| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 310/2025/00705/И |
| Дугаар | 218/МА2026/00004 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 218/МА2026/00004
******* ХХК-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 310/ШШ2026/00002 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ны нэхэмжлэлтэй, ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хариуцагдах гэрээний үүрэгт 937,931,415.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/
Хариуцагчийн төлөөлөгч: *******
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: "*******" ХХК нь "*******" ОНӨААТҮГ-ын Хатуу түлш /нүүрс/ нийлүүлэх 2024 оны 8 сарын 27-ны өдөр зарлагдсан тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан. Тиймээс манай компани "******* ОНӨААТҮГ-тай 2024 оны 9 сарын 27-ны өдөр доорх багц гэрээнүүдийг байгуулж хатуу түлш буюу нүүрс нийлүүлэх болсон.
№ДУОНӨҮГ/20240102001/ дугаар "Хатуу түлш /нүүрс/ 1,2-р уурын зууханд Орон нутгийн Таван толгой ХХК-ийн 2000 тн нүүрс нийлүүлэх" Багц №1 гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт төлбөр 547800000 төгрөг байх, "*******" ОНӨААТҮГ-ын 1, 2-р зуухны хашаанд барааг 2024 оны 10 сарын 1 -ний өдрөөс 2025 оны 5 сарын 1-ний өдрийн хооронд нийлүүлэхээр харилцан тохирсон.
№ДУОНӨҮГ/20240102001/ дугаар "Хатуу түлш /нүүрс/ 3,4-р уурын зууханд Орон нутгийн Таван толгой ХХК-ийн 2000 тн нүүрс нийлүүлэх" Багц №2 гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт төлбөр 547800000 төгрөг байх, "*******" ОНӨААТҮГ-ын 3, 4-р зуухны хашаанд барааг 2024 оны 10 сарын 1-ний өдрөөс 2025 оны 5 сарын 1-ний өдрийн хооронд нийлүүлэхээр харилцан тохирсон.
№ДУОНӨҮГ/20240102001/ дугаар "Хатуу түлш /нүүрс/ 1,2-р уурын зууханд Хөөтийн 1000 тн нүүрс нийлүүлэх" Багц №3 гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт төлбөр 150700000 төгрөг байх, "******* ОНӨААТҮГ-ын 1,2-р зуухны хашаанд барааг 2024 оны 10 сарын 1-ний өдрөөс 2025 оны 5 сарын 1-ний өдрийн хооронд нийлүүлэхээр харилцан тохирсон.
№ДУОНӨҮГ/20240102001/ дугаар "Хатуу түлш /нүүрс/ 3,4-р уурын зууханд Хөөтийн 1000 тн нүүрс нийлүүлэх" Багц №4 гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт төлбөр 150700000 төгрөг байх. "*******" ОНӨААТҮГ-ын 3,4-р зуухны хашаанд барааг 2024 оны 10 сарын 1-ний өдрөөс 2025 оны 5 сарын 1-ний өдрийн хооронд нийлүүлэхээр харилцан тохирсон. Бид гэрээгээр тохирсон нүүрсийг зохих ёсоор, хугацаандаа нийлүүлж байсан боловч хариуцагч нь төлбөр төлөх боломжгүй болсон тул харилцан тохиролцож нийлүүлэлтийг зогсоосон. Гэрээний тусгай нөхцөлийн 3.9- д "Төлбөр төлөх хугацааг нүүрс нийлүүлэн нэхэмжлэх, зарлагын баримт өгсөн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ" гэж заасан боловч төлбөрийг бүрэн шилжүүлж дуусгаагүй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй. Талууд 2025 оны 4 сарын 25-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд 419,491,534 төгрөгийн үнэ бүхий Хөөтийн нүүрс 2783.620 тн, 673,013,385 төгрөгийн үнэ бүхий Тавантолгой ХХК-ийн нүүрс 2457.150 тн нийлүүлсэн байсан. Нийт нүүрсний үнэ 1,092,504,919 төгрөг болсон бөгөөд хариуцагч "******* ОНӨААТҮГ-аас 461,326,308 төгрөг төлсөн. Үлдэх 631,178,611 төгрөгийг өнөөдрийг хүртэл хариуцагч нь төлж барагдуулаагүй байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 4.18-д "Захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг нийлүүлэгчид төлнө", Гэрээний тусгай нөхцөлийн 4.18-д "0.3 хувиар алданги тооцно" гэж заасан. Хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд тооцоо нийлсэн 2025 оны 4 сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2025 оны 10 сарын 3-ны өдөр хүртэл 162 өдөр болно. 1 өдрийн алданги 1893535,833 төгрөг гэж тооцвол 306,752,804.95 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч "*******" ОНӨААТҮГазраас Хатуу түлш нийлүүлэх 4 багц гэрээний үүрэгт 631,178,611 төгрөг, алданги 306,752,804.95 төгрөг, нийт 937,931,415.45 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани "******* ОНӨААТҮГ-тай 2024 оны 9 сарын 27-ны өдөр хатуу түлш буюу нүүрс нийлүүлэх 4 багц гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу манай байгууллага нүүрсээ нийлүүлээд явж байсан. Гэрээний тусгай нөхцөлийн 3.9-д төлбөр төлөх хугацааг нүүрс нийлүүлэн нэхэмжлэх, зарлагын баримт олгосон өдрөөс ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байсан. Хариуцагч төлбөрөө төлдөггүй байсан ч гэсэн манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд Дундговь аймгийн дулаантай холбоотой асуудал байсан учир нүүрсээ нийлүүлсээр байсан. 2025 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар Хөөтийн нүүрс 2783,620 тн, Таван толгойн нүүрс 2457,150 тонныг нийлүүлсэн байсан. Энэ хугацаанд ******* компаниас төлбөр төлж чадахгүй нөхцөлд хүрсэн гэж мэдэгдсэн. Тиймээс талууд харилцан ярилцаад цаашдаа нийлүүлэлтээ зогсооё, дахин нийлүүлэх юм бол дахин төлбөр төлж чадахгүй өрийн дарамт үүсэх юм байна. Ийм учраас одоо тооцоогоо нийлье гэж харилцан тохиролцсон. Тухайн үед Хөөтийн нүүрс 419,491,534 төгрөг, Таван толгойн нүүрс 637,013,385 төгрөг, нийт 1,092,504,919 төгрөгийн нүүрсийг нийлүүлсэн байсан. Үүнээс хариуцагч 461,328,308 төгрөгийг төлсөн. Энэ талаар 2024 оны 09 сарын 27-ны өдрөөс 2025 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл өглөг, авлагын тооцоогоо нийлээд Эф Ай Эй Өү ХХК-ийн захирал *******, нягтлан бодогч *******, ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал *******, нягтлан бодогч ******* нар тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Энэ актыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Төлөх төлбөр 631,178,611 төгрөг юм байна гэж талууд харилцан тохиролцоод гарын үсгээ зурсан. 04 сарын 25-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Гэрээний ерөнхий нөхцөлийн 4.18-т захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байх юм бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алдангийг нийлүүлэгчид төлнө. Гэрээний тусгай нөхцөлийн 4.18-т 0,3%-аар алданги тооцно гээд заасан байгаа. Тиймээс хариуцагчаас гэрээний үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотой алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа. Тооцоо нийлсэн 2025 оны 04 сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл 162 хоног болж байгаа. Нэг өдрийн алданги 1893535 төгрөг 833 мөнгө болсон. 162 хоногоор бодоод үзэхээр алданги 306,752,804 төгрөг 95 мөнгө болж байна. Ийм учраас ******* орон нутгийн өмчит өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газраас хатуу түлш нийлүүлэх 4 багц гэрээний үүрэгт 631,178,611 төгрөг, алданги 306,752,804 төгрөг 95 мөнгө, нийтдээ 937,931,415 төгрөг 95 мөнгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
3. Хариуцагч "******* ОНӨААТҮГазар /дарга *******/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай байгууллага санхүүгийн тайлангаар 2023 онд 1682373.3 мянган төгрөг, 2024 онд 1666440.9 мянган төгрөг, 2025 оны 2 дугаар улирлаар 1567572.7 төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөж чаддаггүй, өр төлбөр үүсдэг тул ******* ХХК-ийн нэхэмжилсэн 306,752,804 төгрөгийн алдангийг төлөх боломжгүй, үндсэн төлбөр болох 631,178,611 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ОНӨААТҮГазрын даргаар 2025 оны 02 сард томилогдон ажиллаж байна. 2023 оны 02 сарын 01-ний өдөр Тэвшийн говь ХХК нь аймгийн төвийн 50 орчим хувийг халаалтаар хангадаг уурын зуухны үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болсон гэдэг асуудлыг тухайн үеийн орон нутгийн удирдлагууд болон аймгийн онцгой байдлын комисст асуудлыг тавьсан. Түүний дагуу тухайн үеийн орон нутгийн удирдлагууд болон онцгой комисс хуралдаад Тэвшийн говь ХХК-ийн 2 ширхэг уурын зуухны үйл ажиллагааг ******* ОНӨААТҮГазарт нэгтгэн явуулах шийдвэрийг гаргаж, манай компанид уг компанийн 2 зуухны үйл ажиллагааг шилжүүлсэн байдаг. Тэвшийн говь компани нь яагаад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон юм бэ гэхээр өөрийнх нь үндсэн орлогоо олдог аж ахуйн нэгжүүд буюу метр куб эзлэхүүнээр халаалтаа авдаг 3 төрийн байгууллага болох 2 дугаар цэцэрлэг, 3 дугаар сургууль, 2 дугаар сургууль гэсэн том объектуудыг дахин төлөвлөлтөд орж, шинээр барихаар буулгасантай холбоотой халаалтын зардалд мөнгө авахаа больсон. Тус компанийн 2 уурын зуухыг манай байгууллагад шилжүүлсэнтэй холбоотой, хатуу түлштэй холбоотой дэмжлэгийг орон нутгийн зардлаас дэмжлэг үзүүлж явна гэсэн ийм ойлголттойгоор энэ 2 уурын зуухыг манай компанид өгсөн байдаг. Ингээд 2023 оны 02 сараас 05 сарын 01-ний өдрийг хүртэл халаалтын улиралд ******* ОНӨААТҮГазар нь энэ 2 зуухны үйл ажиллагааг хариуцаж явсан. Миний сонссоноор тухайн үед сард 90 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг байсан. Гэвч 2023 оны 10 сарын 01-ээс хойш огт аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлээгүй. Манай байгууллага маань өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд борлуулалтынхаа орлогоор энэ өр төлбөрийг шахаж гүйцэтгэж явсан. Үндсэндээ байгууллага маань энэ уурын зуухны үйл ажиллагааг авч явуулж эхэлснээс хойш татварын болон нийгмийн даатгал, мөн хатуу түлш нийлүүлэх компанид жил дамжиж өр үүссэн байсан. Намайг ажил хүлээж авахад 590 гаруй сая төгрөгийн хатуу түлшний, нийгмийн даатгал болон татварт 800 гаруй сая төгрөгийн өртэй байсан. Энэ өр яаж үүссэн юм бэ гээд байгууллагынхаа санхүүг үзэхээр санхүүгийн бүх орлого, зарлагууд нь тодорхой, аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэхгүй л бол энэ байгууллага өөрийнхөө борлуулалтын орлогоор хатуу түлш, бусад цалин хөлс, нийгмийн даатгал, татвар, урсгал зардлуудын төлбөрийг үнэхээр төлөх боломжгүй, ийм л санхүүгийн төлөвлөлт тайлантай байсан. Нэхэмжлэгч тал эдийн засгийн тооцоололгүй, буруу тооцоолол гаргасны үүднээс энэ өр авлага үүссэн гэдэг асуудлыг тавьж байгаа. Гэтэл үндсэндээ нийгмийн хариуцлагын хүрээнд айл өрх, албан байгууллагуудыг халаах ёстой л гэж аймаг орон нутгаас энэ байгууллага руу өгсөн. Тэгээд үүнээс болж өр үүссэн учраас тухайн үеийн гэрээ хийгдэх үед, энэ байгууллагын үйл ажиллагаа шилжих үед орлого зарлагын тооцоолол хийж танилцуулгыг тухайн үеийн удирдах зөвлөлдөө хандаж, удирдах зөвлөл маань орлогоос давсан төлбөрийг орон нутгийн төсөвт суулгах ч юм уу ийм үйл ажиллагааг хариуцаж зохион байгуулах ёстой байсан. Гэвч энэ тал дээр ямар нэгэн санхүүгийн хүндрэлээс гарах бусад асуудалтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулаагүйгээс их хэмжээний өр авлага үүсэж ******* ОНӨААТҮГазар маань өнөөдрийн байдлаар өр, авлагатай холбоотой шүүхийн шийдвэр гардаг юм бол хаалгаа барих хэмжээнд хүрнэ.
Миний хувьд тухайн үед энэ байгууллагыг удирдаж байгаагүй болохоор санхүүгийн хүмүүс ямар тооцоолол хийж 1.2 тэрбум төгрөгийн хатуу түлш худалдан авах ажиллагаа зохион байгуулсан талаар мэдэхгүй. Тэгэхээр бид бүхний мэдэхгүй өөр ямар гарц гаргалгаа байсан тал дээр нэмэлтээр тайлбар авах хүсэлтэй байгаа юм. 2025 оны 03 сарын 15-наас хойш тухайн нийлүүлэгч компанийн удирдлагууд нь бид бүхэнтэй холбогдоод ийм мөнгөний үлдэгдэл байгаа, үүнийг яах вэ гэж байсан. Миний бие ажлаа аваад удаагүй байсан. Тэгээд ямар өр байгаа вэ гээд ярилцсан. 2025 оны 03 сарын 10-аас хойш танай байгууллага дээр өр үүсэх учир нийлүүлэлтээ зогсоох уу гэж бид ярилцсан. Тэгээд хэсэг хугацаанд хүндрэл үүссэн. Тухайн үед нүүрс байхгүй байсан учир хувь иргэнтэй гэрээ хийж байсан. Бид тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хатуу түлш, нүүрс нийлүүлэх 4 багц гэрээг байгуулсантай маргах зүйл байхгүй, гэрээг нийтэд нь дүгнэсэн, таван толгойн нүүрс үнэ өртгийн хувьд хямд байдаг тул гэрээнд зааснаас арай илүү авсан байхыг үгүйсгэхгүй, нийт нүүрсний төлбөрт 461,326,308 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас манай байгууллагад нийлүүлэгдсэн үндсэн нүүрсний үнэ 631 сая төгрөгийг манайх төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ дээрээ хугацаа график гаргаж өгөөд аль болох санхүүгийнхээ тооцооллыг хийгээд богино хугацаанд төлье, алдангийг төлөх боломжгүй гэжээ.
5. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар баримтлан хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Рд:3427951/-аас 784,555,013,475 /долоон зуун наян дөрвөн сая таван зуун тавин таван мянга арван гурван төгрөг, дөрвөн зуун далан таван мөнгө/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК /Рд:54003178/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 153,376,402,475 / нэг зуун тавин гурван сая гурван зуун далан зургаан мянга дөрвөн зуун хоёр төгрөг, дөрвөн зуун далан таван мөнгө / төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 4,847,607 / дөрвөн сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун долоон/ төгрөгөөс 924,832 / есөн зуун хорин дөрвөн мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 3,922,775 /гурван сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: ... Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 310/ШШ2026/00002 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Манай байгууллага нь Дундговь аймгийн төвийн 5186 хэрэглэгчийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулж мөн халаалтын 5 зуухаар 995 хэрэглэгчийг дулаанаар хангаж өөрийн төсвийг бүрдүүлэн ажилладаг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар.
Бид анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Хэргийн хариуцагч болох ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж шүүх хурлыг явуулсан.
Манай байгууллагаас их хэмжээний дүнтэй буюу нийтдээ 937 сая буюу тэрбум орчим төгрөгийг нэхэмжилсэн хэрэгт өмгөөлөгч авахаар судалсан боловч хууль зүйн туслалцааны төлбөр нь их хэмжээтэй, манай байгууллагын санхүүгийн болоод боловсон хүчний хувьд боломжгүй байсан. Иймд аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт бодит нөхцөл байдлыг мэдээлж, хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн албан бичгийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр явуулсан бөгөөд энэ тухайгаа 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралд хэлсэн бөгөөд явуулсан албан бичгээ шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх манай энэ хүсэлтийг хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч тал болох манай байгууллагын ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа аваагүйгээс болж бид өөрсдийн эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалах боломж олдоогүй.
Тухайлбал: Нүүрсний төлбөрөө төлөөгүйгээс үүдэлтэй алдангийг хэрхэн тооцдог, хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэх ямар боломжтой хуулийн зүйл, заалт байгаа, манай байгууллагын санхүүгийн чадавхыг харуулсан тайлангуудыг шүүх яагаад нотлох баримтаар үнэлэхгүй байгаа зэрэг тухайн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой зүйлийг буюу оролцогчдын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан.
2. Манай байгууллагын өмнөх удирдлага 2024 оны 09 дүгээр сард ******* ХХК-тай
547,800,000 төгрөгийн үнийн дүнтэй №ДУОНӨҮГ/20240102001/ дугаартай Хатуу түлш /нүүрс/ 1,2-р уурын зууханд Орон нутгийн Тавантолгой ХХК-ийн 2000 тн нүүрс нийлүүлэх багц №1 гэрээ,
547,800,000 төгрөгийн үнийн дүнтэй №ДУОНӨҮГ/20240102001/ дугаартай Хатуу түлш /нүүрс/ 3,4-р уурын зууханд Орон нутгийн Тавантолгой ХХК-ийн 2000 тн нүүрс нийлүүлэх багц №2 гэрээ,
150,700,000 төгрөгийн үнийн дүнтэй №ДУОНӨҮГ/20240102001/ дугаартай Хатуу түлш /нүүрс/ 1,2-р уурын зууханд Хөөтийн 1000 тн нүүрс нийлүүлэх багц №3 гэрээ,
150,700,000 төгрөгийн үнийн дүнтэй №ДУОНӨҮГ/20240102001/ дугаартай Хатуу түлш /нүүрс/ 3,4-р уурын зууханд Хөөтийн 1000 тн нүүрс нийлүүлэх багц №4 гэрээг тус тус байгуулсан байдаг.
Ямар тооцоолол, санхүүгийн эх үүсвэрээр дээрх гэрээнүүдийн төлбөрт 1,4 тэрбум төгрөгийн үүргийг биелүүлнэ гэж 4 багц гэрээг байгуулсан талаар компанийн одоогийн удирдлага бид огт мэдээлэлгүй, мөн ойлгохгүй байгаа.
Тухайн үеийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөл, аймгийн удирдлагуудаас тодруулах шаардлагатай, гэрчээр оролцуулах асуудлыг анхан шатны шүүхэд хэлж байсан боловч бодит байдлыг тодруулалгүй хөнгөн хуумгай хандаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2023-2024 онд ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хариуцагч тал нүүрс нийлүүлэх гэрээ байгуулахад алданги тооцохгүй байгуулсан байдаг, яагаад 2024-2025 оны 4 багц гэрээ зөвхөн ******* ХХК-д алданги авахаар гэрээ байгуулагдсан зэрэг эргэлзээтэй асуудлуудад шүүх дүгнэлт хийгээгүй.
Мөн алдангийн хэмжээ илт их байхад хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй 50 хувиар тооцсон нь манай байгууллагын санхүүгийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй, нийцээгүй гэж үзэж байна.
3. Мөн нэхэмжлэгч тал болох ******* ХХК-ийн гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд байгааг шүүх харгалзан үзэлгүй нэг талын эрх ашигт илүү нийцсэн шийдвэрийг гаргасан. Тодруулбал:
- Гэрээний хугацааг хэтрүүлж нүүрсийг нийлүүлж байсан байдаг. Үүнд алдангийг тооцоогүй,
- Хөөтийн нүүрсийг 2 багц гэрээгээр нийт 2000 тн-ыг авахаар гэрээ байгуулсан боловч нийт 2784 тн Хөөтийн нүүрсийг нийлүүлсэн байхад гэрээнээс илүү нийлүүлсэн 784 тн нүүрсний үнийн төлбөртэй алдангийг тооцож хариуцагчийн эрх ашгийг хамгаалаагүй, мөн Орон нутгийн Тавантолгойн 4000 тн нүүрс нийлүүлэхээр 2 багц гэрээ байгуулсан байхад 2457 тн нүүрсийг нийлүүлсэн байхад дутуу нийлүүлсэн 1543 тн нүүрстэй холбоотой хариуцлагатай холбоотой зэрэг асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй.
4. Анхан шатны шүүхийн дүгнэлтээр манай байгууллага алданги төлөх ямар ч боломжгүй бөгөөд шууд дампуурах, цаашилбал аймгийн төвийн орон сууц, албан байгууллагын дулаанаар хангах боломжгүй нөхцөл байдалд хүрэх нь ойлгомжтой байна.
Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулах, шаардлагатай гэрчүүдийг оролцуулах, ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын санхүүгийн чадавхыг тодорхойлох, нотлох баримтуудыг үнэлэх, шаардлагатай бол мэргэжлийн шинжээчдийг ажиллуулах, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, тэгш мэтгэлцэх боломжийг бий болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талыг хууль зүйн туслалцаа авах эрхээр бүрэн хангасан гэж үзэж байна. Хариуцагч 2025 оны 10 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авахад хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж, танилцсан талаар гарын үсгийг зурсан. Тайлбарласан эрх үүрэгт, өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх тайлбарлагдсан. Үүнээс хойш 2025 оны 11 сарын 19-ний өдөр анхны шүүх хуралдаан ороход хариуцагчаас өмгөөлөгч авах хүсэлтийг гаргаж шүүх хуралдаан хойшилсон. Нэхэмжлэгч талын зүгээс ч үндсэн эрх үүргээр хангах нь зөв гэдэг тайлбарыг хэлж шүүхээс хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 1 сарын хугацаагаар буюу 12 сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Иргэний хэрэг 2025 оны 10 сарын 14-ний өдөр үүсэж нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хариуцагч тал өмгөөлөгч авах бүрэн боломжтой байсан. Гэвч 12 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн засаг дарга руу албан бичиг явуулсан гэх тайлбарыг гаргадаг. Хариуцагч Дундговь аймагтаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага учир тухайн хүсэлтийг шүүх хуралдааныг хугацааг тулгалгүйгээр гаргах бүрэн боломжтой байсан гэж шүүхээс үзэж хуралдааныг үргэлжлүүлсэн. Иймд энэ үндэслэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн энэ гэрээг яагаад байгуулсан талаар холбогдох хүмүүсээс тодруулна гэх тайлбарыг хэлж байх боловч нэхэмжлэлийн агуулга нь гэрээг хэрхэн яаж байгуулсан талаарх нэхэмжлэл биш. Нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаж байгаа. Бусдаар гэрээг хэн байгуулсан, яагаад байгуулсан гэх байдлаар маргаагүй тул хамааралгүй асуудал гэж үзэж байна. Учир нь ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2024 оны 08 сарын 27-ны өдөр хатуу түлш худалдаж авах тендерийн шалгаруулалтыг зарласан. Тухайн тендерийн шалгуурт манай компани шалгарч хуулийн дагуу оролцсон. Шүүх хуралдааны явцад дэгийг танилцуулж хүсэлт байгаа эсэх талаар тодруулахад гэрч асуулгах хүсэлтийг гаргалгүй шүүх хуралдаан үргэлжилсэн. Гэвч хариуцагчийн зүгээс тайлбар гаргах хэсэгт гэрч асуулгах талаар дурдсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэрч байсан бол хүсэлтээ гаргах эрх нь байсаар байтал хүсэлтээ гаргаагүй. Энэ хүсэлтээ давж заалдах гомдолдоо дурдсан нь зохимжгүй. 2023 онд хийгдсэн гэрээнд алдангийн талаар дурдаагүй байсан боловч 2024 оны гэрээнд алданги дурдсан гэх боловч өмнөх гэрээ нь энэ маргаанд ямар ч хамааралгүй, 2024 оны 09 сарын 4 багц гэрээтэй холбоотой асуудал. Өмнө нь гэрээний харилцаа байсан эсэх нь маргааны асуудалд хамааралгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг чөлөөтэй тохиролцох эрхтэй байдаг. Хуульд заасан дээрх эрхийн хүрээнд гэрээний агуулгаа тохиролцож байгуулсан. Мөн алдангийн хэмжээг 50 хувиар тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь манай компанийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй гэх боловч Иргэний хуулийн 232.8-т зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзаж шүүх багасгаж болохоор зохицуулсан. Анхан шатны шүүх дээрх заалтыг баримтлан 50 хувиас их байсан анзын хэмжээг 50 хувь хүртэл бууруулж шийдвэрлэсэн. Энэ нь харин ч хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт хариуцагчийн тайлбарласан санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр огт авагдаагүй. Иргэний хуулийн 232.1, 232.6-т зааснаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөрийг анз буюу алданги гэж заасан. Манай компани хууль болон гэрээнд заасан эрхийн хүрээнд алданги бодож байгаа. Гэхдээ анхан шатны шүүхээс хариуцагчийн бодит нөхцөл байдалд үндэслэж алдангийг багасгаж шийдвэрлэснийг манай зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Энэ нь хариуцагчид төлбөрөө төлөх боломж олгож, орон нутгийн болон бусад нөхцөл байдлыг харгалзсан. Гэрээний хугацааг хэтрүүлж нүүрс нийлүүлж байсан талаар гомдолд дурдсан байсан. Гэрээний тусгай нөхцөлийн 2.6-д бараа нийлүүлэх хугацааг 2024 оны 10 сарын 01-ээс 2025-оны 05 сарын 01-ний хооронд нийлүүлнэ гэж заасан. Манай компани нүүрсээ нийлүүлээд явж байсан учир тооцоо нийлсэн актыг үйлдэж байсан. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар гаргасанчлан төлбөр төлөх талаар очиж уулзах, утсаар холбогдож байнгын сануулж байсан. Талууд харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нийлүүлэлтийг зогсоож, гэрээг дүгнэх актыг 2025 оны 04 сарын 25-ны өдөр үйлдсэн. Энэ хугацаа хүртэлх нийлүүлж байсан нүүрсэнд холбогдох үнийг шаардаж байгаа. Бусдаар нийлүүлээгүй нүүрстэй холбоотой үнэ шаардсан зүйл байхгүй, хариуцагч компанийн чадавхтай холбоотойгоор гэрээний харилцаа дуусгавар болсон. Хариуцагч санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаагаа тайлбарладаг боловч нэхэмжлэгч компанийн хувьд ч мөн адил үйл ажиллагаа явуулж байгаа компани. Хариуцагч компаниас өр төлбөрөө авч чадахгүй байгаатай холбоотойгоор манай компани санхүүгийн хүндрэлтэй байдалд орж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаашлаад олох байсан орлогоо алдаж байгаа. Гэвч манай компанийн зүгээс зөвхөн гэрээнд заасан хохирлоо шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь мөн анхан шатны шүүхэд буцааж өгөх талаар хүсэлт гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1, 168.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзвэл анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах зохицуулалттай. Анхан шатны шүүхэд буцаах хэмжээний талуудын эрхийг зөрчсөн, давах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг дутуу хийсэн, процессын алдаатай хийгдсэн зэрэг нөхцөл байдал энэ хэрэгт үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ОНӨААТҮГазарт холбогдуулан хатуу түлш /нүүрс/ нийлүүлэх 4 багц гэрээний үүрэгт 937,931,415,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээний үндсэн үүрэг 631.178.611 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 306.752804.95 төгрөг төлөхөөс татгалзаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4. Хариуцагч ******* ОНӨААТҮГ-г төлөөлөн захирал ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 33 хоногийн хугацаагаар буюу 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* ОНӨААТҮГ-ын төлөөлөгч ******* нь өмгөөлөгч авахаар хэд хэдэн өмгөөлөгчид хандсан боловч байгууллагын санхүүгийн байдлаас шалтгаалан гэрээ байгуулаагүй учраас хууль зүйн туслалцаа авах, дэмжлэг хүсэх зорилгоор Аймгийн засаг даргад хандсан байгаа. Иймд хариу иртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч ******* ОНӨААТҮГ-ын төлөөлөгч *******ын анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа гаргаж байгаа хүсэлтүүд нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд гэрээний үнийн дүн болон байгууллагын санхүүгийн чадамжаас шалтгаалан энэ эрхээ эдэлж чадаагүй тул Аймгийн засаг даргаас хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлтийн цаана ******* ОНӨААТҮГ-ын буюу өмчийн эзэн нь Дундговь аймгийн засаг дарга учраас хууль ёсны эрх ашиг хөндөгдөх агуулга байна. Аймгийн засаг дарга нь хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхгүй боловч ******* ОНӨААТҮГ нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ба аймгийн засаг даргын тамгын газар түүний бүтцэд нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хууль, эрх зүйн хэлтэс ажилладаг. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг баталгаажуулж өгсөн нь хууль зүйн туслалцааг зөвхөн өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөс авах хэлбэрээр хязгаарлаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хувьд орон нутгийн захиргааны байгууллагаас хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх анхаарч үзээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөвхөн өмгөөлөгч авах байдлаар хязгаарлагдмал хүрээгээр тайлбарлан хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх шууд үндэслэл болж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул шүүхийн нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 310/ШШ2026/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Г.МӨНХБАТ