| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0611/Э |
| Дугаар | 609 |
| Огноо | 2019-10-01 |
| Зүйл хэсэг | 19.14.1., 19.14.2.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 609
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Бүжинлхам,
шүүгдэгч Ж.Ц , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ийн Ц-д холбогдох эрүүгийн 1702002160085 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......оны .... дүгээр сарын ....-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, .... настай, .... боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... дүүргийн ... хороо нуурын ... дугаар гудамж .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ж-ийн Ц /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Ж.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа агаарын замын боомтоор Г-ийн М-ийн эзэмшлийн Е2020*** дугаартай энгийн гадаад паспорт ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа агаарын замын боомтоор Г-ийн М-ийн эзэмшлийн Е2020*** дугаартай энгийн гадаад паспорт ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан болох нь:
1. Шүүгдэгч Ж.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-394/
3. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-40-45/
4. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-220-221/
5. Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тогтоолууд /хх-208, 222/
6. Гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн зөрчлийг би илэрүүлсэн. ТК-343 Улаанбаатар-Бишкек-Стамбул чиглэлийн аялалын онгоцны зөрчигч нарын бүртгэл явагдаж байсан. Ж.Ц нь Г-ийн М-ийн бичиг баримт буюу гадаад паспортыг ашиглаж, Монгол Улсын хилээр хэвтрэхийг завдсан. Ж.Ц нь бусдын бичиг баримт ашиглаж хилээр гарах санаа зорилготой байсан.Тэгээд надад бичиг баримтаа өгч шалгуулахдаа сандарсан байдалтай, паспортыг программд уншуулж ижилсүүлэлт хийхэд зураг өөр байсан. Тэгээд хувийн байдал регистрийн дугаар, овог, нэрийг асуухад Г.М-ийн регистрийн дугаар, нэрийг хэлж байсан. Ж.Ц нь хилийн зурваст орсон байсан. Хил нэвтрээгүй, хил нэвтрэхийг завдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/
7. Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө өгсөн.Манай хуурай ээж Ж.Оюундэлгэр над руу 2017 оны 11 дүгээр сарын эхээр яриад Ж.Ц эгч, Э.Оюунгэрэл ээж бид гурав дэнжийн мянгад уулзсан. Тэгээд Ж.Оюунгэрэл ээж манай дүүтэй чи адилхан юм чинь Ж.Ц д гадаад паспортоо түр хэрэглүүээч гэж хэлэхэд нь би тэг тэг гээд зөвшөөрсөн. Тухайн үед надад гадаад паспорт байхгүй байсан учраас би дахин паспорт гаргуулан авч Ж.Ц д өгч байсан. Тэгэхдээ миний паспортыг ашиглаж явах гэж байгаа талаар хэлээгүй. Хэрвээ миний паспортыг ашиглаж Монгол Улсын хилээр гарах гэж байсныг мэдэж байсан бол би өгөхгүй байсан... Надад юунд хэрхэн ашиглах гэж байгааг хэлээгүй, би асуугаагүй...Миний паспортыг удаахгүй эргүүлээд өгнө гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/
8. Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Ж.Ц намайг гадаад паспорт олоод өгөөч гээд гуйгаад байсан.Тэгэхээр нь би Г.М-ээс манай дүү Ж.Ц той адилхан байж магадгүй гэж бодоод Г.М-ээс гадаад паспортыг нь гуйсан. Тухайн үед гадаад паспортыг авахдаа Г.М-т Ж.Ц ыг гадаад паспортыг нь ашиглаад Турк улс руу явах гэж байгаа гэдгийг хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57,213-214/
9. Шүүгдэгч Ж.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Турк улс руу явах гэж авсан. Өөрийн гадаад паспортаа хар даруулчихсан болохоор Г.М-ийн гадаад паспортаар Турк улс руу явъя гэж бодсон. Би гадаад руу Турк улс руу явах гэж байгааг Г.М-т хэлж байсан. Гэхдээ Г.М-т яг нарийн ширийн хилээр гадаад паспортыг үзүүлж гарна гэдэг зүйлийг тайлбарлаж хэлээгүй. Зүгээр гадаад паспортаа өгчихөө хэрэгтэй байна гэж гуйгаад авсан. Г.М- намайг түүний гадаад паспортыг ашиглаад хил дээр үзүүлээд хил гарна гэдгийг мэдэхгүй байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-221-212/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ж.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа агаарын замын боомтоор Г-ийн М-ийн эзэмшлийн Е2020*** дугаартай энгийн гадаад паспорт ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсаныг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ж.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгч Ж.Ц ын шүүх хуралдаанд өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...... боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл ....хамт амьдардаг.../ зэргийг харгалзан шүүгдэгч Б овогт Ж-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ц д оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Ж.Ц д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Е2020*** дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, 40391072 дугаартай 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийн билет 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Ж.Ц ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ж-ийн Ц-ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ц д оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ж.Ц д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Е2020*** дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, 40391072 дугаартай 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийн билет 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Ц д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР