Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 564

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У,

улсын яллагч П,

шүүгдэгч Д

хохирогч Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ......дугаартай хэргийг ..... оны .... дугаар сарын .....ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Гарьд Мебель” ХХКомпанид дизайнер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ....дугаар хороо Зүүн нарангийн ... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д нь .... оны ....дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн ....дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хермес” худалдааны төвийн .... дугаар давхарт “павилоны шилэн дээр сонин наалаа” гэсэн шалтгаанаар Х маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ: “Хэрэгт холбогдсон баримтууд бүгд үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х мэдүүлэхдээ: Д нь 2 жил гаруй хугацаанд миний өөдөөс харж сууж байна. Урьд нь эдний павилоны хүмүүстэй ямарч асуудал байгаагүй. Энэ залуу ирснээс хойш ширээгээ татаж авчраал миний өөдөөс хараад суучихсан. 2 жил гаруй хугацаанд хараад суучихаар их уур бухимдалтай болчихдог. Иймээс  би маш сэтгэл санааны дарамтанд орсон. Би захирлыг нь дуудаад нэг удаа хэлж байсан. “урдаас харж суулгахаа болиочээ” гэсэн ямарч арга хэмжээ аваагүй. Хавар би нэг удаа орж энэ залууд битгий миний өөдөөс харж суугаач гэж хэлсэн. Тэгэхдээ би орилж хашгирч хэлээгүй. 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр миний өөдөөс хараад суугаад байхаар нь аргаа ядаад сонингоо аваачиж наасан чинь өрөөнөөсөө ”гичии минь” “янхан минь” гээд орилж чарлаал гараад ирсэн. Би аргаа ядсандаа л сонин аваачиж наасан. Миний наасан сонинг хуулж аваад хөл рүү болон гэдэс рүү цохисон. Тэгээд би өрөөндөө ороод чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гэхэд үснээс зулгаалж доошоо дараад 2 хөлрүү өшиглөсөн. Хамт ажилладаг дизайнер залуу нь зодоон болоход салгаад өрөөрүүгээ ор гэж түлхсэн тэгээд би өрөөрүүгээ орсон. Би маш их гомдолтой байна. 2 жил гаран хугацаанд маш их сэтгэл санааны дарамттай байсан. Сүүлдээ энэ залууг харахаар л бухимддаг болчихсон. Олон нийтийн дунд намайг барьж авч зодож албаны нэр хүндэд минь халдсан. Хамт олны минь өмнө миний нэр хүндэд халдаж, савруу өшиглөсөн би хүүхэд гаргаж чадахгүй бол цаашид энэ залуутай асуудал тооцно” гэв.

 

Шүүгдэгч Д нь ....оны ....дугаар сарын ...ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хермес” худалдааны төвийн 2 дугаар давхарт “павилоны шилэн дээр сонин наалаа” гэсэн шалтгаанаар Х маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Х “... Манай компаний эсрэг талын лангуунд “Гарь мебель” ХХК нь үйл ажиллагаа явуулдаг юм. Манай болон уг компаний лангуунууд гадна талдаа ямар нэгэн хаалт байхгүй учраас манай лангуунд болж буй үйл явдал нь харагддаг юм. “Гарьд мебель” ХХК-ны ажилтан Д гэх залуу нь лангуун доторхи ширээ сандлыг байршлыг нь өөрчлөн миний өөдөөс харж суугаад байдаг юм. ....оны .... дугаар сарын ....ны өдөр .... цаг ... минутын орчим би лангуун дээрээ байж байтал манай эсрэг талын лангууны Д миний өөдөөс хараад суугаад байхаар нь би “Гарьд Мебель” ХХК-ны лангууны шилэн дээр нь сэтгүүл наачихсан юм. Би лангууны шилэн дээр сэтгүүл наагаад эргээд өөрийнхөө лангуу руу явж байтал Д гэх залуу гарч ирээд хэл амаар доромжилж байгаад шилбэнд өшиглөөд зүүн талын хөлний гуя руу өшиглөөд миний толгой руу цохисон. Тэгээд намайг чирээд өөрийнхөө лангуу руу оруулаад миний дагзнаас үсдээд доошоо дараад хэвлий болон гуя руу өшиглөсөн. Тэгэхэд тэдний компаний дизайнер залуу нь Д эмэгтэй хүнийг зодохоо боль гээд бид хоёрыг салгасан.

... Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

“... Тэр залуу надтай зууралдаад татахдаа миний бугалга, шуу руу өшиглөсөн. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлснээс өөр эмнэлгээр явж эмчилгээ хийлгээгүй. Тэр залуу бол надтай уулзаагүй. Ямар нэгэн хохирол мөнгийг одоогоор барагдуулаагүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/

 

Гэрч Б...... оны .... дугаар сарын ....ны өдөр би дизайнер Н ахын хамт байж байхад 19 цаг өнгөрч байсан. Манай дизайнер Д ах хүрч ирээд ажлаа хийж байтал манай эсрэг талын лангууны Х өөрийнхөө лангууны хаалгыг хүчтэй нээж хаагаад манай лангууны шилэн тасалгаа хөдлөхөөр нь Д ах “ямар чанга хаадаг юм, зөөлөн хааж болдоггүй юм  байхдаа” гэхэд нөгөө эмэгтэй хэсэг хугацааны дараа манай лангууны шилэн дээр цаас наасан. Тэгэхээр нь Д ах сууж байгаад “наад цаасаа өөрийнхөө лангуун дээр наагаач” гэсэн. Тэгтэл тэр эмэгтэй “чи муу халтар чимээгүй бай” гэхээр нь би Д ах лангуунаас гараад тэр цааснуудыг хуулаад автал тэр эмэгтэй эхлээд Д ахын хүзүү рүү цохисон. Д ах эргэж хараад тэр эмэгтэйг нэг өшиглөөд түлхсэн. Тэгэхэд нь тэр эмэгтэй өөрийн суудаг лангууны хаалгыг очоод мөргөчихсөн. Н ах Д ахыг боль боль гээд лангуу руу оруулсан” гэсэн мэдүүлэг” /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч Н “... Х гэх эмэгтэй нь ирээд Д шилэн хүзүүн дээрээс нь татах шиг болсон. Д эргэж хараад түлхээд биеэ хамгаалаад хөлөө өргөөд Х нь эмэгтэй хүн зодоод байна ш дээ гэж орилсон. Тэгэхээр нь би лангуунаас гараад тэр хоёрыг салгаад Д лангуу руугаа оруулсан.

... Тэгтэл Х орилоод Д рүү дайрахаар нь Д Х хөл рүү нь өшиглөхөд би салгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн..... оны .... дугаар сарын ...ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5600 дугаартай:

“1. Х биед бугалга, шуу, гуя,шилбэнд цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Д яллагдагчаар өгсөн “... Х чи наад сонингуудаа  өөрийнхөө павилонд наа гэж хэлтэл Хишгээ халтар банди минь чи мэддэг  юм уу гэх зэргээр доромжлохоор нь би Хишгээг түлхээд хөл рүү нь өшиглөөд өөрийнхөө павилон руу орсон. Тэгтэл Хишгээ миний араас орж ирээд над руу дайрахаар нь би Хишгээгийн үснээс нь бариад түлхээд гаргасан. Бид хоёрын  хооронд хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсан. Өмнө нь уг асуудлаас болж маргалдаж байсан.

... Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул миний энэ хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Д нь .... оны .... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн ....дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хермес” худалдааны төвийн ....дугаар давхарт “павилоны шилэн дээр сонин наалаа” гэсэн шалтгаанаар Х маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт хохирогч Х оношлогоо хийлгэсэн баримтууд  /хэргийн 30 дугаар хуудас/ мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний баримт /хэргийн 23 дугаар хуудас/  зэрэг нийт 58.000 төгрөгийн баримт авагдсан байх тул уг төлбөрийг шүүгдэгч Л.Доржсүрэнгээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Х гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломж болон түүний хүсэлтийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гал адъяа овогтой Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д 58.000 төгрөг гаргуулж хохирогч Х олгосугай.

 

6. Хохирогч  Х гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  Д нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ