| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 140/2024/00217/И |
| Дугаар | 205/МА2026/00004 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 205/МА2026/00004
Ц.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 311/ШШ2025/00554 дугаар шийдвэртэй
Ц.Д-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ерөнхий боловсролын .......... сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Б/12 дугаартай “Албан тушаал бууруулах тухай “ тушаал, мөн захирлын Б/13 дугаартай “ажилд томилох тухай “тушаалыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн нярвын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, Э.Б нар /цахимаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ё.Д, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нар танхимаар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Ц.Д нь Завхан аймгийн ерөнхий боловсролын ........... сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ............ сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаалаар Ц.Д намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтыг үндэслэж, ...төрийн хяналт шалгалтын явцад зөрчил дутагдалтай ажилласан нь удаа дараа илэрсэн. ... гэсэн зөрчил гаргасан гэж үзэж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс сургуулийн нярвын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/13 дугаартай Ц-ийн Д-г ажилд томилох тухай тушаалаар дотуур байрны жижүүрээр томилсон байдаг. Ц.Д миний бие үүнд маш их гомдолтой байх бөгөөд ажилдаа ямар нэгэн алдаа гаргаж, эд хөрөнгө дутаасан, мэдээ тайланг дутуу гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй ямар ч алдаа дутагдал гаргаагүй байхад гаргасан мэтээр, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, өөр ажилд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, Монгол Улсын Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэсний дагуу .......... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байдаг. Энэхүү гомдлыг гаргасны дараа ......... сургуулийн захирал Ё.Д нь өмнө гаргасан тушаалаа засварлаж, дахин 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Ц.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж, 2 удаагийн тушаалаар Ц.Д намайг сургуулийн нярвын үүрэгт ажлаас чөлөөлж, тушаал бууруулсан байдаг. Завхан аймгийн ......... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай хуралдааны тэмдэглэлээр Ц.Д миний гомдлыг хэлэлцсэн боловч ...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд энэхүү хуралдааныг тэмдэглэлийг миний бие 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан болно. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар ............. сумын Ерөнхий боловсролын ..... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаал, Б/13 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, Ц.Д намайг тус сургуулийн нярвын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга: ...тус сургуулийн нярав Ц-ийн Д нь тус албан тушаалд ажиллах явцдаа сургуулийн удирдах ажилтнаас хариуцуулан өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн ажил үүрэгтэй холбоотой дараах зөрчил, дутагдлуудыг гаргасаар ирсэн. Үүнд:
1. Завхан аймаг дахь ........... газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1303/364 тоот дүгнэлтээр үндсэн хөрөнгийг кодлох, эд аж ахуйн картыг үнэтэй болгох, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн дагуу сургуулийн баланст бүртгэлтэй үндсэн хөрөнгийг кодлох эзэмшигч нэг бүрээр карт хөтлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх 2023 оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор биелэлтийг хангасан байх гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй.
2. 2023 оны 09 дүгээр сарын 18-нд сургуулийн захирал Д.П үүрэг даалгаврын биелэлтийн хуудас өгсөн. Уг хуудсаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.
3. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б/139 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан.
4. Завхан аймгийн ............. газрын ажлын хэсэг хяналт шалгалт хийх явцад хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн байсныг илрүүлж зөрчлийг арилгах үүрэг даалгавар амаар өгсөн. 2023.12.08-ны өдөр үүрэг даалгаврын биелэлтийг хянах явцад сургуулийн дэргэдэх дотуур байрны гал тогоонд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол үйлдвэрлэлтэд ашиглаж байсан зөрчил илэрсний дагуу сургуулийн дотоод хяналтын зөвлөлд үүрэг даалгавар өгсөн.
5. .............. сургуулийн дотоод хяналтын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр үдийн хоолны гал тогоонд байгаа хүнсний бүтээгдэхүүний үлдэгдлийг тоолох явцад хүнсний бүтээгдэхүүний зарим нэг нэг төрөл дээр хадгалалт, хамгаалалтын хугацаа байхгүй бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол үйлдвэрлэлтэд ашигласан. Зуны хугацаанд ажиллуулдаг бор бургасны Өргөө амралтад ашиглагдаж байсан хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн үдийн хоол, дотуур байрын гал тогоонд хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашигласан зэрэг зөрчлүүд илэрсэн.
6. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .............. сургуулийн тооллогын комисс, өмч хамгааллын байнгын зөвлөл, орон нутгийн өмчийн газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан, дүгнэлтээр тооллого хийж байх явцад сургуулийн няравт эд хөрөнгө хүлээж авсан бүртгэл жагсаалт байхгүй байсан нь эд хөрөнгийг тулгаж тоолоход хүндрэлтэй байсан. Хэзээ хаана ямар эд хөрөнгийг акталсан бүртгэл хөтлөлт байхгүй хэнд хүлээлгэж өгсөн бүртгэл жагсаалт гарын үсэг байхгүй байсан. Эд хөрөнгө кодолж бүртгэл үүсгээгүй нь хэдэн онд хаанаас ямар хөрөнгө оруулалтаар ирсэн нь тодорхой бус байгаа нь нэг ижил хөрөнгийг ялгаж бүртгэн тоолоход асуудалтай байсан. Складанд тооллого хийх явцад нөөц болон үлдэгдэл хөрөнгийн жагсаалт байхгүй хаана юу байгаа нь тодорхой бус эмх цэгцгүй байсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ тооллогод Ц.Д хамтарч тоолж тайлан бичсэн бөгөөд өөрөө гарын үсэг зурсан.
7. 2023.02.25-ны өдрийн №421 Завхан аймгийн ................ газрын эд хөрөнгийн тооллого, ашиглалт, хамгаалалтад хийсэн хяналт шалгалтын зөвлөмжид илэрсэн зөрчилд байгууллагын эд хариуцагчийн картад хөрөнгийн үнэ, он, чанар байдал, сериал дугаар, шифр тавигдаагүй, эд хариуцагчийн хөрөнгийг шилжүүлэхдээ хөдөлгөөн хийгддэггүй хөтлөлт хангалтгүй байна. Тооллогын явцад 25,871,356 төгрөгийн балансын үнэ бүхий 10 нэр төрлийн 24 ширхэг хөрөнгийг санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөөгүй дутагдуулсан, байгууллагын албан хаагчдын эд хариуцагчийн картыг бүрэн гүйцэд хөтөлж хөрөнгүүдийг шифрлэж тэмдэглэгээ хийх зөвлөмж өгсөн зөвлөмжийг өөрт нь бичгээр өгч үүрэг даалгавар өгсөн хэрэгжүүлээгүй.
8. ...сургуулийн дотоод хяналтын зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр байгууллагын эд хариуцагчийн картад хөрөнгийн үнэ, он, чанар байдал, сериал дугаар, шифр тавигдаагүй, эд хариуцагчийн хөрөнгийг шилжүүлэхдээ хөдөлгөөн хийдэггүй, хөтлөлт хангалтгүй гэсэн Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу сайжруулсан ажил хийгдээгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан. Тус зөрчлүүдийг арилгуулах, үүрэгт ажлыг сайжруулах чиглэлээр аман болон бичгээр үүрэг даалгаврын биелэлтийг өгч байсан боловч тухайн зөрчлүүдтэй холбоотой ямар нэг сайжруулсан ажил хийгдээгүй тул миний бие нь сургуулийн 2024 оны 02 сарын 27-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар тус асуудлыг хэлэлцсэний дараа сонсох үйл ажиллагаа явуулсан хариу тайлбар хийгээгүй. Ц.Д-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэж 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар албан тушаал бууруулсан болно. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 заасны дагуу албан тушаал бууруулсан тушаалыг утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр засаж Ц.Д-д мэдэгдсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Завхан аймгийн ....... сумын Ерөнхий боловсролын ........... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаалыг хүчингүй болгож, Д овогт Ц-ийн Д-г Завхан аймгийн .......... сумын Ерөнхий боловсролын ........... сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, түүний нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч Завхан аймгийн .......... сумын Ерөнхий боловсролын сургуулийн .......... сургуулиас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, Э.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч А.З, Э.Б бид нар нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан Ц.Д-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ........... сумын Ерөнхий боловсролын ....... сургуульд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа болно. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 311/ШШ2025/00554 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын түүний нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Д-г урьд эрхэлж байсан ажил болох Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ............. сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр тухайн шийдэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Харин нэхэмжлэгч Ц.Д-ийн ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "...ажил олгогчоос шалтгаалан нэхэмжлэгчид цалин хөлс олгоогүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ байдлаа шүүхэд нотлоогүй байна..." гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч Ц.Д нь өөрийн албан тушаал бууруулсан тухай 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэх огноотой Б/12, Б/13 тушаал, шийдвэрт маргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байдаг. Ийнхүү хороонд хандсаны дараа ажил олгогч нь 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тушаалыг эрс өөрчилж, дахин өөр тушаал гаргасан. Нэхэмжлэгч нь албан тушаал бууруулсантай холбоотой хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандсаны дараа дахин өөр тушаал гаргаж, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдлээ үргэлжлүүлсээр байсан. Иймд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай гомдол хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч нь өөр газар ажил, албан тушаал эрхэлж байсныг ажил олгогчийн буруутай үйлдэл биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагч нарын цалин хөлс нийтэд илэрхий буюу Засгийн газрын тогтоолоор тогтоогддог үйл баримтад хамаарах юм. Мөн хэрэгт нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт авагдсан байхаас гадна Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 7, 11 дүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлс нэмэгдсэн үйл баримт ч бий. Шүүх дундаж цалин хөлс гаргуулах шаардлагатай холбоотойгоор нотлох баримтыг зөв үнэлээгүй нь буруу болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт "нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан" өөрчлөлт оруулж өгнө үү… гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг тайлбарлан, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас цалин олгогдоогүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч албан тушаал бууруулсантай холбоотой маргаан үүсээд, хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороондоо хандан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан нь буруу гэж үзэн, нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилох шийдвэр гаргасан. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн холбогдох байгууллагад нь хандан мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэн албан үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. Шүүх хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон. Тухайн хугацаанд нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхлээгүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. 1-р хавтаст хэргийн 143 дугаар хуудаст нэхэмжлэгчийн цалингийн карт байдаг. 1 сарын цалин 963,480 /есөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун ная/ төгрөг байдаг. Хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэн шүүхэд маргаан үүсгэсэн байх үед буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын цалин хөлс өөрчлөгдөн 1,000,105 /нэг сая нэг зуун тав/ төгрөг болсон. Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Д-г албан тушаал бууруулж, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчөөгүй байсан бол ажлаа үргэлжлүүлэн хийж, цалин хөлсөө аваад явах боломжтой байсан. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалинд 21,742,827 /хорин нэгэн сая долоон зуун дөчин хоёр мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг нэхэмжилж байна. Анхнаасаа цалингүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн өөр ажил албан тушаал эрхэлж байсан нь энэ хэрэгт шууд хамааралгүй, төрийн үйлчилгээний албан хаагчийг давхар ажил эрхэлж болохгүй гэж хориглосон зохицуулалт байхгүй. Завхан аймгаас өөр газар очоод өмнө ажиллаж байснаасаа өндөр цалинтай ажил хөдөлмөр эрхэлж байна гэдэг тайлбарыг анхан шатны шүүх тайлбар хийн хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч цалин хөлсгүй байсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрөөс хойш 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 21,742,827 /хорин нэгэн сая долоон зуун дөчин хоёр мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төлүүлэхийг даалгаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг хэрэглэхдээ Ц.Д нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт эдэлж байгаад, үргэлжлүүлэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалингүй чөлөө авсан болох нь талуудын тайлбар болон тус сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай Цалингүй чөлөө олгох тухай тушаал, мөн захирлын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй байна гэж дүгнэсэн. Ийм дүгнэлт хийсэн бол 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших харилцаанд дүгнэлт хийх ёстой байсан. Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэх байна гэв.
7. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ё.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц-ийн Д-г 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр албан тушаал бууруулж, жижүүр болгосон. Ц.Д нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ээлжийн амралтаа авсан. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдээ эмчлүүлнэ гээд чөлөө олгож өгнө үү гэх өргөдлийг өгсөн. Ц.Д-ийн өргөдлийг захирлын дэргэдэх зөвлөл хуралдаж, түүнд цалингүй 6 сарын чөлөө олгосон. Нарийн бичиг та 14 хоног ажилдаа ирээгүй байна гэж мэдэгдэхэд Ц.Д ажилд орохгүй гэж хэлсэн тул 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан гэв.
8. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу Ц.Д-д ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох ёстой гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан. Ажлаас чөлөөлөгдсөн бол энэ зохицуулалт үйлчилнэ. Ажилтан өөрөө албан тушаал бууруулсан тушаалыг хүлээн авсан даруйдаа ээлжийн амралт эдэлсэн. Ээлжийн амралт дуусаж, жижүүрийн албан тушаалд томилогдох үедээ хүүхдээ эмчлүүлэхээр 6 сарын цалингүй чөлөө авах хүсэлт гаргасныг хүлээн авч, 6 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирээгүй тул ажил олгогч ажилтантай холбогдсон. Өөр газар ажилд орсон байсан. Ажил олгогчийн зүгээс цалин олгох нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болсон. Хавтаст хэрэгт нярав, жижүүрийн ажил албан тушаалын цалингийн зөрүүний талаарх баримт байхгүй. Ажил олгогч нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилсон байхад, энэ албан тушаалд өөрийн хүсэлтээр ажиллаагүй байна. Энэ хугацааны цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох ёстой талаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хэрхэн олгох ёстой гэхээр, нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл ямар нэгэн ажил эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох ёстой. Нэхэмжлэгч нь 10 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотын нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд ажилд орсон, нийгмийн даатгалын шимтгэл өнөөдрийг хүртэл төлөгдсөн байна. Чөлөөний хугацаа дууссанаас хойш өөр газар ажилд орсон байна. Өөр ажил эрхэлж байгаа тул цалингүй байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй боломжгүй. Чөлөөний хугацаа дуусаж, ажилтан ажилдаа ирээгүй тул сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлууд хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ :
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын .......... сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Б/12 дугаартай “Албан тушаал бууруулах тухай“ тушаал, мөн захирлын Б/13 дугаартай “Ажилд томилох тухай“ тушаалыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн нярвын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн байна.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын .... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 тоот тушаалаар нярваар ажиллаж байсан Ц.Д-г Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс албан тушаал бууруулж, сургуулийн нярвын ажлаас чөлөөлжээ.
5. Ажил олгогч нь тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Ц.Д-г тус сургуулийн нярваар ажиллаж байхдаа тус албан тушаалд ажиллах явцдаа сургуулийн удирдах ажилтнаас хариуцуулан өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн ажил үүрэгтэй холбоотой зөрчил, дутагдлыг гаргасан гэж тайлбарлаж, энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Ажил олгогч нь нярав Ц.Д-г дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах” сахилгын арга хэмжээ авсан байна.
6. Анхан шатны шүүх ажил олгогч нь нярав Ц.Д-д дээрх зөрчилд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл хүлээлгэсэн атлаа дахин албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт заасан “сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй“ гэснийг зөрчсөн байна.
Мөн нэхэмжлэгч Ц.Д-г нярваар ажиллах явцдаа ажил олгогчоос хариуцуулсан үүрэг даалгаврыг удаа, дараа биелүүлээгүй, дахин алдаа зөрчил гаргасан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна гэж дүгнэж, Ц.Д-г тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосон нь шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80, 123 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
7. Нэхэмжлэгч Ц.Д-г нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Гагцхүү түүний ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах эсэх асуудлаар зохигч маргаж, нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргажээ.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гомдлын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг байх бөгөөд энэ зүйл хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.
9. Дээр дурдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэдэг нь ажил олгогч тухайн ажилтантай хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болсон байдаг бол өөр ажилд шилжүүлсэн ойлголт нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болдоггүй, ажил үүрэг, ажлын байр, цалин хөлс өөрчлөгдсөн байдаг ба хууль зүйн үр дагавраараа хоорондоо ялгаатай байдаг.
10. Энэ хэргийн тухайд ажил олгогч нь Ц.Д-тай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зорилго бүхий шийдвэр гаргаагүй, өөр ажилд тушаал бууруулан шилжүүлэн томилсон нөхцөл байдал тогтоогддог бөгөөд хууль зүйн үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэн томилсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас харахад хууль зүйн үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн тохиолдолд, тухайн ажилд ажилласнаар, цалин хөлсний зөрүү нэхэмжлэх эрхтэй байна.
11. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад, нэхэмжлэгч Ц.Д нь ажил олгогчийн албан тушаал бууруулсан тус сургуулийн дотуур байрны жижүүрээр ажиллаагүй, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт эдэлж байгаад, үргэлжлүүлэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай цалингүй чөлөө авсан нөхцөл байдал тогтоогджээ.
12. Тухайн тушаалтай маргаж байгаа үед ажиллахгүй байх эрхтэй гэж нэхэмжлэгч тайлбарласан бол бууруулсан албан тушаалд ажиллаагүй явдал нь хөдөлмөрийн эрх зүйн зөрчил биш гэж хариуцагч мэтгэлцжээ.
13. Ажилтан, ажил олгогчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар маргах эрхтэй боловч, энэ нөхцөл байдалд үндэслэн ажил эрхлэхээс татгалзах, улмаар энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлсэнтэй адил хэмжээний цалин хөлсийг нэхэмжлэх, шаардах эрхийг бүх тохиолдолд чөлөөтэй, шууд эдэлнэ гэж үзэхгүй. Ажилтныг хууль бусаар албан тушаал бууруулсан тохиолдолд буурсан албан тушаалд ажиллах бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн бол ажилтан шүүхэд маргах хугацаанд ажил эрхлээгүй нөхцөл байдлыг анхаарч үзэж болно.
14. Гэтэл тус хэргийн тохиолдолд, ажилтан албан тушаал бууруулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хугацаанд ажил огт эрхлэхгүй байх зайлшгүй нөхцөл үүсээгүй, тэрээр уг тушаалыг хууль бус гэж үзсэн хэдий ч нэгэнт энэ талаар шүүхэд маргаж байгаа тул, хэрэв түүний маргаж буй үндэслэл шударга бөгөөд хууль ёсны болох нь тогтоогдвол зөрчигдсөн эрх нь хэвийн хэмжээнд буцаан сэргэх боломжтой.
15. Шүүхэд маргах хугацаанд, хуульд заасан ээлжийн амралтаа авсан, захиргааны чөлөөтэй байсан болон бусад шалтгаанаар албан тушаал бууруулсан ажлыг эрхлэхээс шууд татгалзсан нь ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд тэрээр ажилгүй байсан бүх хугацаанд цалин хөлс нэхэмжлэх нь, зүй ёсны хэрэг гэж үзэхгүй тул, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
16. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Д, болон түүний өмгөөлөгчдийн ”ажилгүй байсан бүх хугацаанд цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх” үндэслэлтэй гэж үзсэн, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 311/ШШ2025/00554 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Д-ийн өмгөөлөгч А.З, Э.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ хэргийн нэхэмжлэл нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ