Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1797

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00817 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, үндэслэлгүй гарсан зардалд нийт 818 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ

Хариуцагч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ХХХХ-т нь 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ХХХХ-ын сургалтын төлбөрийг төлөх зорилгоор 735 000 төгрөг зээлээч гэж утсаар ярьсны дагуу түүний охин ХХХХ-д мөн оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 735 000 төгрөг өгсөн. Гэтэл уг мөнгийг эргэж төлөөгүй. Мөн ХХХХ-ын өмнөөс 83 000 төгрөгийн зардал гаргасан тул нийт 818 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХээс мөнгө аваагүй, мөнгө зээлэхээр утсаар яриж байгаагүй. ХХХХХ , ХХХХ нарын хоорондын асуудлыг би мэдэхгүй. Түүнчлэн би ХХХХ-д учруулсан гэм хорын төлбөрт 68 000 төгрөгийг шүүх хуралдаанд, дараа нь 20 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй тул ХХХХ-тоос 818 000 төгрөг гаргуулах тухай ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 24 182 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 558 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас буцаан гаргуулж ХХХХт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нотолгооны бусад хэрэгслээр нотлох үүргээ биелүүлээгүй тул ХХХХ болон ХХХХ-т нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй ...” гэх дүгнэлтээс үзэхэд нотлох үүргээ биелүүлсэн бол зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр ойлгогдож байна. Хэрэгт ХХХХХ нь эцгийнхээ хэлсний дагуу сургалтын төлбөр төлөх зорилгоор 735 000 төгрөг зээлсэн тухай баримт авагдсан байхад уг баримтыг үнэлээгүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй” гэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт “496.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй, бусдын эрх ашгийг хохироосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. ХХХХХ нь эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч болсон үйл явдлын талаар бусдын дарамт, шахалтгүйгээр тодорхойлолт гаргасан болох нь нотариатчаар гэрчлүүлснээр нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт зааснаар дээрх тодорхойлолт нь нотлох баримт бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан нөхцөл үүсээгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч талын мэдүүлэг, бичгийн нотлох баримтыг үнэлээгүй нь хуульд нийцэхгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ХХХХээс 80 000 төгрөгийн зардал гарах үед буюу 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ХХХХ-тын хохирол төлөх үүрэг буюу гэм бурууг шүүх шийдээгүй байснаас ...” гэж дурдсан. Эрүүгийн эрх зүйд тухайн хүний үйлдлийн улмаас учирсан хохирлыг шүүх шийдээгүй байхад барагдуулах үүрэг үүсэхгүй гэсэн ойлголт байхгүй тул бодит байдалд нийцэхгүй хууль бус дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн шүүгч хэрэг маргааны учрыг бүрэн дүүрэн ойлгоогүй, хариуцагч хэний өмнөөс, хэнд 83 000 төгрөг төлж барагдуулсан талаарх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 735 000 төгрөг, эмчилгээний зардал 83 000 төгрөг, нийт 818 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, гэм хорын төлбөрт нийт 88 000 төгрөг охин ХХХХ-д төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч ХХХХ-тыг охин ХХХХ-ынхоо сургалтын төлбөрт зориулан 735 000 төгрөгийг зээлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлийг няцаан зээл аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн хэргийн 46 дахь талд авагдсан ХХХХ-ын гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн бичгийн нотлох баримт /хх.46/ нь ХХХХ-д 735 000 төгрөг шилжүүлэн өгсөн үйл баримтыг тогтоохоос хариуцагч ХХХХ-тыг ХХХХээс 735 000 төгрөгийг хүлээн авч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

ХХХХ-ын эмчилгээний зардал төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч ХХХХ уг зардлыг төлсөн байгаа нь  Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар ХХХХ-тын бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус зааснаар гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар хүүхэд 18 насанд хүрснээр эцэг, эхийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно. Хариуцагч ХХХХ-тын охин ХХХХХ нь 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 нас хүрсэн болох нь хэргийн 46 дахь талд авагдсан ХХХХ-ын иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байх тул хариуцагч ХХХХ-тын хувьд хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ монгол зан заншлын дагуу эцэг, эх нь насанд хүрсэн оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх ёстой талаар дурдсаныг хуулийн дагуу хүлээлгэсэн үүрэг гэж үзэхгүй юм. Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх эсэхээ эцэг, эх нь өөрийн хүсэл зоригоор шийдвэрлэх асуудал бөгөөд хуулиар заавал биелүүлэхээр ногдуулаагүй үүргийг шүүхээс хариуцагчид хүлээлгэх үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                              ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ