Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00184

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08788 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгаж, алдангид 158,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр *******-тай ******* дүүрэг, ******* хороо ******* байрлах 43 айлын ******* тоот 144 м.кв талбайтай 1 давхар амины орон сууцыг захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд заасан орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан боловч хариуцагч ******* нь гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл орон сууцыг *******ийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй байгаа болно. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй бөгөөд цагдаагийн байгууллагаар шалгуулсан хэдий ч прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар ханд гэсэн. Тухайн тогтоол дээрх гэрчийн мэдүүлгүүд нь тайлбар ба баримтаар нотлогдсон гэж үзэхгүй.

Тиймээс амины орон сууц захиалан бариулах гэрээний дагуу тохирсон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, мөн гэрээний 7.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 316,800,000 төгрөгийн 50 хувь буюу 158,400,000 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь *******-ийн хэрэгжүүлж буй ******* дүүргийн ******* хороо, ******* төслийн туслан гүйцэтгэгчээр тухайн үед ажиллаж байсан ба одоо хамааралгүй болсон. ******* дүүргийн ******* хороо, ******* байрлах ******* тоот хаягтай, 144 м.кв амины орон сууц нь манай компанид байхгүй, гуравдагч этгээдэд худалдагдсан болно. Эхний гэрээний төлбөрт 2 автомашин, үл хөдлөх эд хөрөнгө гэж тохиролцсон боловч орон сууцаа өгөөгүй тул нэмж 4 автомашин өгөхөөр тохиролцсон. Ингээд 6 автомашин өгснөөс 1 автомашиныг буцааж өгсөн. Гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон талаар хэлээд төлбөрийг буюу автомашины мөнгийг буцааж өгөх талаар ярилцсан, өөр орон сууц өгөхөөр ярилцсан хэдий ч тохиролцоонд хүрээгүйгээс маргаан эхэлсэн. 2 гэрээний талаарх үйл баримт прокурорын тогтоолд байгаа гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдох юм.

******* нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээний дагуу ямар ч төлбөр төлөөгүй тул тухайн гэрээний дагуу алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, алдангид 158,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 949,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хариуцагч нь хэнтэй ямар нөхцөлөөр байгуулсан талаар, мөн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн амины орон сууц захиалан бариулах гэрээ нь өөр гэрээний салшгүй хэсэг байна гэж үзэх баримт хэрэгт байхгүй байхад шүүх талуудын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэг хэсэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн амины орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, алдангид 158,400,000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардаж 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа дуусгавар болоогүй, нөгөөтэйгөөр хариуцагч талаас дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж улмаар нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж буруу дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоолгох, бодит үйл баримтыг шүүхийн шийдвэрт үнэн зөвөөр тусгуулах зорилгоор тухайн үйл баримттай холбоотой тайлбар гаргасан. 2017 онд байгуулагдсан гэрээний дагуу нийт 6 тээврийн хэрэгсэл авсан. Үүнээс хойш тус гэрээний үүргийг биелүүлж чадаагүй нь улмаас нэхэмжлэгч талын шаардсан шаардлагын дагуу ******* гэх хүний нэр дээр амины орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд тухайн орон сууцыг бодитоор худалдаж авах хүсэл зориг илэрхийлэгдээгүй. Нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр ******* нар нь манай компани болон манай компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нарыг ******* болон Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэх мэтчилэн олон газарт гомдол, нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ гэрээтэй холбоотой биш өөр гэрээний дагуу орон сууц шаарддаг. Эрүүгийн журмаар шалгагдаж байсан гэх гэмт хэргийн хүрээнд 6 тээврийн хэрэгсэл хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсан, тэр үнэлгээгээр нь тооцож төлье гэх байр суурийг удаа дараа илэрхийлж хүсэлт гаргасан боловч хүлээж авдаггүй. 6 тээврийн хэрэгслээс 1 тээврийн хэрэгслийг буцааж өгсөн. 2017 оны гэрээнээс татгалзах харилцаа үүссэн. Тус гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгаж, алдангид 158,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...тухайн орон сууц манайд байхгүй, гуравдагч этгээдэд худалдсан, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч 6 автомашин өгсөн боловч 1 автомашиныг буцаан авсан, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч ямар ч төлбөр төлөөгүй тул алданги шаардах эрхгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

3.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний харилцаа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүссэн, шаардах эрх хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн гэж анхан шатны шүүх үзэхдээ хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх гэрээ авагдаагүй байхад нэхэмжлэгч тал үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж прокурорын тогтоолд үндэслэн эрх зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй.

 

3.2. Түүнчлэн, хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг бусдад худалдсан гэж тайлбарлаж байгаа нөхцөлд уг үйл баримтыг тодруулж, улмаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 949,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                 Г.НЯМСҮРЭН