Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 568

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э,

улсын яллагч Х,

шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан   С яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай хэргийг ..... оны ..... дугаар сарын .....ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ....дүгээр сарын .....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилтэй, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтын захирал ажилтай, Баянгол дүүргийн .... дугаар хороо ....дугаар бичил хороолол Хасбаатарын гудамж .... дүгээр байр .... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн ....оны .... дугаар сарын ....ний өдрийн ..... дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн .... дүгээр зүйлийг журамлан ... дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар ...жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ... дугаар зүйлийн .... дэх хэсэгт зааснаар ... жилийн хугацаагаар хойшлуулсан, С

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч С нь ....оны ..... дугаар сарын ....ноос ....нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар байрны .... дугаар орцны үүдэнд иргэн З зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч С нь .... оны ... дугаар сарын ...ноос ....нд шилжих шөнө Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ....дугаар орцны үүдэнд иргэн З зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Дүрс бичлэгэнд үзлэг хийсэн тухай “ ... хохирогч руу тухайн нохой дагуулсан эрэгтэй хүн халдахаар довтолж баруун гараараа түлхэж байгаа дүрс харагдаж байна. ... хохирогчийг нохой дагуулсан эрэгтэй хүн газар унагааж зодож байгаа бичлэг харагдаж байна. ... намхандуу хүн цайвар өнгийн цамц өмссөн хохирогчийг зодож байгаа хүнийг салгахаар оролдож байгааг харуулав. ... “ гэсэн тэмдэглэл. /хэргийн 14-17 дугаар хуудас/

 

          Хохирогч З  “Би .... оны .... дугаар сарын ....ны өдөр ... цагийн үед Д хамт хороололд нэрийг нь мэдэхгүй нэг газар очиж биллъярьд тоглож дуусчихаад дээд талд нь нэг паб байхаар нь тэнд хоёр хоёр пиво хувааж уучихаад дүү Д гэр лүү очиж амрахаар явсан юм. Манай дүүгийн гэр нь ойрхон болохоор тэндээ очиж амаръя гэж бодоод Баянгол дүүргийн .... дугаар бичил хорооллын ... дугаар байрны .... дугаар орцны үүдэнд ирээд дүүгийн гар утас руу залгаж орцоо онгойлгохгүй бол орж чадахгүй чиптэй байна гэж хэлэх гэж байсан чинь дүү маань гэртээ байхгүй болж таараад орцны үүдэнд зогсоод найз Д утсаар яриад зогсож байтал уг байрны сааданд нэг нохойтой залуу “хөөе” гэж  дуудахаар нь би “яасан бэ” гээд асуухад “хүрээд ирдээ чи” гээд хэлэхээр нь “би яахаараа чам дээр очдог юм, чи өөрөө ирэхгүй юу” гээд хэлэхэд нөгөө нохойтой залуу хүрч ирээд “чи яасан том гөлөг вэ” гээд шууд намайг цохихоор нь “яаж байгаа юм” гээд хэлтэл “яадаг юм” гээд л намайг цохиод байсан юм. Тэгээд хажуунаас нь нохой нь хуцаж дайраад би яаж ч чадахгүй ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй юм. Тэгээд унаад л өндийхөөр дэвсэж зодоод л байж байтал би “цагдаа дуудлаа” гээд халааснаасаа гар утсаа гаргаад ирэхэд миний гар утсыг булааж аваад дахиж дээрээс зодож байтал нэг эмэгтэй гарч ирээд нөгөө нэг залууг “болиочээ” гээд салгах гээд ороход нохой нь хүртэл дайраад тэгээд бас нохой хүртэл татаж салгаж байгаад би гэнэт л хэсэгхэн зуур ухаан алдаад босоод ирэхэд нөгөө залуу хажууд зогсож байхаар нь шууд зугтаад бичлийн аркны Цагдаагийн хэсэг орж цагдаад мэдэгдэх гэтэл цоожтой байхаар нь би буцаад нөгөө байран дээрээ ирэхэд нөгөө нохойтой залуу явчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм.

          ... Миний биеийн бүсэлхийнээс дээшээ гар, нуруу хэсгүүд хөх няц болсон бөгөөд толгой хөндүүртэй хавдсан юм. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/

          ... Надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6207 дугаартай:

          “1. З биед баруун, зүүн чих, хүзүү, цээж, нуруу, баруун бугалга, шуу, зүүн бугалга, тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 30 дугаар хуудас/

 

          С яллагдагчаар өгсөн “... Тэгтэл нөгөө залуу дахиад орилоод байхаар нь би явж очоод баруун гараараа түлхсэн. Тэгтэл хойшоо болохдоо миний цамцнаас зуурч урсан. Тэгэхээр нь би уурандаа зодсон. 

          ... Би 700.000 төгрөгийг уучлалт гуйж хохирлын мөнгө гэж дансаар .... оны .... дугаар сарын ...ны өдөр өгсөн ба түүний андуурч авсан хагархай шилтэй цагаан өнгийн гар утсыг буцаан өгсөн. ...” гэсэн мэдүүлэг / хэргийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч С үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Хохирогч Б “... Надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж С баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч С нь торгуулийн ялыг төлөхөд хэсэгчлэн төлөх хугацаа шаардлагагүй гэсэн тул түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   С торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй С баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ