| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0654/Э |
| Дугаар | 735 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 735
2019 09 27 2019/ШЦТ/735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Хохирогч Т.Туяацэцэг,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Даваа,
Гэрч Ж.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Лувсанхайдавын Баатар-Эрдэнэд холбогдох эрүүгийн “1911008070659” дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1956 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эвлэрүүлэн зуучлагч ажилтай, ам бүл 1, Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр баг Номт, 27 дугаар байр, 9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б. Л Б, /РД: ..........
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт хохирогч Т.Туяацэцэгт “өмгөөлөгч байна” гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 900,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын дундуур нэг үед надтай хамт шүүгчээр ажиллаж байсан Энхтайван гэдэг хүн утсаар холбогдож “Би нэг эмэгтэй явуулъя ах, дүү нартайгаа бичиг баримтын маргаантай юм чи сайн туслаарай” гэж надад хэлсэн. Тэрнээс хойш Т.Туяацэцэг надад хандах болсон “манай эмээ нас барсан манай ах Одгэрэл Солонгос улсаас ирсэн ахыг явахаас өмнө энэ асуудлыг шийдвэрлэмээр байна” гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т.Туяацэцэг бид 2 уулзаж эвлэрүүлэн зуучлалын өргөдөл бичсэн. Би хуульч хүний хувьд Т.Туяацэцэгт зөвлөсөн “эмээ чинь нас барсан ёс суртахууны хувьд ажил явдалтай байхад цагдаа сэргийлэх гээд яахав хэргийн хувьд асуудалтай иргэний хэргийн нэхэмжлэлээ татаж авсан учраас дахин хэлэлцэх боломжгүй. Тийм учраас ах, дүүтэй чинь уулзъя эвлэрүүлэн зуучлалаар орсон нь дээр гэж хэлсэн”. Эвлэрүүлэн зуучлах газраас 11 дүгээр сарын 5-ны өдөр дуудсан тэр үед Т.Туяацэцэг би ийм байдлаар ах дүүтэйгээ уулзмааргүй байна, тэр тусмаа миний эмээ нас барчихсан та энэ асуудлыг дуусгаж өг гэж хэлсэн. Тэгээд эвлэрүүлэн зуучлагчийн гэрээний дагуу хамгийн том эгч болох Туултай уулзахад “миний дүү Т.Туяацэцэг нь өөрөөсөө их олон насаар ах хүнтэй суусан. Миний дүү ядарч явдаг байх, саяхан ажил явдлын үеэр ирчихээд явсан, бид нартай уулздаггүй. Бид эвлэрэх боломжгүй. Яагаад гэвэл дүү минь хүний гарт орчихсон амьдрал нь дорой байгаа учраас байраа өгөхгүй харин амьжиргааны мөнгө болох 10-15 сая төгрөг өгч болно. Бусдаар бол эвлэрэхгүй” гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эвлэрүүлэн зуулчлалыг дуусгавар болгож гарсан. Гараад би Т.Туяацэцэгт хэлсэн амьдралын эх үүсвэр, мөнгө хэрэгтэй бол мөнгө өгнө гэж байна бусдаар бол ямар ч боломжгүй гэж байна гэж хэлэхэд одоо яавал дээр вэ гэхээр нь чи иргэний хэргээр явбал бүтэхгүй юм чинь эрүүгийн хэргийн журмаар яв гэж хэлсэн. Ах Одгэрэлийг Солонгос улс руу явахаас нь өмнө шийдвэрлэмээр байна гэсэн. Тэгэхэд би эвлэрүүлэн зуучлал дуусгавар болсон баримт 7-10 хоногийн дараа гардаг тул гарсны дараа уулзъя гэж хэлээд салсан. Т.Туяацэцэг нь надад байгаа нь 100,000 төгрөг байна гэж хэлээд 100,000 төгрөг өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болсон баримт гарна гэхээр нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би мөнгөө авчраарай гэж хэлсэн яагаад мөнгө авчир гэсэн бэ гэвэл ихэнх хүмүүс миний мэдлэгийг ашиглачихаад мөнгө өгдөггүй учраас миний хууль зүйн туслалцаа үзүүлсэн мөнгийг авчир, мөн байраа үнэлгээний газраар үнэлүүлж байж цагдаагийн байгууллагад өгөхгүй бол асуудал гарна байрны үнэлгээ 85,000,000 төгрөгний 5 хувь болох 400.000 төгрөгийг авчраарай гэж хэлсэн. Тэгээд Мягмарсүрэн, Т.Туяацэцэг бид 3 уулзсан. Тэд мөнгө авчирсан одоо өргөдлөө бичье гэсэн. Өргөдөлийг нь бичүүлж шуудангаар явуулсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөнгө авч Т.Туяацэцэгийн өргөдлийг шуудангаар явуулсан. Би чамтай хамт орохгүй шүү хуулинд тийм заалт байхгүй гэдгийг хэлсэн гэтэл Т.Туяацэцэг нь би ах, дүү нарынхаа эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна гэсэн. Тэгэхээр нь би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэлийг дараа нь цагдаа дуудах үед хийе гэж тохирч явуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.Туяацэцэг утсаар ярихдаа Золжаргал гэдэг байцаагч намайг дуудаж байна гэж хэлсэн тэр үед би ажил явдалтай байсан учир очиж чадаагүй. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирж Т.Туяацэцэг болон нөхөртэй нь уулзсан. Тэгээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэл хийх гээд Чингэлтэй дүүргийн арын нотариат дээр очсон гэтэл маягт мэдүүлэг байхгүй, мөн урьд бид 2 мөнгө өгөлцөж, авалцахдаа баримт хийгээгүй байсан учраас тэр мөнгө хүлээлцсэн баримтыг хамт хийлгэх гэж Т.Туяацэцэгийг гаргацтай бичдэг учраас Т.Туяацэцэгээр өөрөөр нь бичүүлсэн гэтэл нотариат би ийм зүйл батлахгүй, мөн итгэмжлэл хийх маягт байхгүй байна гэсэн. Ингээд бид 2 Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний нотариат руу орсон чинь мөн адил маягт байхгүй гэхээр нь би Чингэлтэй дүүргийн Эрдэнэцэцэг гэдэг нотариатч руу би орж өөрт байсан хэвлэмэл хуудсыг гарган ирж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэл хийлгэсэн. Үдээс хойш нь би Золжаргал дээр очсон гэтэл намайг хохирогч өөрөө амьд байна, өөрөө орно, хуулинд ийм юм байхгүй, та өмгөөлөгч биш юм байна гэж намайг хөөсөн. Би тухайн өдөр айлын ажил явдалд оролцож ирээд Золжаргалд өмссөн зүүсэн минь өнгө зүсгүй харагдсан байх. Золжаргал надтай яагаад муудсан бэ гэвэл энэ хэрэг Улсын ерөнхий прокурорын газраас хэрэгсэхгүй болж ирсэн учраас миний хийсэн ажлыг үгүй хийсэн гэж надад уурласан. Тэр доороо хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээ аваад цагдаагийн мөрдөн байцаах тасгийн дарга руу орсон намайг оруулахгүй байна хэлж өгөөч ээ би хүнээс мөнгө авчихсан буцах арга байхгүй Үндсэн хуулинд ах, дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж заасан байдаг гэж хэлэхэд итгэмжлэл болон Золжаргалыг авч үлдсэн. Намайг гарч ирэхэд Т.Туяацэцэг байсан би тэр үед чи өөр өмгөөлөгч авах уу гэхэд Т.Туяацэцэг үгүй би өөр өмгөөлөгч авахгүй таньд мөнгөө өгчихсөн юм чинь гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи мэдүүлгээ ганцаараа өгчих гэж хэлсэн. Би Нямсүрэн прокурор руу ороход Булганчимэг прокурортой хамт нэг өрөөнд сууж байсан. Би Нямсүрэн прокурорт би Т.Туяацэцэгээс мөнгө авчихсан Золжаргал оруулахгүй байна, дарга руу нь орж хэллээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлээ унш гэж хэлсэн гэхэд Булганчимэг прокурор тэгж болно ш дээ гэж хэлж байсан. Тэр үед болно гэж хэлчихээд өнөөдөр намайг яллаж байгаа нь их сонин байна. Удалгүй Т.Туяацэцэг та өмгөөлөгч биш байна. Та надаас авсан 400.000 төгрөгийг буцааж өг тэгээд болъё гэж хэлсэн. Би тэр доороо өгч чадаагүй 10 хоногийн дараа өгсөн. Тэрнээс хойш 10 хоногийн дараа цагдаад дуудагдсан. Би мөнгийг нь өгчихсөн байхад Т.Туяацэцэг яагаад гомдол гаргасан бэ гэвэл миний өгсөн мөнгийг тэр үедээ аваагүй юм байна лээ. Туяацэцэг оршин суух хаяг, утасны дугаараа сольсон учраас би ч холбоо барь чадахгүй байсан. Дараа нь мөрдөгчөөс асуухад таны холбогдсон хэрэг нээхээс татгалзсан гэж хэлсэн тэгэхээр нь би дууссан юм байх гэж бодсон. Би Булган аймагт ажил явдалтай явж байхад Баасанжаргал утсаар ярьсан 2 хувь зураг, иргэний үнэмлэхний мэдээллээ авч ирж өг гэхэд нь би ажил явдалтай байна гэж хэлсэн. Би урьд хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр орж байсан, ордог байсан гэдгээ ч Т.Туяацэцэгт хэлдэг байсан. Би их гомдолтой байна эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд надад үнэхээр хүндрэлтэй байна ...” гэх
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Туяацэцэг гэх эмэгтэй өөрийн байрныхаа бичиг баримтыг өөрийн ах, дүүдээ алдаад удаж байгаа талаар 2018 оны 10 дугаар сард хэлсэн. Тэгээд би 20 хоногийн дараа Туяацэцэгтэй Чингэлтэй дүүргийн эвлэрүүлэн зуучлах газар уулзаад эхний ээлжинд эмээ нь нас барсан ажил явдалтай 7 хоноогүй байгаа юм байна хүн чанарын хувьд цагдаа, шүүх болох эвгүй байна эвлэрүүлэн зуучлахаар оръё гэж хэлээд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний итгэмжлэл хийгээд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон. Энэ ажиллагаанд Туяацэцэг эгч Тунгалаг ирээд бид нар эвлэрээгүй. Яагаад гэхээр Туяацэцэгийн нөхөр нь дарамталдаг бөө гэж хэлснээс болсон. Тэгээд иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жилийн дотор дуусах гээд 2 дугаарт ах Содгэрэл гэх хүн нь Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа тэндээсээ ирэхгүй байсан учраас ийм зүйл болсон. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгч Золжаргал гэгч байцаагч дуудсан гэж хэлсний дагуу Туяацэцэгийн хамт Золжаргал байцаагч дээр ирсэн чинь Золжаргал та өмгөөлөх эрхгүй юм байна гэж хэлэхээр нь би хууль ёсны төлөөлөгчөөр орно гэсэн чинь орж болохгүй гээд оруулахгүй болохоор нь би байцаагч Золжаргалтай маргачихаад гарч яваад Нямсүрэн прокурор дээр очиж уулзаж хэлсэн чинь хувь хүн өөрөө мэдэж байгаа байх гэж хэлсэн. Тэгээд би Туяацэцэгийн гаргасан гомдол татгалзсан гэдгийг мэдээд тогтоолыг аваад өөрөө ерөнхий прокурорт гомдол гаргаж дараа нь улсын прокурорт дахин гомдол гаргасан тухайн үед би Туяацэцэгтэй уулзаад тохиролцсоны үндсэн дээр мөнгийг нь аваад нотариатаар орох гэсэн чинь нотариатаар орж батлуулах гэтэл батлахгүй гэж хэлсэн. Тэр үед би миний цүнхэнд 1 хуудас өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээ маягт байсан дээр нэрийг нь дараад Туяацэцэгээр мөнгөний хэмжээ бичүүлээд өгч явуулсан. Нөхөр нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаа авч ир гэж хэлсэн гэж хэлж байсан. Би Туяацэцэгтэй өмгөөллийн гэрээ хийгээгүй би хийдэг ч үгүй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нилээн их хэрэгт орсон. Урьдчилгаа мөнгөө авахгүй бол миний мэдлэг, оюун ухааныг ашиглаад замын дундаас буцдаг хүмүүс их байдаг...”, “...Хэрэгт авагдсан хууль ёсны туслалцаа үзүүлэх гэрээн дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн учир нь Туяацэцэгийн нөхөр нь мөнгө хүлээлцсэн тухай баримт авч ирээрэй гэсний дагуу би гарын үсэг зурж мөнгөний хэмжээг бичүүлсэн байгаа. Миний авсан мөнгөн дүн тохирч байна. Би гэрээ хийгээгүй. Угаасаа л хийдэггүй ...” гэх /хх-ийн 47-48х/,
Хохирогч Т.Туяацэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр миний эмээ элэгний хорт хавдартай гэж оношлогдон эмнэлэгт хэвтэж гарсан. Манай ах Солонгос улсаас ирсэн тэр үед би нэг ирсэн дээрээ бичиг хийж өг гэхэд намайг үл тоосон. Би тэгвэл хуулийн байгууллагаар явна гэхэд чи хуулийн байгууллагаараа яв гэж хэлсэн. Би нөхрийн хамаатан шүүхэд ажилладаг Энхтайван гэдэг хүнтэй ярихад Л.Б гэдэг хүний утсыг өгсөн. Тэр үед манай эмээ нас бараагүй байсан. Л.Бтэй утсаар ярихдаа би манай ах, дүү нар эвлэрэх хүмүүс биш, ахыгаа байгаа дээр нь түргэн энэ хэргийг шийдмээр байна, шууд цагдаагийн байгууллагад хандъя гэхэд Л.Б эмээгийн чинь бие муу байхад шүүх, цагдаа гээд яахав эвлэрүүлэн зуучлалаар оръё гэсэн. Хамгийн анх би Л.Бтэй 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн тэр хавьд уулзсан. Нийт өмгөөллийн хөлс 800,000 төгрөгөөр тохирсон байсан. Мөнгө төлсөн баримт үйлдэж нөхөртөө үзүүлнэ, мөнгөний асуудал юм чинь гэж хэлээд урьдчилгаа 50 хувь 400,000 төгрөгийг төлсөн, гэрээ байгуулсан. Эвлэрүүлэн зуучлахын хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр товлогдсон. Тэр үед чи орж болохгүй би ганцаараа орно гэж хэлж эвлэрүүлэн зуучлах руу орсон. Тэгээд эвлэрээгүй учраас цагдаагийн байгууллагаар явъя гээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар ярихад Л.Б үлдэгдэл 500,000 төгрөг дээр байрны үнэлгээний мөнгө 400,000 төгрөг нийт 900,000 төгрөг авчраарай гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уулзаж 900,000 төгрөгийг өгсөн. Л.Б бид 2 уулзаж мөнгө өгсөн авсан гарын үсгээ зурсан. Бид 2 өргөдлөө бичиж цагдаагийн байгууллага руу шуудангаар явуулсан. Цагдаа руу анхны мэдүүлэг өгөх гээд цуг орсон чинь мөрдөгч Л.Баатар-Эрдэнийг та цуг суух эрхгүй хүн байна гарч бай гэж хэлж гаргасан. Тэгээд надад өмгөөлөх эрхгүй хүн байна гэж хэлсэн. Тэр үед би Л.Бэс татгалзъя гэж бодоогүй нэгэнт гэрээ хийсэн, мөнгөө өгсөн учраас энэ хэвээрээ явна гэж бодсон. Дараа нь хэргийг хаасан гэсэн. Би Л.Бтэй 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш уулзаагүй утсаар л ярьдаг байсан тэгэхэд Баатар-Эрдэнэ эгч надад хэрэг хаагдсан дээд шатны прокурорт нь гомдол гаргачихсан байгаа гэдэг байсан. Би ганцаараа Улсын ерөнхий прокурорын газрын прокурор Хадбаатар гэдэг хүнтэй очиж уулзсан. Тэгэхэд таны өмгөөлөгч чинь өмгөөлөх эрхгүй хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.Бд хэргээ цэгцэлье та өнөөдрийг хүртэл явсан юм чинь 50 хувиа ав надад буцаагаад 900,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэрнээс хойш маргалдсан тэрнээс хойш 10-аад хоногийн дараа 400,000 төгрөгийг өгсөн. Дараа нь би цагдаад өгөхөөсөө өмнө би одоо өргөдлөө өглөө шүү гэж утсаар хэлэхэд чи өөрийнхөө ажлыг өөрөө балласан шүү, би танай ах эгч нартай чинь ярина, чи өөрөө өөртөө гомдоорой гэж хэлсэн. Тэгээд би цагдаад өгсөн. Л.Бэс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ...” гэх
Хохирогч Т.Туяацэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрны маргаантай асуудлаар хууль зүйн туслалцаа авахаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Орчуулгын товчоон дотор нэгэн нотариатын газарт өмгөөлөгч гэх Баатар-Эрдэнэ гэх хүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж нийт 800,000 төгрөгөөр гэрээ байгуулж урьдчилгаа 400,000 төгрөг бэлнээр өгч байсан ба энэ асуудлыг Баатар-Эрдэнэ авч танилцаад би өмгөөллийн ажлыг олон жил хийж байна. Шүүх хуралд оролцоод явдаг гэж хэлж байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлахаар орж хурал болж энэ хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй. Ингээд би хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд цагдаад хандахаар болсон. Энэ үед өмгөөлөгч гэх Л.Б нь өмгөөллийн мөнгөний үлдэгдэл 500,000 төгрөг мөн цагдаагийн байгууллагад хандаж байраа үнэлүүлвэл 400,000 төгрөг болдог юм гэж хэлж надаас 900,000 төгрөгийн бэлнээр авч байсан...”, “...Тэр өдрөө өмгөөлөгч байна хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийнэ гэж хэлээд өөрийнхөө цүнхнээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн бичигтэй өөр хүний нэртэй цаас гаргаж ирээд нэрийг нь дарж байгаад гэрээ хийж байсан....”
гэх /xx-ийн 17-18, 41х/,
Гэрч Ж.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Би анх Т.Туяацэцэг гэдэг хүнээс мэдүүлэг авсан. Анх Л.Б гэдэг хүн өргөдөл авч орж ирсэн. Би хүн нь өөрөө хаана байгаа юм бэ? гэж асуухад гадаа байгаа. Би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа гэж хэлээд гэрээ харуулсан. Би тэр үед таныг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах шаардлагагүй энэ хүн өөрөө байгаа, өвчтэй биш байгаа учраас өөрийг нь оролцуулна гэж хоорондоо жаахан маргалдсан. Удалгүй Т.Туяацэцэг гэдэг хүнийг дагуулж орж ирсэн. Би өргөдлийг хүлээж авч Т.Туяацэцэгээс гэрчийн мэдүүлэг авахаар болсон. Би Л.Баатар-Эрдэнийг гараад хүлээж бай гэж хэлэхэд хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа учраас байцаалтад хамт оролцоно гэж хэлсэн. Тэгээд би Т.Туяацэцэгээс мэдүүлэг авах гээд биеийн байцаалт авах шатанд явж байхад энэ хүн мэдүүлэг өгөхгүй гэж хэлчихээд Т.Туяацэцэгийг авч гарсан. Тэр үед би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж байцаалтыг дуусгаж гарын үсэг зуруулсан. 2-3 хоногийн дараа Т.Туяацэцэг Л.Б нар ирсэн. Би тэр үед Т.Туяацэцэгээс мэдүүлэг авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан саналыг гаргаж прокурорт өгсөн. Хяналтын прокурор хянаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг гардаж авчихаад Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан байсан. Улсын Ерөнхий прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр ирүүлсэн. Би хэргийг хүлээж авч хохирогчоор байцаалт авсан. Тэр үед Т.Туяацэцэг нь Л.Б гэдэг хүн надад өмгөөллийн туслалцаа үзүүлнэ гэж хэлж мөнгө авсан, гэтэл Улсын Ерөнхий прокурорын газар очихдоо Л.Баатар-Эрдэнийг өмгөөллийн эрхгүй гэдгийг мэдсэн Чингэлтэйн цагдаад өргөдөл өгч шалгуулж байгаа гэж хэлсэн. Тэрний дараа Л.Б ажил дээр ирж чи Т.Туяацэцэгийг гомдол гарга гэж хэлсэн гэж орж ирсэн. Би Т.Туяацэцэгийг гомдол гарга гэж хэлээгүй...” гэх
Гэрч Ж.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би Эрүүгийн 191100455 дугаартай Туяацэцэгийн гомдол гаргасан хэргийг шалгаж байгаа ба анх Туяацэцэг нь өргөдөл гаргаж ирэхдээ Л.Б гэх настай эмэгтэйгээр өргөдөл өгч оруулсан. Би Баатар-Эрдэнэ гэх хүнээс өргөдөл гаргаж байгаа хүн нь хаана байгаа вэ гэж асуухад гадаа байгаа би энэ Туяацэцэг гэх хүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох гэж байгаа юм гэж хэлээд гэрээг надад үзүүлэхээр нь би хохирогч нь өөрөө байна шүү дээ энэ гадаад яваагүй, өөрөө байгаа учраас хохирогч өөрөө орно шүү дээ, таныг оролцуулахгүй гэхэд Баатар-Эрдэнэ нь уурлаад чи хуулиа унш би өчнөөн олон жил шүүгч хийсэн хүн гэж хэлээд загнаад гараад явчихсан. Түүний дараа удалгүй Туяацэцэгийг дагуулж орж ирэхээр нь би Туяацэцэгээс гэрчийн мэдүүлэг авах гэж байна. Та гарч бай гэсэн чинь би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхтэй хүн учраас байцаалтад хамт сууна гэхээр нь би Туяацэцэг гэх хүн чинь өөрөө биеэрээ байж байна. Танд ямар нэг өмгөөллийн гэрээ байгаа юм уу гэхэд надруу уурлаад Туяацэцэгийн мэдүүлэг өгөх хэрэггүй явъя гээд дагуулаад гарах гэхээр нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэснээр байцаалтыг дуусгаж Туяацэцэгээр гарын үсэг зуруулсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Баатар-Эрдэнэ дахин Туяацэцэгийг дагуулж орж ирээд мэдүүлгийг нь өгүүлье гэж хэлээд Туяацэцэгийг үлдээгээд гараад явсан. Тухайн үед Туяацэцэг ганцаараа мэдүүлэг өгч би тус материалыг татгалзах саналтай прокурорт шилжүүлж хяналтын прокурор гэмт хэргийн шинжгүй гэдгээр татгалзаад Улсын Ерөнхий Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж ирүүлсэн байсан. Туяацэцэг надад хохирогчоор мэдүүлэг өгч байхдаа Л.Б гэх хүн надад анх танилцаж хэлж байхдаа өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ гэж хэлээд надаас мөнгө авсан. Энэ талаар би танай хэлтэст өргөдөл гаргах гэж байгаа гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа Баатар-Эрдэнэ ганцаараа миний өрөөнд орж ирээд чи Туяацэцэгт янз бүрийн юм ярьж намайг өмгөөллийн эрхгүй залилсан байна өргөдөл өг гэж өгүүлсэн байна. Би түүнээс авсан хэдэн төгрөгөө эргүүлээд өгчинө гэж надтай маргалдаж орж ирсэн ...” гэх /хх-ийн 43х/,
Гэрч М.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баатар-Эрдэнэ гэх хүний танина. Манай эхнэр Туяацэцэг ах, дүү нартайгаа эд хөрөнгийн маргааны улмаас өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авах хэрэгтэй болсон юм. Манай эхнэр Туяацэцэг таньдаг хүнээрээ дамжуулаад өмгөөлөгч олсон гэж хэлсэн. Тэр өмгөөлөгч нь Л.Б гэдэг хүн юм. Тэгээд би эхнэрийн хамт Баатар-Эрдэнэ өмгөөлөгчтэй уулзахад өмгөөллийн хөлс 800,000 төгрөг болно байраа цагдаагийн газраас үнэлгээ хийлгээд 500,000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд өмгөөллийн гэрээ хийгээд өмгөөллийн хөлсний урдчилгаа 400,000 төгрөгийг бэлнээр Баатар-Эрдэнэд өгсөн...” гэх /хх-ийн 44х/,
Монголын Хуульчдын Холбооны албан тоот /хх-ийн 61х/,
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 74х/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “ ... Өнөөдрийн шүүх хуралдаанд хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр суурьтайгаар оролцоно. Аливаа зүйлд эх сурвалж байдаг. Л.Б, хохирогч Т.Туяацэцэг нарын хооронд анхнаасаа иргэний эрх зүйн асуудлаар хууль зүйн туслалцаа авах асуудал үүссэн байдаг. Хавтаст хэргийн материалд авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Л.Б нь Т.Туяацэцэгээс итгэмжлэл авч тухайн итгэмжлэлээр эвлэрүүлэн зуучлахаар орсон. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа дуусгавар болсноор эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа амжилтгүй болсон гэдэг нь харагдаж байна. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад хандахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлтэй Т.Туяацэцэгтэй 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчийг төлөөлөх итгэмжлэл хийсэн. Тухайн итгэмжлэлийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд 1, 2 дахь хэсгийг үндэслэж итгэмжлэл хийсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахгүй гэсэн асуудал их яригдсан. Практикт Л.Б нь хохирогчийн хууль ёсны шүүхэд ажилласаар байгаад Улсын дээд шүүх хүртэл явж шийдвэрлүүлсэн хэрэг байгаа. Өөрөөр хэлбэл Төв аймаг дахь сум дундын шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Дараа нь энэ хэрэг нь явсаар байгаад Улсын дээд шүүх хүртэл явсан практик байгаа. Манай улсад хуулийг тайлбарлаж нэг мөр ойлгох тал дээр дутагдалтай байгаа. Үүнээс болж зөрчилдөөн гарч, зөрчилдөөн гарснаас болж ямар нэгэн байдлаар үл ойлголцол үүсэж, улмаар явсаар байгаад эрүүгийн хэрэгт холбогдох үйл явдал их гарч байна. Л.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэлээр эрүүгийн хэрэгт оролцох гэтэл оролцуулаагүй. Эрүүгийн хэрэгт оролцуулаагүй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хуралдаанд оролцоогүй. Энэ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ Л.Баатар-Эрдэнийн бичсэн гэрээ биш. Яллагдаж байгаа гол нотлох баримт нь энэ хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд байгаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаг. Би энэ гэрээний асуудалд Л.Баатар-Эрдэнийг буруутай гэж үзэхгүй байгаа. Энэ гэрээг хохирогч Т.Туяацэцэг ямар нэг шахалт, дарамтгүйгээр бичсэн гэдгээ хэлсэн. Тэгэхээр хоорондоо тохиролцож, ярилцаж мөнгө өгсөн, авсан нь чухал болохоос биш би өмгөөлөгч гэж хэлж, миний хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ энэ байна гэж хэлж, өөрөө бичиж гэрээ байгуулсан үйлдэл байхгүй. Энэ хэргийг нотолж байгаа нотлох баримт нь хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байх ёстой. Гэтэл нотлогдоогүй учраас Л.Баатар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, шаардлагатай дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзэж байна. Улсын Ерөнхий прокуророос хэргийг сэргээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг нээхийг үүрэг болгосон. Л.Б нь хэргийг нь мэдэгдэхгүй байсан шахуу баримтаар хөөцөлдөж байж сэргээлгэсэн. Иймээс Л.Бд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй миний үйлчлүүлэгч гэм буруугүй.
Иймд шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэх гэх боловч хавтаст хэрэгт авагдсан дараах :
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон гэрч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Л.Б нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тухай Монголын Хуульчдын Холбооны албан тоот /хх-ийн 61х/, хохирогч Т.Туяацэцэгтэй 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 74х/, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдсээр байж үйлдсэн болохыг нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж, нотлогдон тогтоогдож, байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Л.Баатар-Эрдэнийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б нь хохирогч Т.Туяацэцэгийн хохирлыг барагдуулсан байх ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Лн БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД