Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 113/ШШ2017/0010

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Шарнууд овогт Долгормаагийн Эрдэнэцэцэг,  Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг, 154 дүгээр байрны 38 тоотод оршин суух (РД:ТЗ73042662);

Хариуцагч: (1) Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга;

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Гантуяагийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дугаар “Д.Эрдэнэцэцэгийг үүрэгт ажлаас нь халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин болох 1093879 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Долгормаагийн Эрдэнэцэцэг миний бие 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймагт Төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/54 дүгээр тушаалаар Дотоод ажил худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/11 дүгээр тушаалаар ажлаас халагдсан. Тус тушаалыг үл зөвшөөрч үндэслэлгүй гэдгийг нотлох баримтын хамт гомдол гарган Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд өөрийн биеэр өгсөн. Гомдлын хариуг 40 хоногийн дараа гардуулж өгсөн бөгөөд хоёрдмол утгатай тус тогтоолд “... Засаг даргын Тамгын газрын даргын “Д.Эрдэнэцэцэгийг үүрэгт ажлаас нь халах тухай” 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 25, 26, 27, 29 дүгээр зүйлийг бүрэн хангаагүй байна гэсэн комиссын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсүгэй...” гэж заасан байсан тул 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт “Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн тогтоолын дагуу Дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл гаргасан боловч одоо болтол хариу өгөхгүй байна. Гомдлын хариуг өгөхгүй байгаа талаар Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга Д.Содномд амаар гомдол гаргасан боловч бид шийдвэрээ гаргасан Бусад асуудлыг Баянтал сумын Засаг даргын Тамгын газар мэднэ гэсэн хариултыг өгсөн. Төрийн жинхэнэ албан хаагч миний үндсэн хуульд заасан “хүний эрх, эрх чөлөө”-г хязгаарласан гэж миний бие үзэж байна. Иймд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Гантуяагийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр “Д.Эрдэнэцэцэгийг үүрэгт ажлаас нь халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин болох 1093879 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Гантуяагийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр “Д.Эрдэнэцэцэгийг үүрэгт ажлаас нь халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үүгэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Гантуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэн Д.Эрдэнэцэцэгийн “Ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул хариу тайлбарыг дараах байдлаар гарган хүргүүлж байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан Д.Эрдэнэцэцэг нь ажилдаа хариуцлагагүй хандан сахилгын шийтгэл авсан. Үүнд: Аймгийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хариуцсан ажил үүргийнхээ хувьд удаа дараа өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу 2 удаагийн шуурхай мэдээг тасалсан. /2017 оны 01 дүгээр сарын мэдээ/ Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Эрдэнэцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/05 дугаар тушаалаар сануулах, сахилгын шийтгэл авагдсан нь сахилгын шийтгэл бүхий тушаалаар нотлогдож байна. Д.Эрдэнэцэцэг нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Тавигдах шаардлага” хэсгийн эрх зүйч мэрэгжилтэй байх гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргүүдийг үл биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй нь Засаг даргын Тамгын газрын 7 хоногийн шуурхай хурлын тэмдэглэлээр нотлогдоно. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар нягтлан бодогч Д.Мөнхбаясгаланд аймгийн Аудитын газрын шалгалтаар “Хязгаарлалттай” дүгнэгдэж сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан боловч 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар нягтлан бодогч Д.Мөнхбаясгаланг 2015 оны Санхүүгийн баримтыг аудитын шалгалтаар зөрчилгүй дүгнүүлсэн гэж мөнгөн шагналаар урамшуулсан тушаал гаргасан. Энэ нь тушаал шийдвэрийг бодит биш худал хуурмаг, үндэслэлгүйгээр гаргасан мөн хувь хүнтэй холбоотой тушаалыг А буюу олон нийттэй холбоотой тушаалаар буруу гаргасан нь дээрхи тушаалаар нотлогдоно. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар нийгмийн бодлогийн мэргэжилтнээр А.Түмэнжаргалыг томилохдоо Төрийн захиргааны албан хаагчтай “үр дүнгийн гэрээ” байгуулаагүй “хөдөлмөрийн гэрээ” байгуулсан нь тушаалаар нотлогдож байна. 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар А.Түмэнжаргалыг Нийгмийн бодлогын мэргэжилтнээр түр томилохдоо өмнөх 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй нь тушаалаар нотлогдоно. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Батболдыг ажлаас халах тушаалд албан бус үг хэллэг оруулсан нь тушаалаар нотлогдоно. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар З.Сувд-Эрдэнийг Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд томилж, Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгүүлсэн. Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн үйлчигээний албан тушаалтан тул Төрийн захиргааны албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэх нь буруу юм. Энэ нь дээрхи тушаалаар нотлогдоно. Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг үл хүндэтгэсэн. Энэ нь Засаг даргын орлогч Ш.Шинэбаярыг удаа дараа хэл амаар доромжилсон нь нотлогдоно. Иймд гаргаж байгаа захирамж, тушаал шийдвэрүүдийг эрх зүйн үндэслэл, утга найруулгын хувьд илтэл буруу удаа дараа төлөвлөн батлуулж, хүчингүй болгодоггүй зэрэг зөрчил гаргадаг, ажил явуулахад хүндрэл их гарч, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэггүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Эрдэнэцэцэг нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлд гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу тус Салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсан тухай” 34 дүгээр тогтоолын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар  “...2017 оны Б/11 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27, 29 дүгээр зүйлийг бүрэн хангаагүй байна гэсэн комиссын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсүгэй” гэжээ.  

Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Д.Эрдэнэцэцэгийг нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” 56 дугаар тогтоолоор нэр дэвшүүлэн тус аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Д.Эрдэнэцэцэгийг дотоод ажил, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

Тус аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Д.Эрдэнэцэцэгийг үүрэгт ажлаас нь халах тухай” Б/11 дүгээр тушаалаар “Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан “тавигдах шаардлага” хэсгийн эрх зүйч мэргэжилтэй байх гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргүүдийг үл биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, аймгийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хариуцсан ажил үүргийнхээ хувьд удаа дараа биелүүлээгүй, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалуудыг эрх зүйн үндэслэл, утга найруулгын хувьд илтэд буруу удаа дараа төлөвлөн батлуулж хүчингүй болгуулаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан байх тул 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үүрэг ажлаас нь халсугай” гэжээ. 

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/11 дүгээр тушаалын хувьд:

а/ 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр баталгаажсан Дотоод ажил, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын “Тавигдах шаардлага” хэсгийн “Мэргэжил” гэдэгт “Эрх зүйч, бусад” гэж шаардсан байх тул ажлын байрны тодорхойлолтонд тавигдсан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 4 дүгээр зүйлд “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна”, 7 дугаар зүйлд “Тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан зорилт, чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж зохих журмын дагуу баталж мөрдүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн “Тавигдах шаардлага” хэсгийн “Мэргэжил” гэдгийг “Эрх зүйч” болгож өөрчлөн нэхэмжлэгчийг ажлаас халах боломжгүй юм.

б/  “...ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргүүдийг үл биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэсэн үндэслэлийн хувьд тухайн байгууллагын гадна самбар дахь мэдээллийг шинэчлэх үүргийг тус сумын Засаг даргын орлогч дарга Ш.Шинэбаяр 14 хоног тутам болдог шуурхай хуралдаан дээр шаардаж, уг хурлын тэмдэглэлд өөрөө шаардан уг шаардлагаа тэмдэглүүлдэг байсан гэх өөрийнх нь мэдүүлэг байх боловч нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр “тухайн үед гаднах самбарыг шинэчлээд явж байсан, шинэчилсээр байтал шуурхай хурал дээр дахин дахин уг асуудлыг ярьж тэмдэглэхийг шаардаж байсан” гэх тайлбарыг өгч байна. Мөн хариуцагч шүүх хуралдаан дээр “гадаа самбарыг зөвхөн Д.Эрдэнэцэцэг хариуцдаггүй бөгөөд тухайн самбарыг мэргэжилтэнүүд өөр өөрийн чиглэлийн дагуу хариуцаж ажиллуулдаг” гэж мэдүүлж байгаагаас үзэхэд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

в/ “...аймгийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хариуцсан ажил үүргийнхээ хувьд удаа дараа биелүүлээгүй” гэдэгт Д.Эрдэнэцэцэг нь тус аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь тайлагнаагүй уг ажлыг тасалдуулсан гэж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Удирдах ажилтнуудын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шуурхай зөвлөлгөөнөөс өгсөн үүргийн биелэлт”-ийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч уг ажлын биелэлтийг тус аймгийн Засаг даргын [email protected] гэсэн хаягаар 2017 оны 01 дүгээр сарын 05, 09-ний өдрүүдэд “Баянтал-Засаг даргаас өсөн үүрэг даалгаврын биелэлт” гэсэн гарчиг бүхий 15.3 kb болон 16.2 kb багтаамжтай ms word файлыг хавсаргаж явуулсан нь шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдсон байна. Гэвч тухайн асуудлаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Д.Эрдэнэцэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг тушаалд гомдол гаргах хугацаа нэгэнт дууссан байгааг дурдах нь зүйтэй. Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 7-д “...Сахилгын нэг зөрчилд нэг төрлийн шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж зааснаас үзэхэд нэгэнт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад дахин ажлаас халах тушаалын үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

г/ “...Засаг даргын Тамгын газрын даргын тушаалуудыг эрх зүйн үндэслэл, утга найруулгын хувьд илтэд буруу удаа дараа төлөвлөн батлуулж хүчингүй болгуулаагүй” гэх боловч Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай” 68 дугаар тушаалын хавсралтад заасан  “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын  2.4.1.9-д “Байгууллагын дарга тушаалын төсөлд гарын үсэг зурахаас өмнө холбогдох хэлтэс, нэгж, албан тушаалтнуудаас виз авч, шаардлагатай тохиолдолд танилцуулга хийж хавсаргасан байна”,  2.4.1.10-д “Тушаалын төсөлтэй холбогдох албан тушаалтан ажлын 1-2 хоногт багтаан танилцаж, зохих журмын дагуу виз өгсөн байна. Визийг тушаалын өнгөн хувийн төгсгөлийн хуудасны ар тал дээр үйлдэнэ” гэж заасан байх бөгөөд нэгэнт албажин гарсан тушаалуудын хувьд нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь тухайн тушаалуудын төсөлийг бэлдсэн гэдгээр дангаараа хариуцлага хүлээх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/11 дүгээр тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэжээ. Уг заалт нь төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байх тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд хуулийн энэ заалт нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгуулага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” гэж заасан байх бөгөөд Захиргааны байгууллагаас бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх арга зам нь тухайн шийдвэр гаргахад гарцаагүй шаардлагатай нотлох баримтыг олж цуглуулсан байх шаардлага юм. Энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэж, 25 дугаар зүйлээр нотлох баримт цуглуулах арга замыг тодруулж өгсөн байх боловч дээрх маргаан бүхий тушаалыг гаргахдаа хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана: 27.3.1-д “сонсох ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл” гэж заажээ. Уг тушаалын хувьд 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Мэдэгдэх хуудас хүлээлгэн өгч ажлаас халах тухай “Мэдэгдэл” хүргүүлсэн боловч уг мэдэгдэлд дээрх хуульд заасан мэдээлэл огт тусгагдаагүй бөгөөд “3 хоногийн дотор холбогдох тайлбарыг ирүүлнэ үү” гэснээр сонсох ажиллагаа явагдсан гэж тайлбарлаж 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл” гэсэн гарчигтай “...Мэдэгдэх хуудас авснаас хойш ямар нэгэн мэдэгдэл, тайлбарыг амаар болон бичгээр өгөөгүй” гэж тэмдэглэсэн нь хуулийн дээрх заалтыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.  

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “..., хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан байхад хариуцагч хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлээгүй нь төрийн албаны хууль дээдлэх үндсэн зарчмыг биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлыг гүйцэтгээгүй ажлын 126 хоногийн олговор 2768850 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу зөрүүг тооцон бичилт хийлгэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтас хэргийн мартериалд авагдсан Д.Эрдэнэцэцэгийн сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01, 02 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийг түүний өмнө эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Эрдэнэцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин болох 2768850 төгрөгийн цалинг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЗУЛ