| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/11559/И |
| Дугаар | 210/МА2026/00095 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00095
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/15804 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 1,085,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг зөрчлийн улмаас үүсэх гэм хорын зохицуулалт буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг залруулна.
3.1. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот сууцыг 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд, тухайн хаягт байрлах ******* орон сууцыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1 сарын хугацаанд хөлслүүлэх, ******* орон сууцны хөлсөнд 600,000 төгрөг, ашиглалтын зардалд 60,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтад маргаагүй.
3.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
3.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ...орон сууц хөлслөх гэрээний зүйл буюу хөлслөн амьдарсан орон сууцанд шинээр авсан хаалганы үнэ 250,000 төгрөг, тээврийн зардал 50,000 төгрөг, засварын хөлс 80,000 төгрөг, барилгын материал 45,000 төгрөг, орон сууц түрээслээгүйн хохирол 660,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3.4. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслүүлэгч ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй хөрөнгө хөлслөгчид шилжүүлсэн, мөн хөлслүүлэгч хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс муутгасан болохыг нотлоогүй тул хөлслүүлэгч нь хөлслөгчийг үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрх хэрэгжих боломжгүй юм.
3.5. Нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн, ердийн элэгдлээс муутгасан зэрэг нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлоогүй байна.
3.6. Түүнчлэн нэхэмжлэгчээс орон сууц хөлслөх гэрээний зүйлд учирсан хохирлыг нотлох зорилгоор шүүхэд гаргасан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдав.
4. Анхан шатны шүүх орон сууц хөлслөх гэрээнээс 1,085,000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж, хариуцагч *******д холбогдох 1,085,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хасаж, мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасан орон сууц хөлслөх гэрээний шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/15804 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэснийг 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Г.НЯМСҮРЭН