Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 451

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Г.Ганчимэг,    

хохирогч С.Н ,      

шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  овогт Ш-ийн Х-т  холбогдох эрүүгийн 191006180359 дугаартай 187/2019/0419/Э индекстэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.            

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ........ оны ..... дугаар сарын ......-нд Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ..... боловсролтой, механик мэргэжилтэй, ......, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн .... хороо, ........ тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны оны 12 дугаар сарын 14-ний өдөр 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, О  овогт Ш-ийн Х   /РД:........................./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ш.Х нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоот гэрээсээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд Ш.Хатнаа гэх фэйсбүүк хаягаар “Батлан хамгаалах их сургуульд оруулж өгнө” гэж зар тавьж иргэн С.Н-ийн 640.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.      

   

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ш.Х нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоот гэрээсээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд Ш.Хатнаа гэх фэйсбүүк хаягаар “Батлан хамгаалах их сургуульд оруулж өгнө” гэж зар тавьж иргэн С.Н-ийн 640.000 төгрөгийг залилсан болох нь:

1. Шүүгдэгч  Ш.Х  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч С.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сард фэйсбүүкээр “Батлан хамгаалах их сургуульд болон ахлагчийн курст оруулж өгнө” гэсэн зарын дагуу холбогдоход намайг Улаанбаатар хотод ирж бичиг баримтаа бүрдүүлж өгөх талаар хэлэхээр нь би эгчтэйгээ 2 хоногийн дараа Улаанбаатарт ирсэн. Улаанбаатар хотод ирэхэд Ш.Х намайг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19 дүгээр гудамжинд ирж уулзах талаар хэлсэн. Би товлосон газар очиж уулзтал Ш.Х надад бичиг баримтаа канондоод өг дээр нь Батлан хамгаалахын их сургуульд орох талаар өргөдөл бичиж ир гээд бичүүлж авч бүртгэлийн 20.000 төгрөг авсан. Хэдэн хоногийн дараа Ш.Х намайг гэрийнхээ гадаа дуудаж яаралтай хувцас авдаг юм хувцасны мөнгө 320.000 төгрөгийг надаас дансаар авсан. Удалгүй надруу танихгүй дугаараас надруу ахмад Э- гэдэг хүн залгаж 2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө Батлан хамгаалахын их сургууль дээр ирээрэй гэж хэлсэн. Харин одоо миний данс руу 300.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлэхээр нь би итгээд шууд шилжүүлчихсэн. Үүний дараа Ш.Х болон ахмад Э- нар дахиж надтай холбоо бариагүй. Тэгэхээр нь би ээжтэй хамт Батлан хамгаалахын их сургууль орж Ш.Х гэдэг хүн ажилладаг эсэхийг асуухад ажилладаггүй гэж хэлсэн. Дараа нь би цагдаад мэдэгдсэн. Х   надад 640.000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батлан хамгаалах их сургуульд болон ахлагчийн курст орох хүсэлттэй хүн байвал чат бичнэ үү гэх зарын дагуу 9998**** дугаар үлдээсэн байсан. Тухайн дугаараар холбогдож БХИС-д орох хүсэлтэй байгааг хэлэхэд Улаанбаатар хотод ирж бичиг баримтаа өгөх талаар хэлэхээр нь ирсэн юм. ...уулзахад өөрийгөө Ш.Х гэж танилцуулсан эрэгтэйтэй холбогдоход такси бариад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 19 дүгээр гудамжинд ирж уулзах талаар хэлсэн. Хашаанаас гарч ирээд гудамжинд надтай уулзаад бичиг баримтаа канондаад өг дээр нь БХИС-д орох талаар өргөдөл бичиж ир гээд бичүүлж аваад бүртгэлийн мөнгө 20.000 төгрөг авсан. ...Түүний дараагаар намайг гэрийнхээ гадаа дуудаад яаралтай хувцас авдаг юм хувцасны мөнгө гэж 320.000 төгрөг хэрэгтэй гээд надаас нэг дансаар авсан. Удалгүй над руу 8612**** дугаараас над руу залгаад өөрийгөө ахмад Э- гэдэг хүн байна 2019 оны 2 дугаар сарын 18-ны өглөө БХИС дээр хоцролгүй ирээрэй одоо миний 50401***** данс өгөөд би ээж рүү ярьж байгаад 300.000 төгрөг шилжүүлсэн дараа нь нөгөө хүн нь надтай холбоо бариагүй бөгөөд Ш.Х нь надаас утсаар хувцасны размер авч байсан дараагаар надтай холбогдолгүй удсан учир цагдаад хандсан юм. Би тухайн хүнээс өгсөн мөнгөө буцааж авмаар байна. Би ээжийн хамт БХИС дээр очиж Ш.Х гэдэг хүн ажилладаг эсэхийг тодруулахад ажилладаггүй болох нь тогтоогдсон юм...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/

            4. Гэрч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Х гэх хүнтэй холбогдож гэрт нь буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт очиж уулзаж байсан юм. Тухайн үед бүртгэлийн мөнгө гэж 20.000 төгрөгтэй очсон байсан. Дараа нь дахин мөнгөний хэрэг гарлаа гэж хэлэхээр нь би Хөсвгөл аймгаас Хаан банкны АТМ-ээс 50712***** дугаарын данс руу өөрийн 58903***** дугаарын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 320.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2019 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 300.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Би хотод байх хугацаандаа Батлан хамгаалах их сургууль дээр очиж Ш.Х гэх хүн ажилладаг эсэхийг тодруулахад ажилладаггүй талаар олж мэдсэн учир цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/

            5. Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ш.Х нь манай гэрт ирээд утсаараа нэг яриулаач миний утасны цэнэг дуусчихлаа гэж хэлээд миний утсаар нэг эмэгтэй хүнтэй яриад байсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө гээд өдөр төлөвлөөд бэлэн байгаарай гэж ярьж байгаад би чам руу данс явуулъя, чи энэ данс руу мөнгөө хийгээрэй гэж хэлээд надаас дансны дугаарыг асууж байгаад тухайн эмэгтэй рүү миний 8612**** дугаараас данс явуулсан. Дараа нь миний утсанд Хаан банкны 58903***** тоот данснаас миний данс руу 300.000 төгрөг орсон талаар мэдээлэл ирсэн юм. Тэгээд мөнгө орчихлоо гэж Ш.Х-т  хэлэхэд гэрээс гарахдаа миний картны нууц дугаарыг асуугаад мөнгө аваад ирье гэж хэлээд аваад явсан юм. Тэгээд орой ирэхдээ мөнгөтэй ирнэ сайхан ууцгаая гэж хэлээд манай гэрээс явахдаа 1 шуудай нүүрс аваад явсан юм. Тэгээд ойролцоогоор 1 цагийн дараа миний данснаас Ш.Х нь 295.000 төгрөгийг авсан талаар мессеж ирсэн юм. Ш.Х тухайн оройдоо манай гэрт ирээгүй бөгөөд дараагаар нь би Ш.Х-т ай холбогдох гээд утас руу залгахад холбогдох боломжгүй байсан юм. Тэгээд 4 хоногийн дараа гэрт нь очиж өөрийн хаан банкны виза картаа авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

           6. Гэрч Д.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллаад удаагүй ажлаасаа гарсан бөгөөд найз нөхөдтэйгээ РС тоглоом тоглоод сүүлийн 5 жил огт ажил хийгээгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

            7. Шүүгдэгч Ш.Х  ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн Ш.Хатнаа гэх фэйсбүүк хаягаар “Батлан хамгаалахын их сургуульд” хүн найдвартай оруулж өгнө гэж зар тавиад өөрийн 9998**** дугаарын утсаар холбогдох талаар үлдээсэн юм. Тухайн зарын дагуу өөрийгөө С.Н  гэж танилцуулсан эмэгтэй надтай холбогдож Батлан хамгаалахын их сургуульд орох гэсэн юм гээд Улаанбаатар хотод ирж уулзсан. Надтай гэрийн гадаа уулзахаар нь 10 жилийн тодорхойлолт, зураг, мөн бүртгэлийн хураамж гэж задгай мөнгө авч байсан. ...Дараа нь би түүний утас руу залгаж өөрийн Хаан банкны 50712***** дугаарын дансаа өгч 300.000 төгрөг хий гэж хэлээд шилжүүлэн авсан. Дараа залгаа хашаанд байдаг байсан Э.Э- гэх найзынхаа Хаан банкны 50401***** дансыг ашиглан 300.000 төгрөг авсан юм...Тухайн авсан мөнгөө би өөрийн хэрэгцээнд үрээд дуусгасан. ...Батлан хамгаалахын их сургуульд огт ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Ш.Х нь урьд урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны оны 12 дугаар сарын 14-ний өдөр 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/-аар тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй тул Ш.Х  ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ш.Х нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоот гэрээсээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд Ш.Хатнаа гэх фэйсбүүк хаягаар “Батлан хамгаалах их сургуульд оруулж өгнө” гэж зар тавьж иргэн С.Н-ийн 640.000 төгрөгийг залилж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Ш.Х  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч С.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хохирлоо төлбөрөө бүрэн хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Шүүгдэгч Ш.Х  ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.         

            Ш.Х-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1. Шүүгдэгч О  овогт Ш-ийн Х  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт Ш-ийн Х  ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Х-т  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

            4. Ш.Х-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ш.Х-т  сануулсугай.   

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Х-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР