| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0110/Э |
| Дугаар | 278 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 278
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Л , түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар О овогт Б-ын Л-д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1824000440038 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ....-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ..... настай, ...., .... боловсролтой, мэргэжилгүй, ....г, ам бүл ..., ...... хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .... хороолол ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О овогт Б-ын Л /РД:......................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 25 минутын үед Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Мухарын ам гэх газарт Тоёота Ландкруйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.4-т заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх, б/ “хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх” гэсэн заалтуудыг зөрчин Р.У-ын жолоодон явсан Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөснөөс, мотоцикл болон Тоёота Ландкруйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, мотоциклийн жолооч Р.У-, Тоёота Ландкруйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Ч.Э , Д.Н нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 25 минутын үед Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Мухарын ам гэх газарт Тоёота Ландкруйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.4-т заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх, б/ “хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх” гэсэн заалтуудыг зөрчин Р.У-ын жолоодон явсан Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөснөөс, мотоцикл болон Тоёота Ландкруйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, мотоциклийн жолооч Р.У-, Тоёота Ландкруйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Ч.Э , Д.Н нарын амь насыг хохироосон болох нь:
1. Шүүгдэгч Б.Л гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: “...зам тээврийн осол гарсан зам нь асфальтан шулуун тэгш, хуурай, суурингийн гаднах үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зам цаг агаар тогтуун...осол болсон цэгээс зүүн талд /50/ тэмдэг 1000 метрийн зайд, баруун талд 800 м зайд /50/ гэсэн тэмдэгүүд байв” /хх-ийн 4-5/
3. Ослын бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/
4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...мотоцикль нь улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байв...хойд ачааны төмөр хойноос урагш чихэгдсэн тахийсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22/
5. Хохирогч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....талийгаач ах Э- 2018 оны 6 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Улаанбаатар хотоос гараад Өвөрхангай аймгийн Хархорин суманд байх манай амралтын бааз дээр 04 цагийн орчимд ирж хоночихоод өглөө 06 цаг 50 минутын орчимд Завхан аймгийн чиглэлд хөдөлсөн. Тухайн үед Н- ах, Энхтайван ах, Л нарын хамт явж байна гэсэн. Талийгаач ах Э- маань осол гарахаас 10-аад хоногийн өмнө авсан өөрийнхөө эзэмшлийн Ланд-200 маркийн автомашинтай явж байсан гэсэн. Би машин тэргийг нь хараагүй, тэд нартай ч уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/
6. Хохирогч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр талийгаач Э- манай нөхөр Н- луу залгаад “Завхан аймгийн Тэлмэн суманд байгаа зам анги руу ажил хийхээр явъя” гэж дуудаад манай нөхөр Улаанбаатар хот руу явсан. 21 цагийн орчимд
“Улаанбаатар хотоос гарах гээд машины маслоо сольж байна” гэж ярьсан. Тэрнээс хойш холбогдож яриагүй. ...нөхөр маань манай “ах Энхтайван, дүү Э- болон Э-ын найз Л нартай дөрвүүлээ явж байна” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/
7. Хохирогч Ш.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай талийгаач нөхөр У- 2018 оны 6 дугаар сарын 17-ны өглөө Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дээд цэцүүхийн Шонтын булан гэх газраас 11 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор сумын төв рүү явсан. Тэгсэн орой 17 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч манай дүүгийн утсаар надтай яриад “манай нөхрийг зам тээврийн осолд орсон байна” гэж хэлсэн. ....тэр мотоциклийг 2015 оны 5 дугаар сард манай нөхөр Улаанбаатар хотоос шинээр нь худалдан авч байсан юм. Техникийн бүрэн байдлын хувьд зүгээр бүх юм нь ажиллагаатай мотоцикл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/
8. Гэрч Ч.Э-нымөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Л-, Э-, Н- бид дөрөв Ланд Круйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай машинаар Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Шийрийн шандны зам анги орохоор гарсан. 01 цаг болж байхад Өвөрхангай аймгийн Хархорин хот орж хоночихоод өглөө 6 цагийн үед Завхан аймгийн чиглэлд хөдөлсөн. Завхан аймгийн Их-Уул сумын хонгор баг Мухарын ам гэх газар явж байхад Л- машин жолоодоод хажууд нь Э-, би жолоочийн ар талын суудал дээр миний хажууд Н- суучихсан явж байтал тухайн үед би унтаж явсан. Гэнэт жолооч “өө новшоо гээд орилохоор нь өндийгөөд хартал машин замын хажуу руу гарч харагдсан. Тэрхэн зуур би ухаан алдсан байсан. Нэг сэрээд харахад л машин замын урд талд хажуу талаараа унасан, надаас бусад нь машинаас шидэгдээд гадаа газар уначихсан байсан. ...Л надад хандаад “мотоциклтэй хүн хаачичихав, та очоод үзээдхээч” гэхээр нь би зам хөндлөн гарч алхаад мотоциклтэй хүн рүү очиход замын далангийн хойд талд уначихсан толгойноос нь их цус гарсан байсан. ...жолооч 80-90 км/цаг хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52/
9. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 183009 дугаартай дүгнэлт:
-Талийгаач Р.У цогцсонд гадны нөлөө бүхий гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, баруун 1-5-р хавирганы хугарал, баруун чамархайн урд хэсэгт шарх, дух, хамрын нуруу, баруун бугалга, баруун шуу, баруун сарвууны ар хэсэг, зүүн шилбэ, шагай, баруун өвдөгөнд зулгаралт, баруун дунд чөмөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.
-Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүд нь амьд байх үедээ үүссэн гэмтлүүд байна.
-Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал гэмтэл нь дангаараа бие дааж нас барахад хүргэсэн байна.
-Талийгаач Х.У- нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ.
-Талийгаач Р.У-ын задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. /1хх-ийн 64-65/
10. Шинжээчийн 183010 дугаартай дүгнэлт:
- Талийгаач Ч.Э ын цогцсонд гадны нөлөө бүхий элэгний задрал, дотуур цус алдалт, баруун хөмсөгний ар дээд хэсэг, баруун зовхины доор доод эрүү, зүүн дал, зүүн бугалга, зүүн суга, хөх мах, баруун хөх мах, хэвлийн урд хэсэг, баруун доод хэсэг, баруун бугалга, зүүн шилбэ, нурууны ар дээд хэсэг, хэвлийн баруун зүүн ар хэсэг, ахар сүүлний түвшин, зүүн хонгоны дээд хэсэгт зулгаралт, баруун хөх махны доод хэсэг, баруун шилбэний доод хэсэг, баруун тавхайн дотор хэсэг, баруун шагайн дотор дээд хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэгт эдийн дутагдал, бүхий зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
-Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна
-Нас барагчийн цогцсонд үүссэн баруун хөх махны доод хэсэг, баруун шилбэний доод хэсэг, баруун тавхайн дотор хэсэг, баруун шагайн дотор дээд хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэгт эдийн дутагдал, бүхий зулгаралт гэмтлүүдээс бусад гэмтлүүд нь амьд байх үедээ үүссэн гэмтлүүд байна.
-Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүдээс элэгний задрал, дотуур цус алдалт гэмтэл нь дангаараа бие дааж нас барахад хүргэсэн байна.
-Талийгаач Ч.Э нь элэгний задрал, дотуур цус алдалтын улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ.
-Талийгаач Ч.Э ын задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. /1хх-ийн 74-75/
11. Шинжээчийн 183011 дугаартай дүгнэлт
-Талийгаач Д.Н-ын цогцсонд гадны нөлөө бүхий сээрний 5, 6-р нугаламын их бие нугас дайрсан хугарал, нугасны тасрал, баруун шуу богтосны хөндлөн зөрүүтэй хугарал, дух, хэвлийн баруун тал, баруун ташаа, 2 мөрөнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн дунд чөмөгний дотор доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
-Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна
-Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүд нь амьд байх үедээ үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
-Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүдээс сээрний 5, 6-р нугалмын их бие нугас дайрсан хугарал, нугасны тасрал гэмтэл нь дангаараа бие дааж нас барахад хүргэсэн байна.
-Талийгаач Д.Н нь сээрний 5, 6-р нугаламын их бие нугас дайрсан хугарал, нугасны тасрал гэмтлийн улмаас нас баржээ.
-Талийгаач Д.Н-ын задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй /1хх-ийн 93-94/
12. Үнэлгээний шинжээчийн 15 дугаартай дүгнэлт: /...Р.У-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль-225.000 төгрөгийн хохирол учирсан.../ /хх-ийн 143-144/
13. Замын цагдаагийн албаны 05 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Ланд Круйзер маркийн **-** УБП улсын тээврийн хэрэгслийэ жолооч Б.Л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т зааснаар гүйцэж түрүүлэх гэж байгаагаа бусад жолооч нарт гэрэл шилжүүлэх буюу өгөх байдлаар анхааруулж болно. /энэ дүрмийн 6.1, 15.7-д заасныг зөрчихгүйгээр/ мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зоригч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.
- Мустанг -5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Р.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-а тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэснийг мөн зам хөдөлгөөний дүрмийн 2.7-а-д согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-в-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.
-Тухайн осол гарахад Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.
-Ланд круйзер маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Л нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.4, 1.5, 2.3-б заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн.
-Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Р.У нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1-а, 2.7-а, 2.3-в заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн нь осол гарахад нөлөөлнө.
- Ланд круйзер маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Л гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн.
-Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Р.У-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн.
14. Замын цагдаагийн албаны 07 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“....Зам тээврийн осол болох үед жолооч Б.Л гийн жолоодож явсан гэх Ланд Круйзер 200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний тооцоот хурдны хэмжээг тоормосны замын уртаар тодорхойлох аргыг ашиглан тодорхойлбол: -78.7 км/цаг. ...Ланд Круйзер 200 маркийн **-** УБП улсын дугаартай автомашины жолооч Б.Л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.4 дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна...” /хх-ийн 65-66/
15. Шүүгдэгч Б.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Зам дээр нэг мотоциклтой хүн зогсож байгаад хөдлөөд явсан. Би хойноос дөхөөд ирэхэд замынхаа хойд тал руу нөгөө мотоциклтэй хүн шахаад явж байхаар нь би хойноос нь нилээн /10 орчим метр/ дөхөөд иртэл нөгөө жолооч гэнэт замын гол уруу ороод ирэхээр нь би огцом дарж тоормос гишгэсэн чинь хойноос нь мөргөх шиг болохоор нь "өө новшоо" гэж хэлээд жолоогоо зүүн гар тал руугаа дараад тэр чигээрээ замын хажуу руу даваад унасан. ...намайг уулын үзүүрээр тойроод гарч ирэхэд мотоциклтэй хүн зам дээр зогсож байгаад хөдөлж харагдсан. ...Би 80-100 км/цагийн хурдтай явж байсан ...үзэгдэх орчин сайн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 235/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№183009, №183010, №183011/-ний дүгнэлт, Замын цагдаагийн албаны 07 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Л гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Л нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 25 минутын үед Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Мухарын ам гэх газарт Тоёота Ландкруйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.4-т заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх, б/ “хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх” гэсэн заалтуудыг зөрчин Р.У-ын жолоодон явсан Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөснөөс, мотоцикл болон Тоёота Ландкруйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, мотоциклийн жолооч Р.У-, Тоёота Ландкруйзер-200 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Ч.Э , Д.Н нарын амь насыг хохироож автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “…Шүүгдэгч Б.Л гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн тайлбар,
Шүүгдэгч Б.Л гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл шүүх хуралдаанд: “…шүүгдэгч Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад хамаарах боломжтой гэж үзэж байна. Хохирогч нар хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй. Хохирогч О- нь нотлох баримтаар 3.000.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч Л нь 15.000.000 төгрөгийг төлсөн. Мөн Л нь бага насны 3 хүүхэдтэй зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Замын хөдөлгөөний дүрэмд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байдаг. Хохирогч замын хөдөлгөөнд оролцохдоо согтуу байсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан байгаа...гэсэн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.Л гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ шүүх хуралдаанд: “…Миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа. Л нь тухайн хэргээс болж өөртөө маш хүнд гэмтэл авсан. Улсын яллагчаас 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Л нь биеийн байдал нь 4 жил 8 сарын хугацааны хорих ялыг дийлэхгүй байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайн хэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...гэсэн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус гаргажээ.
Шүүх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар, 3 хүний амь нас хохирсон байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.
Харин хавтаст хэрэгт Замын цагдаагийн албаны 05 дугаартай: “...2. Мустанг -5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Р.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-а тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэснийг, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-а-д согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-в-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв...5. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Р.У нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1-а, 2.7-а, 2.3-в заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн. ...6. Согтууруулах ундаа хэрэглэсэн нь осол гарахад нөлөөлнө. ...8. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Р.У-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн...гэсэн шинжээч 1/хх-ийн 136-137/-ийн дүгнэлт,
Замын цагдаагийн албаны 07 дугаартай: “...Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Р.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.3 в/-д “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7 Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/-д “согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”...гэснийг зөрчсөн....”/ гэсэн шинжээч /хх-ийн 164-165/-ийн дүгнэлт тус тус авагдсан байх тул гэмт хэрэгт гарахад хохирогч Р.У-ын буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Л гийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Л г болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогч Ш.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд: “...оршуулгын зардалд 12.850.000 төгрөг хүлээн авсан...” гэсэн хүсэлт /2хх-96/, хохирогч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...4.500.000 төгрөг хүүхдийн сургалтын төлбөрт, оршуулгын зардал 2.500.000 төгрөг хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /2хх-98/, хохирогч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /2хх-99/, түүний хувийн байдал /...34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар Б.Л г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Л гийн эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.
Б.Л д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Хохирогч нар нь бусад гэм хорын хохиролтой холбоотой зардлаа буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Л гийн 333525 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б-ын Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар О овогт Б-ын Л г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Л гийн эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Б.Л д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч нар нь бусад гэм хорын хохиролтой холбоотой зардлаа буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Л гийн 333525 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Л гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Л д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР