| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 140/2024/00294/И |
| Дугаар | 205/МА2026/00005 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 205/МА2026/00005
Ж.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 311/ШШ2025/00576 дугаар шийдвэртэй,
Ж.А-ийн нэхэмжлэлтэй Ш.Б-д холбогдох 31,140,000 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч Ш.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Ж.А-д холбогдох 4,548,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг шүүгч З.Нандинцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, нэхэмжлэгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ж.А нь Ш.Б-д холбогдуулан 31,140,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: ...Би Ш.Б-д ...ямаа, хонь авах зорилгоор ...нийтдээ 107,000,000 төгрөгийг ...шилжүүлсэн байна. Дээрх мөнгийг ...эр ямааг 120,000 төгрөгөөр, эм ямааг 60,000 төгрөгөөр тооцож, 250 ширхэг эр ямаа, 414 ширхэг эм ямаа өгөх ёстой ямаанаас 122 тооны эр ямаа, 110 тооны эм ямаа дутсан байна. Мөн дундаж кг нь 22 кг жинтэй 1 хонийг 130,000 төгрөгөөр тооцож 50,000,000 төгрөг шилжүүлсэн чинь дундаж кг нь 18.3 кг болоод дундаас нь би 2,760,000 төгрөгөөр хохирч байна.
Энэ бүгдийг тооцож үзэхэд Ш.Б бид хоёрын ярилцаж тохиролцсоноор 500 толгой эм хонь, 250 толгой эр ямаа буюу нийт 1164 толгой малыг Ш.Б надад өгөх ёстойгоос хониноос тоогоор дутаагүй ч махных нь дундаж кг-аас 1 толгой хонь бүрээс 3.7 кг дутаж 2,760,000 төгрөгийн алдагдал, харин ямаанаас 250 толгой эр ямаа авахаар мөнгөө өгсөн байхад надад 148 толгой эр ямаа өгч, 102 толгой эр ямаа дутсан буюу 12,240,00 төгрөгөөр хохирсон, мөн өгсөн ямаанаас 2 эр ямаа нь туранхай туувар даахгүй эцэхээр нь буцааж өгсөн учраас 146 эр ямааг гар дээрээ авсан. Эм ямаанаас 414 толгой эм ямаа авах ёстойгоос 216 эм ямаа авсан. Үүнээс 31 толгой нь ишиг, борлон байсан тул буцааж өгсөн. Надад өгөх ёстой эм ямаанаас яг гар дээрээ авсан нь 185 толгой эм ямаа авч 229 толгой эм ямаа дутаж 14,900,000 төгрөгөөр хохирсон. Ингээд нийтдээ 31,140,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:
Би Ж.А-д мал авч өгье гэж тохироод, нэг ямааг сарын 1500 төгрөгийн хөлсөөр хариулъя, ингэхдээ эм ямааг 60,000 төгрөгөөр, эр ямааг 120,000 төгрөгөөр худалдаж авч өгөхөөр тохирсон. Би нийт 556 толгой эм хонь, эр ямаа 177 толгой, эм ямаа 181 толгойг худалдаж авч өгсөн. Ж.А нийт надад 107,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2,000,000 гаран төгрөг үлдсэн. Тэр мөнгөөр нь би бензин тос хийж ямаа цуглуулсан. Тэгээд одоо тооцоогоо хийе гэхээр миний урдаас 31,140,000 төгрөг нэхээд сууж байдаг. Тэгэхээр нь би гайхаад таны мөнгөнд би мал аваад өгчихсөн шүү дээ, та тооцоогоо хийчих гэхээр, чи 31,140,000 төгрөг өгчих, би 31,140,000 төгрөгөөр шатсан гэж хэлдэг. Тэгэхээр нь би та яагаад 31,140,000 төгрөгөөр шатдаг юм бэ, гэхээр би алдагдалд орсон л гэж хэлдэг. Ж.А өөрөө над дээр 121 толгой ямаа тавьсан. Тэгээд би нийт 1000 гаруй мал маллаж байсан. Тэгээд 12 сард хүлээлгэж өгчихөөд хоёулаа тооцоогоо хийе, би хонио эргүүлчхээд ирье гээд хониндоо яваад ирсэн чинь Ж.А явчихсан байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ А ах хааччихсан юм бэ гээд асуусан чинь яваад өгсөн гэж хэлсэн. Би Ж.А-д эм хонийг 130,000 төгрөгөөр, эр ямааг хамгийн хямдхан үнэ болох 120,000 төгрөгөөр, эм ямааг 60,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Би нэг ч малыг нь чононд өгөөгүй, тоотой малыг тоогоор нь хүлээлгэж өгсөн. Одоо малыг нь хариулсан хөлсөө авъя гэхээр урдаас 31,140,000 төгрөг нэхээд байж байдаг...Одоо Ж.А-д өгөх нэг ч төгрөг байхгүй, тооцоо дууссан. Харин мал хариулсан хөлсөө авмаар байна. ...Би Ж.А-тэй ярилцахад нэг толгой малыг сарын 1500 төгрөгөөр хариулна гэж ярьсан. Ж.А надад чи эм хонийг 130.000 төгрөгөөр, эр ямааг 120.000 төгрөгөөр, эм ямааг 60.000 төгрөгөөр авч өг гэсэн болохоос кг жингээр нь аваарай гэдэг зүйлийг хэлээгүй. Би сарын хөлсийг чинь өгнө гэж хэлсэн болохоос, ашгаа хуваана гэдэг зүйлийг яриагүй. Мөн ямар нэгэн гэрээ хийгээгүй гэжээ.
3. Хариуцагч Ш.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
...худалдан авсан малыг нядлах хүртэл Ш.Б нэг богийг сарын 1,500 төгрөгийн хөлсөөр хариулах талаар тохиролцоо хийгдсэн байдаг...нийт 1035 толгой малыг 11 сард бүтэн хариулж 1035x1500=1,552,500 төгрөг болсон. Нийтдээ 2023 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх 4 сарын хугацааны малын хөлс 4,548,000 төгрөгийн малын хөлс одоо болтол өгөхгүй Ш.Б-ийг хохироож ... байна. Жич: мал худалдан авсан сарынхаа хоногийн хөлсийг тооцоогүй, мал худалдан авсан өдрөөс хойш дараа сарын 1-ний өдрөөс эхлэн хөлс тооцсон болно. Иймд Ж.А-ээс 2023 оны 08 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал хариулсны хөлс 4,548,000 төгрөгийг гаргуулж Ш.Б-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:
...Ш.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй Ж.А-д холбогдох иргэний хэрэгт Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Сөрөг нэхэмжлэгч Ш.******* Ж.А-ээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны мал хариулсны хөлс 4,548,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Ж.А нь Ш.Б-ээр мал хариулсан хөлс өгөхөөр тохиролцоогүй бөгөөд, Ш.Б нь кг жинд хүрсэн махыг нийлүүлэхээр гэрээ хийсэн болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Ш.Б-ээс 26,120,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-д олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 5,020,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Ш.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй, Ж.А-д холбогдох мал хариулгын хөлс 4,548,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,267 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 288,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгож, хариуцагч Ш.Б-ийн сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 87,720 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 311/ШШ2025/00576 дугаартай шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас өөрөөр дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 311/ШШ2025/00576 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү… гэжээ.
7. Хариуцагч Ш.Б-ийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хонины махны зөрүү буюу 20кг-тай эр хонь авах байснаас түүнээс доош мах авсан байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч хоёрын хооронд ямар хэлцэл хийгдсэн бэ гэхээр Ж.А чи мал аваад намар болтол хариулна, би хөлсийг нь өгнө, чи өөрөө хөдөө байгаа юм чинь малаа үзэж харж ав гээд эхлээд эр, эм ямаа авч эхэлсэн. 2023 оны 07 сараас ямаа авч эхэлсэн, 09 сараас хонь авсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын анхны хэлэлцээ ямаа авахаас эхэлсэн. Ямаа аваад явж байтал дундуур нь хонины гэрээ орж ирээд чи хонь авч чадах уу гэсэн байдлаар яриад хонь авч эхэлсэн. Гэтэл энэ үйл явдлыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хонины мөнгө шилжүүлсэн байна, шилжүүлсэн 107.0 сая төгрөг дээр маргахгүй байна гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс нийт 107.0 сая төгрөг авсан, мал аваад цуглуулах, хариулах явцдаа 2.620.000 төгрөгийг бензин, тосонд зарцуулаад үлдсэн 104.0 гаруй сая төгрөгийг мал авахдаа зарцуулсан талаараа тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад доод тал нь 20 кг-тай эм хонь авна гэсэн хэлцэл анхнаасаа хийсэн бол нэхэмжлэгчийн зүгээс амьдын жин нь хэдэн кг-аас дээш байх ёстой гэдгийг нь зааж өгөх ёстой байсан. Тийм хэлцэл хийгдээгүй байхад анхан шатны шүүх зөвхөн хонины мөнгөнд дүйцүүлж тооцоод 26.0 сая төгрөгийг гаргуулж шийдсэн. Гэтэл ямаа өгсөн байдаг, шүүх шийдвэрээ гаргаад тайлбарлаж өгсний дараа ямааны үнэ орсон юм уу гэж асуухад энд ямаа яригдаагүй, хонины мөнгө яригдсан байна гэсэн тайлбар гаргаад шийдвэрээ гаргасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийг 20 кг-аас дээш жинтэй хонь авна гэдэг тайлбар дээр үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад 500 толгой хонь авсан тоогоороо дутаагүй ч хил нь дутсан гэдэг асуудал ярьдаг. Гэтэл нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримт дээр 548 хонийг хиллэж, бүртгэж бичсэн баримтаа нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байдаг. Мөн давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсаны дараа нэр бүхий гэрчүүдийг асуулгасан. Гэрчүүд хонь нядлахаас өмнө нийт 9 хонь авч явсан талаар мэдүүлдэг. Энэ авч явсан 9 хонийг анхан шатны шүүх оруулалгүйгээр шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ашгаа хуваая гэдэг асуудал яригдсан гэж байна. Хариуцагч Ш.Б-ийн тайлбарлаж байгаагаар ашиг хуваах асуудал яригдаагүй. Мал ав, намар болтол хариул ингэхдээ нэг богийг 1000 төгрөгөөр бодож сарын хөлсийг нь өгнө гэдэг асуудал яригдсан. Ингээд 7 сараас хойш авсан малаа тооцоод сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. 4.548.000 төгрөгийн хөлсийг хариуцагчид гаргаж өгнө үү, хамтран мал авсан ашгаа хуваая гэдэг асуудал яригдсан боловч 121 толгой ямааг Ж.А өөрөө аваад Ш.Б-ээр хариулуулсан. 121 толгой ямааны ашгийг Ш.Б-тэй хуваах асуудал яригдахгүй, Ж.А өөрөө аваачиж хариулуулсан. Энэ ямар үйл явдлыг нотолж байна вэ гэхээр Ж.А хөлсөөр мал хариулуулсан үйлдлээ 121 ямаа аваачиж өгснөөрөө нотолж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох мал хариулсан хөлс 4.548.000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэгчид олгож өгнө үү. ...Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд маргаан гарах гол үндэслэл нь Б-ын 319 толгой мал. Б-ын малыг 107.0 сая төгрөгөөр авсан малаас тусдаа зээлээр авахаар ярилцсан. Тэрийгээ нядалчхаад мөнгөө өгөхгүй байхаар нь хонины оронд ямаанаас нь ав гээд энэ асуудал үүссэн. 319 толгой мал 1037 толгой малд орохгүй. Анх малаа аваад дууссан байсан чинь Б-д хонь байна, үүнийг авах юм уу гэсэн чинь Ж.А мөнгө байхгүй, чи Б-той тохиролцоод зээлээр авчих, тэгээд нядалчхаад мөнгийг нь өгье гэдэг асуудал ярьсан. Тэгсэн Б-оос авсан хониныхоо тоог 548 толгой хоньд оруулахгүйгээр тусад нь бодоод Б-той тооцоо нийлэхгүй болохоор Ш.Б-ээс хонины үнэд ямаа оруулаад энэ асуудал үүссэн. Түүнээс 9, 10 сард авсан малын тоотой энэ хонь хамааралгүй байсан гэв.
8. Нэхэмжлэгч Ж.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ш.Б 107 сая төгрөгийг өгөөд би үлдсэн мөнгө 90.0 гаруй сая төгрөг болгосон. 90.0 гаруй сая төгрөг болоод түүнээс нядалгаа хийлгэхээр 20.0 гаруй сая төгрөг гардаг. Тэгээд би 107.0 сая төгрөгөөс 68.0 гаруй сая төгрөг авсан. Ш.Б бид хоёр 150.0 сая төгрөг болгоод ашигтай ажиллах ёстой байсан. Би өөрийнхөө үндсэн мөнгөний тухай ярьж байгаа. Ш.Б-тэй ашгийн тухай яриагүй, 150.0 сая төгрөг болгоод ашгаа хуваая гэж ярьсан. Миний Ш.Б-д өгсөн 107.0 сая төгрөг, 70.0 гаруй сая төгрөг болсон. Би ашиг бодохгүйгээр зөвхөн үндсэн мөнгөө нэхэмжилсэн. Гол нь яагаад удаасан юм бэ гэхээр би Ш.Б-ийг намайг залилсан байна гээд эрүү үүсгүүлэхээр цагдаад хандсан. Тэгсэн чинь Ш.Б 12 сард надтай ирж уулзаад ахаа би ноолуурын үеэр төлж барагдуулна гээд явсан. Тэгээд ноолуурынхаа үеэр төлөөгүй. Прокурор надад хэлэхдээ таныг хохироосон байна, гэхдээ эрүү үүсэх шалтгаан биш байна, энэ иргэний хэрэг байна, та шүүхэд ханд гэхээр нь би 6 сард шүүхэд хандсан. Тэгсэн мөнгө өгнө гэдэг байсан хүн чинь өгөхгүй өдий хүрсэн. Би 150.0 сая төгрөгийн ашиг хийчихээд мөнгө нэхээд байгаа юм биш. 107.0 сая төгрөгийг маань Ш.Б 70.0 гаруй сая төгрөг болгосон. Түүн дээр банкны хүү, олон жилийн алдагдал ашиг гэх мэт зүйлийг яриагүй. Би үндсэн мөнгөө олж авъя гээд гомдол гаргахаар өөрөө ирэхгүй өмгөөлөгчөө явуулчихдаг, нөгөө өмгөөлөгч нь бид хоёрын ярьсан ярианаас шал өөр зүйл ярьдаг. Тухайн үед зах зээл дээр 24кг-тай эм хонь 100.000 төгрөг байсан. Ш.Б-ийг би чи надад 2 хонь өгөөд явуулаадах би 20 тонн махны гэрээ хийчихлээ гэсэн чинь 24кг-ийн дундажтай 2 эм хонь өгч явуулсан байхаар нь би ийм хонь нийлүүлж чадах юм бол би авъя гэж хэлсэн. Махны гэрээг хилийн дунджаар хийдэг. 22-24кг дундажтай махыг 8000 төгрөгөөр, 20-22 кг дундажтай махыг 7000 төгрөгөөр, 20-18кг дундажтай махыг 6000 төгрөгөөр гэрээ хийдэг, махны хилийн дунджаар гэрээ хийдэг. Гэтэл Улаанбаатар ч бай, хөдөө ч бай махны ченжүүд дандаа итгэлцлээр гэрээ хийдэг. Ш.Б надад 2 хонь өгсөн чинь 24 кг-тай хонь явуулсан байхаар нь чи ийм хонь бэлдэж чадах уу, би 8000 төгрөгөөр гэрээ хийлээ шүү гэж хэлсэн чинь Ш.Б асуудалгүй танд би нийлүүлж өгнө, тэгээд 2-лаа ашгаа хуваана гэж хэлсэн. Гэтэл 18 кг-ийн дундажтай мах өгч явуулахаар би хилийг нь 6000 төгрөгөөр өгсөн. Тэгээд дундаас нь би алдагдалд орсон. Нэг хонийг 130.000 төгрөг гэж байгаа, би бүх зүйлийг нь борлуулаад зарлагаа гаргахад нөгөө мах нь 90.000 төгрөг болдог, тэгээд нэг хонины дундаас 40.000 төгрөгийн алдагдалд орж байгаа. Ш.Б надад 24кг-тай мах нийлүүлнэ гэж хэлээгүй бол би өөр хүнтэй ярьж тохирно. Жил бүр л мах бэлтгэж өгдөг. Би Ш.Б-ийн хотноос хонийг хүлээж аваагүй, яагаад би аваагүй вэ гэхээр нь Ш.Б-ийг надад 22-24кг дундажтай мах бэлтгэж өгнө гэсэн болохоор эхнэр нь хонио тууж авчраад нядалгааны газар хүргэж ирсэн. Тэгээд би маргааш нь махыг нь хиллээд үзэхэд 18кг-ийн дундажтай мах болсон. Тэгээд би эхнэр нь чиний нөгөө мах 18кг-ийн дундажтай болчихлоо шүү, нөгөө гэрээ хийсэн газар гэрээний хугацаандаа махаа нийлүүл гээд байна гэхэд л 18кг-ийн дундажтай мах болчихсон. Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг би хөлсийг нь өгөөд мөнгөө өгөөд мал авахуулсан биш. Би Ш.Б-ийн хотноос нь малынхаа шүдийг татаж үзээд, малынхаа жинг татаж үзээд авна гэтэл Ш.Б би махаа бэлдэж өгнө, та мөнгөө бэлд, борлуулалтаа бэлд, тээврийн машинаа бэлд, нядалгааны хүмүүсээ бэлд хоёулаа эцэст нь ашгаа хуваана гэж ярьсан. Мах нийлүүлэх гэрээн дээрээ 8000 төгрөгөөр өгнө гэсэн махыг 6000 төгрөгөөр өгсөн. Мах авч байгаа газар хугацаагаа заагаад явчихдаг. Тэгээд би гэрээ хийсэн газартайгаа гэрээний алдагдалд орсон. Тууж ирсэн мал дунд хурга байсан, төлөг байсан, хуц байсан, замдаа 2 хонь үхсэн байсан. Би Ш.Б-д 100.0 сая төгрөг өгчихөөд 120.0 сая төгрөг авна гэж хэлээгүй, би 107.0 сая төгрөг өгөөд 70.0 гаруй сая төгрөг авсан. Надад 31.0 сая төгрөгийн алдагдал учирсан. Махны жингийн алдагдлын талаар би сайн санахгүй байна, тухайн үед өмгөөлөгчтэй байсан учраас гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ж.А-ийн нэхэмжлэлтэй Ш.Б-д холбогдох 31,140,00 төгрөг гаргуулах, Ш.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй Ж.А-д холбогдох 4,548,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зөвхөн хариуцагч Ш.Б-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Ж.А нь Ш.Б-д бог мал бэлтгүүлэхээр 107,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд эр ямааг нэг бүрийн үнийг 120,000 төгрөгөөр, эм ямааг нэг бүрийн үнийг 60,000 төгрөгөөр, эм хонийг нэг бүрийн үнийг 130,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Ш.Б-ийн дансанд мөнгө шилжүүлснийг нотолсон ХААН банкны гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна.
3. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь: Ж.А нь Ш.Б-д бог мал бэлтгүүлэхээр 107,000,000 төгрөг шилжүүлсэн, түүний шилжүүлсэн 107,000,000 төгрөгөөр мал бэлтгэхээр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан бэлтгэн нийлүүлэх гэрээ байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд бэлтгэн нийлүүлэх гэрээ амаар байгуулагдсан байна.
Бэлтгэн нийлүүлэх гэрээгээр бэлтгэгч нь биет байдлын доголдолгүй, эд хөрөнгийг худалдан авагчид нийлүүлэх үүрэгтэй байна.
4. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “ Гэрээгээр тохирсон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэнэ“ гэж тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан мал тус бүрийг жинлэж хүлээж авсан баримт, уг баримтыг хариуцагч Ш.Б-ийн эхнэр Т-д танилцуулж, гарын үсэг зурсан зэрэг байдлаас харахад талууд 1 толгой хониноос дунджаар 22-24 кг мах гарах эм хонийг бэлтгэхээр харилцан тохиролцсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
Гэтэл хариуцагчийн бэлтгэсэн эм хонь гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт хүрээгүй буюу жингийн хувьд алдагдалтай байсан нь хонийг нэг бүрчлэн хиллэсэн тухай тэмдэглэл болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг биет байдлын доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт “ худалдагч нь гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт худалдан авагч нь энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхөөр заажээ.
6. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгуулахад гаргасан зардлаа нөхөн төлөх эсхүл гэрээг цуцлах талаар шаардлага гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ж.А нь тухайн үед гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын шаардлага хангаагүй, мал бэлтгэж ирүүлсэн талаар Ш.Б болон түүний эхнэр Т нарт мэдэгдэж, уг малыг хүлээн авахаас татгалзахад тухайн үед Ш.Б хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулна гэсэн учраас мал, махыг хүлээн авсан гэж тайлбарласан байхад хариуцагч энэ тайлбарыг няцаасан баримт ирүүлээгүй, гэрээнд заасан чанарын шаардлага хангасан мал бэлтгэсэн гэдгээ шүүхэд нотлоогүй байна.
7. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдлын улмаас 2,760,000 төгрөгөөр хохирсон гэж үзэж, алдагдал 2,760,000 төгрөг нэхэмжилж, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байхад хариуцагч нотлох баримтад үндэслэн няцааж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэлээ.
8. Мөн нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан тооны малыг нийлүүлээгүй гэжээ. Өөрөөр хэлбэл Ш.Б 414 тооны эм ямаа бэлтгэхээс 185 тооны эм ямаа бэлтгэж, дутуу нийлүүлсэн 229 толгой эм ямааны үнэ 12,240,000 төгрөг, 250 толгой эр ямаа бэлтгэхээс 146 тооны эр ямаа бэлтгэж, дутуу нийлүүлсэн 104 эр ямааны үнэ 14,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан.
9. Хариуцагч Ш.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 556 эм хонь, 181 толгой эм ямаа, 177 толгой эр ямаа нийт 104,380,000 төгрөгийн бог мал авч Ж.А-д шилжүүлсэн, үлдэгдэл 2,620,000 төгрөгийг мал цуглуулж ачуулах, мал туулгах хүний хөлс, машины бензин тос худалдан авахад зориулсан гэж маргасан байна.
Хариуцагч Ш.Б 177 тооны эр ямаа нэхэмжлэгчид бэлтгэж өгсөн гэх тайлбараа нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгч Ж.А-ийн 185 толгой эм ямаа, 146 эр ямааг Ш.Б-ээс авсан гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч Ж.А нь нийт 500 толгой эм хонь Ш.Б-ээс хүлээж авсан гэж байгаа боловч нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 21 дэх хуудсанд авагдсан баримтаар тэрээр 548 толгой мал хүлээж авснаас хариуцагчийн эхнэр Т-д 14 хонийг, Б гэх хүнд 11 хонийг тус тус буцаасан 1 хурга, 2 муу мах, Э-д 1 хонь гэж тэмдэглэснийг хасч тооцоход Ж.А нь 519 толгой эм хонь авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
11. Түүнчлэн гэрч Э-ийн мэдүүлгээр ...Ш.Б-д байсан малаас Ж.А Э-д өгсөн 10 хонийг нэмж тооцоход хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгчид нийт 529 толгой эм хонь нийлүүлсэн байна.
12. Хариуцагч нэг эм хонийг 130,000 төгрөгөөр, эр ямааг 120,000 төгрөгөөр, эм ямааг 60,000 төгрөгөөр нэхэмжлэгчид нийлүүлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй байна.
Ш.Б нь 68,770,000 төгрөгийн эм хонь /529 тооны эм хонь*130,000=68,770,000/, 11,100,000 төгрөгийн эм ямаа /185 тооны эм ямаа *60,000=11,100,000/, 17,520,000 төгрөгийн эр ямаа /146 тооны эр ямааг *120,000=17,520,000/ нийт 97,390,000 төгрөгийн бог мал бэлтгэж нийлүүлсэн ба нэхэмжлэгчийн шилжүүлсэн 107,000,000 төгрөгөөс мал бэлтгэсэн 97,390,000 төгрөгийг хасахад, нэхэмжлэгчид 9,610,000 төгрөгийг малыг дутуу нийлүүлсэн байна.
13. Иймд жингийн алдагдал 2,760,000 төгрөг, дутуу нийлүүлсэн малын үнэ 9,610,000 төгрөг нийт 12,370,000 төгрөгийг хариуцагч Ш.Б-ээс гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,770,000 төгрөгийг хасаж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
14. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч Ж.А-ээс худалдан авсан бог малыг хариулсны хөлс 4,548,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Ш.Б нэг богийг 1500 төгрөгөөр маллахаар тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба Ж.А нь малыг хөлсөөр маллахаар тохиролцоогүй гэж хөлс төлөхөөс татгалзсан байна.
15. Талууд нэг ямааг 1500 төгрөгөөр маллахаар харилцан тохиролцсон нь хариуцагч Ш.Б-ийн тайлбар, хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан Ж.А-ийн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ... газарт гаргасан “ Сарын 1 ямааг 1500 төг тооцож хөлс өгөхөөр тохиролцсон...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
16. Нэхэмжлэгч, хариуцагч нар мал бэлтгэн нийлүүлэхдээ гарах зардлыг хэрхэн тооцохоо харилцан тохиролцоогүй, харин худалдан авсан малыг хариуцагч маллахаар, нэхэмжлэгч хөлс төлөхөөр харилцан тохиролцон байх тул зохигчид Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзлээ.
17. Хариуцагч Ш.Б нь нийт 331 тооны ямааг бэлтгэж нэхэмжлэгч Ж.А-д 2023 оны 11 дүгээр сард нийлүүлсэн байх тул 331 тооны ямааны хөлсийг нэг бүрийг 1500 төгрөгөөр тооцож 8, 9, 10, 11 дүгээр сард малласан малын хөлс 1,986,000 төгрөгийг Ж.А-ээс гаргуулж, Ш.Б-д олгохоор тогтоож, Ш.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,562,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
18. Харин Ш.Б, Ж.А нар нь хонь хөлсөөр маллахаар харилцан тохиролцоогүй, мөн 2023 оны 10 сард иргэн Б-оос 319 тооны хонь авч, Ж.А-д хүлээлгэн өгсөн зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, Ш.Б хонь хариулсны хөлсийг Ж.А-ээс шаардах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 311/ШШ2025/00576 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Ш.Б-ээс 26,120,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-д олгож түүний нэхэмжлэлээс үлдэх 5,020,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б-ээс 12,370,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,770,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Ш.Б-ийн нэхэмжлэлтэй Ж.А-д холбогдох мал хариулгын хөлс 4,548,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг ” Ж.А-ээс 1,986,000 төгрөгийг гаргуулж, Ш.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,562,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай” гэж
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагчаас 288,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгож, хариуцагч Ш.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 87,720 төгрөгийг улсын орлого болгосугай” гэснийг “хариуцагчаас 212,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгож, хариуцагч Ш.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 87,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.А-ээс 46,726 төгрөгийг гаргуулж, Ш.Б-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
З.НАНДИНЦЭЦЭГ