| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/06515/И |
| Дугаар | 210/МА2026/00335 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00335
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/08423 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** холбогдох,
257,371,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******тэй зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, 200,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаатай, 1 сарын 2.7 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 4,850,000 төгрөгийн хүүг төлсөн. Гэрээний дагуу сар бүрийн 23-ны өдөр хүү төлж хугацааны эцэст үндсэн зээлээ төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд үндсэн зээл 200,000,000 төгрөг, 10 сарын хүү 49,150,000 төгрөг, алданги 8,221,950 төгрөг, нийт 257,371,950 төгрөгийг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. ******, ****** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан.
Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна., 3.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хэлбэр, агуулга, түүний заалтууд, стандарт нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, зээлийн харилцаа гэж харагдахгүй байна. Мөн ашиг олох зорилгогүй гэх заалттай үл нийцэж байна. Тухайн зээлээр алданги тооцоод явсан нь ашиг олох зорилготой гэдгийг хангалттай нотолж байгаа.
Нэхэмжлэгч ****** нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй гэдэг нь Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн албан тоотоор нотлогдсон.
Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох эрх зүйн үр дагавар байгаа хэдий ч манай тал маргаагүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232.4, 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******эс 257,371,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ****** үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ****** Ар ****** гудамж, ****** байрны 2 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,973,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,973,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид "мөнгөн зээлийн үйл ажиллагаа" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна", 3.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй" хэмээн тус тус хуульчилж өгсөн.
Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, түүний заалт, стандарт нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй бөгөөд бусдад мөнгө зээлж, үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар барьцаалсан зэрэг нь ашиг олох зорилготой байсныг нотолж байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно." гэж заасан. ****** нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй болох нь нотлогдсон.
Түүнчлэн, ******гоос ******* хамаатан болох ******* 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөгийн зээлийг олгож байсныг нотолсон 4 хуудас материалыг шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь энэ үйл баримттай маргаагүй.
Иймд зээлийн хүү, алдангид тооцсон 57,371,950 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээний харилцаа юм. Хариуцагчийн татгалзалдаа үндэслэж байгаа хуулийн зохицуулалт нь энэ хэрэгт хамааралгүй. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримт нь шаардлага хангаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******6 дугаар зүйлийн ******6.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ****** холбогдуулан зээлийн үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 49,150,000 төгрөг, алданги 8,221,950 төгрөг, нийт 257,371,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг зөрчиж зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж нэхэмжлэлээс хүү, алданги шаардсан хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2.1. Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны үүргийг хариуцагч хариуцах эсэх талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 200,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 1 сарын 2.7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, үүнээс хариуцагч нь гэрээний дагуу 4,850,000 төгрөг төлсөн байна.
Үүнийг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэжээ.
Гэрээнд заасан хүү, алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.
3.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг байнга ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагчийн төрөл садан гэх ******* урьд олгосон зээлийн тухай талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийг байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв байдлаар дүгнэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсэгт зааснаар бүртгэлийн үндсэн дээр явуулах ёстой мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлээгүй, иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй зээлийг олгосон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
3.2. Гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хариуцагч нь зээл, хүүг төлөөгүй, үүргийн зөрчил үүсгэсэн тул анхан шатны шүүх түүнээс үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 49,150,000 төгрөг, алданги 8,221,950 төгрөг, нийт 257,371,950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зохицуулалт буруу баримталсан, алдаатай бичсэн байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.
4. Зохигчийн байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах үүднээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ****** Ар ****** гудамж, ****** байрны 2 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалах гэрээ байгуулагдсан байна.
Уг гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* ****** нь итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж гарын үсэг зурсан тул гэрээний талууд нь барьцаалагч ****** болон барьцаалуулагч ******* нар болно.
Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээний тал бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч ****** биш байхад түүнд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцээгүй.
Энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй хэдий ч шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын хүрээнд уг алдааг залруулж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
4.1. Түүнчлэн барьцааны эрх нь зөвхөн зээлийн үүргийн биелэлтийг хангах нэмэлт шинжтэй бус, харин барьцаа хөрөнгийн өмчлөгчийн өмчлөх, захиран зарцуулах, ашиглах эрхэд шууд нөлөөлдөг тул өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах маргааныг шийдвэрлэх боломжгүй.
Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний нөгөө талд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдвал зохино.
4.2. Нэхэмжлэлийг хангасан хэмжээнд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулахын зэрэгцээ шүүхийн гаргасан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын алдааг мөн залруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын талаар алдаатай эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******7 дугаар зүйлийн ******7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/08423 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 282.3, 232.4, 232.4 гэснийг 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ****** холбогдох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, ******, Ар ****** гудамж, ****** байрны 2 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,973,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,444,810 төгрөг, улсын орлогоос 458,890 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******2 дугаар зүйлийн ******2.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******7 дугаар зүйлийн ******7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.БАДРАХ