Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00288

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/09532 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******ид холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх үндсэн, талуудын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр*******дүүрэг,*******дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дүгээр байр, тоот хаягт байрлах 76.18 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 118,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл хариуцагч нь уг орон сууцыг хүлээлгэж өгөхгүй байх тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь миний ажиллаж байсан ХХК-аас орон сууц худалдан авсан боловч тус орон сууц цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас нэхэмжлэгч нь манай гэрт ирж, орон сууц ашиглалтад орох хүртэл өөрийнхөө орон сууцыг өг гэж дарамтлаад байсан учир худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Миний хувьд анхнаасаа уг гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгчтэй байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд, дээрх гэрээнд заасан 118,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөх үүрэгтэй. Гэтэл тэрээр 20,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй үүргээ зөрчсөн тул уг гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Би, гэрээний 3.3-т зааснаар төлбөрийг бүрэн төлсөн. Тодруулбал, миний бие 2021 оны 05 дугаар сард 2 өрөө орон сууц захиалж, нийт 57,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл захиалсан орон сууцыг гэдэг хүнд зарсан байсан. Тэгээд би ХХК-д очиж уулзахад манайх гэрээгээ цуцлаад орон сууцыг т зарсан гэсэн. Би, хариуцагч *******тай уулзаад яах талаараа ярилцахад тэрээр өөрийнхөө орон сууцыг надад өгсөн ба тухайн үед барьцаанд байсан. Ингээд бид хоёр 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр банк бус санхүүгийн байгууллага дээр очоод би зээлийн үлдэгдэл төлбөр болох 28,000,000 төлөөд *******ийн орон сууцыг чөлөөлсөн. Тус худалдах, худалдан авах гэрээний үнийг тохиролцохдоо анх захиалсан байсан орон сууцыг 90,000,000 төгрөгт үнэлж, үүн дээр банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 28,000,000 төгрөгийг нэмээд нийт 118,000,000 төгрөг гэж тохирч, улмаар миний бие төлбөрийг бүрэн төлсөн гэж харилцан тооцож, гэрээнд тусгасан гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс улсын бүртгэлийн Ү-22060402 дугаарт бүртгэгдсэн,*******дүүрэг,*******дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж,  ******* байр, тоот хаягт байршилтай 76.18 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******т холбогдох 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ийн урьдчилан төлсөн 818,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

... 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Ховд аймаг дах сум дундын анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр гэрээ хэмээн тогтоож байгаа бол гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул гэрээнээс татгалзаж буй талаараа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингэхдээ гэрээний төлбөр бүрэн төлөгдөөгүй, орон сууцаа хямд үнээр худалдан борлуулахыг зөвшөөрөхгүй учир гэрээнээс татгалзаж буй талаараа нэхэмжлэгчтэй өмнө нь Улаанбаатар зочид буудалд уулзсан талаар хэлж, нэхэмжлэгч тал ч мөн адил тухайн процесс болсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, ******* нь орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрт 28,000,000 төгрөгийг л төлсөн, бусдаар *******ид огт төлбөр төлөөгүй бөгөөд ХХК-аас орон сууц захиалсан төлбөр 47,000,000 төгрөгийг хариуцагчийн орон сууц худалдан авах гэрээний төлбөрт тооцсон нь үндэслэлгүй юм. Хэдийгээр тухайн төлбөрийг тооцсон ч гэсэн гэрээний үндсэн төлбөр болох 118,000,000 төгрөгийн үнийн дүнд хүрдэггүй ба нэхэмжлэгч тал зөрүү төлбөрийг төлөөгүй гэдгээ өөрөө тайлбараараа илэрхийлдэг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан зохицуулалт нь дээрх нөхцөл байдлын хүрээнд хэрэглэгдэх үндэслэлтэй.

Түүнчлэн талууд анх орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа барьцаа болгон шилжүүлэн өгөх журмаар байгуулсан гэдгээ тайлбарладаг ба ХХК-ийн орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаатай байсан. Тэгвэл уг компани орон сууцаа хүлээлгэн өгч чадаагүйгээс шалтгаалж үүрэг гүйцэтгэх боломжгүй буюу Иргэний хуулийн 220 дугаар зүйл 220.1, 220.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн болно.

Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр болон тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэж орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ *******ыг бүрэн гүйцэтгэсэн хэмээн үзсэн нь үндэслэлгүй болно. Учир нь, тус аймгийн шүүхийн шийдвэр, магадлалаар орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр талаар шийдвэрлэсэн боловч гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн болохыг бүрэн тодорхойлоогүй.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ ******* нь бүрэн биелүүлээгүй гэдэг нь бичгийн нотлох баримт болон түүний өөрийнх тайлбараар бүрэн нотлогдож байгаа нь ******* гэрээнээс татгалзах эрх зүйн үндэслэл бүрдсэн гэдгийг харуулж байна.

Эцэст нь дүгнэхэд ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа талуудын хүсэл зоригийн үндсэн дээр бус өөр гэрээний харилцааг халхавчилсан үйлдэл бөгөөд гэрээ хүчин төгөлдөр хэмээн үзсэн ч гэсэн нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй учир хариуцагчийн зүгээс гэрээнээсээ татгалзаж буй асуудлыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох эрхийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй ба сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай холбогдуулан нотлох баримт гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор бүрэн хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1 Зохигч 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн*******дүүрэг, 4 дүгээр хороо, ******* /*******/ ******* гудамж, ******* дүгээр байр, тоот хаягт байрлах 76.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******т 118,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, /х.х-ийн 5-6/

 

3.2 Улмаар талууд энэхүү худалдах, худалдан авах гэрээ /үүргийн хэлцэл/-г улсын бүртгэлд бүртгүүлж, хариуцагч нь тус орон сууцыг өмчлөх эрх /өмчийн хэлцэл/-ээ нэхэмжлэгчид шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэж тайлбарласан.

 

Тодруулбал, зохигч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч *******т маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх үүсэж, хариуцагч *******ийн өмчлөх эрх дуусгавар болсон талаар маргаагүй.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Хэдийгээр зохигч худалдах, худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрхийг худалдагч буюу хариуцагч *******аас худалдан авагч болох нэхэмжлэгч *******т шилжүүлсэн боловч хариуцагчийн зүгээс тус гэрээг хүчин төгөлдөр бус, учир орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэггүй, мөн нэхэмжлэгч нь гэрээний үнийг бүрэн төлж барагдуулаагүй тул худалдах, худалдан авах гэрээг цуцлах нөхцөл байдал бүрдсэн гэж маргасан байна.

 

5. Зохигчийн тайлбар, анхан шатны шүүхийн шийдвэрт ишилсэн Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 319/ШШ2025/00299 дугаар шийдвэр, мөн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр магадлалаар *******ийн гаргасан *******т холбогдох орон сууц шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Энэ тохиолдолд талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй.

 

Тиймээс хариуцагчийн ...миний нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон..., нэхэмжлэгч нь манай гэрт ирж орон сууц ашиглалтад орох хүртэл өөрийнхөө орон сууцыг шилжүүлж өг хэмээн дарамтлаад байсан..., бид халхавчилсан гэрээ байгуулсан ... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч *******ыг худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь,

 

6.1. Талуудын тайлбараар хариуцагч ******* нь ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан, тус компани ХХК-тай тодорхой төрлийн гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр бараа материал нийлүүлэх, хариу төлбөрт 5 ширхэг орон сууц авахаар тохирсон,

 

6.2. Уг гэрээг үндэслэн ХХК нь нэхэмжлэгч *******тай 2021 онд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 57,000,000 төгрөгийг хариуцагч *******ид өгсөн,

 

6.3. Гэвч ХХК нь гэрээний дагуу бараа материал нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учир ХХК нь 5 ширхэг орон сууцыг өгөхөөс татгалзаж, улмаар нэхэмжлэгч *******ын худалдан авахаар тохирсон байсан /үнийг бүрэн төлсөн/ орон сууцыг өөр этгээд //-д худалджээ.

 

Ингээд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 57,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч буцааж өгөөгүй учир талууд 2021 онд худалдан авахаар тохирсон байсан дээрх орон сууцыг 2 жилийн дараа буюу 2023 онд үнэлүүлэхэд 96,000,000 төгрөг болсныг 90,000,000 төгрөг гэж тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь 2021 онд 57,000,000 төгрөгөөр 35.45 м.кв талбайтай орон сууц худалдан авах боломжтой байхад ХХК-аас шалтгаалан тухайн орон сууцыг авч чадаагүй, үүнтэй ижил орон сууцыг хожим 2023 онд 90,000,000 төгрөгөөр худалдан авах тооцоолол гарсан учир зөрүү 33,000,000 /90,000,000 + 57,000,000/ төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүй хохиролд тооцжээ.

 

7. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

Талууд нэхэмжлэгч *******ын 2021 онд худалдан авахаар тохирсон орон сууцыг 2023 онд худалдан авахад 90,000,000 төгрөг /2 жилийн хугацааны орон сууц хөлсөлсний төлбөр болон орон сууцны үнийн өсөлт зэргээс шалтгаалан алдагдсан боломж 33,000,000 төгрөг/-ийн зардал гарах бөгөөд үүнийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхгүйгээр нэхэмжлэгч нь 28,000,000 төгрөгийг хариуцагчид нэмж өгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар түүний өмчлөлийн орон сууцыг 118,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж үзэхээр байна. /57,000,000 +28,000,000 +33,000,000/

 

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь 85,000,000 төгрөг /57,000,000 + 28,000,000/-ийг хариуцагч *******ид төлсөн ба харин төлөөгүй гэх 33,000,000 төгрөг /85,000,000 + 33,000,000/-ийг хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан хохирлын хэмжээг ийм хэмжээний мөнгө гэж тооцож орон сууцны төлбөрт харилцан тооцсон байна.

 

Хэдийгээр хариуцагч ******* нь ХХК-д ажиллаж байсан гэсэн боловч тэрээр нэхэмжлэгч *******аас 57,000,000 төгрөгийг авсан, мөн өөрийн бусад этгээдээс зээлсэн байсан 28,000,000 төгрөгийн өр төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлсэн, түүнчлэн анхнаасаа уг орон сууцыг худалдах хүсэл зориггүй байсан гэдгээ баримтаар нотлоогүй.

 

Иймд, хариуцагчийн ...нэхэмжлэгч орон сууцны төлбөрт 28,000,000 төгрөгийг л төлсөн, ХХК-аас захиалсан орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг маргаан бүхий орон сууцны төлбөрт тооцсон нь үндэслэлгүй, уг төлбөрийг тооцсон ч гэсэн гэрээний үндсэн төлбөр болох 118,000,000 төгрөгийн үнийн дүнд хүрдэггүй тул гэрээнээс татгалзаж байна... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

8. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохын хувьд өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд хариуцагч *******ийн эзэмшил нь хууль бус байх тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй учир Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн байх тул зохигчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан буюу гэрээний төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр цуцлах нөхцөл байдал үүсээгүй.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлийг өмчлөх эрхийн бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэний дараагаар хариуцагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр чөлөөлөхгүй байгаа, түүний энэхүү үйлдлийг бусдын өмчийн зүйлийг хууль бусаар эзэмшсэнд тооцох нь зүйтэй.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлийг чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг өөрчлөхгүй.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох эрхийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй ба сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай холбогдуулан нотлох баримт гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор бүрэн хангаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,

 

9.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/40300 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, түүний хүрээнд нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулж, /х.х-ийн 28/

 

9.2. 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШЗ2025/48444 дугаар захирамжаар мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийн үзлэг давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хойшлуулж, /х.х-ийн 34/

 

9.3. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/48634 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулж, /х.х-ийн 41/

 

9.4. 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/48989 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс нотлох баримт гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч У.Батмэндийг оролцуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлсөн үнийн дүнгийн талаар зохигч маргаангүй, мөн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжгүй хүндэтгэх үзэх шалтгаантай байсан гэх байдал тогтоогдоогүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 54-55/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн байх бөгөөд үүнээс хойш хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/09532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД  Б.АЗБАЯР

 

Б.МАНДАЛБАЯР