Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00115

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09352 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээнээс татгалзсаны үр дагавар 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

*******тай 2022 онд 6-8 харьцаатай дүнзэн байшинг материалыг өөрөөс гарган түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж өгөхөөр амаар тохирч урьдчилгаанд 30,000,000 төгрөг төлсөн. Төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр *******гийн эзэмшлийн ******* тоот дансанд 5,000,000 төгрөгөөр нийт 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч 3 жилийн хугацаанд ******* нь огт байшингийн ажлыг эхлүүлээгүй тул гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй.

******* нь эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч ******* нь төлбөрийг төлөхгүй, уулзалтад ирээгүй тул ажиллагааг дуусгавар болгож шүүхэд хандсан. ******* нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй. Иймд *******гаас 30,000,000 төгрөг гаргуулж *******т олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдгийн хураамжид 307,985 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасаар байтал зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хуульд заасан эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...*******тай түлхүүр гардуулах нөхцөлөөр дүнзэн байшин бариулахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг төлсөн боловч байшингийн ажлыг огт эхлүүлээгүй тул гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан гаргуулна... гэж тайлбарлажээ.

 

2. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг ганба ах байшин урьдчилгаа гэх гүйлгээний утгаар, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дөрвөн удаагийн гүйлгээгээр 20,000,00 төгрөгийг байшин дүнз урьдчилгаа 60 хувь гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн. /хх-4-6/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

4.1. Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд оролцож тайлбар өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт нийцжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нь дээрх гэрээнд тохиролцсоноор нэхэмжлэгч *******т дүнзэн байшин барьж хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4.2. Тиймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзан, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн.

 

4.3. Иймд хариуцагч *******гаас 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Түүнчлэн, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******өөс 30,000,000 төгрөгийг хүлээн авсныг зөвшөөрч, маргахгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан Нэхэмжлэгчийн зүгээс өөр ямар нэгэн зүйл нэхээгүй учир тухайн мөнгийг төлье гэсэн бодолтой байгаа гэх тайлбараар нотлогдож байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасаар байтал зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хуульд заасан эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

6.1. Анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын ******* дугаарын утсаар мэдэгдсэн болох нь хэргийн 20 дахь талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас баримтаар тогтоогдсон. /хх-20/

 

6.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн боловч хүсэлтийн үндэслэлийг нотолсон баримтыг хавсарган ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцоогүй болох нь баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журам болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эрх, тэгш байх зарчмыг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,585 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

 

Г.НЯМСҮРЭН