| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 22350012800204 |
| Дугаар | 21 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 21
Ч.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 186 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар магадлалтай, Ч.Б-д холбогдох эрүүгийн 22350012800204 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 онд өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Ч.Б.
Ч.Б нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж,
Шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х-ийн 75,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав: “...магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар амь хохирогч Х.Б нь эхнэр Б.У-тай маргалдаж, улмаар түүнийг цохих явцад Ч.Б-, түүний эхнэр Б.Ц нар тэд нарыг салгах, хэрүүл маргааныг таслан зогсоох зорилгоор дундуур нь орох явцад амь хохирогч нь Ч.Б-г цамцны энгэрээс нь заамдаж боосон үйл баримт тогтоосон ба улмаар Ч.Б- нь амь хохирогчийн тухайн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хуванцар сандлаар амь хохирогчийн зүүн гарын шуу хэсэгт цохих явцад амь хохирогч нь хувцасны модон шкаф толгойн ар дагзаараа цохиж гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарлаас дээш зулайн хэсэг, зулайн заадал дайрч дун ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал гэмтэл авч улмаар нас барсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх нь дээрх Ч.Б-гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон.
Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм. Халдагч этгээд зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ өөртөө хамгаалалт хийсэн болон бусдын зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах эрхийг иргэнд хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн хүний санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ чухал ач холбогдолтой байдаг. Үргэлжилсэн довтолгооны үед довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж хамгаалагчийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгоно.
Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд обьектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.
Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэм хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно. Хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогч X.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Б-гийн гэрт хонож байхдаа гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн эхнэр Б.У-тай маргалдаж улмаар түүнийг заамдаж авч цохиж, түүнд бодитой аюул учрах эрсдэл бий болсон, улмаар тухайн үйлдлийг болиулахаар очсон Ч.Б-г заамдан авч хоолойг нь боосон амь хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Ч.Б нь зүүн гарын шуу хэсэгт хуванцар сандлаар цохиход амь хохирогч X.Б нь тэнцвэр алдаж дагзаараа унаж, тархиндаа хүнд гэмтэл авч амь насыг нь хохироосон Ч.Б-гийн үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзэх боломжтой.
Учир нь, амь хохирогч нь бусдын амьд явах халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн цагаас Ч.Б-гийн болон дэргэд байсан бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бодитой бий болсон бөгөөд тэрээр амь хохирогчийн довтолгоог таслан зогсоох явцдаа амь хохирогчид хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Ч.Б нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт юм. Харин амь хохирогч X.Батцоожийн үйлдэл нь бусдын амь нас, эрүүл мэндэд шууд учруулж аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоон байсан ба энэхүү үйл явдал хоромхон зуурт болоод өнгөрсөн тул тухайн тулгарсан аюултай нөхцөл байдлыг Ч.Б нь өөр арга хэрэгслээр зогсоох нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд Ч.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын амь насыг хохироосон гэмт хэргийн обьектив шинж болох үр дагавар, хор уршгийг агуулсан байх боловч түүний үйлдэлд гэм буруугийн субьектив шинж үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тэрээр хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл хийж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан довтолгооныг эсэргүүцэх үедээ уг хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Б- нь Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутагт байрлах гэртээ 2022 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө иргэн Х.Б нь өөрийн хоолойг нь заамдах үед шар өнгийн хуванцар сандлаар зүүн гар луу нь цохисны улмаас заамдаж байсан гар нь андуурч хойшоо савж унахдаа тухайн гэрт байсан хувцасны шүүгээг толгойны ар дагз хэсгээр мөргөж, улмаар биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал, хуйханд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогдсон. Хэргийг уншиж танилцахад мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо зөрүүтэй байхад Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан үндэслэлээр Ч.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт хоорондоо зөрүүтэй, дараах баримтууд авагдсан байхад анхан шатны шүүх хэргийг цагаатган шийдвэрлэжээ.Үүнд, гэрч Б.У-гийн 5 удаагийн мэдүүлэг нь зөрүүтэй байхад анхан шатны шүүхээс эхний хоёр удаагийн мэдүүлгийг үнэлсэн, 1-р хавтаст хэргийн 146-147 дугаар талд шинжээч эмч Б.Х нь “...дээрх гэмтэл нь зөвхөн модон тавилга биш мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэж, шинжээч эмч Б.Б, Н.Тнар нь “...1 удаагийн мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ..” гэсэн ба 2 дугаар хавтаст хэргийн 189-192 дугаар талд авагдсан шинжээч эмч Н.Т, Б.Б нарын мэдүүлэг нь үг үсгийн зөрүүгүй, ижил байдлаар бичигдсэн байна.
Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан хохирогчийг аюултай байдалд орхисон, тусламж үзүүлээгүй үйл баримт амь хохирогчийг ханын шүүгээ мөргөөд унаад дахиж босож ирээгүй хурхираад сэрээгүй талаар шүүгдэгч болон гэрч Б.У, Б.Ц нарын мэдүүлгээр тогтоогдож байна.Амь хохирогч нь гэрч нарын мэдүүлгээр 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд унаж хувцасны шүүгээ мөргөсөн гэдэг бөгөөд үүнээс хойш 18-19 цагийн дараа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Энэ хугацаанд Б.У, Б.Ц, шүүгдэгч нар нь гэрт нь аваачиж, эмнэлэг дуудаж, ингэхдээ болсон үйл явдлын талаар үнэнээ хэлээгүй байж байгаад эмнэлгийн тусламжийг авч чадаагүй нөхцөл байдал байна.
Түүнчлэн хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Х.Б, Н.Я, Ц.Х нарын мэдүүлгээр амь хохирогчийн хүзүү хэсэгт улаан өнгөтэй ором гарсан байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн гэрч Б.У-гийн мэдүүлэг болон Б.Ц-гийн мэдүүлэгт “...сандлаар цохисны дараа Ч.Б амьсгаадсан, хоолой нь боогдсон зүйл байгаагүй, сайн анзаарч хараагүй. Ч.Б- шууд орондоо ороод хэвтчихсэн. ...” гэж мэдүүлсэн зэргээр дүгнэхэд шүүгдэгч Ч.Б-д болон тухайн гэрт байсан хүмүүст аюул учрахаар бодитой нөхцөл байдал бий болсон гэх байдал тогтоогддоггүй. Дээрх нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж байгаа үйл баримт гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд үүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, энэ асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулан шалгуулах бодит үндэслэл үүсэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дугаар зүйлд зааснаа шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийн хувьд эдгээр асуудлуудыг дахин тодруулахыг прокурорт үүрэг болгож, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх дахин хэлэлцэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар 60 хоногийн хугацаа авч үйл баримтыг дахин тогтоолгох саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааг 4 сар гарам хугацааны дараа явуулж эхэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдвол зохих нөхцөл байдал буюу талийгаачийн биед учирсан гэмтэл 1-рт амь насыг аврах боломжтой юм уу, 2-рт ямар хэмжээнд, хэзээ учирсан гэх мэтчилэн тогтоогдох нөхцөл байдал тогтоогдох боломжгүй болсон. Түүнд тухайн хэргийн газарт байсан гэх 3 хүмүүсийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Үйл баримт хангалттай тогтоогдоогүй.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Прокуророос Ч.Б-г Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутагт байрлах гэртээ 2022 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө иргэн Х.Б нь өөрийн хоолойг нь заамдах үед шар өнгийн хуванцар сандлаар зүүн гар руу нь цохисны улмаас заамдаж байсан гар нь алдуурч хойшоо савч унахдаа тухайн гэрт байсан хувцасны шүүгээг толгойны ар дагз хэсгээрээ мөргөж, улмаар биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал, хуйханд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн, нотлогдвол зохих байдлын талаар хуулиас зөрүүтэй тайлбар хийж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан хэргийн үйл баримтын эргэлзээг нэг мөр шийдвэрлэх, 16.3 дугаар зүйлд заасан гэрчийн мэдүүлгийг шалгах, үнэлэх ажиллагаанд Улсын дээд шүүхийн тайлбарыг хэрэгжүүлж чадаагүй байна.
Энэ талаар давж заалдах шатын шүүх үндэслэлтэй дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж зөв шийдвэр гаргасан боловч хуулиас зөрүүтэй хэрэглэгдсэн ухагдахуун, ойлголтуудыг дутуу тайлбарласан нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж нэмж дүгнэх шаардлагыг үүсгэсэн болно.
Амь хохирогч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ч.Б-гийн гэрт өөрийн эхнэр Б.У болон шүүгдэгчтэй маргалдах явцдаа толгойн хэсэгтээ гэмтэл авч (модон шүүгээ мөргөсөн гэх) нас барсан гэх үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо хэргийн газар байсан шүүгдэгч, гэрч нарын зүгээс амь хохирогчийг гадны нөлөөгүй нас барсан гэж бусдад итгүүлэн цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр оршуулснаас хойш дөрвөн сарын дараа тохиолдлын шинж чанартайгаар хэрэг илэрснийг анхааран үзэлгүй, эдгээр гэрч нарын мэдүүлэг болон адил агуулга бүхий шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд үл нийцжээ.
Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14 өдрийн 16 дугаар тогтоолд гэмт хэрэгт шүүгдэгчтэй нэгдмэл болон тусдаа хувийн сонирхолтой гэрчүүд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдал, гэмт хэрэг гарахад өөрсдийн зүгээс нөлөөлсөн байдал, шүүгдэгчийн гэм бурууг нуух, хохирогчийн зүй бус ажиллагааг хэтрүүлэх байдлаар мэдүүлж болзошгүй байдлыг харгалзан мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгаж батлах, няцаах замаар мөрдөх байгууллага, прокурор үнэлэх шаардлагатайг тодорхойлсон билээ.
Энэ хэргийн хувьд харьцуулалт хийхэд шаардлагатай тусдаа эх сурвалж бүхий бусад нотолгоо байхгүйн улмаас мэдүүлгүүдийг шалгах боломжгүй болжээ. Тодруулбал, гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэдгээр нь хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болзошгүй нөхцөл байдлыг сайтар тооцож, гэрчийн найдвартай байдлыг бататгах зорилгоор нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах, туршилт, үзлэг, шинжилгээ хийх зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулсны эцэст гэрчийн мэдүүлгийн нотолгооны хүчин чадалд дүгнэлт өгч тэдгээр мэдүүлгүүдийг хэрхэн үнэлж буй үндэслэлийг шүүхийн шийдвэртээ тусгах учиртай.
Уг хэрэг үйлдэгдсэн болон илэрсэн байдал, гэрч, шүүгдэгч нарын садан төрөл, найз нөхдийн холбоо, өөр хоорондоо бичсэн зурвас зэргээс гэрч Б.У, Б.Ц нар нь шүүгдэгчийн хамт нэгдмэл сонирхолтой этгээдүүд байж болзошгүй бөгөөд хэргийн талаар өөрсдийн нөлөөлөл, бусдын зүй бус ажиллагааг хэтрүүлж эсхүл бууруулан мэдүүлсэн байх боломжтой байна.
Эдгээр гэрч нараас өөр эх сурвалжтай нотлох баримтгүйд хязгаарлагдаж, тэдгээрийн мэдүүлэгт тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох нь хэргийн бодит байдлын талаар буруу дүгнэхэд хүргэж болзошгүйг шүүх онцгойлон анхаарах байжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн талаар үүссэн эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхдээ прокуророос буруутган ялласан тодорхой үйл баримтыг тогтоогдоогүй талаар дүгнэхээс бус “шүүгдэгчид ашигтай” үйл баримтыг санаачлан тогтоох эрх шүүхэд олгогдоогүй талаар Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд дэлгэрэнгүй тусгажээ.
Прокурор Ч.Б-г Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт ялласан ба энэ хэргийн хувьд нотлогдвол зохих гэмт хэргийн шинж нь “actus reus” хохирогчийн амь насыг хохироосон шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй, мөн “mens rea” гэх ийм үр дагаврыг хүсээгүй хүсэл зоригийн төлөв байдал буюу болгоомжгүй хандлага тул зөвхөн эдгээрийг тогтоогдсон эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой атал бусад эх сурвалжаар шалгагдаж үнэлэгдээгүй, хэрэгт хувийн сонирхол бүхий гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт хөтлөгдөн өмгөөлөх талын байр суурийг шалгуургүйгээр хүлээн зөвшөөрч хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Шарилд хожуу хийсэн задлан шинжилгээгээр амь хохирогч нь гадны нөлөөтэйгөөр гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны үргэлжилсэн хугарлын улмаас нас барсан нь тогтоогдсон ба эл гэмтлийг шүүгдэгч Ч.Б учруулсныг мөрдөн байцаалтаар эргэлзээгүй тогтоож яллах, өмгөөлөх талууд маргаагүй, харин шүүгдэгч энэ гэмтлийг хохирогчид учруулсан санаа зорилгыг тодорхойлж чадаагүй явдлыг Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд заасан “хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл (субсумци) хийх үед үүссэн эргэлзээ”[1] гэж ойлгож, “хуульд байгаа хамгийн оновчтой шийдлийг олж, тухайн хэргийн зүйлчлэлийг зөв сонгож субсумци хийх”[2] байдлаар хэргийг хянан шийдвэрлэх нь зохистойг анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй байна.
Хяналтын шатны шүүх хуралдааны явцад прокуророос хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хууль зүйн дүгнэлтийг гаргасан боловч энэ хэрэгт хэргийн газрын үзлэг явуулах, цогцост шинжилгээ хийх, мөрдөн шалгах туршилт хийх зэрэг ажиллагаануудыг дахин гүйцэтгэх нь хугацаа алдсанаас шинэ үр дүн бий болгохгүй болсон байх тул хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэв.
Эцэслэн тэмдэглэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ