| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/04431/И |
| Дугаар | 210/МА2026/00220 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00220
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Ажилгүй байсан 29 сар 16 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 36,767,493 төгрөгийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, *******гийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоон, даалгах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01110 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/01387 дугаартай магадлалаар нэхэмжлэгч *******ыг ХЗҮХ-ийн Хууль зүйн сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 17,948,112 төгрөг гаргуулан *******т олгох, цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг ХЗҮХ-нд даалгаж шийдвэрлэсэн. Эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ГХ2024/00098 дугаар гүйцэтгэх хуудас үйлдэгдэж, одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг одоо хүртэл гаргаагүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаас сангаас зохих үйлчилгээ авах эрх үргэлжлэн зөрчигдсөөр байна. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл буюу нийт ажилгүй байсан 16.5 сарын хугацаанд хамаарах нийт 20,407,645 төгрөг /16.5*1,236,827=20,407,645/-ийг хариуцагчаас гаргуулна.
1.2. Хариуцагч ******* нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/433 дугаар тушаалаар *******гийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв-ийг өөрчлөн зохион байгуулах замаар Цахим мэдээлэл, олон нийттэй харилцах төв-ийг байгуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ агуулгаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон гэж шүүхэд мөн хариу тайлбар гаргасан. Хариуцагч ******* нь хуулийн зохицуулалтыг буруу ойлгож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үйлдлээ үргэлжлүүлэн зөвтгөсөөр байх тул хариуцагч ******* нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг *******гийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоон, даалгаж, ажилгүй байсан 29 сар 16 хоногт тооцож, 36,767,493 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/158 дугаар тушаалаар баталсан *******гийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу ажиллаж байсан. Тус тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан *******гийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу ажиллаж байсан бөгөөд *******гийн дүрмийн 3.4-т Хүрээлэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн Хууль зүйн судалгааны төв, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв, Захиргааны хэлтэс /хэвлэх үйлдвэр/-тэй байна гэж, мөн тус дүрмийн 8 дугаар зүйлд Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийг тусгаж өгсөн бөгөөд тус зүйлийн 8.1.1. Хууль тогтоомжийн системчлэх ажлыг хариуцан зохион байгуулах, энэхүү чиг үүрэг нь Хууль тогтоомжийн тухай хуулиар хасагдсан.
Энэхүү өөрчлөлтийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар тушаалаар *******гийн үйл ажиллагааны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Тухайн шинэчилсэн бүтцээр Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийг татан буулгасан. Ийнхүү татан буулгасан дээд байгууллагын шийдвэрээс үүдэн *******гийн зарим нэгжийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн төдийгүй татан буугдсантай холбоотойгоор зарим албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цуцалсан.
Өөрөөр хэлбэл, *******гийн дүрмийг баталсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв гэх зохион байгуулалтын нэгж *******гийн бүтцэд байхгүй. Ийнхүү манай байгууллагаас үл хамаарах үндэслэлээр буюу бүтцийн нэгж татан буугдсан учир *******ыг албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй нөхцөл үүсээд байна. Энэ үндэслэлд тулгуурлан *******ын гаргасан 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Хэрэв цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэвэл анх шүүхэд хандсан хугацаагаар тасалбар болгож шийдвэрлүүлмээр байна. Учир нь нэхэмжлэгч 6 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүхээс хүлээж аваагүй, гэтэл өнөөдөр нэмэгдүүлж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 36,615,831 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгуулж, нэхэмжлэлээс үлдэх 151,662 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******д даалгаж,
Хариуцагч ******* нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг *******гийн хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 341,029 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. ...Зохигчийн хоорондын маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй боловч өөрийн эрх зүйн байдлаа хадгалах буюу дээрдүүлэх үүднээс ...нэхэмжлэгчийг *******гийн хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үнэлж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон.
Учир нь нэгэнт хуульд өөрчлөлт орсон болон Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар *******гийн хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төв-ийг татан буулгаж өөрчлөн байгуулсан тул нэхэмжлэгч *******ыг томилох ажил, албан тушаал *******д байхгүй гэж маргасаар байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэгчийг *******гийн хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах гэсэн агуулгатай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч зохигчдын хоорондын маргаан шүүх анх шийдвэрлэснээс хойш өөр утга агуулгатай болсон буюу зохигчдын хооронд шүүхийн зүгээс шийдвэрлэвэл зохих эрх зүйн маргаантай нөхцөл байдал шинээр бий болсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул шүүх өөрчлөгдсөн нөхцөл байдалд дахин дүгнэлт хийж энэхүү нэмэгдүүлсэн шаардлагад нэмэлт хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх замаар талуудын маргааныг дахин шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд ач холбогдолтой гэж үзэж маргаж байгаа болно.
Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч болон анхан шатны шүүх хооронд бий болсон эрх зүйн маргаантай шинэ нөхцөлд байдалд дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг зохих хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Бидний гомдож байгаа гол үндэслэл нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаан болсон өдөр би анх удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон бөгөөд 1 баримтыг гаргаж өгсөн. Тус баримт нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг үнэн болох талаар баримт байсан. Энэ талаарх үйл баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан бөгөөд хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар байдлаар баримтыг гаргаж өгөх боломжтой вэ гэх шүүгчийн асуултад тус баримтуудыг гаргаж өгөх боломжтой. Тухайн хуулбар үнэн болохыг баталгаажуулж тамга, тэмдэг даруулж өгч болно гэх агуулгаар хариулсан. 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдаан болсон. Тус шүүх хуралдаан нь хурлын дэгийн дагуу үргэлжилж байсан бөгөөд нотлох баримт шинжлэн судлах хэсэгт хариуцагч талын гаргаж өгсөн баримт буюу хавтаст хэргийн 104-128 дахь талд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үнэлсэн. Хариуцагч нь тухайн баримтуудыг 2026 оны 08 дугаар сарын 08-ны өдөр буюу шүүх хурал товлосон өдрөөс 1 сарын өмнө гаргаж өгсөн байсан. Тухайн нөхцөл байдалд ямар боломж үүссэн талаар болон Хууль зүйн дотоод хэргийн яамны А/433 дугаар тушаалтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар нотлох баримтын хүрээнд тайлбарлах боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр болон хурлын тэмдэглэлд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг өгсөн учир тус баримтыг хүлээж авахгүй гэж тусгагдсан.
Тус маргаантай ижил төрлийн хэргийг 2018 онд Монгол Улсын Дээд шүүх шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын агуулгад нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгөөгүй бол шүүх нотлох баримтын талаар хуульд заасан шаардлагыг сануулах, баримтыг хуульд нийцүүлэхийг шаардах, шаардлагыг биелүүлээгүй бол үнэлэхгүй талаар тайлбарлах гэж тусгасан байдаг. Анхан шатны шүүх тухайн нөхцөлд хариуцагч талд энэ талаар тайлбарлаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй нэг талын тайлбараар хэргийг шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. ...Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд тус хүрээлэнд тулгамдаж буй асуудлыг нотлох зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/368 дугаартай албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/158 дугаартай Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, *******гийн дүрэм хавсралтууд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, хавсралтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/Ш32025/24168 дугаартай захирамжаар хариуцагч байгууллагаас дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хэдийгээр шүүхийн журмаар баримтыг гаргуулж байгаа боловч гуравдагч байгууллага бус хэргийн оролцогч гарган өгч байгаа баримт болохын хувьд нотлох баримтын шаардлагыг хуульд зааснаар эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хувийг шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангаж ирүүлэх учиртай. Гэтэл эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтууд байсан тул шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Төрийн байгууллагаас шүүхэд гаргасан нотлох баримтын үнэн зөвийг тодорхойлох зорилготой бөгөөд төрийн байгууллагын зүгээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулна гэсэн. Өөрөөр хэлбэл, манай байгууллагын зүгээс дээрх үндэслэлд тулгуурлан 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/Ш32025/24168 дугаарт захирамжид холбогдох баримт болон хүрээлэнгийн нэхэмжлэгчийг ажилд томилоогүй шалтгааныг нотлох баримтыг гаргасан.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/158 дугаар тушаалаар баталсан *******гийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу ажиллаж байсан. Тус тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан *******гийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу ажиллаж байсан бөгөөд *******гийн дүрмийн 3.4-т Хүрээлэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн Хууль зүйн судалгааны төв, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв, Захиргааны хэлтэс /хэвлэх үйлдвэр/-тэй байна, 8 дугаар зүйлд Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв-ийг тусгаж өгсөн бөгөөд тус зүйлийн 8.1.1-д Хууль тогтоомжийн системчлэх ажлыг хариуцан зохион байгуулах, энэхүү чиг үүрэг нь Хууль тогтоомжийн тухай хуулиар хасагдсан.
Мөн, Хууль тогтоомжийн тухай хуульд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт Хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан. Энэхүү өөрчлөлтийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар тушаалаар *******гийн үйл ажиллагааны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Тухайн шинэчилсэн бүтцээр Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв-ийг татан буулгасан. Ийнхүү татан буулгасан дээд байгууллагын шийдвэрээс үүдэн *******гийн зарим нэгжийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн төдийгүй татан буугдсантай холбоотойгоор зарим албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цуцалсан.
Гэвч анхан шатны шүүхийн зүгээс эдгээр нотлох баримт үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэг талын нотлох баримтад тулгуурлан үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн бөгөөд *******гийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл юм. Энэхүү зөрчлийн үр дагавар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан ...хуулийг буруу тайлбарлаж... хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Төрийн байгууллага шүүхэд нотлох баримт гаргаж өгч байгаа тохиолдолд түүний хуулбарыг хавсралтаар өгдөг. Төрийн байгууллага хэргийн оролцогч болсон тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг тавьдаг. Хариуцагч талын тайлбар ойлгомжгүй байна. Хариуцагч тал энэ талаарх үйл баримтын ялгааг ойлгохгүй байна гэж бодож байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгч нь хуулбарыг нь дарж шүүхэд өгсөн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй байна, үнэлэхгүй гэж эсэргүүцээгүй. Би анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчаас гаргаж өгсөн баримтыг үнэлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбар өгсөн. Анхан шатны шүүх тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн бөгөөд тухайн үйл баримтад худал зүйл байхгүй. Тухайн үед би эсэргүүцээгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ажилгүй байсан 29 сар 16 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 36,767,493 төгрөгийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******гийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль тогтоомжийн системчлэх ажлыг хариуцан зохион байгуулах чиг үүрэг *******гийн үйл ажиллагаанаас хасагдсантай холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/433 дугаар тушаалаар батлагдсан дүрэм, орон тоо, зохион байгуулалтын бүтцээр Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв-ийг татан буулгасан тул нэхэмжлэгч *******ыг ажилд эгүүлэн томилох боломжгүй, ажилгүй байсан хугацааны олговрыг анх нэхэмжлэл гаргасан үеэр тасалбар болгон шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн байна.
4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01110 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******ыг *******гийн Хууль зүйн сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 17,948,112 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01387 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. /хх5-36/
4.2. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/01590 дугаартай захирамж, мөн өдрийн 182/ГХ2024/00098 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх3-4, 37-38/
5. Хариуцагчийн Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль тогтоомжийн системчлэх ажлыг хариуцан зохион байгуулах чиг үүрэг *******гийн үйл ажиллагаанаас хасагдсантай холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/433 дугаар тушаалаар батлагдсан дүрэм, орон тоо, зохион байгуулалтын бүтцээр Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв-ийг татан буулгасан тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэх тайлбар, татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж заасантай нийцэхгүй. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлээгүйгээс ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй.
5.1. Иймд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29 сар 13 хоногоор тооцож, 36,615,831 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцжээ.
6. Анхан шатны шүүх, хариуцагчийг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг *******гийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах шаардлагыг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөнө.
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д ...нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.
6.2. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн 105-128 дахь талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, анхан шатны шүүх үнэлээгүй нь нэг талын нотлох баримтад тулгуурласан, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
7.1. Хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулсан уг баримт нь хэргийн оролцогчийн өөрсдийн гаргаж өгсөн баримт болохын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцсэн байхыг шаардах тул шүүх уг баримтыг үнэлээгүй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг нь хэргийн оролцогчоос шүүхэд гаргах өгөх нотлох баримтад хамаарахгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/08065 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан *******гийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Г.НЯМСҮРЭН