Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 214/МА2026/00004

 

Х*******т

ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д******* аймаг, Д******* сум, 14 дүгээр баг, Д******* юнайтед аренад байрлах, Х*******т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1 дүгээр багт байрлах, У******* ХХК-д холбогдох,

284,268,655 /хоёр зуун наян дөрвөн сая хоёр зуун жаран найман мянга зургаан зуун тавин тав/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******э /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.За******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч А.К******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Х*******т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжийг урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. У******* ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 189,512,437.00 төгрөг байна.

Үүнд: 2020 оны 04 сарын 16-ны өдөр ТӨВ-ҮР-2020/62 дугаартай Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 04 сарын 26-ны өдөр ТӨВ-ҮР-2019/002-а дугаартай Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 07 сарын 29-ний өдөр УХБ-2013/Бу-№94 дугаартай 2013 оны зуны уринш боловсруулалтанд олгох ургамал хамгааллын бодисын зээлийн гэрээ, 2018 оны 03 сарын 30-ны өдөр УХБ-ТӨВ- 2018/002 дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2012 оны 06 сарын 04-ний өдөр ГБ-36 дугаартай 2012 оны хаврын тариалалтад зориулж элгох ургамал хамгааллын бодисын гэрээ, 2013 оны 05 сарын 15-ны өдөр УХБ-2013/Бу- №045 дугаартай 2013 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын зээлийн гэрээ, 2012 оны 04 сарын 27-ны өдөр ГБ/2012/022 дугаартай 2012 оны хаврын тариалалтад зориулж олгох гербицидны гэрээ, 2012 оны 04 сарын 10-ны өдөр А/500-44 дугаартай Буудай хадгалах босоо агуулахыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ, 2010 оны 09 сарын 02-ны өдөр А/06-2010 дугаартай Буудай хадгалах босоо агуулахыг худалдан борлуулах санхүү түрээсийн гэрээ, 2019 оны 06 сарын 07-ны өдөр УХБ-ТӨВ-2019/34 дугаартай Ургамал хамгаалахад ашиглах бодис зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 05 сарын 01-ний өдөр УХБ-БУ2017/31 дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 09 сарын 12-ны едөр БУ-ХТ-2017/20-Б дугаартай Түлш зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 05 сарын 10-ны өдөр УХБ-БУ2017/31-Б дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 09 сарын 07-ны өдөр БУ-ХТ-2017/020 дугаартай түлш зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2013 оны 06 сарын 12-ны өдөр УХБ-Хөтөл-170 дугаартай 2013 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын зээпийн гэрээ, 2016 оны 10 сарын 07-ны өдөр УХ-2016/БУ/№085 дугаартай 2016 оны сгац хураалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээг тус тус байгуулсан.

2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний үлдэгдэл 189,512,437.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 94,756,218.00 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 189,512,437.00 төгрөг, нийт 284,268,655.00 төгрөг гаргуулахаар байна.

Иймд У******* ХХК-аас үндсэн төлбөр 189,512,437.00 төгрөг, анз 94,756,218.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 284,268,655.00 /хоёр зуун наян дөрвөн сая хоёр зуун жаран найман мянга зургаан зуун тавин таван/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

А.Хариуцагч У******* ХХК-ийн зүгээс дээрх нэхэмжлэлд дурдсан гэрээнүүдийг нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан. Үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй болно.

Б.Угтаа бол хариуцагч хуулийн этгээдийн зүгээс дээрх 16 төрлийн гэрээний үүргийг тухай бүрт нь биелүүлж гэрээ байгуулах үед урьдчилгаа 40 хувийн төлбөрийг бэлэн мөнгөөр төлж, харин үлдэгдэл 60 хувийн төлбөрийг тухайн жилийн ургац хураалтаар Хөдөө аж ахуйн дэмжих сан-д /хуучин нэрээ/-д, тушаасан Улаанбуудай-с суутгуулдаг байсан.

В.Тодруулбал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болоод түүний үндэслэлд дурдаж буй 2010-2020 он хүртэлх Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ургамал хамгааллын бодисын гэрээ, түлш зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн зөрчил хариуцагчийн хувьд байхгүй болно.

Г.Угтаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдаж буй 16 төрлийн гэрээний үүргийн зөрчлийг нэгтгэн нэхэмжилж байгаа бол нэхэмжлэлд дурдсан аль аль гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй ямар үүргийн зөрчил гаргасан, гэрээ тус бүр төлбөрийн үлдэгдлийг хэрхэн тооцож гаргасан мөн гэрээнд заасан анз буюу алдангийг тооцохдоо тухайлсан гэрээ тус бүрээр тооцох /гэрээнд заасан бол/ тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байх тул хариуцагчийн зүгээс дэлгэрэнгүй тайлбар гаргах боломжгүй байна.

Д.Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй 2017, 2018, 2021 онд /чиргүүл/ тус тус Техник зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж байсан бөгөөд тухайн гэрээний төлбөрийг дараах байдлаар төлж одоогоор үлдэгдэл 64.999.622.85 төгрөгийн өр төлбөртэй байгаа болно.

Е.2017-12-16-ны өдөр ОХУ-н техник 471.348.717.98 төгрөгөөр зээлээр худалдан авч тухай оны ургац хураалтаар 142.476.804.00 төгрөгийг зээлийн төлбөрт суутгуулж үлдэгдэл 328.871.913.98 төгрөгийн өглөгтэй байгаа бол 2018 онд нэмж Вектор-410 үр тарианы комбайн техник 242.047.052.00 төгрөгөөр худалдан авч нийт 570.918.965.98 төгрөгийн өглөгтэй байсан бол мөн оны ургац хураалтаар 140.212.397.36 төгрөгийн төлбөрийг буудайгаар суутгал хийж төлсөн бол 12.806.518.26 төгрөгийг гаалийн татварт төлж /техникийн төлбөрөөс хасуулахаар/ 2021 онд нэмж Тэжээл хураагч чиргүүл зээлээр худалдан авч нийт 439.859.195.36 төгрөгийн өглөгтэй байсан бол дээрх төлбөрийг 2020 оны ургац хураалтаар 215.251.683.74 төгрөгийн төлбөрийг буудайгаар төлж, 2021 оны ургац хураалтаар 159.607.888.77 төгрөгийн төлбөрийг мөн буудайгаар суутган төлж одоо үлдэгдэл 64.999.622 төгрөгийн өр төлбөртэй байна. /Үүнтэй холбоотой Хөдөө аж ахуйн дэмжих сантай нийлсэн тооцооны акт мөн У******* ХХК-ийн санхүүгийн тооцооны баримтыг тус тус нотлох баримтаар гарган өгч байна/

Иймд нэхэмжлэгчээс 2010-2020 оны хооронд байгуулсан Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ургамал хамгааллын бодисын гэрээ, түлш зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У******* ХХК-аас 64,999,622.89 /жаран дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун хорин хоёр төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж Хөдөө аж ахуй корпораци ТӨХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах болон 203,042,385.11 /хоёр зуун гурван сая дөчин хоёр мянга гурван зуун наян таван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч У******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 482,948 /дөрвөн зуун наян хоёр мянга есөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******э нь давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У******* ХХК-д холбогдох иргэний хэргийг Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус тооцоо нийлж 64,999,622.85 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгааг талууд баталгаажуулсан гэж үзэж, хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг зөв үнэлээгүйд гомдолтой байна. Тус тооцоо нийлсэн баримт нь У******* ХХК-ийн эцсийн үлдэгдэл бус харин тухайн өдөр хүртлэх гэрээний үлдэгдэл байхад шүүх бусад баримтыг үнэлээгүй.

2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ОХУ-Т/18/32 дугаар санхүүгийн түрээсийн гэрээ болон тус өдөр ОХУ/2018-Т32/Б28 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ 96,393.7 евро бөгөөд урьдчилгаа 33,625.1 еврог төлж, 48 сарын хугацаатайгаар жилийн 4,62 хувийн хүүтэй, үлдэгдэл 62,768.6 еврог хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн. Үндсэн зээлийн үлдэгдэлд 45,998.61 евро буюу 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ханш 3734.54 төгрөгт хөрвүүлэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 171,783,649 төгрөг болно. Түүнээс гадна 10,366,534.96 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улаан будааны төлбөр илүү шилжүүлсэн тул авлага үүсгэсэн болно. ОХУ-Т/18/32 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 171,783,649 төгрөг, илүү шилжүүлсэн улаан буудайн төлбөр 10,366,534.96 төгрөг, нийт 182,150,184 төгрөг болно. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 171,783,649 төгрөгийн 50 хувь буюу 85,891,824.5 төгрөг болно. Иймд 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ОХУ-Т/18/32 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 45,998.61 евро буюу 171,783,649 төгрөг /2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ханш 3734.54 төгрөгт хөрвүүлсэн болно/, улаан будааны илүү шилжүүлсэн 10,366,534.96 төгрөг, алданги 85,891,824.5 төгрөг, нийт 268,042,008 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд гэрээний үлдэгдлийн талаарх санхүүгийн баримтыг хавтаст хэрэгт авагдсан байхад тус баримтыг үнэлээгүй болно гэв.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч Д.За******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн дугаартай шийдвэрт гаргасан гомдолдоо ...64.999,622.85 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгааг талууд баталгаажуулсан гэж үзэж, хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг зөв үнэлээгүйд гомдолтой байна. Тус тооцоо нийлсэн баримт нь У******* ХХК-ийн эцсийн үлдэгдэл бус харин тухайн өдөр хүртэлх гэрээний үлдэгдэл байхад шүүх бусад баримтыг үнэлээгүй" хэмээн үзэж үндсэн зээлийн үлдэгдэл 45,988.61 евро буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ханш 3734.54 төгрөгт хөрвүүлэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 171,783,649 төгрөг болно. Илүү шилжүүлсэн улаан буудайн төлбөр дээр нэмж алданги тооцож нийт 268,042.008 төгрөгийг нэхэмжилсэн.

Тухайн гомдлыг бидний зүгээс дараах байдлаар няцааж байна. У******* ХХК нь анх 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №ОХУ-Т18/32 тоот Санхүүгийн дамжуулан түрээслэх гэрээ-ээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэх дэмжих сан-тай гэрээний хавсралт 1-т заасан техник, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан нөхцөлөөр санхүүгийн дамжуулан түрээсээр олгохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 2.1-т Санхүүгийн дамжуулан түрээслэх" гэрээний дагуу олгож буй техникийн мэдээллийг Үр тариа хураах комбайн Вектор 410-1 ширхэг, нийт үнэ 96,393 евро байна гэж, гэрээний 2.9-т гэрээний хугацаа 48 сар буюу 4 жилийн хугацаатай байгуулснаар уг гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусахаар талууд гэрээнд тусгасан ба гэрээ дээр хоёр талаас ямар нэгэн маргаан байдаггүй.

Гэвч нэхэмжлэгч нь гомдолдоо үндсэн зээлийн үлдэгдэл 45,988.61 евро буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ханш 3734.54 төгрөгөөр бодож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэх хуулийн заалттай зөрчилдөж байна. Гэрээнд евро гэх мөнгөн тэмдэгтийг тусгасан хэдий ч мөнгийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр буюу Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу үндэсний мөнгөн тэмдэгтээр шилжүүлэн авдаг байсан атал хариуцагчийн зүгээс гэрээ байгуулагдаж, тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ханш 3734.54 төгрөгөөр бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл байна.

2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөн хоёр тал ОХУ/2018-Т32/528 тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 2.1, 2.3 дахь заалтуудад барьцаалах хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 70 хувь буюу 250,000,000 төгрөгийн хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалбар болгон барьцааны гэрээ байгуулжээ. Гэрээний нийт төлбөр нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 275,140,393.91 төгрөг бөгөөд тухайн өдрийн евро ханш 2854.34 төгрөг байсан. Үүнийг талууд баталгаажуулан Тариалан эрхлэх дэмжих сан-гийн санхүүгийн тайлан болон У******* ХХК-тай нийлүүлсэн төлбөрийн тооцоололд Санхүүгийн дамжуулан түрээслэх гэрээний дагуу авсан техникийн нийт төлбөр 2019 оны байдлаар 417,900,050 төгрөгийн өр төлбөртэй байгаа талаар тооцоо нийлсэн. /1-хх-ийн 18-р талд авагдсан 2020-04-08-ны өдрийн байдлаарх тооцооны баримт/

2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр У******* ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сан-аас тэжээл хураагч чиргүүл 21,959,145 төгрөгийн тоног төхөөрөмж нэмж авснаар нийт тоног төхөөрөмжийн төлбөрт төлөх өр төлбөр 439.859,195.36 төгрөг болсон. Үүнээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар У******* ХХК-ийн нийт буудайгаар хийсэн төлөлт 215,251,683.74 төгрөг байсныг талууд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоогоор баталгаажуулж, үлдэгдэл төлбөр 224,607,511.62 төгрөгөөр тогтсон. /2021.11.30-ны өдрийн тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан/

224,607,511.62 төгрөгийн өр төлбөрөөс 2021 оны буудайн төлөлтөөр төлсөн 159,607,888.77 төгрөгийг хасч, талууд 64,999,622.85 төгрөгийн өр төлбөр үлдсэн талаар тооцоо нийлж баталгаажуулсан. Ийм байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолдоо үндсэн зээлийн үлдэгдэл 171,783,649 төгрөг болон илүү шилжүүлсэн улаан буудайн төлбөр дээр нэмж алданги тооцож нийт 268,042,008 төгрөгийг нэхэмжилсэн нь хавтаст хэрэгт авагдсан тодорхой баримтаар нотлогдоогүй байна.

Иргэний хуулийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгч холбогдох баримтын талаар асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч би мэдэхгүй байна гэх хариу өгч байсан. У******* ХХК нь 2017-2019 он хүртэлх хугацаанд Тариалан эрхлэх дэмжих сан-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж тоног төхөөрөмж лизингээр худалдан авдаг байсан бол 2020 онд Хөдөө аж ахуйг дэмжих сан-тай санхүүгийн дамжуулан түрээслэх гэрээ байгуулж эд хөрөнгө худалдан авч, уг тоног төхөөрөмжийн өр төлбөр, өглөг, авлагын тайлан тооцоог уг хоёр сантай нийлүүлсэн.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХК нь хариуцагчтай ямар нэгэн санхүүгийн дамжуулан-түрээслэх гэрээ байгуулж тоног төхөөрөмж худалдаж байгаагүй бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 269 тоот тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, тус сангийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг шилжүүлэн авч шаардах эрх шилжүүлэн авсан этгээд юм. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрх өөр этгээдэд шилжсэн бол үүрэг гүйцэтгэгч шаардах эрх шилжих тухай мэдэгдэх хүртэл үүссэн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчид гүйцэтгэхээр хуульчилсан.

Хэрэгт авагдсан Тариалан эрхлэх сангийн 2020 оны санхүүгийн тайлан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн У******* ХХК-тай тооцоо нийлсэн акт зэргээр У******* ХХК нь 64,999,622.85 төгрөгийн өр төлбөртэй болох нь нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2023 онд тус сангуудын өглөг, авлага, өр төлбөрийг шилжүүлэн авсан шаардах эрх шилжүүлэн авсан этгээдийн хувьд 64,999,622.85 төгрөгийг л шаардах эрхтэй болно.

Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн дугаартай шийдвэр нь Иргэний хуулийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтын хүрээнд үндэслэлтэй, шударгаар шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав. 

2.Нэхэмжлэгч Х*******т ХХК нь хариуцагч У******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 284,268,655 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нийт үнийн дүнд тооцооллын зөрүү үүссэн тул 16,226,647 төгрөгөөр багасгаж 268,042,008 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч, харин тооцоо нийлсэн төлбөрийн үлдэгдэл 64,999,622 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж мэтгэлцэж байна.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ОХУ-Т/18/32 дугаартай 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээний үлдэгдэл 171,783,649 төгрөг, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул хугацаа хэтрүүлсний алданги 85,891,824.5 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр илүү шилжүүлсэн улаан буудайн төлбөр 10,366,534.96 төгрөг, нийт 268,042,008 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, /45,998.61 евро 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ханш 3734.54 төгрөг/ гэж тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн хэдий боловч маргаанд ач холбогдолтой байж болох илүү шилжүүлсэн улаан буудайн төлбөрийн талаар ямар нэгэн баримтгүй, тооцоо нийлсэн акт гэх баримтанд талууд гарын үсэг зураагүй, зөвхөн нэхэмжлэгч талын нягтлан бодогчийн гарын үсэгтэй болон гарын үсэггүй баримтыг тус тус шүүхэд ирүүлжээ.

 

3.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч тал уг үүргээ биелүүлээгүй буюу гэрээ бүрийг дүгнэж, тооцооны үлдэгдлийг нэг бүрчлэн гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

3.2.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан ба хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 64,999,622.85 төгрөгийн үлдэгдэлтэй уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зохих хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

 

3.3.Харин нэхэмжлэгч Х*******т ХХК-ийг шаардах эрхээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл талууд шаардах эрхтэй субьект мөн эсэх талаар маргаагүй бөгөөд гэрээ байгуулсан эсэх дээр ч маргадаггүй. Хэрэв нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж шүүх дүгнэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг ч гэсэн хэсэгчлэн хангах үндэслэл тогтоогдохгүй байсан гэж үзнэ.

4.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, У******* ХХК-ийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгчид шаардах эрх шилжсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

5.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5.1.2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ОХУ/2018-ТЗ/Б28 дугаартай барьцааны гэрээний 6.1-д Гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, нотариатчаар гэрчлүүлэн, эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж тодорхойлсон,

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, мөн хуулийн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

 

5.2.Барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, хариуцагчийн эзэмшлийн газар гэдэг нь нотлогдоогүй, эзэмшлийн хэмжээ тодорхойгүй зэргээс дүгнэвэл гэрээ болон хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 гэснийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР

 

 

Л.АРИУНЦЭЦЭГ