Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 113/ШШ2017/0011

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Аудитын газрын аудитор Г.Наранбаярт холбогдох

Говьсүмбэр аймгийн Аудитын газрын аудиторын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр тогтоох тухай” 01/39, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/03 дугаар актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Н.Алтанцэцэг, хариуцагч Г.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай алба нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 327 дугаар тогтоол болон аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай” А/96 дугаар захирамжаар байгуулагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан захиргааны байгууллагыг төлөөлөх эрхийн дагуу дараахь нэхэмжлэлийг гаргаж байна. 2015 оны санхүүгийн баримтанд хийсэн санхүүгийн аудитаар өмнө нь манай байгууллагын даргаар ажиллаж байсан М.Ичинноровын цалингийн шатлал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг буруу тогтоосон гэх шалтгаанаар Говьсүмбэр аймгийн Аудитын газрын аудитор Г.Наранбаяр нь 2016  оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01/39 тоот актаар 1465801 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон. Тухай үед даргаар ажиллаж байсан М.Ичинноров нь дээрх актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ тухайгаа 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр мэдэгдсэн ба уг нөхөн төлбөрийн актыг өнөөг хүртэл төлөөгүй. М.Ичинноровыг ажил албан тушаалаа хашиж байх үед тус газраас нөхөн төлбөрийн актыг барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар даргаар ажиллаж байсан М.Ичинноровын цалинд дээрхтэй ижил үндэслэлээр 2000467 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг дахин тогтоосныг манай байгууллага хүлээн зөвшөөрөөгүй ба гарын үсэг зураагүй. Өмнө нь М.Ичинноровыг ажиллаж байх хугацаанд нь актын биелэлтийг хангуулах талаар арга хэмжээ аваагүй мөртлөө тухайн хүнийг ажлаас гарснаас хойш түүнтэй холбоотой нийт 3466268 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг нөхөн төлүүлээгүй шалтгаанаар аймгийн Аудитын газраас 2017 оны 4 дүгээр сарын 26-нд манай байгууллагын Төрийн сан дахь 100220051004 тоот зарлагын гүйлгээг хааснаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдож, алба хааж байгаа төрийн албан хаагчид ажлынхаа хөлсийг авч чадахгүй хохирч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж байна. Аудитор Г.Наранбаяр нь дээрх актуудыг М.Ичинноровын цалингийн шатлалыг буруу тогтоосон, төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй байхад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар олгосон зэрэг нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр тогтоосон. Гэтэл дээрх актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт юм. Учир нь 1/ Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт нь төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоосноос биш цалингийн шатлал тогтоогоогүй. 2/ Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2 дахь заалт нь тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас бодож олгоно гэжээ. Гэтэл М.Ичинноров нь улсад 29 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 53 настай хүн. Аудитор Г.Наранбаяр нь тухайн хүний төрийн алба хашсан хугацааг бодитой тогтоолгүйгээр төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл авах ёсгүй гэж үзэж нөхөн төлбөрийн акт тогтоосон. 3/ М.Ичинноров нь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/39 тоот захирамжаар томилогдон ажиллаж байсан бөгөөд уг захирамжинд цалингийн шатлал болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг тогтоож өгсөн тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн цалингаа авч ажиллаж байснаас биш өөрөө өөртөө дур мэдэн дээд албан тушаалтны шийдвэргүйгээр нэмэгдэл цалин тогтоож аваагүй тул дээрх нөхөн төлбөрийн актыг төлөх боломжгүй. Иймд аймгийн Аудитын газрын аудиторын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр тогтоох тухай” 01/39, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/03 дугаар актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015, 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар албаны даргын цалингийн шатлалыг буруу тогтоосон, мөн албаны дарга нь төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй байхад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар тооцсоноос нийт 3.466.3 мянган төгрөгийн цалин илүү олгосон байна. Энэ нь Засгийн газрын 2007 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын 2 дугаар зүйлд “Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно” гэснийг зөрчсөн тул орон нутгийн орлогод буцаан төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоосон болно. Аймгийн Засаг даргын 2015 оны Б/25 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар М.Ичинноровыг түр томилохдоо цалингийн ангилал, шатлалыг ТЗ-9-1 дэх шатлалаар цалинжуулахаар зөв тогтоосон боловч аймгийн Засаг даргын 2015 оны Б/39 дүгээр захирамжаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилохдоо төрийн албанд ажиллаагүй байтал цалингийн шатлалыг алгасуулан ТЗ-9-3 дахь шатлалаар цалинжуулахаар, мөн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар тооцож олгохоор тус тус заасан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэж дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Менежер гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно” гэснийг тус тус зөрчин үр дүнгийн гэрээг үнэлж дүгнээгүй байхад цалингийн шатлалыг шууд алгасуулан нэмэгдүүлж тогтоосон байна. Мөн Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн Захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2, 3-д заасныг зөрчин М.Ичинноров нь төрийн байгууллагад огт ажиллаж байгаагүй, хувийн хэвшилд буюу 1984 оноос 2013 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд арилжааны банкуудад ажиллаж байсан бөгөөд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар тооцон олгосон нь дээрх хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн байна. Иймд тус албаны даргын цалингийн шатлалыг буруу тогтоосон, мөн албаны дарга нь төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй байхад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар тооцсоноос илүү олгосон нийт 3.466.3 мянган төгрөгийг буцаан төлүүлэхээр тогтоосон актыг үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2, 3-д заасныг тус тус зөрчсөн тул орон нутгийн орлогод буцаан төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоосон болно. Хуулийн 47.1.7 дахь заалтын хувьд тухайн байгууллагын даргад нь хариуцуулсан учраас биелэгдэх боломжтой гэж үзэж байна. Хамгийн гол нь илүү цалин олгосон учраас улсад хохирол учруулсан, тухайн байгууллага нь улсын төсвөөс илүү мөнгө зарцуулсан гэж үзсэн. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01/39, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/03 дугаартай актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн Аудитын газрын аудитор Г.Наранбаяр нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015-2016 оны санхүүгийн тайланд аудит хийж, “албаны даргын цалингийн шатлалыг буруу тогтоосон, мөн албаны дарга нь төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй байхад төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар тооцож олгосноос 2015 онд 1465801 төгрөгийн, 2016 онд 2000467 төгрөгийн, нийт 3466300 төгрөгийн илүү цалин олгосон” хэмээн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01/39, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01/03 дугаар актыг тус тус үйлдэж, илүү олгосон цалинг тус албаны даргаар ажиллаж байсан М.Ичинноровоор төлүүлэх, актаар тогтоосон төлбөрийг Аудитын газрын дансанд төлж барагдуулахыг албаны дарга, нягтлан бодогч нарт хариуцуулжээ.

Дээрх акт болон маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчээс “М.Ичинноров нь өөрөө өөртөө бус, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн цалингийн нэмэгдэл авсан, аудитор нь түүний төрийн алба хашсан хугацааг бодитой тогтоогоогүй, утга агуулгын илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй акт тогтоосон” гэж, хариуцагчаас “М.Ичинноров төрийн албанд ажиллаагүй байхад Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар жинхлэн томилохдоо цалингийн шатлалыг алгасуулан ТЗ-9-3 шатлалаар цалинжуулж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар олгосон нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмуудыг зөрчсөн” гэх зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргана.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яаманд шилжиж, орон тоо шилжсэнтэй холбогдуулан холбогдох арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны А/96 дугаар захирамжаар “Санхүүгийн хяналт, аудитын алба”-ыг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулан, бүтэц орон тоог баталсан ба аймгийн Засаг даргын захирамжаар[1] М.Ичинноровыг тус албаны даргаар 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс түр, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс жинхлэн томилсон байна.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг ... томилж, чөлөөлөх”, Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх дотоод аудитын нэгжтэй байна”, аймгийн Засаг даргын 2015 оны А/96 дугаар захирамжаар баталсан “Санхүүгийн хяналт, аудитын албаны дүрэм”-ийн 1.2-т “Албаны үйл ажиллагааг аймгийн Засаг даргаас томилсон албаны дарга удирдаж, албаны үйл ажиллагааны үр дүнг зөвхөн Засаг даргын өмнө бүрэн хариуцна”, 5.1-д “Албаны даргыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаас үзэхэд “Санхүүгийн хяналт, аудитын алба” гэдэг төсвийн байгууллагын даргыг томилох нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал болно.

Аймгийн Засаг даргаас дээрх эрхийн хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар М.Ичинноровыг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар томилж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ТЗ-9-3 ангилалд заасан хэмжээгээр тогтоосон, уг шийдвэрийг үндэслэж түүнд цалин хөлс олгосонд Санхүүгийн хяналт, аудитын албыг буруутгах боломжгүй юм.  

Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Төрийн албаны тухай хууль (хүчингүй болсон)-д тодорхойлсон “төрийн албаны ангилал[2], төрийн албан хаагч” хэмээх ойлголтын агуулга болоод зохицуулалт нь 2002 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар өөрчлөгдөөгүй ба тус хуульд “төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс”[3] гэж зохицуулсныг Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 7-д “Төрийн албанд нийт ажилласан хугацаанд төрийн бүх төрлийн албан тушаалд ажилласан хугацааг оруулж тооцно”, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2-т “Төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:” гэж тус тус заасантай харьцуулан дүгнэвэл төрийн захиргааны албан хаагчийн “төрийн алба хаасан хугацаа”-г төрийн жинхэнэ албаар хязгаарлахгүйгээр, төрийн албаны бүх ангилалд ажилласан хугацааны нийлбэрээр тодорхойлж, тайлбарлахаар байна. 

Гэтэл аудитор нь 2016 оны “Төлбөр тогтоох тухай” 01/39, 2017 оны “Төлбөр барагдуулах тухай” 01/03 дугаар актуудад “албаны дарга нь төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй байхад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар тооцсон” хэмээн дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй, дээр дурдсан Улсын Их хурал болон Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар тогтоосон эрх зүйн зохицуулалтын агуулгыг явцууруулж (тайлбарлаж) хэрэглэжээ.

Учир нь хариуцагч шүүх хуралдаанд “тус албаны дарга байсан М.Ичинноровт акт тавихаас өмнө төрийн албанд ажилласан талаар нотлох баримтаа ирүүлэх талаар зөвлөмжөөр хэлсэн. Хуулийн үндэслэлтэй нотлох баримт ирүүлээгүй” гэж тайлбарлах ба Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланд хавсаргасан хөтөлбөрт[4] аудитын нотлох зүйлсийг бүрдүүлэх талаар дурдсан боловч уг аудитын тайланд М.Ичинноровын төрийн албан хаагчийн анкетын “5. Туршлагын талаарх мэдээлэл” хэсгийн хуулбараас[5] өөр баримт хавсаргаагүй, 2016 оны 01/39 дүгээр актаар тогтоосон зөрчлийг бүрэн дэмжсэн гэх нотлох зүйлсийн талаар хяналтын хуудсанд[6] дурдаагүй, мөн 2017 оны 01/03 дугаар актын бүртгэл, хяналтын хуудасны “2. Нотлох баримтын мэдээлэл” хэсэгт холбогдох захирамж, тушаал шийдвэр гэж дурдсан боловч “цахимаар” гэсэн тайлбар бичсэнээс өөрөөр “М.Ичинноровын төрийн албанд ажилласан хугацааг тодорхойлох, түүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар тооцож олгосон үндэслэл”-д хамаарах нотлох баримтыг аудитын тайланд[7] хавсаргаагүй болох нь нотлогдоно.

Зүй нь аймгийн Аудитын газрын аудитор нь Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015-2016 санхүүгийн тайланд аудит хийж, дээрх актуудаар зөрчлийг тогтоохдоо Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “хууль дээдлэх”, “ил тод, бодитой байх” зарчмаас гадна 01/39 дүгээр актын хувьд Монгол улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Төлбөрийн акт тавих, албан шаардлагад өгөхөд баримтлах журам”-ын 2.2.8-д “Тэмдэглэх хэсэгт дурдсан алдаа, зөрчил нь нотлох зүйлээр бүрэн дэмжигдсэн байх ёстой...”, 01/03 дугаар актын хувьд 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 5.1-д “Төрийн аудитын байгууллагын тогтоосон акт, албан шаардлагаар алдаа зөрчлийг арилгах үүрэг нь хангалттай, зохистой нотлох зүйлд үндэслэнэ” гэж заасныг тус тус зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх тул аймгийн Засаг даргын захирамжаар М.Ичинноровт төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 15 хувиар тооцож олгосон үндэслэл буюу түүнд хамаарах нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “М.Ичинноров нь төрийн байгууллагад огт ажиллаж байгаагүй, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 7.1-д заасныг зөрчсөн тул акт тогтоосон” гэх боловч 01/39 болон 01/03 дугаар актын тэмдэглэх буюу агуулгын хэсэг, мөн тэдгээр актын хяналтын хуудасны “зөрчсөн эрх зүйн акт” хэсэгт дээрх хууль, Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмыг зааж дурдаагүй, үр дүнгийн гэрээг дүгнээгүй гэх тайлбарыг нотлох баримт цуглуулаагүй тул Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015-2016 оны санхүүгийн тайланд илэрсэн гэх зөрчил нь дээрх хууль, журамд нийцээгүй гэж дүгнэх боломжгүй, нөгөөтэйгүүр аудиторын тогтоосон актуудад Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан журмыг хэний буруутай үйл ажиллагааны улмаас, хэрхэн зөрчсөн талаар дурдаагүй, нотлох зүйлс бүрдүүлээгүй байх тул “... М.Ичинноров төрийн албанд ажиллаагүй, цалингийн шатлалыг буруу тогтоосон гэх зөрчлийг бодитой тогтоогоогүй“ гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй юм.

Дээрх байдлаас дүгнэвэл аудитор нь эрх бүхий албан тушаалтнаас хуулиар олгосон эрхийн хүрээнд гаргасан шийдвэрт үндэслэж, түүнийг биелүүлж цалингийн нэмэгдэл олгосон нөхцөл байдал буюу тогтоосон зөрчлийн үндэслэлийг нотлох зүйлсээр шалгаж тогтоогоогүй, төрийн захиргааны албан хаагчийн төрийн алба хаасан хугацааг тодорхойлсон холбогдох хууль, журмуудыг буруу тайлбарлаж, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01/39, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01/03 дугаар актуудаар “тогтоосон төлбөрийг Аудитын газрын дансанд төлж барагдуулахыг албаны дарга, нягтлан бодогч нарт хариуцуулж” тогтоосон нь нэхэмжлэгч байгууллагын хувьд бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үүрэг болох нь дээр дурдсан үндэслэлээр илэрхийлэгдэж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэг нөхцөлд хамаарна гэж дүгнэн эдгээр актуудыг илт хууль бусад тооцох нь зүйтэй байна. Дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр хуульд нийцсэн байхад түүнийг хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хяналт шалгалтын байгууллагаас “хууль журам зөрчсөн” хэмээн дүгнэж, хариуцлага хүлээлгэсэн нь нэхэмжлэгчийн хувьд хуулийн дагуу, биелүүлэх боломжгүй үүрэг юм.

Харин дээрх актуудын хувьд аудитор нь Төрийн аудитын тухай хуульд заасан аудит хийх эрхийнхээ дагуу, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах дүрэм журмуудаар тогтоосон хэлбэрээр акт үйлдсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга, агуулгын илэрхий алдаатай” гэж үзэхгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Аудитын газрын аудиторын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр тогтоох тухай” 01/39, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/03 дугаар актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

 


[1] Хэргийн 8, 52 дахь талд аймгийн Засаг даргын 2015 оны Б/25,  Б/39 дүгээр захирамжууд авагдсан.

[2] Төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба

[3] УИХ-аас 2002 онд баталсан Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.2

[4] Хэрэгт хавсаргасан Говьсүмбэр аймийн Аудитын газрын “Санхүүгийн аудитын тайлан (28)” 2016 оны архивын нэгжийн 16-17 дахь талд авагдсан.

[5] Мөн тэнд, 81 дэх талд

[6] Хэргийн 86 дахь талд

[7] Говьсүмбэр аймгийн Аудитын газрын “Санхүүгийн аудитын тайлан (ТШЗ-40)”  2017 оны архивын нэгжийг хэрэгт хавсаргасан болно.