| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0146/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 144
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д-гийн Хт холбогдох 1913000740201 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1978 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тус аймгийн Цэнгэл сумын Уст тохой, * дугаар багт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Д-гийн Х, регистрийн дугаар БЛ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь иргэн Б.Бийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ах дам” үйлчилгээний төвд хэрүүл, маргааны улмаас тус багийн иргэн Б.Бийг зодож, түүний биед тархины доргилттой, тархины духны болон /зулай/ орой хэсэгт даралттай баруун нүдэнд хавантай, дотор буланд хавдартай, баруун хөмсгөнд шархтай, зүүн талын бүсэлхий орчимд хөх туяатай цус хуралттай, баруун сарвуунд шалбарсан, хавдартай, баруун бугивч орчимд хавдартай, баруун бугалганд цус хуралттай гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай сумын 6 дугаар багийн малчин Н.Тгийн “Улсын аварга малчин”-аар шалгарсны мялаалга цайллагыг Цэнгэл сумын төвд “Ах дам” үйлчилгээний төвд өгсөн юм. Тэр цайллагад намайг бас урьсан бөгөөд би тэр цайллагад очиж оролцсон. Тэгээд цайллага дуусаад хүмүүс тарж байхад хөдөөнөөс ирсэн миний төрсөн дүү болох Б.Т машинаар явах гэхэд би хамт гарсан ба Б.Тын машин асахгүй байсан.Тэгээд би бааран дотор дахиад орсон ба би орох үед Н.Т цайллагад үйлчилсэн хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлж дахин нэг ширээ засан айраг хийж байсан ба надад наашаа ирж суугаарай гэхээр нь би бас тэнд байсан хүмүүсийн хамт суусан. Хэсэг хугацааны дараа миний дүү Б.Т орж ирж бид нартай хамт суусан. Тэгж байхад хэсэг хугацааны дараа Д.А гэх залуу дүү болох Д.С, Д.Х, У.Х, Д.Аийн хүү болох Д нар ороод ирсэн юм. Тухайн үед Д.Аийн хамар хэсэг нь цус болчихсон “Муу Бийн гөлөгнүүд” гэж орж ирсэн бөгөөд Б.Т руу ирж байсан ба би юу болсон вэ гэхэд Д.Аийн дүү болох Д.Х намайг нүдэн тус газар цохиод авсан. Тэгээд би газар унасан ба байж байгаад арай гэж боссон. Тухайн үед нэлээн чанга цохисон. Миний баруун талын нүд рүү Д.Х гэгч цохих үед би газар унаад улмаар толгой өвдөөд, баруун талын нүд хөхөрсөн. Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг Д.Х учруулсан. Би тухайн үед эм авах, эмнэлэгт үзүүлэх, аймагт ирээд буцсан гэх нийт 800.000 орчим төгрөг зарцуулсан. Д.Х надаас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ирж уучлалт гуйж надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй. Миний зүгээс хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх
мэдүүлэг /хх-ийн 24-25, 119-122-р хуудас/,
- Гэрч Н.Өркенбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тухайн өдөр Н.Тгийн “Улсын аварга малчин”-аар шалгарсан цайллагад очиж Б.Б бид нар нэг ширээнд суусан. Тухайн үе Б.Бийн нүд нь хөхрөөгүй, ямар нэгэн шарх, сорви байхгүй байсан. Тэрээр Д.А, Д.Аийн хүүхэд нь, Д.С, У.Х нар бааранд орж ирээд удалгүй Б.Б, Д.А нар бие бие рүүгээ дайрсан бөгөөд тэнд байсан хүмүүс тэд нарыг салгаж авсан. Тэгээд Д.А нар яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
- Гэрч К.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн Н.Т гэх хүний “Улсын аварга малчин”-аар шалгарсны мялаалга цайллагад “Ах дам” бааранд урьсан. Цайллага дуусаад хүмүүс тарж байсан ба Е гэдэг залуу надад дэлгүүрт гал түлээд ирье гэхээр нь Е бид хоёр түүний дэлгүүрт ирж гал түлчихээд буцаад баар луу очих үед баарны гадаа Б.Тын машины хажууд шуугиан гарч байхаар нь очсон. Тэгэхэд Д.А, Б.Т нар зодолдсон байсан ба Д.Аийн хамраас нь цус гарсан байсан. Е Д.Аийг машиндаа суулгаж аваад гэрт нь хүргэж өгчхөөд ирсэн юм. Тэгээд буцаад баар луу орох үед Н.Т цайллагад үйлчилсэн хүмүүст зориулж үлдсэн айргаа хийж байсан. Тэнд суугаад бүгдээрээ айраг ууж байхад 10-аад минутын дараа Д.А дүү нарын хамт орж ирсэн ба Б.Т руу дайрсан. Тэнд Н.Тгийн хамаатан садангууд нь бүгд гарч яваад казах хүмүүс үлдсэн. Тэнд бужигналдаж байсан ба “Ах дам” баарны эзэн Жамбал босож ирээд Д.А нарт та нар ингэж асуудал гаргаж явах юм гэж загнаад гаргасан. Тэр хооронд Б.Бийн нүд нь хавдаж, анигдсан байсан. Б.Бийн нүд рүү хэн цохисныг мэдэхгүй. Тухайн цайллагын үеэр Б.Бийн нүд нь зүгээр байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 63-64-р хуудас/,
- Гэрч Т.Егийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тухайн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Н.Тгийн аварга малчин болсон цайллагад очсон. Тэгээд цайллага тарахаас өмнө би яваад дэлгүүрт очиж гал түлчхээд буцаад гэр лүү харих замд “Ах дам” баарны урдуур явж байхад 2 хүн хэрэлдэж байсан. Тэгээд бууж очиход Б.Т, Д.А нар байсан. Д.А, Б.Т нарыг салгаж аваад Д.Аийн гэрт нь хүргэж өгчхөөд бид дахиж бааранд ирсэн юм. Бааранд ирэх үед үйлчлэгч нар аяга тавгаа хурааж байсан ба Н.Т үйлчилгээ хийсэн хүмүүст айраг хийгээд нэг ширээнд сууж байсан. Тэгээд сууж байхад Д.А, Д.Х хоёр орилоод ороод ирсэн. Тухайн үед Д.А Б.Тад “наашаа гараад ир, чамд үзүүлээд өгнө” гэж орилж байсан. Д.А орж ирээд Б.Т руу дайрсан юм. Б.Б бас ширээнд сууж байсан ба Б.Б босож ирээд нэг юм хэлэх гэхэд Д.Х Б.Бийг нэг цохисон ба Б.Б газар унасан. Тэгээд би очиж Д.Хийг барьж авсан. Тэр үед баарны эзэн Жамбыл ирээд тэднийг хөөж гаргасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 104-105-р хуудас/,
- Гэрч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний Улсын аварга малчны мялаалга болсон юм. Цайллага дууссаны дараа уг цайллагад үйлчилсэн 30 гаруй хүмүүст баярласан талархсанаа илэрхийлж сууж байсан. Тэр үед Б.Б бид нартай хамт сууж байхад гаднаас Д.А дүү нарын хамт 4-5 залуу орж ирээд бужигналдаад зодоон гарсан юм. Тэр үед тэнд байсан хүмүүс тэд нарыг салгаж авсан. Б.Бийг хэн цохисныг нь хараагүй. Д.А нар гарсны дараа Б.Бийн нүд нь хөхөрсөн байсан юм. Өмнө нь бид нартай хамт сууж байхад зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 97- 99-р хуудас/,
- Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед Д.Атэй зодолдсоны дараа би сумын төвд байдаг хүүхдүүдэд авч өгсөн гэртээ байхад Н.Т Тий утсаар залгаж намайг дуудсан. Тэгээд би эхнэрийн хамт очоод Н.Т айраг аягалж өгөөд тэрийг уух гэж байхад Д.А дүү нараа дагуулж орж ирсэн. Тэгээд Д.Х над руу чи яагаад Д.Аийг зодож байгаа юм вэ гэж над руу дайрах үед миний ах болох Б.Б юу болсон юм вэ гэж босоод ирэх үед Д.Х Б.Бийн нүдэн тус газар цохисон. Тэгээд Б.Бийн нүд нь хөхөрч хавдчихсан юм. Д.Х дахиж над руу дайрах үед Е ирээд салгаж авсан юм. Тэгээд Жамбал ирээд тэд нарыг гаргаж явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас/,
- Гэрч Н.Алиягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тухайн өдөр цайллагын сүүлд Н.Т гэх хүн миний нөхөр болон үйлчилгээ хийсэн хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлэх гэж байна, хүрээд ир гэж утсаар ярьсан. Тухайн үед бид нар сумын төвд байдаг гэртээ байсан юм. Тэрний өмнө нь цайллага тарж байх үед Б.Т, Д.А нар зодолдчихсон юм. Тэгээд бид нар сумын төвд байдаг гэр лүү явсан юм. Талгат бид хоёр буцаж очоод тэнд байгаа хүмүүсийн хамт ширээнд суугаад Н.Т нэг аяга айраг хийж өгсөн ба тэр айргийг уух гэж байхад Д.А, Д.Х, Д.С, У.Х, Д.Аийн хүү нар орж ирсэн. Тэгээд манай хадам ах болох Б.Б нь юу болоод байгаа юм вэ гэж босоод харах үед Д.Х хадам ах болох Б.Бийн нүдэн тус газар цохисон. Тэгээд Б.Б газар унасан юм. Д.Х Б.Т руу дайрах үед тэнд байсан хүмүүс салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-р хуудас/,
- Гэрч Н.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Н.Т миний төрсөн ах болдог бөгөөд 2018 онд “Улсын аварга малчин” болсон бөгөөд уг аварга цолны мялаалга цайг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Цэнгэл сумын төвд “Ах дам” үйлчилгээний төвд хийсэн. Тэр өдөр 17 цагаас идээ, будаагаа дэлгэж, ширээгээ зассан бөгөөд 19 цагаас нэгдэн журмаар хүмүүсээ оруулсан. Тэрээр миний бие үйлчилгээ хийж явсан бөгөөд 00 цагт цайллага дуусаж хүмүүс гараад явсан. Тэрээр үйлчилгээ хийсэн 20-оод хүн буюу хамаатан садангийн хүмүүсийг Н.Т цуглуулж айраг хийж, үйлчилсэн явдалд баярласан талархсанаа илэрхийлсэн. Тэрээр Н.Т тэнд үлдсэн бөгөөд миний бие хамаатан садангуудаа машинаар 2 удаа зөөж гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаад Н.Тг авахаар ирсэн чинь орж ирэх хаалганы хажуу талын ширээний хажууд гаднаас Д.А, Д.Аийн хүү болон Д.Х, Д.С нар байсан ба Д.Аийн нүүрэнд удсан цус байсан ба Б.Тын хамраас цус гарсан юм шиг санагдаж байсан. Д.Аийн хүү нь миний шавь учраас юу хийгээд явж байгаа юм вэ гэж хэлэх үед миний аавыг зодсон байна гэж хариулсан. Тэр үед Д.Х нь Б.Бийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохих үед Б.Б газар унасан ба хажууд нь байсан хүмүүс босгож авсан. Тэгээд би Н.Тг аваад яваад өгсөн. Тэд бааран дотор үлдсэн ба баарны эзэн Жамбал гэх хүн ирээд тэд нарыг загнаад байсан” гэх мэдүүлэг./хх-ийн 123-124-р хуудас/,
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаартай шинжээчийн “Иргэн Б.Бийн биед тархины доргилттой, тархины духны болон /зулай/ орой хэсэгт даралттай баруун нүдэнд хавантай, дотор буланд хавдартай, баруун хөмсгөнд шархтай, зүүн талын бүсэлхий орчимд хөх туяатай цус хуралттай, баруун сарвуунд шалбарсан, хавдартай, баруун бугивч орчимд хавдартай, баруун бугалганд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх эмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Уг гэмтэл шинэ гэмтэг ба гэмтэл үүссэнээс 1-10 хоног болсон байна. Иргэн Б.Бийн биед хуучин гэмтэл тогтоогдоогүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Иргэн Б.Бийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,
-Шүүгдэгч Д.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Миний бие Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Уст тохой нэртэй газарт өвөлждөг юм. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай сумын аварга малчин Н.Т гэх хүний мялаалгын цайллага сумын төвд болно гэж намайг хэд хэдэн удаа урьсан боловч би завгүй гэдгээ хэлж очоогүй. Тэрээр 1 дүгээр сарын 31-ний өдөр миний бие хөдөөнөөс нэлээн орой сумын төвд орж ирсэн бөгөөд хоол, цай уугаад гэрт амрах гэж байхад миний төрсөн ах болох Д.А над руу утсаар залгаж намайг Н.Тгийн цайллагаас гарах үед Б.Т гэгч зодчихлоо, чи хүрээд ир гэсэн. Тэрээр би дахин дахин утсаар залгаад байхаар нь гэрээс гарч ах болох Д.Аийн гэрт очсон юм. Тэнд дүү Д.С, У.Х нар байсан ба Д.А би Б.Ттай очиж уулзан гэж хүч өгөхгүй байхаар нь бид хэд маргааш очиж уулз гэж болиулах гэсэн боловч ганцаараа явна гэхээр нь Д.Аийн машиныг хүү нь Д жолоодож Д.А, Д.С, У.Х бид тавуулаа хөдлөөд улмаар цэнгэл сумын цагдаагийн хэсэгт очиж үзүүлсэн. Хэсгийн төлөөлөгч аймагт байгаа гэхээр нь маргааш ирж гомдол гаргана гэж хэлээд харьж байхад “Ах дам” үйлчилгээний төвийн гадаа Д.Аийг зодсон гэх Б.Тын машин зогсож байсан. Тэгээд Д.А би Б.Ттай заавал уулзан гэж хүчээр баарны үүдэнд очиж зогссон. Д.А, хүү нь Д бид гурав машинаас буусан бөгөөд Д.С, У.Х нар машинд үлдсэн. Тэгээд бид баар луу орсон бөгөөд нэг л ширээнд хэдэн хүн сууж байсан. Тэрээр Д.А Б.Ттай маргалдсан бөгөөд тэр үед Б.Тын ах Б.Б босож ирээд согтуу өндөр дуугаар та нар яах гээд байгаа юм вэ гэж хэлэхээр нь миний уур хүрээд Б.Бийн баруун талын нүд орчимд нь гараараа нэг удаа цохисон чинь газар унасан. Тэгээд баарны эзэн Жамбал гэх хүн хүрч ирээд та нар явцгаа гэхээр нь бид хэсэг зогсож байгаад яваад өгсөн. Б.Бийг хэдэн хүн босгож авч байсан. Би Б.Бтэй ямар нэгэн таарамжгүй харьцаагүй бөгөөд ах болох Д.Аийг зодож улмаар очих үед согтуу өндөр дуугаар яах гээд байгаа юм вэ гэхээр нь уур хүрээд цохичихсон юм. Би Б.Бээс уучлалт гуйж хоорондоо сайн дураараа эвлэрсэн юм. Б.Б надаас эмчилгээний мөнгө гэж 800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн. Миний бие малд ганцаараа байдаг ба одоо отор луу явах хугацаа болсон тул хэргийг минь хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Бийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Хийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бэд эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрч, хохирол болох 800.000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнд төлөх төлбөргүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэргийн хамт шүүхэд шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Д-гийн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК