Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 686

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э,

улсын яллагч Б

шүүгдэгч С,

иргэний хариуцагч Э,

хохирогч Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос С холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... тоот хэргийг .... оны .....дугаар сарын .....-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ......оны .... дугаар сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх архивч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум .....дүгээр баг Хонгор морьт ..... дугаар гудамжны .....тоотод оршин суух, Баянгол дүүргийн ..... дүгээр хороо Баруун тасганы ...... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, С

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч С нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ......оны ..... дүгээр сарын .....ны өдрөөс ....оны .... дугаар сарын .....ний өдөр хүртлэх хугацаанд иргэн Ч Сувилахуйн сургуулийн диплом гаргаж өгнө хэмээн хуурч 2.450.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ:

“Анх Э эгч над руу С байхад диплом гаргаж өгдөг хүн байна уу гэж асуусан. Би нэг найзаасаа асуухад 2.500.000 төгрөгөөр гаргана гэж хэлсэн. Тэгээд тэр Мэндээ гэдэг найз руугаа залгаад асуухад асуудалгүй манай эхнэр гаргана гэж хэлсэн. Тэгээд Э эгчид хэлэхэд дүү нь гээд Ч над руу ярьсан. Сүүлдээ Мэндээ намайг блоклоод утсаа авахгүй болсон. Би Э эгчид хэлэхээр надад итгэхгүй, Э эгч Ч хэлэхээр итгэхгүй байсан. Мөнгийг нь хоёр хувааж авсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч мэдүүлэхдээ:

..... оны ..... дүгээр сард энэ тухай Э эгчээс сонссон. Гаргаж өгч болно гэхээр нь би С холбогдоход өөрийгөө Боловсролын яаманд ажилдаг 9 дүгээр сар гаргаад очиж байгаад гаргаж өгье гэсэн. Тэгээд худлаа ярьсаар байгаад нилээн удаж надад нэг диплом гаргаж өгсөн. Тэр нь бүх зүйл нь худлаа байсан. Надаас 450.000 төгрөг нэхсэн. Ингэж хүнээр юм хийлгэдэг юм уу гэсээр байгаад надаас мөнгө авсан. Би сүүлд нь хагаслаад өгчих гэж гуйсан. Сүүлдээ аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан. Анх 1.900.000 төгрөг дараа нь цагаан сарын үеэр 450.000 төгрөг шилжүүлсэн. Буцааж Э эгчээс 500.000 төгрөг дараа нь 100.000 төгрөг нийт 600.000 төгрөг авсан. С 200.000 төгрөг авсан. Үлдэгдэл 1.550.000 төгрөгийг С нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Э мэдүүлэхдээ:

“С манай ажил дээр ирээд ярьж байсан. Би тэр талаар Ч хэлсэн. Удалгүй байж байгаад Ч нөгөө хүн чинь байгаа юу гэж ярихад асуугаад хэлье гэсэн. Тэгээд эргээд хэлэхдээ гаргана гэж байна гэж хэлсэн. Тэгээд би Ч өөрөө уулз гэж хэлсэн. Ч өөрөө утсаар ярьсан байсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор би 700.000 төгрөгийг нь авсан. Ч орж ирсэн бүх мөнгийг би Эрдэнэчимэг рүү шилжүүлсэн. С надруу залгаад 700.000 төгрөгөө өгч бай гэж хэлсэн. Тэгээд би 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би сүүлдээ С итгэхээ байсан. Хуурамч диплом гэдгээ надад хэлээгүй. 450.000 төгрөгөөр хуурамч диплом гаргаж өгсөн талаар сүүлд мэдсэн. Үлдэгдэл 100.000 төгрөгийг өгнө” гэв.

 

          Шүүгдэгч С нь ....оны ..... дүгээр сарын .....ны өдрөөс .... оны .... дугаар сарын ....ний өдөр хүртлэх хугацаанд иргэн Ч  Сувилахуйн сургуулийн диплом гаргаж өгнө хэмээн хуурч 2.450.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “... С харилцан мессежний хуулбар, Хаан банкны дансны хуулга, ....... данс руу шилжүүлсэн орлогын мэдүүлэг” гэх бичиглэлтэй 7 хуудас материалыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “... гар утасны мессэж бичсэн хуулбар ...... дугаараас эхнийн хуудсанд за за замд дугуй хагараад балай гэх 8 хуудас хуулбарыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол /хэргийн 23 дугаар хуудас/

 

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “........дугаартай Сэлэнгэсайхантай захидал бичсэн” 16 хуудас хуулбар материалыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол /хэргийн 24 дүгээр хуудас/

 

          Хохирогч Ч “...... оны ...... дүгээр сард манай найзын эгч Э нь диплом гаргах хүн таньдаг гэхээр нь би утсаар холбогдоод Сувилахуйн сургуулийн диплом гаргаж өгч чадах уу хэдэн төгрөгөөр гаргах вэ гэж асуутал Э нь надад манай нэг найз байгаа энэ хүнтэй холбогдоод асуугаад лавлаарай гэсэн. Тэгээд С гэх хүний ..... дугаарын утсанд холбогдож асуухад С нь өөрийгөө би Боловсролын яаманд ажилладаг би .... оны .... дүгээр сарын ....ний өдөр хотод очно тэгээд дипломыг чинь гаргаж өгье гэсэн. Тэгээд чи эхлээд мөнгөө шилжүүлчих гэхээр нь би хаширлаад таньдгаар нь Э дансаар дамжуулан нийт 2.350.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг удаа дараа диплом гарлаа гэж надаас дансаар авч байсан. Тэгээд надад нэг удаа диплом чинь гарсан гэж хуурамч диплом авчирч өгч байсан. Би тэр дипломыг хараад хуурамч гэдгийг нь шууд мэдсэн.

... Би тухайн мөнгөнөөсөө 800.000 төгрөгийг буцаан авсан. 600.000 төгрөгийг нь Эрдэнэчимэгээс, 200.000 төгрөгийг нь С авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 72-73 дугаар дугаар хуудас/

 

Иргэний хариуцагч Э “Би Ч 2.350.000 төгрөгийг диплом гаргаж өгдөг хүн болох С дамжуулан өгнө гэж хэлж авсан. ....оны .... дүгээр сарын .....ны өдөр Ч 1.900.000 төгрөгийг, ..... оны .... дүгээр сарын ....ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...... тоот дансаар тус тус хүлээн авч, .... оны .... дүгээр сарын ....ны өдөр 700.000 төгрөг,  ..... оны ..... дүгээр сарын ....ны өдөр 500.000 төгрөгийг С ..... дугаарын дансруу шилжүүлсэн. Мөн .... оны ..... дугаар сарын ....ний өдөр Ч шилжүүлсэн 450.000 төгрөгийг С шилжүүлсэн. Надад Ч 700.000 төгрөг үлдсэн байсан. Тэгтэл С нь диплом гаргаж өгөхгүй болохоор нь би буцаагаад 700.000 төгрөгийг Ч рүү шилжүүлсэн. С надад 100 айлын 3 дугаар сургуулийн баруун талд байрлах үсчин гоо сайханы газар .... оны ..... дүгээр сард диплом авчирч өгсөн.Тухайн үед гадна тал нь цэнхэр өнгийн хамбан материалтай, гадна тал нь Бакалаврын диплом гэсэн шаргал өнгийн бичигтэй байсан. ... сүүлд М С, Ч бид 4 ялалтын талбайн орчимд С машин дотор уулзах үед Мэндсайхан С би хуурамч диплом гаргаж өгөөгүй биз дээ, чи хуурамч диплом надаас авсан гэж яриад байгаа юм бэ, яг хаанаас авснаа хэл гэхэд С нь бид нарт багшийн дээдийн орчим нэг хүнээр гаргуулж авсан тухай хэлсэн. Үүнээс өмнө С дандаа М диплом авна бас авсан гэж ярьдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 67-68 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би Э диплом гаргадаг хүн байдаг талаар хэлсэн. Тэгтэл Э нь дүүдээ хэлээд дүү нь Ч гэх ангийнхаа хүүхдэд хэлсэн. Тэгтэл Э нь надаас хэдэн төгрөгөөр диплом гаргах вэ  гэхээр нь би Мэндээгээс хэдэн төгрөгөөр диплом гаргах вэ гэхэд 2.500.000 төгрөгөөр гаргана гэж хэлсэн. Тэгэхээр нь би цааш Э ярилцаж байгаад бид 2 нийлээд 3.900.000  төгрөг гэж Ч хэлсэн. Тэгтэл Э эгч хүүхдийн хичээл орох гээд байна гээд байна хоёулаа 1.400.000 төгрөгөө авч байх уу гэхэд нь Э эгчид та өөрөө мэдэхгүй юу даа гэсэн. Тэгээд Ч 1.400.000 төгрөгийг авсан. Тэгээд талыг нь Э эгч талыг нь надруу явуулсан. Тэгээд би тэр мөнгийг нь аваад үрчихсэн. Дараа нь Мэндээ рүү диплом гаргадаг хүн олоод гаргаад өг гээд 2017 оны 10 дугаар сард 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл Мэндээ диплом гаргадаг найз маань Солонгос явчихаад ирэхгүй байна гэж удаж байгаад сүүлдээ диплом гаргаж өгөхөө больчихсон. Энэ хооронд Э эгчээс Ч дипломоо нэхээд байна гээд байхаар нь Facebook-с диплом гаргаж өгнө гэсэн зар луу ортол Есөн сүлдний зурагтай Компьютер Ландад оффис нь байдаг  гэх хүнтэй чатаар холбогдоод Сувилахуйн сургуулийн диплом гаргах уу гэхэд гарна гэхээр нь бэлнээр 450.000 төгрөгөөр диплом хийлгэсэн. Тэр дипломоо Э эгчийн ажил дээр авчирч өгчихөөд явсан. Тэгтэл Э эгч Хүслэн ромбо авмаар байна гэхээр нь би нөгөө хүн рүү чатаар асуухад 80.000 төгрөг гэхээр нь би буцаагаад хэлтэл Ч хуурамч диплом юм байна гээд үлдээгээд явсан байсан. ... би Э эгчийг чи диплом гаргаж чадах уу хэрвээ баттай гаргана гэвэл бэлэн мөнгө өгөх байна гэж хэлсэн. Үүний дагуу би Ч мөнгө авсан. Яг юу юунд зарцуулснаа санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч  С үйлдэл нь “Залилах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч С уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч  Ч 2.450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид 800.000 төгрөг өгсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчээс үлдэгдэл 1.550.000 төгрөг, иргэний хариуцагч Э 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч олгуулах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 31 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн  шүүгдэгч С хувийн байдал, харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, С баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С 1.550.000 төгрөг, иргэний хариуцагч Э 100.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Чинхүслэнд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 31 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ