Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 556

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э

улсын яллагч Н

шүүгдэгч Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ......... тоот хэргийг ..... оны .....дугаар сарын .....ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....ний өдөр Ө аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ө аймаг Б сум ..... дүгээр баг Б гэх газарт оршин суух, Б дүүрэг .... дугаар хороо Харуул Алтай хотхоны ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б

 

Шүүгдэгч Б нь утсаар яриад өгье хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар .... оны ..... дугаар сарын ....ний өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О эзэмшилийн Huawei маркийн гар утсыг хууран авч 239.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б нь утсаар яриад өгье хэмээн хуурч ... оны .... дугаар сарын ....ний өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О эзэмшилийн Huawei маркийн гар утсыг хууран авч 239.400 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч О “Би ....оны ....дугаар сарын ...ны орой өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн...дугаар хорооны  .... дүгээр байрны урд талын бичил ....гэсэн нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд ажлын байран дээрээ  ажлаа хийгээд байж байтал гадна хаалга тогшоод нэг залуу орж ирсэн юм. Тэгээд тэр залуу Г ахтай уулзах  гэсэн юм , би мөнгө авах гэсэн юм гэхээр нь би байхгүй байна гээд хэлтэл намайг гар утсаа та түр өгөөч би ярьчихаад өгье гэхээр нь би өөрийн гар утсаа түүнд өгсөн юм. Тэгээд гар утсаар ярьж байгаад гараад явахаар нь би наана нь юм бодолгүй  хийж байсан ажлаа дуусгах гээд юмаа хийж байтал нөгөө залуу ахаа тамхинд гарчихаад  ирье гэхээр нь би тамхинд гарчихаад ирэх юм болов уу гэж бодоод нэг мэдсэн ирэхгүй байхгүй болохоор нь гар утсаа авч чадалгүй алдчихсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм.

          ... Би уг гар утсаа .....оны .... дүгээр сарын ....ны өдөр Дэнжийн мянгын Мобикомын салбараас 333.000 төгрөгөөр худалдан ав байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/

          ... Миний гар утсыг надад буцаан хүлээлгэж өгсөн. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73 дугаар хуудас/

         

          “Huawei Ү5” гар утсыг 239,400 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан" /хэргийн 20-21 дүгээр хуудас/

         

          Б яллагдагчаар өгсөн “... Би .... оны ... дугаар сарын ....-ний өдөр Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Махны үйлдвэрт мах янзлагч, амтлагч гэх ажилд өдрийн 20.000 төгрөгийн цалинтайгаар түүнийгээ өдөр авахаар тохиролцоод ажиллаж эхэлсэн юм. Тэгээд эхний 5 өдөр ажиллачихаад мөнгө хэрэгтэй болчихоор нь мөнгөө авъя маргаашнаас ажилдаа  явах боломжгүй болчихлоо гэдгээ хэлсэн юм. Тэгээд цалингаа авах гэтэл миний цалинг өгөхгүй байсан юм. Мөн тэгээд гар утсаар залгахаар утсаа огтоосоо авахгүй байсан юм. Тэгэхээр нь тэнд байсан найз О нь гар утсыг нь аваад явчихсан юм. Би хүнтэй утсаар яриад өгье гэж хэлээд аваад шууд тэр чигтээ унаанд суугаад Дундговь аймгийн Баянжаргал сумын нутаг дэвсгэрт байрлах Логийн уурхайд очиж ажилласан юм.

          ... Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа учраас надад хөнгөн ял оноож өгөөч. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-61 дүгээр хуудас/

          ... Би тухайн үед авч явсан гар утсаа ломбарданд алдчихсан бөгөөд шинээр өөр гар утас авч өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б үйлдэл нь “Залилах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд  шүүгдэгч Б уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч О 239.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах явцад хохирогч О нь “... Миний гар утсыг надад буцаан хүлээлгэж өгсөн. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 73-74 дүгээр хуудас/ өгсөн түүнчлэн хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “гомдолгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн  шүүгдэгч Б хувийн байдал, харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ