Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01487

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1591 дүгээр магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК нь Кипр Улсад бүртгэлтэй “Смайнекс инвестментс лимитед” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан боловч “Смайнекс инвестментс лимитед” ХХК хамтран ажиллах гэрээнээс татгалзаж өөрсдийн оруулсан хөрөнгөө эргүүлэн авах тухай нэхэмжлэлээ гаргаснаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрын 2010 оны 4 сарын 9-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М” ХХК-аас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1.764.852 ам.долларыг гаргуулж “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн арбитрын шийдвэр гарсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 3/19999 дугаар мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан “М” ХХК-ийн өмчлөлийн оффисын зориулалттай барилга, граж, газрыг хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоосон тул анхны албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулахыг мэдэгдье гэжээ. Үнэлгээчний үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдлыг гаргасан боловч 2016 оны 6 сарын 13-ны өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн хариуг хүлээн авсан. “Мөнх-Оргил” трейд үнэлгээний байгууллагын үнэлгээчний үнэлсэн “М” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, 8 тоот хаягт байрлах оффисын зориулалттай барилгын үнэлгээ болох 1.451.600 000 төгрөгийн үнэлгээ, мөн тус хаягт байрлах гражийн барилгын үнэлгээ болох 94.700.000 төгрөгийн үнэлгээ, мөн хаягт байрлах газар эзэмших эрхийн үнэлгээ болох 373.600.000 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх үндэсний арбитрын 2010 оны 4 сарын 9-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М” ХХК-аас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1.600.000 ам.доллар, хүү 135.200 ам.доллар, арбитрын хураамж 28.852 ам.доллар, нийт 1.764.052 ам.доллар гаргуулж Кипр Улсын “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “М” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж, 8 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах гражийн барилга, газар эзэмших эрхийг 2009 оны 11 сарын 19-ний өдөр битүүмжилж, 2010 оны 10 сарын 13-ны өдөр хураасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 1 сарын 5-ны өдрийн 3/448 тоот албан мэдэгдлээр өмчлөгч “М” ХХК, 3/446, 3/347 тоот албан мэдэгдлээр хувьцаа эзэмшигч Г.Энхзул, Р.Оюун нараас тус тус үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлэхэд өмчлөгч “М” ХХК-аас үнийн саналыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлээгүй тул хөндлөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил” трейд ХХК-ийг томилж 2016 оны 5 сарын 9-ний өдрийн 25/Ш дугаар үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг 1.919.900.000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 3/19999 тоот албан мэдэгдлээр үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 1.343.930.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг талуудад хүргүүлсэн бөгөөд нийтэд мэдээлсэн. Төлбөр төлөгч “М” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожиж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2010-2016 он хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Смайнекс инвестментс лимитед” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хурцбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил” трейд ХХК болон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иуд үнэлсэн байна. Маргааны зүйл болох оффис, үйлчилгээний зориулалттай барилга, автомашины дулаан зогсоол нь 1999 онд ашиглалтад орсон барилга байх бөгөөд “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн жишиг үнийн аргад харьцуулсан барилгууд нь 2016 онд ашиглалтад орсон Твин тауэр, Сити тауэр барилгуудтай харьцуулсан нь барилгын зах зээлийн үнэлгээ, байршил зэрэг бусад үзүүлэлтүүдээрээ ижил төстэй биш байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 1 сарын 5-ны өдрийн 3/448 тоот албан мэдэгдлээр өмчлөгч “М” ХХК, 3/446, 3/347 дугаартай мэдэгдлээр хувьцаа эзэмшигч Г.Энхзул, Р.Оюун нараас тус тус үнийн санал мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. “Мөнх-Оргил” трейд ХХК нь 2016 оны 5 сарын 9-ний өдөр үнэлгээний дүгнэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн бөгөөд тус албанаас 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 3/19999 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд дээрх үнэлгээтэй холбоотой гомдлыг 2016 оны 6 сарын 28-ны өдөр буюу 33 хоногийн дараа гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг зөрчсөн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон “Мөнх-Оргил” трейд ХХК-ийн үнэлгээ нь хараат бус, мэргэжлийн үнэлгээ байх бөгөөд дуудлага явуулахад санал болгож буй үнэ буюу эхний дуудах үнийг тогтоож байгаа хэрэг юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэрээр:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1591 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181 /ШШ2017/01397 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1591 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 08-2 тоот хаягт байрлах 827.69 м.кв талбайтай, Ү-2203006219 улсын дугаарт бүртгэлтэй 3 давхар, үйлчилгээний зориулалттай барилга газрын хамт, мөн барилгын хойд талд байршилтай 144 м2 талбайтай гаражийг газрын хамт мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгүүлэхээр “Мөнх-Оргил трейд” ХХК-д дүгнэлт гаргахыг даалгасан байна. Гэтэл уг дүгнэлтэд тухайн барилгын тогтоолд дурдсан зах зээлийн бодит үнэлгээг тогтоохдоо зах зээлийн бодит үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн болох нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож байна. Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт байрлах газар, барилгуудтай харьцуулсан нь уг үнэлгээг бодиттой бус гарсан гэж үзэх үндэслэлтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

 “Мөнх-Оргил трейд” ХХК нь 827.69 м2 талбайтай, Ү-2203006219 улсын дугаарт бүртгэлтэй 3 давхар, үйлчилгээний зориулалттай барилга газрын хамт үнэлгээ хийхдээ 827.69 м2 талбайг 714.97 м2 болгон багасгаж үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй, өмчлөгчийн эрхийг илт зөрчиж буй үйлдэл байна. Нэхэмжлэгч байгууллага нь хуульд заасан журмын дагуу шүүхэд гомдол гаргасан бөгөөд үнэлгээтэй холбоотой дээрх хууль бус үйлдлийг хянуулах хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан бөгөөд тус албанаас уг асуудлаар шууд шүүхэд хандах эрхийн талаар хүсэлт гаргагчид мэдэгдэлгүй хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх гэж байгаа мэт ойлголтыг төрүүлж, төөрөгдүүлэн хугацааг алдагдуулан төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллагаар хянуулахгүй байх далд санаатайгаар хүсэлтийг байгууллага дээрээ байлгаж удаасан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзнэ үү.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1591 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг “...зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын 2010 оны 22 дугаар шийдвэрээр “М” ХХК-с 1.600.000 ам доллар гаргуулж, Кипр улсын “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4447 дугаар захирамжаар баталгаажуулжээ /хэргийн 37-51 дүгээр тал/.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 8 тоот хаягт байрлах 3 давхар барилга, гаражыг битүүмжилж, хураан авсан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тооцон тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасан.

Төлбөр төлөгч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн талаар санал өгөөгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан шаардлагад нийцжээ.

Орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1591 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ