Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2016/00748/И |
Дугаар | 184/ШШ2016/01153 |
Огноо | 2016-10-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2016/01153
2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 184/ШШ2016/01153 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, *** хаягт оршин суух, /РД:***/ Боржигон овогт ДБийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, **** тоот хаягт оршин суух, /РД:****/ Боржигон овогт Х А холбогдох
эмчилгээний зардал 200,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Х.А, Д.Б нарын холбогдолтой хэргийг хэлэлцээд хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн гээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанаас өмнө Х.А нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч миний хохирлыг барагдуулна гээд 500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хоёр талын өмгөөлөгчийн байлцуулан харилцан тохиролцож хохирол, санал гомдолгүй гээд шүүхийн шийдвэр гаргуулсан. Х.Ариунтуяа тухайн үед надад одоогийн байдлаар 300,000 төгрөг байна. Үүнийг нь өгөөд үлдэгдэл 200,000 төгрөгийг 2015 оны 11-р сарын 01-ний дотор төлөхөөр тохирсон боловч өнөөг хүртэл өгөхгүй байна. Бид хохирол барагдуулах талаар шүүх хуралдаанаас өмнө ярилцаж тохироод үүнийгээ бичгээр хийж, нотариатаар баталгаажуулсан байсан учир би хохирлоо төлөх юм байна гэж бодоод эвлэрсэн байсан. Үүнийг манай өмгөөлөгч ч хэлж байгаа. Энэ талаар надад тодорхойлолт хийж өгсөн байгаа. Иймд Х.Ариунтуяагаас эмчилгээний төлбөрт 200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардаад байгаа 200,000 төгрөг бол эмчилгээний зардал гэж хэлээд байдаг. Өмнөговь аймгийн Сум дундын анхан шатны эрүүгийн хэргийн шүүхээс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 тоот шийтгэх тогтоолоор Д.Бямбаа Ариунтуяа нарыг харилцан золдолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан Д.Бямбааг гэм буруутай гэж тооцсон байдаг. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т шүүгдэгч Х.Ариутуяа, Д.Бямбаа нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдан, өөрөөр хэлбэл эмчилгээний зардал төлөх гэж дурдаагүй байна. Хэрвээ эмчилгээний зардал төлөх байсан бол хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байсан. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Х.А холбогдуулан 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Өмнөговь аймгийн сум дундын анхан шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 тоот шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа... Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т Шүүгдэгч Х.А, Д.Б нь бусдад төлөх төлбөр хохиролгүй... гэж байгаа...” гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х.А нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны орой иргэн Д.Б маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119-р шийтгэх тогтоолоор тогтоогджээ.
Хариуцагч Х.Ариунтуяа нь хохирогч Д.Бэмчилгээний зардлын үлдэгдэл төлбөрт 200,000 төгрөгийг талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Хохирол авах тухай” хэлцлийн дагуу төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн байх ба уг хэлцэлээр “...миний бие Х.Ариунтуяа УА-65112202 регистертэй Бямбаад эмчилгээний зардалд 200,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөх”-өөр харилцан тохиролцсон байна. Үүнээс үзвэл талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр, уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа...” гэж маргаж байгаа боловч уг шийдвэрийг гаргахаас өмнө талууд харилцан тохиролцож дээрх “хохирол авах тухай” хэлцлийг байгуулж, уг хэлцлийн дагуу хохирол төлбөрөө өгч авахаар харилцан тохиролцож эвлэрэн холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгсон талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч Х.Ариунтуяа нь нэхэмжлэгчтэй байгуулсан “хохирол авах тухай” хэлцэл байгуулж, Д.Бямбаагийн эмчилгээний зардалд 200,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Бямбаа нь хариуцагчаас хэлцэлээр тохиролцсон үүргээ биелүүлэхийг шаардсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.2 дахь заалтад нийцэж байна .
Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” зааснаар үүргээ биелүүлээгүй тул 200,000 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Иймд хариуцагч Х.Ариунтуяагаас 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбаад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1-т зааснаар хариуцагч Х.А 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бя олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А 6,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН