Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 578

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б

улсын яллагч  Н

шүүгдэгч  Х

хохирогч О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Х холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...... тоот хэргийг ..... оны ... дугаар сарын .....-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Х ....оны ....дугаар сарын ...ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өндөр хүчдэлийн тоноглолын монитор мэргэжилтэй, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д ажилладаг, ам бүл 4, эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо Зүүн нарангийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Х нь ... оны .... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СU түргэн үйлчилгээний газарт иргэн О маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ: “Шинийн 02-ны өдөр найзтайгаа хамт СU нэртэй газарт найзтайгаа хамт орсон. Тэгэхэд Х найз нартайгаа сууж байсан. Тэгээд хоол идээд сууж байтал Х “чи яасан муухай хардаг юм, яагаад муухай хардаад байгаа юм бэ” гээд байсан. Тэгээд зүгээр хоол идүүлэхгүй байхаар нь хамгаалагч ирээд болиулсан. Би найзтайгаа хоёулаа инээхэд Х “инээгээд байна уу” гээд гүйж ирээд намайг өшиглөсөн. Тэгтэл манай найз сандал аваад шидсэн. Тэгтэл хамгаалагч нь ирээд салгахад Х нүдний шилтэй найз намайг цохиод авсан. Дараа нь Х ирээд намайг цохиж унагаагаад дээрээс дэвссэн. Би өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Би шүдэндээ аппараттай бөгөөд аппаратыг солих шаардлагатай гэж эмч хэлсэн. Шүдний аппарат солиход 1.300.000 төгрөг болно. Эмчилгээний 480.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Х нь ... оны ... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СU түргэн үйлчилгээний газарт иргэн О маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч О “.... оны ... дугаар сарын ...ны орой ... цагийн орчим найз Итгэлийн хамт гэрт нь буюу Андуудын орчим байж байгаад бид хоёр хоол идэх гээд гэрээс нь гараад хорооллын Модны хоёрын голын замд байрлах CU дэлгүүрт ороод бэлэн хоол захиалаад идэх гээд сууж байтал үл таних бор царайтай 20-30 насны хар савхи, хар цамц, хар гутал, хар өмдтэй ах над руу хандан чи муухай хараад байна уу гэхээр нь би чимээгүй л байсан. Тэгсэн чинь нөгөө нэг ах намайг хөөе гээд дуудсан. Тэгэхээр нь би та ямар ядаргаатай юм бэ гэсэн чинь манай найз Итгэл рүү бас томроод босч ирэхээр нь хамгаалагч ах болиулсан. Тэгээд ширээгээ тойрч ирээд намайг шууд хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд за зүгээр байгаарай гээд түлхсэн. Тэгсэн чинь хамгаалагч нь болиулсан. Тэр үед хар хувцастай бор царайтай ах намайг нэг удаа цохисон.

          ... Нүүр хөхөрсөн. Хамар хугарсан. Шүд хөдөлсөн байгаа.  ... Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Намайг зодож байхдаа миний бугуйн цагийг эвдчихсэн байсан. Энийг бас нөхөн төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар  хуудас/

          ... Хэн хэн яг яаж цохисоныг сайн санахгүй байна. Ямар ч байсан хар савхитай бор царайтай хүн намайг цохиод байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

          “...НАСС шүдний эмнэлэгт 2018 оны 04 дүгээр сард шүдний аппарат хийлгэсэн тодорхойлолт, шүүх эмнэлэг КТГ хийлгэсэн 120.000 төгрөгний баримт, Тужсмайл эмнэлэгт шүдний эмчилгээ хийлгэсэн 20.000 төгрөгний баримт, НААС эмнэлэгт 260.000 төгрөгний баримттайгаар тус тус эмчилгээ хийлгэсэн нийт 408.000 төгрөгний баримт байгаа. ... Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 66 дугаар хуудас/

         

          Гэрч Г “... Тэгээд 6 хүний нэг нь буюу хар куртиктэй залуу сүүлд орж ирсэн залуугийн нэг рүү нь яагаад муухай хараад байгаан бэ гээд маргалдах гээд байсан. Тэгсэн чинь цаана нь сууж байсан залуу нь муухай хараагүй уучлаарай гэсэн чинь хар хувцастай залуу босоод ирсэн. Тэгэхээр нь очоод уг хар хувцастай залууд хууль чанга шүү, чи зүгээр гараад явчихаа гэсэн чинь хар хувцастай явж байсан залуугийн найз за ахаа аятайхан үзчихье, сүүлд нь та нар өргөдөл бичээд биеэ үнэлдэг шүү гэсэн. Тэгэхээр нь би больцгоо гээд хорисон. Хар хувцастай залуу сүүлд орж ирсэн залууг хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд л бужигналдаад эхэлсэн. Намайг салгаж байхад сандал шидэлцээд байсан.

          ... хар хувцастай залуугаа Хатнаа гэх нэрээр дуудаад байсан. ... Сүүлд орж ирсэн залуугийн нэгийг нь газар чирж унагаагаад өшиглөөд дээрээс нь дэвсээд байсан. Тэр үед би зодооныг болиулах гэж цахилгаан бороохой дуугаргасан. Тэгсэн чинь нөгөө залуучууд гараад зугтаачихсан.

          ... Нүүр нь хавдчихсан бас шалбарчихсан байсан. Өөр зүйл анзаарагдаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

          Гэрч С “ ...Тэгэж байтал Х сүүлд орж ирдэг үл таних хоёр залуутай маргалдаж эхэлсэн. Тэгэж байгаад Х босож очоод нэг залууг нь өшиглөсөн. ... Х нэг удаа өшиглөсөн. Бас дараа нь барилцаад авсан байсан. Би салгаж байсан дээрээс нь би архи уучихсан байсан болохоор хэн хэдэн удаа хааш нь цохисон талаар сайн санахгүй байна.

          ... Х хар савхин хүрэм, саарал сорочкин цамц, бараан өнгийн өмдтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

          Гэрч Л “... гаднаас үл таних хоёр залуу орж ирээд хажуу талын ширээнд сууж байгаад Х маргалдаж эхэлсэн. Тэгэж муудалцаж байгаад Х эхлээд нэг залууг нь өшиглөөд авсан. Тэр үед хамгаалагч салгаад бид нар бас салсан. Тэгэж байгаад би явъя гээд нэг охинтой нь хамт гарахад дотор зодоон болоод үл таних залуугийн нэг залуу нь сандал авч шидээд байхаар нь би эргэж ороод Х салгаад гараад ирсэн. Тэр үед хэн хэрийг хааш нь яаж цохисон талаар сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3506 дугаартай:

          “1. О биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун хажуу хэсэг болон баруун нүдний  доод зовхинд цус хуралт, дээд үүдэн баруун зүүн 1-р шүд, доод үүдэн баруун, зүүн 1, 2-р шүдний сулрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

          Шинжээч эмч Э “нүүрний гэмтлүүд нь 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дангаараа гэмтлийн зэрэгт хамаарах нь хамар нурууны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн дээд үүдэн баруун, зүүн 1 –р шүд, доод үүдэн баруун зүүн 1, 2-р шүдний сулрал гэх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

          Х яллагдагчаар өгсөн “... Гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Дараа нь нүүр лүү нь өшиглөсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би баримтаар заагдсан мөнгийг барагдуулна. Өөрийн гаргасан үйлдэлд харамсаж байна. Хохирол мөнгөө бүрэн барагдуулна. ... Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмбуруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Х нь иргэн О маргалдан зодож түүний биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун хажуу хэсэг болон баруун нүдний  доод зовхинд цус хуралт, дээд үүдэн баруун зүүн 1-р шүд, доод үүдэн баруун, зүүн 1,2-р шүдний сулрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч О эмчилгээний төлбөр 148.000 төгрөг, шүдний аппарат засуулсан 48.000 төгрөг, эвдэрсэн цагны төлбөр 329.802 төгрөг зэрэг нийт 525.802 төгрөгийн хохирол, хор уршиг тогтоодсон байна.

Шүүгдэгч Х нь хохирогчид 150.000 төгрөг төлсөн тул уг мөнгийг хасч үлдэх 375.802 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч О нь эмчилгээний 480.000 төгрөг, шүдний аппаратны 1.300.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэг байхгүй тул уг төлбөрийг гаргуулах боломжгүй.

Харин хохирогч О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бугуйн цаг 1 /нэг/ ширхэгийг хохирогч О буцаан олговол зохино.

 

Шүүх шүүгдэгч Х 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Х торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Х торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Х баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. М.Хатанбаатараас 375.802 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 46 дугаар байрны 14 тоотод оршин суух хохирогч  О

 

7. Хохирогч О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бугуйн цаг 1 /нэг/ ширхэгийг хохирогч О буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ