Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00377

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/11616 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 30,041,027.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг жилийн 35.88 хувь, сарын 2.99 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэвч ******* нь зээлийн гэрээ болон гэрээний хавсралтад заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 24,587,524.87 төгрөг, хүү 5,414,088.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,413.82 төгрөг, нийт 30,041,027.42 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие ******* улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг 24,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 6,041,027.42 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №1066130112004298 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт хариуцагч *******оос 30,041,027 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 308,155 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

*******-ийн нэхэмжилсэн 30,041,027 төгрөгийг нэг дор төлөх боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаа болох автомашиныг 24,000,000 төгрөгт бодон буцаан өгөх хүсэлтэй байна. Үлдэх 6,041,027 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх боломжтой.

Тус автомашиныг авахад батарей, обуд шинээр авч тавьсан. Такси үйлчилгээнд явах гэж худалдаж авсан автомашин тонуулсан байсан тул цаг хугацаа, мөнгөөр хохирсон.

Миний бие 4 хүүхдээ ганцаар тэжээн тэтгэдэг тул үүнийг харгалзаж үзнэ үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаагүй учраас хариуцагчийн тээврийн хэрэгслийг төлбөрт тооцож авахгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24,587,524.87 төгрөг, хүү 5,414,088.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,413.82 төгрөг, нийт 30,041,027.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь зээлийн гэрээний үлдэгдэл, тооцоололд маргаагүй боловч барьцааны тээврийн хэрэгслийг 24,000,000 төгрөгт тооцож шилжүүлэх, үлдэгдэл 6,041,027.42 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбар гаргасан, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй.

 

3. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 25,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2.99 хувийн хүүтэй олгожээ.

Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан гэрээг талууд байгуулж, холбогдох улсын бүртгэл хийгдсэн байна.

 

3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь үндсэн зээл 412,475.13 төгрөг, хүү 1,572,826.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,098.79 төгрөг төлсөн ба 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, аливаа төлөлт хийгээгүй.

 

3.2. Эдгээр үйл баримтыг хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэжээ.

 

4.1. Мөн талуудын байгуулсан тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ нь барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй шинжээрээ Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, уг гэрээгээр барьцаа хөрөнгийн өмчлөх эрх барьцаалуулагчид хэвээр хадгалагдаж, зээлдүүлэгч нь зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны эрх олж авчээ.

 

5. Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс гэрээгээр харилцан тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар гэрээг цуцалжээ.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д нийцсэн.

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн тооцоолол, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Харин хариуцагчийн гаргасан төлбөр төлөх хуваарь, тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгөх саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул хэргийг шийдвэрлэхдээ дээрх тайлбарыг харгалзан үзэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй учир хариуцагчийн гаргасан тээврийн хэрэгслийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд гэрээ байгуулсан тул хариуцагчийн гомдолд дурдсан хувийн нөхцөл байдлыг харгалзан тээврийг хэрэгслийг зээлийн төлбөрт тооцсон шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлгүй.

 

5.2. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл 24,587,524.87 төгрөг, хүү 5,414,088.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,413.82 төгрөг, нийт 30,041,027.42 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэж байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/11616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,156 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ