Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 133

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн Тд холбогдох 1913000000182 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Аумин констракшин барилгын компанид мужаан, техникч ажилтай гэх, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 7 тоотод оршин суух хаягтай, одоогоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-гийн Т, РД: УЮ......................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь иргэн Ц.Бийг  зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б овогтой Т нь тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 134 дүгээр орон сууцны 2 дугаар давхрын 08 тоотод 2019 оны 08 дугаар сарын 14-өөс 15-ны өдөр шилжих шөнийн 01 цагийн үед хамт байр түрээслэн амьдарч байгаа Ц.Бтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиход Ц.Б унахдаа паар мөргөж, түүний биед баруун, зүүн талын хөмсөгний дээд хэсэгт мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, баруун талын нүдний дээд зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн талын шанааны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Пиво уугаад сууж байгаад Т бид хоёр хоорондоо маргалдаад би Тг нэг удаа цохисон, яг хаана нь цохисноо санахгүй байна. Тэгэнгүүт Т миний нүүр лүү шанааны тус газарт нэг удаа цохингуут би унахдаа паар мөргөөд духаа гэмтээсэн. Цаашид Б.Тгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,

- Гэрч Н.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Архи ууж сууж байгаад би орон дээрээ хэвтээд унтчихсан байсан. Хүмүүс маргалдах хэрэлдэхээр нь сэрээд иртэл Ц.Б ах паарнаас толгойгоо аваад дээшээ босохыг оролдож байсан. Би Ц.Б ахын нүүрний цусыг нь тогтоохоор 00-ын өрөө рүү оруулаад угааж байх явцдаа яасан бэ гэж асуухад Т пизда цохичихлоо гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Архи уугаад сууж байгаад Т нь Ц.Б ахтай маргалдаад Ц.Б ах чи намайг өвгөн гэж хэллээ гээд маргалдсан юм. Би нөгөө талын өрөөнд унтах гээд хэвтэж байсан ба тэр хоёрын маргалдах чимээ ихсээд Ц.Б ах Т намайг цохичихлоо гэж хэлэхээр нь гарахад Ц.Б ах паар мөргөөд унасан байсан юм. Тэгээд Ж бид хоёр тэр хоёрыг салгаж аваад Ж Ц.Б ахын нүүрнийх нь цусыг угаахаар 00 руу авч орсон. Удалгүй хаалга хүн тогшихоор нь очоод нээтэл цагдаа нар ирсэн байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы гаргасан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №363 дугаартай “... Иргэн Ц.Бгийн баруун, зүүн талын хөмсөгний дээд хэсэгт мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, баруун талын нүдний дээд зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн талын шанааны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

- Шинжээч эмч Е.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн :”... Иргэн Ц.Бгийн биед учирсан гэмтлүүд нь паар мөргөж унах үед үүсэх боломжтой гэмтэл юм, хохирогч Ц.Б нь унах үедээ хажуулдаж мөргөсөн үед духан дээр нь үүсэх боломжтой юм." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Тий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Бид нар архи уугаад сууж байгаад би Ц.Б ахыг надаас хөгшин болохоор нь өвөө гээд хэлчихсэн чинь Ц.Б ах уурлаад миний шанааны тус газарт минь гараараа цохингуут нь би ч гэсэн уурлаад Ц.Бгийн шанааны тус газарт нэг удаа гараараа цохингуут Ц.Б хөл халтирч унахдаа нүүрэн хэсгээрээ паар мөргөж унасан юм. Тэгтэл Ц.Б ах бид хоёр маргалдаж хэрэлдэж эхлэнгүүт Ж, Тү нар салгасан ба тэр үед хаалга тогшоод цагдаа нар ороод ирсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 47/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  5 дугаар багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Тус багийн оршин суугч Б овогтой Т нь УЮ96122731 регистрийн дугаартай, ам бүл 4, 4/36 байр, 6 тоотод оршин суугч бүртгэлтэй болохыг тодорхойлов. Тус багт түр оршин сууж байгаа” гэх тодорхойлолт /хх-ийн  48/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/772 дугаартай “Б.Т /УЮ96122731/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 49/,

- 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгосон “РД:УЮ96122731, овог:Боржигон, эцэг/эх/-ийн нэр:Б, нэр:Т, яс үндэс:Халх, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Улаанбаатар, Багануур, төрсөн огноо:1996-12-27, хаяг: Улаанбаатар, Багануур, 1-р хороо, наран хороолол, 1 байр, 17 тоот, хүчинтэй хугацаа:2021-12-27, хэд дэх:2, ГП дугаар:1755497, огноо:2021-10-06” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Бий биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №363 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Тий дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрч, хохирлын талаар маргаангүй гэсэн тул түүнд төлөх төлбөргүй байна.  

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Б.Тд урьд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний цахим үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-гийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Тд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хадгалсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК