р.З согтолттой байсан болохоор гэрт үлдсэн...” гэх агуулга бүхий тайлбар, эмч Д.Г-ийн “...2025 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Р.З согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандах тестээр хоёр удаа хэмжиж үзэхэд 0.40 байв...” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан.

Мөн Н” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.4-т “Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан үндсэн үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ”, 3.4.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, хамтран ажиллах гэрээ болон компанийн дотоод хэм хэмжээг мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх”, 3.4.6-т “Ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх”, Хөдөлмөрийн гэрээний 2.3.6-т “Ажилдаа  ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх”, "Н" ХХК-ийн В4/PS-2021-03 дугаартай эмнэлгийн хэсгийн үйл ажиллагааны журмын 3.2.5-ын е-д "Н ХХК-ийн ажилтан ажилдаа ирэхдээ болон ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй тохиолдолд ажилтны шууд удирдлагын хүсэлтээр тандагч төхөөрөмж ашиглан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох ба биеийн ерөнхий үзлэг хийж, тэмдэглэл хөтөлнө" гэж тус тус заажээ.

 

5.Хэмжил зүйн тухай хуулийн 3 дугаар зүлийн 3.1.5-д “хэмжих хэрэгсэл” гэж хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжил зүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгслийг хэлнэ” хэмээн нэр томьёог тайлбарласан.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1 дэх хэсэгт хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээнд хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулсан хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэрэглэх бөгөөд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг үйл ажиллагаанд ашиглаж, худалдахыг хориглохоор заасан.

6.Хариуцагч "Н" ХХК-ийн эмч Д.Г нь нэхэмжлэгч Р.Зын согтуурлын хэмжээг 0,40 хувь болохыг шалгаж тогтоосон гэх драгер багаж нь Хэмжил зүйн тухай хуульд зааснаар баталгаажаагүй байх ба энэ талаар зохигч маргаагүй.

7. Нэхэмжлэгч Р.З нь 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх тайлбарыг А.Г, Т.М, Н.С нар өгсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдааны шатанд “...тухайн өдрийн ээлжийн ахлах нь Р.Зыг өглөө ажилдаа ирэхдээ нийтийн эзэмшлийн бүсээр дамжиж ажилдаа ордог, түүгээр орохдоо мөн согтолтын зэргийг шалгаж оруулдаг, хэрэв согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол ажил руу оруулахгүй байсан Р.З нь гуйвсан, дайвсан зүйл байгаагүй хэвийн байсан болохоор ажилд гаргасан... ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...” гэх тайлбар гаргасан байгаа ч нэхэмжлэгчийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө ажилдаа ирэхдээ 0.40 хувийн согтолттой байсан, эсхүл согтууруулах ундааны зүйл ажлын байранд хэрэглэсэн болохыг нотлохгүй бөгөөд зөвхөн хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулсан техник хэрэгслээр шалгаж тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болох юм.

7.Үүнээс гадна хариуцагч "Н" ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгч Р.Зт мэдэгдсэн, тайлбар өгөх боломжоор хангасан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй.

8.Иймээс хариуцагч "Н" ХХК нь нэхэмжлэгч Р.Зтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/214 дугаар тушаалыг хуульд нийцсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9.Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,007,978 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба анхан шатны шүүх “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасан тул нэхэмжлэгч Р.З нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан хоног нь ажлын 56 өдөр болж байна.

 Дээрх журмын 2.3.5-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг бодоход ажилтны ажилласан хугацааны цалин буюу 2025 оны 3 дугаар сарын цалин 4,052,652 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 4,778,922 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын цалин 931,390.76 төгрөг нийт 9,762,964.76 төгрөгийг нийт ажилласан өдөр 56 хоногт хуваахад нэг өдрийн цалин 174,339 төгрөг болно.

Нэхэмжлэгч нь 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд ажлын 122 өдөр ажилгүй байсан тул 174,339*122 = 21,269,358 төгрөг олгогдохоор байна.

Гэвч нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн нь шүүх хуралдааны явцад ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6.007.978 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж 6.007.978 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Р.Зт олгохоор шийдвэрлэв...” гэсэн дүгнэлт хийсэн талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн тодорхойлсон шаардлагаа дэмжсэн тул диспозитив зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

10.Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх үйл баримтын талаар “...Мөн хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн А.Г, Т.М, Н.С, С.Мя нарын тайлбараас үзвэл Р.Зыг согтууруулах ундааны зүйлийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй болно...” гэх дүгнэлт хийж нотлох баримтыг үнэлсэн атлаа “..нотлох баримтаар үнэлээгүй...” гэж үг зүйн хувьд буруу сонголт хийсэн, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалт нь ажилд ирсэн, явсан цагийг бүртгэх цаг бүртгэлтэй холбоотой баримт байхад хэргийн үйл баримтад хамааралтай гэж үнэлсэн нь шийдвэрийг буруутгаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11.Хариуцагч “Н” ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэгэн адил улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байхад 111,078 төгрөг төлсөн тул шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2025/01643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар “Н” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,078 /нэг зуун арван нэгэн мянга далан найм/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.МӨНХБҮРЭН

 

                                     ШҮҮГЧИД                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                 З.ТҮВШИНТӨГС