Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00117

 

 

     

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/17131 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч ...хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хийгдээгүй ажлын хөлсийг буцаан гаргуулна... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч ...төрийн албанд томилогдсон үндэслэлээр гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгосон, ингэхдээ үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан явц дундын төлбөрийг авахгүй, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр *******ийг оролцуулахаар тохирсон, өмгөөллийн үйл ажиллагааг тоон үзүүлэлтээр хэмжих боломжгүй, мөн гэрээний үүргийн зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр татгалзжээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 06 сарын 20-ны өдөр 19 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрүүгийн хэрэгт үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж бүх төрлийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, ажлын хөлсийг 30,000,000 төгрөгөөр тохиролцож, 15,000,000 төгрөгийг 1 хоногийн дотор, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 7,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-19/

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчийг хөлсөөр ажиллах гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй буюу ажлын үр дүн эцсийн зорилгодоо хүрээгүй, хариуцагчийн хувийн байдлаас шалтгаалан өмгөөллийн үйл ажиллагаа үргэлжлээгүй гэж дүгнэн, хариуцагч *******аас 10,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

5.1. Хариуцагч ******* хавтаст хэргийн материалтай танилцах, яллагдагчаас мэдүүлэг авахад оролцох, прокурорт 2 удаа гомдол гаргах, урьдчилсан хэлэлцүүлгийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох зэргээр нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй гэж үзнэ. /хх-24-60/

Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөхийг хориглосон зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр ажлын гүйцэтгэлтэй уялдуулан хөлс төлөх журмыг тохироогүй байхад анхан шатны шүүх нэг сарын үйлчилгээний хөлсийг 500,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

5.2. Өмгөөлөгч ******* төрийн албанд томилогдож ажиллах болсонтой холбоотойгоор 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Гэрээ дүгнэх тухай баримт үйлдэж, нэхэмжлэгчийн холбогдсон эрүүгийн хэрэгт өмгөөлөгч *******э үргэлжлүүлэн ажиллахаар, үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөгийг *******эд төлөхөөр тохирч, гомдол саналгүй болохыг дурдан нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч *******э нар гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-21/

 

5.3. Гэрээ дүгнэх тухай баримтын агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2 дахь хэсэгт Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус зааснаар тайлбарлахад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хариуцагчид төлсөн хөлсийг хэвээр үлдээж, үлдэгдэл төлбөрт өөр өмгөөлөгч оролцуулж, гэрээг дуусгавар болохоор тохиролцсон.

 

5.4. Хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалан гэрээг цуцлаагүй, харин Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар талууд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээг дуусгавар болгосон байна.

Гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй болохыг зохицуулсан ба талуудын гэрээ дүгнэсэн баримтаар гэрээ дуусгавар болох хүртэл хугацааны ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгчээс төлсөн ажлын хөлсөнд харилцан тооцсон байх тул уг үндэслэлээр гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүсэхгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч *******т холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/17131 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******т холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Г.НЯМСҮРЭН