Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 34

 

                   

Б.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн

                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Г.Энхмаа

Нарийн бичгийн дарга                             Г.Энхтамир нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан гомдлоор Б.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн 2017 1900 0008 дугаартай 1 хавтас 231 хуудас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хамтран амьдрагч Жавзандуламын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар баг Хунт гэх газарт оршин суух хаягтайУлаанбаатар хот болон Төв аймагт оршин суух тодорхой хаяггүй, гавъяа шагналгүй, 4 удаагийн ял шийтгэлтэй, урьд нь 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 73 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял,

2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Сум дундын шүүхийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял,

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн 12 дугаар шүүхийн 02 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж мөн тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялд өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ялаар тогтоож Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлэх 4 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Баянбаатарын Мөнх-Очир, /РД:ОС84041014/.

Шүүгдэгч Б.Мөнх-Очир нь ялтай байх хугацаандаа Б.Нямдоржтой бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, шунахай сэдэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг "Элстэй" гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Д.Эрдэнээгийн өмчлөлийн хул хүрээ, хул алаг морь зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Д.Эрдэнээд 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Мөнх-Очир нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Б.Нямдоржтой бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, шунахайн сэдэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг "Элстэй" гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой Б.Ганцэцэгийн өмчлөлийн хар азарга, бор морь зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Б.Ганцэцэгт 2 000 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Мөнх-Очир нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Тайж овогт Баянбаатарын Мөнх-Очирыг ялтай байхдаа урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Очирт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 

Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнх-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нь мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 

            Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнх-Очирт оногдуулсан 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мөнх-Очирын цагдан хоригдсон 199 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Б.Мөнх-Очирын эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ний өдрөөс эхлэн тооцож,

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цагаан өнгийн хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг тонгорог 1 ширхэг, шаргал өнгийн суран хазаар 2 ширхэг, суран ногт 1 ширхэг, цагаан өнгийн бугуйл бүхий олс 1 ширхэг, шаргал өнгийн модтой эсгий 1 ширхэг тохомтой эмээл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйл битүүмжлэх тогтоолоор Н.Цэрэнхоролын төлөг хонь 4, төлөг ямаа 4 зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Мөнх-Очирын нэр хөрөнгөнөөс 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ганцэцэгт 500.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнээд 500.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Мөнх-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мөнх-Очир давж заалдах гомдолдоо: “миний бие 2016 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Улаанбаатар хотын дэнж 1000 гэх газраас Б.Нямдорж бид хоёр гараад автобусаар Налайх ороод Налайхаас таксигаар 25000 мянгаар бид хоёр Элстэй гэх газар нэг модтой  аманд бууж хоцроод өвөлжөөнд хоноод маргааш нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр орой Нямдорж бид хоёрын хоносон модтой амны дээд эхэнд таван тооны адуу байсан. Тэр таван тооны адууг Б.Нямдорж бид хоёр тууж ирээд хашаанд хашиж байгаад хул үрээ, хул алаг морь хоёр барьж аваад хоносон. 2016 оны 07 дугаар сарын 10-ний орой бид хоёр Налайх  руу явж байхад замд хар азарга, бор морь хоёрыг Б.Нямдорж энэ хоёр морийг барьж аваад явъя гэж байсан. Яах юм гэхээр энэ хоёр юу ч болохгүй шүү дээ гээд байсан. Тэгээд бид хоёр хашаанд хашиж байгаад хар азарга, бор морь хоёрыг барьж аваад Нямдорж хул алаг морийг унаад би хар азрага унаад шөнөдөө яваад Баянзүрх уулын хойд арын модонд өнжөөд 2016 оны 07 дугаар сарын 11-ний орой Чингэлтэй уул руу гараад уулын арын модонд гурав хоноод 2016 оны 7 сарын 15-ний орой хот руу орж яваад Б.Нямдорж, Отгонбаатар луу утсаар яриад Отгонбаатарынд очоод хул үрээ, хул алаг морь, хар азарга, бор морь дөрвийг хашаанд нь оруулж уяад хул үрээг унагаад цусалж байхад цагдаа нар орж ирээд барьж авсан. 2016 оны 07 сарын 16-ний орой Төв аймгийн цагдан хориход хоригдсон. 2016 оны 12 дугаар сарын 3-ний орой зүс таних гурван залууд зодуулаад 2016 оны 12 дугаар сарын 07-нд шүүх хуралд очоогүй.

Б.Мөнх-Очир миний бие Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Мөнх-Очир надад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т 3 жил, 261 дүгээр зүйлийн 216.1-д 1 жилийн ял,  Б.Нямдоржид Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял өгч байна. Б.Нямдорж надтай адилхан ялтай байх хугацаандаа хохирлоо төлөө байхад ийм шударга биш байна гэж бодож байна. Иймд Эрүүгийн хуулийн 145.2-оос хасч, дэглэмийг жирийн дэглэмтэй болгож өгөөч гэж хүсэж байна.

 2016 оны 07  сарын 16-наас 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл 125 хоног, мөн 2017 оны 01 сарын 15-ний өдрөөс 2017 оны 04 сарын 06-ний өдөр хүртэл 81 хоног байхад нийт 206 хоног байхад шүүх шийтгэх тогтоол гаргахдаа 2016 оны 07 сарын 18-наас 2016 оны 11 сарын 15-ний өдөр хүртэл 117 хоног мөн 2017 оны 01 сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл 82 хоног  нийт 199 хоног цагдан хоригдсон байна гэсэн байна.

Иймд Б.Мөнх-Очир миний цагдан хоригдсон нийт 206 хоногоор болгож өөрчилж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:          

 Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мөнх-Очирт Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, 261 дүгээр  зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны  бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Мөнх-Очир нь ялтай байх хугацаандаа Б.Нямдоржтой урьдчилан үгсэн тохирч бүлэглэн, шунахай сэдэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг "Элстэй" гэх газраас

- 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд иргэн Д.Эрдэнээгийн өмчлөлийн 2  адуу /хул хүрээ, хул алаг морь/  хулгайлж, 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой иргэн Б.Ганцэцэгийн өмчлөлийн 2  адуу /хар азарга, бор морь/  хулгайлж, 2 000 000 төгрөгийн хохирол  учруулсан,

- шүүгдэгч Б.Мөнх-Очир нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 22-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-31-37/ , эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол /хх-38-39/, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-40-41/, хохирлын үнэлгээ /хх-57,156/, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон Б.Мөнх-Очирын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээр нотлогдсон, анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдагдсан  “оногдуулсан ялыг хасч, жирийн дэглэмд эдлүүлэх” гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

шүүгдэгч Б.Мөнх-Очир нь бусдын эд хөрөнгийг хулгайлах энэ төрлийн гэмт хэрэгт урьд нь нийт 4 удаа ял шийтгүүлсэн, сүүлд үйлдсэн гэмт хэргийн ялтай байдал дуусаагүй байхад дахин энэ төрлийн гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр үйлдсэн, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд дахин гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.12 дахь хэсэгт  зааснаар  ял шийтгэлийг  хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс хуульд заасан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин шүүгдэгч Б.Мөнх-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 121 хоног,  2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх 81 хоног, нийтдээ 202 хоног цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон тухай шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтын  “199 хоногийг” гэснийг “202 хоногийг” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Ялтан Б.Мөнх-Очирын давж заалдах гомдлоос “оногдуулсан ялыг хасч, жирийн дэглэмд эдлүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл ялтан болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

                              ШҮҮГЧИД                                      Г.ТЭГШСУУРЬ

                                                                                  Г.БОЛОРМАА