Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01488

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 139/ШШ2017/00201 дүгээр шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 218/МА2017/00015 дугаар магадлалтай,

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Онцгой байдлын газарт холбогдох,

гэм хорын хохирол 25.994.836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагва, өмгөөлөгч Х.Отгонжаргал, хариуцагчийн төлөөлөгч Я.Алтанхундага, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 2004 оноос эхлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 6-7 тоотод оршин суудаг байсан. 2014 оны 08 сарын 30-ны өдөр амьдарч байсан байшин маань галд өртөн эд хэрэглэл, баримт бичиг юу ч үгүй болж өмссөн хувцастайгаа үлдсэн. Тухайн өдөр байшиндаа гал гарсныг мэдэнгүүтээ холбогдох байгууллагад дуудлага өгөхөд Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Бямбадорж ахлагчтай хүмүүс ирсэн боловч ямар ч арга хэмжээ авахгүй, харсаар байтал юу ч үгүй болж шатсан. Хугацаа алдаагүй дуудлага өгсөн байхад шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авсан бол манайх өдий хэмжээний хохирол амсахгүй байсан. Онцгой байдлын хэлтсийнхэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлаа хийгээгүйгээс болж манайх галд тэр чигээрээ өртсөн тул Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын үнэлгээний дагуу хохиролд 35.686.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, гал гэрийн баруун хэсгээс уугиж эхэлсэн учраас гэрийн баруун хэсэгт байсан эд зүйлийг хасч, 86 төрлийн эд зүйлсийн үнэ 25.994.836 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Онцгой байдлын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 6-7 тоотод байрлах хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг Ж.Б-ийн хашаанд блок хийж байсан Х.Баярсайхан анх хараад хашааны ард байрлах худгийн ус түгээгч Н.Норовсүрэнд хэлсэн, Норовсүрэн нь 89378589 дугаараас Онцгой байдалд 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 16 цаг 51 минутад дуудлага өгсний дагуу  д/ч Б.Одбаяр захирагчтай гал унтраах салааны бие бүрэлдэхүүн 16 цаг 55 минутад уг хаягт очиж галыг унтраах арга хэмжээ авч эхэлсэн. Гал зуны байшингийн дээврийн хэсгээр цонхоор гадагш тархсан байдалтай байсан байна. Галын тархалтыг 17 цаг 17 минутад зогсоож 17 цаг 53 минутад ангийн байрлалд ирсэн. Гал унтраах үед тухайн хашаанд байсан объектуудын хоорондын зай хэмжээ алдагдсан, тархах орон зай хязгаарлагдмал нөхцөлд /гал гарсан зуны модон байшин, байшингийн урд хураалттай гэр түүний хажууд тээврийн хэрэгсэл, гал гарч буй байшингийн баруун талд 3 метр орчим зайд хажуу айлын жижиг модон байшин/ тархалт хийн усны хоолой дэлгэхэд галын төөнөлтийн улмаас 51 мм-ийн 1 ш хоолой галын дөлд төөнөгдөж цоорон ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул салааны захирагч д/ч Б.Одбаяр төв крантыг хаалгаж ажиллагааг зогсоон дахин нөөц хоолой гаргаж ашиглан байрлалаа өөрчилж объектын хойд талаас ус тавьж галыг унтраасан. Тухайн үед гал унтраахаар ажилласан салааны бие бүрэлдэхүүн галын хоолой дэлгэх үеийн гал сөнөөгчийн үүрэг зөрчиж 1 ш галын хоолойг галын төөнөлтөд шатааж цоолсон гэх асуудалд 2014 оны 09 сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаал гаргаж арга хэмжээ авсан. Манай байгууллага дуудлагын дагуу цаг алдалгүй очиж галыг унтрааж үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 139/ШШ2017/00201 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Онцгой байдлын газарт холбогдох гэм хорын хохирол 25.994.836 /хорин таван сая есөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.924 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 218/МА2017/00015 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт” гэж өөрчилж, Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287924 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.06.12-ны өдөр 139/ШШ2017/00201 тоот шийдвэр. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 07.19-ний өдрийн №218/МА2017/00015 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Ж.Б-ийнд 2014.08.30-ны өдөр гал гарч Онцгой байдлын газрыг дуудсан. Уг байгууллагынхан ирсэн боловч ирсэн даруйдаа яаралтай арга хэмжээ авч чадаагүй, маш их хугацаа алдаж, гал унтраах ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүйгээс амьдарч байсан байшин эд хөрөнгө шатаад дууссан. Галын голомтод ажилласан бие бүрэлдэхүүн нь гал унтраах ажиллагааг Онцгой байдлын гал унтраах дүрмийн 5-р бүлэгт зааснаар явуулж чадаагүй, журам зөрчсөн, зөрчсөнийг үндэслэж тухайн үөд ажиллаж байсан албан хаагч нарт хариуцлага тооцсон байдаг. Энэ бүгдээс харахад хариуцлага алдсан нь тодорхой, нотлогдож ч байгаа. Анхан шатны шүүх ч хариуцагчийг гэм буруутай гэж үзсэн. Гэвч гэм буруутай үйл ажиллагааны улмаас бүрэн шатахгүй байх боломжийг алдсаны улмаас эд хөрөнгөнд хохирол учирсан тул гэм хорын хохирол шаардсан. Бид бүх эд зүйлсийн үнийг нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж зөвхөн гэрийн зүүн талд байсан, ирсэн даруйдаа цаг алдалгүй зохих дүрэм журмын дагуу ажиллаж галыг унтраасан бол шаталгүй үлдэх боломжтой байсан эд зүйлсийн үнийг нэхэмжилсэн. Гал сөнөөгчид хангалттай устай, бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг алдалгүй ажилласан бол бидний эд хөрөнгө юу ч үгүй болохгүй байх боломж байсан, ажлаа зохих ёсоор хийгээгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирлын хэмжээ ихэссэн нь хэнд ч тодорхой байдаг. 6 ам бүлтэй сургуулийн насны хүүхдүүдтэй айлд хамгийн наад зах нь өмсөж байсан хувцас, ор дэвсгэр, хөнжил гээд хүний амин хувийн хэрэгцээний наад захын эд зүйлс байх нь ойлгомжтой. Манайхыг амьдралын ямар түвшинтэй, ямар эд хөрөнгөтэй байсан талаар гэрч Бямбаа гэдэг хүн шүүхэд мэдүүлсэн. Гэтэл шүүх "эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ эргэлзээтэй, нэхэмжилсэн 86 төрлийн эд зүйл нэхэмжлэгчид байсан эсэх нь тогтоогдоогүй" гэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг юу ч үгүй хоосон, өмсөх ч хувцасгүй, хоосон байшинд амьдардаг байсан гэж үзсэнтэй адил шийдвэр болоод байгаа юм.

Дундговь аймгийн эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.19-ний өдрийн магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, алдаатай шүүхийн шийдвэр байж болно, нэхэмжлэгчийн эрх хамаагүй гэж хэлсэнтэй адил шийдвэр болсон бөгөөд Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Хэргийн дээр дурдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтыг бүх талаас нь харьцуулан, хохирлын хэмжээ аврах үүрэг бүхий төрийн байгууллагын үйл ажиллагааны алдаанаас болж нэмэгдсэн байдлыг харгалзан үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 25.994.836 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг “...гал унтраахаар ирсэн даруйд яаралтай арга хэмжээ аваагүй, хугацаа их алдсан, гал  унтраах ажиллагааг дүрмийн дагуу явуулаагүй...” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг  эс зөвшөөрөхдөө “...дуудлагын дагуу цаг алдалгүй очиж, галыг унтрааж, үүргээ бүрэн биелүүлсэн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Б-ийн зуны байшинд 2014 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад гал гарсан, Дундговь аймгийн Онцгой байдлын газарт 16 цаг 52 минутад дуудлага ирснээр 16 цаг 54 минутад обьект дээр очиж, 17 цаг 17 минутад галыг унтраасан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан. Ийнхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.

Гал түймрийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан явдалд хариуцагч гэм буруутай эсэх нь маргааны зүйл болжээ.

Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2014 оны 9 дүгээр сарын 2-ний өдрийн 5/16 дугаар актад “...байшингийн баруун хэсгийн дотор талаас буюу гал тогоо байрлаж байсан газраас гал гарсан байх магадлалтай...” гэжээ /хэргийн 8-9 дүгээр тал/.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-т зааснаар иргэн ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс гал гарсан байх ба тэрээр дээрх актыг үгүйсгэж чадаагүй байна.

Гал сөнөөгч нь галын хоолой дэлгэх үед гал унтраах хоолойг шатаж байгаа болон хурц үзүүртэй зүйл, хүчил зэрэг цоорох, түлэгдэх бодис материал бүхий газраар дэлгэхийг хориглох, хэрэв хоолой дэлгэх өөр газар байхгүй бол нимгэн төмөр, банз зэрэг гарын доорх бусад материалыг тавьж дээгүүр нь дэлгэх үүрэгтэй талаар Гал унтраах дүрмийн 5 дугаар бүлгийн 94.2-т заасан, Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2014 оны 9 дүгээр сарын 5-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар оноолт номерын үүргийг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Б.Одбаяр, Баатархүү, Э.Цэдэндамбаа, З.Цэндсүрэн нарт сахилгын шийтгэл ногдуулсан байх ба нэхэмжлэгч дээрх баримтыг нэхэмжлэлийн үндэслэлд дурджээ.

Оноолт номерын үүргийг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр гал унтраах бие бүрэлдэхүүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан зохицуулалтын агуулгаар хариуцагчид гэм хорыг арилгах үүрэг үүсгэхгүй болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан ба мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлөхөөр зохицуулжээ. Нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс гал гарсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөнөөс гэм хор учруулсан гэж үзэж түүний ажиллаж байгаа хуулийн этгээдэд холбогдуулан шаардлага гаргасан, давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 218/МА2017/00015 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 287.924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ