| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/28474/И |
| Дугаар | 210/МА2026/00219 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00219
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17510 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-нд холбогдох
Гэрээний үүрэгт 11,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан гэрээний үүрэг 11,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хамгаалалтын үүргийн гүйцэтгэл хангалтгүй байсан тул энэ талаар захиралд нь хэлж, харилцан тохиролцож хамгаалалтыг буулгасан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ******* нь *******-той 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд гэрээт харуул хамгаалалт ажиллуулж, нэг сарын нэг хамгаалагчийн 1,700,000 төгрөг, нийт 3 хамгаалагчийн 5,100,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-10-13/
4.2. ******* нь *******-той 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээгээр хаус хорооллын хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн бол *******-тай 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээгээр Вэга сити хотхоны хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. /хх-10-13, 67-72/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн гэж нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
6. Зохигчид хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үйл баримтад маргаагүй. Харин ийнхүү гэрээ цуцлах үндэслэлтэй эсэх, хохирол нөхөн төлөх эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
6.1. Талуудын байгуулсан гэрээний 2.10-т үйлчлүүлэгч тал тодорхойгүй шалтгаанаар, хамгаалалтын албанд урьдчилан 1 сарын өмнө албан ёсоор мэдэгдэлгүй, дангаар шийдвэр гарган хамгаалалтыг буулгасан тохиолдолд гэрээнд тусгагдсан хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 2 сарын төлбөрийг нөхөн төлнө. гэж тохиролцсон. /хх-11/
6.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч талын үүргийн гүйцэтгэл хангалтгүй байсан учир энэ талаар *******-ийн захиралтай харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Тодруулбал, гэрээний 2.10-т заасан үйлчлүүлэгч тал тодорхойгүй шалтгаанаар, хамгаалалтын албанд урьдчилан 1 сарын өмнө албан ёсоор мэдэгдэлгүй, дангаар шийдвэр гарган хамгаалалтыг буулгасан гэх гэрээний хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
6.3. Ийнхүү гэрээнд тохиролцсон журмын дагуу мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалснаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
6.4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох ба хохирлын хэмжээ нь гэрээ цуцлах 1 сарын хугацаатай харилцан уялдаатай байх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэх юм.
6.5. Иймээс хариуцагч *******-ноос 1 сард ногдох ажлын хөлс 5,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,120,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ноос 5,100,000 төгрөг гаргуулан, *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,120,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******-ноос 96,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Г.НЯМСҮРЭН