Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1798

 

“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/00504 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохирол 3 849 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ХХХХ нь “ХХХХХ” ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт Сохо” салбарт, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Дархан Сохо” салбарт тавилга тээвэрлэхдээ ажлын хариуцлага алдан 35-60 УНВ улсын дугаартай автомашины кабин өргөгчийн цлиндр, урд хий хуваарилагчтай пидалны аппарат, 4390 маркийн 2 ширхэг порсункны үйл ажиллагааг доголдуулж цаашид ажиллах боломжгүй болгосон нь тогтоогдож, техникийн комиссоос порсунктай холбоотой 604 400 төгрөг, пидаль, цлиндртэй холбоотойгоор 539 000 төгрөгийн акт тавьсан. Мөн 2015 оны 10 дугаар сард дээрх автомашины хөдөлгүүрийг халаахдаа хөдөлгүүрийг эвдсэн нь тогтоогдож, техникийн комиссоос 2 596 000 төгрөгийн акт тавьсан. ХХХХ нь компанид учруулсан хохирлыг сар бүр цалингаасаа төлөхөөр тохиролцсон боловч 250 000 төгрөг төлж үлдэгдэл 3 849 400 төгрөгийг төлөөгүй. Иймд ХХХХэс 3 849 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 35-60 УНВ улсын дугаартай автомашиныг хүлээж авахад тормос байхгүй, мотор нь доголдолтой байсныг авто механик ХХХХ-д хэлэхэд бүх техник хэрэгслийг компани авч өгнө гэсэн. Авто механик ХХХХ-д автомашины моторыг засуулахад өмнө нь ээлж хийхдээ буруу кольц, поршин гилц тавьсан байсан нь тогтоогдсон. Би бүх зүйлийг шинээр сольж тавьсан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан хариуцагч ХХХХэс 3 849 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХХ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 76 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 76 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ХХХХХ” ХХК ХХК нь гэмтэлтэй байсан техникээр ачаа хүргэлт хийлгэдэг байсан. Мөн акт тавихдаа эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцоогүй. Автомашины мотор нь урьд нь эвдэрсэн бүрэн бус ажиллагаатай тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгүүлж байсан бөгөөд гэмтлийн талаар акт тогтоохдоо техникийн талаар мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй, зөвхөн үнэлгээнд нь комисс акт тавьсан. Уг актын талаар надад танилцуулаагүй. Иймд шүүх хангалттай нотлох баримт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тухайн байгууллагатай байгуулж байгаагүй гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан компанид учруулсан хохиролд 3 849 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компанийн автомашинд өөрийнх нь буруугаас хохирол учруулаагүй, эвдрэл гэмтлийн төлбөрийг эрсдэлийн сангаас гаргах ёстой гэж маргажээ.

 

Хариуцагч нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “ХХХХХ” ХХК-д хүргэлтийн жолоочийн албан тушаалд ажиллахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тохиролцон талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж /хх.5-8/, улмаар мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан байна. /хх.9/

 

Нэхэмжлэгчийн зүгээс “Техникийн комиссын акт №2015-1, №2015-2, №2015-3, №2015-4” /хх.13, 17, 21, 23/, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Автомашин хүлээлцэх акт” /хх.29-30/ болон хариуцагчтай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэрэг баримтыг байгууллагын автомашины эд ангийг эвдэлж гэмтээсний хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд хариуцлага хүлээлгэж болохоор заасан ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн 135.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан ажилтанд 135.1.1-135.1.5-д заасан тохиолдол үүссэн бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх, эсхүл зарим төрлийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн ажилтанд хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгайлан заасан тохиолдолд 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар байгууллагад учруулсан хохирлыг ажилтнаар төлүүлэх боломжтой.

 

Талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулагдсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1-135.1.5-д заасан тохиолдол үүссэн гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн автомашинд эвдрэл, гэмтэл үүссэн тухай техникийн комиссын акт №2015-1, №2015-2, №2015-3, №2015-4 гэх баримтуудад хариуцагч гарын үсэг зураагүй байгаагаас түүнийг уг актуудтай танилцсан гэж үзэх боломжгүй, эдгээр актуудад тухайн автомашинд эвдрэл гарсан талаар дурдсан байгаа боловч ийнхүү эвдрэл гарсан гэх нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1-135.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ХХХХ автомашинд хохирол учруулсан үйлдэл хийсэн нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан, бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй, эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өгсөн автомашиныг үрэгдүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүйгээс гадна хариуцагч буюу жолоочид автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг хариуцуулахаар хуульд тусгайлан заасан зүйл байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлүүлэх үндэслэл мөн байхгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан нь мөн хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх боловч нэхэмжлэгч байгууллагын хувьд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/00504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохиролд 3 849 400 төгрөг гаргуулах тухай хариуцагч            ХХХХ-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                              ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ