Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 000074

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Далайбаян, Б.Больхүү нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                             Хэргийн индекс 142/2017/0104/Э

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:         

 

                   Прокурор                                          Б.Жавхлантуяа

                   Ялтан                                                 Ө.Далайбаян

                   Ялтны өмгөөлөгч                            Ю.Ганбат

                   Нарийн бичгийн дарга                   Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Больхүү, Ө.Далайбаян нарт холбогдох, 201614000468 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Ө.Далайбаянгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эмээ, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 1 дүгээр гудамжны 1б тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РЮ 99011014 регистрийн дугаартай, Харууд овгийн Өлзийсайханы Далайбаян.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ХАА-н МСҮТ-ийн барилгын цахилгаанчин 2 дугаар ангийн сурагч, ам бүл 3, ээж, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгай 23 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ФМ 00241572 регистрийн дугаартай, Боржигон овгийн Баттулгын Больхүү.

 

Шүүгдэгч Ө.Далайбаян, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Больхүү нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4-18 дугаар байрны орцонд Б.Лхагвасайханы “Samsung tab4” маркийн гар утас /400.000 төгрөг/ болон 3000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булаан авсан, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4-26 дугаар байрны орцонд Э.Амин-Эрдэнийн “Samsung s4” маркийн гар утас /250.000 төгрөг/, Шинэбаярын 5000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, 2016 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны 1-р орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.Алтансүлд, Э.Мөнгөншагай нарын 4000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, шүүгдэгч Ө.Далайбаян нь 2016 оны 07 дугаар сарын 27-31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2-14 тоот хашаанд байх гражид нэвтэрч 796 ширхэг сурагч цүнх, 2 ширхэг чемодан хулгайлан 22.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овогт Баттулгын Больхүү, Харууд овогт Өлзийсайханы Далайбаян нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө.Далайбаянг орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Ө.Далайбаян, Б.Больхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 5 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2.т зааснаар тус бүрийг 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ө.Далайбаянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2.т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч Ө.Далайбаянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2.т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас 1 сар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас 6 сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 5 жил 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Больхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2.т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 5 жил 2 сарын хугацаагаар тус тус тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ө.Далайбаянд оногдуулсан 5 жил 8 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8.д зааснаар шүүгдэгч Б.Больхүүд оногдуулсан 5 жил 2 сар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Ө.Далайбаянгийн цагдан хоригдсон 144 хоног, шүүгдэгч Б.Больхүүгийн цагдан хоригдсон 14 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ө.Далайбаянгаас 12.690.000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-22-32 тоотод оршин суух С.Алтанцэцэгт /ЕП75052105/ олгож,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Больхүү нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1.д зааснаар шүүгдэгч Б.Больхүүд 5 жил 2 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгахыг төрсөн эх М.Ариунбилэг, ах А.Баасанжаргал нарт хариуцуулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Больхүүд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ө.Далайбаянд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Ө.Далайбаян давж заалдах гомдолдоо:

 

Миний бие нь 2016.09.22-нд 4-р микрийн 18 дугаар байрны 1-р орцонд Б.Лхагвасайханы 3000 төгрөг, tab-4, 2016.09.23-нд Э.Амин-Эрдэнийн S4 утас, Шинэбаярын 5000 төгрөг авсан. 2016.11.25-нд 4-р микрийн 16 дугаар байрны 1-р орцонд Ц.Алтансүлд, Э.Мөнгөншагай нарын 4000 төгрөгийг тус тус авсан.

 

2016.07.27-оос 31-ний хооронд 3 удаагийн оролтоор хулгай хийсэн. Би Булаг багийн 2-14 тоот хашаанд 2016.07.15-аар айлд очдог болсон. Намайг очихоос өмнө граж нь онгорхой байдаг байсан. Би ийм хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна.

 

Би 3 гахай цүнх, 63 ширхэг сул цүнх авсан,1 гахайнд 140 ширхэг цүнх байсан. Нийт 465 ширхэг л цүнх авсан илүү цүнх аваагүй.

 

Дахиж ийм гэмт хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Далайбаян, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Больхүү нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр, 4-18 дугаар байрны орцонд Б.Лхагвасайханы “Samsung tab4” маркийн гар утас, /400.000 төгрөг/ болон 3000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булаан авсан,

 

-2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэр 4-26 дугаар байрны орцонд Э.Амин-Эрдэнийн “Samsung s4” маркийн гар утас /250.000 төгрөг/, Шинэбаярын 5000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

2016 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны 1-р орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.Алтансүлд, Э.Мөнгөншагай нарын 4000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

 шүүгдэгч Ө.Далайбаян ганцаараа 2016 оны 07 дугаар сарын 27-31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2-14 тоот хашаанд байх грашаас 796 ширхэг сурагч цүнх, 2 ширхэг чемодан хулгайлан 22.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Далайбаян, Б.Больхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 5 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2.т зааснаар тус бүрийг 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ө.Далайбаянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2.т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д заасныг журамлан шүүгдэгч Ө.Далайбаянд нийт 5 жил 8 сар хорих ял, шүүгдэгч Б.Больхүүд Эрүүгийн нийт 5 жил 2 сар хорих ял тус тус оногдуулж,  Ө.Далайбаянд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх, Б.Больхүүд хорих  ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл :

 

- Хохирогч С.Алтанцэцэг грашаас эд зүйлээ алдсан бөгөөд 3 шуудайтай цүнхэнд тус бүрт нь 200 цүнх нийлээд 600 цүнх, сул 196 цүнх, нийт 796 цүнх алдсан гэж мэдүүлсэн..,

- Шүүгдэгч Ө.Далайбаян 3 уут цүнх авсан нь үнэн..., 1 уутанд нь 140 ширхэг цүнх байсан /140х3=420/, мөн сул 30 ширхэг цүнх, 30 ширхэг чемодан байсан..., би ууттай цүнхийг шууд Б.Нарангарав гэдэг хүнд худалдах болоод хамт тоолж өгсөн..., нэг уутанд 140 ширхэг цүнх байсан гэж мэдүүлсэн...,

 -мөн гэрч Б.Нарангарав нэг шуудай дотроо 140 ширхэгтэй 3 шуудай цүнх нийт 3 шуудай цүнх авсан..., эхний удаа ирэхдээ 40 орчим насны эрэгтэй хүнтэй хамт ирсэн..., дараа нь манай ээжийг байхад ирсэн бөгөөд портер машинтай ирсэн гэж ээж надад хэлсэн/ х.хийн 149.,/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Үүнээс үзвэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Алтанцэцэгийн грашид хэдэн цүнх байсан нь тодорхой бус мөн хэдэн цүнх хулгайд алдсан нь бүрэн нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Ө.Далайбаянгийн мэдүүлгэээс үзвэл грашид  цүнхнээс гадна чемодан байсан ба тэр нь алдагдсан эсэх, мөн хохирогч чемоданыг  цүнхний тоонд оруулж тоолсон эсэхийг тогтоогоогүйгээс гадна гэрч Б.Нарангаравын мэдүүлэгээс үзвэл хулгайлсан цүнхийг хоёр хүн авч ирсэн эсхүл машинаар зөөж авч ирсэн байж болзошгүй учраас энэ талаар шалгах шаардлагатай байна.

 

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд дээрх хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2., 80.1.3., 80.1.5., 80.1.6.д заасан асуудлыг нотолж чадаагүй бөгөөд тухайлбал хулгайн гэмт хэргийг Ө.Далайбаян ганцаараа үйлдсэн эсэх, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын шинж чанар, тоо хэмжээ, ямар эд зүйл алдагдсан эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд үүнийг шүүхийн хэлэлцүүлэгийн үед нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.1., 318 дугаар зүйлийн 318.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Боржигон овогт Баттулгын Больхүү, Харууд овогт Өлзийсайханы Далайбаян нарт холбогдох, 201614000468 дугаартай, 2 хавтастай, эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг аймгийн Прокурорт очтол Ө.Далайбаянд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Больхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                  

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            З.ХОСБАЯР                                                                                           

 

            ШҮҮГЧИД                                                                        С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                                                                                           Ц.ТУЯА