Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00230

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08928 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

163,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* 2024 оны 08 сараас эхлэн *******той Солонгос улсаас гар утас импортлон оруулж ирэн худалдан борлуулах үйл ажиллагааг хуулийн этгээд байгуулахгүй хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр талууд тус бүр 50,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулах ба энэ хураамж нь бидний дундаа өмчлөх хөрөнгө бөгөөд дундын хөрөнгийн өмчийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байхаар, хөрөнгийг талууд тус бүр тэнцүү 50 хувь эзэмшиж, үйл ажиллагааг ******* эрхлэн явуулахаар харилцан тохиролцсон.

1.2. Түүнчлэн гар утас худалдан борлуулснаас олсон ашгийг хуваан авахгүй бөгөөд олсон ашгийг хамтын үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөд захиран зарцуулах, шаардлагатай тохиолдолд үр шим хуваарилах асуудлыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон.

1.3. Хариуцагчийг хамтын үйл ажиллагаанд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэхэд нь өөрийн Хаан банкин дахь ******* тоот данснаас *******ын Хаан банкин дахь ******* болон М банкин дахь ******* тоот данс руу нийт 149,570,000 төгрөгийг шилжүүлж өгсөн.

1.4. ******* 66,850,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн ба үйл ажиллагаа тодорхойгүй байсан тул бид үйл ажиллагаа, ашиг орлогоо дүгнэн тооцож үзээд оруулсан хөрөнгө болон үйл ажиллагаанаас олсон ашгийн хамт 163,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид ******* 2024 оны 12 сарын 03-ны өдөрт багтаан өгөхөөр болж 2024 оны 11 сарын 28-ны өдөр “Хамтран ажиллах гэрээний дагуу үр шим, төлбөр барагдуулах хэлцэл”-ийг байгуулсан.

1.5. Иймд хариуцагч *******оос 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 3059 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”, 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 2445 дугаартай “Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу хамтран ажилласны үр шим, төлбөрт 163,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******оос 163,000,000 /нэг зуун жаран гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 972,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 972,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “хариуцагч ******* нь ... 2024.10.23-ны 5,000,000 төгрөг ... буюу нийт 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн” байхад анхан шатны шүүхээс дансны хуулгыг үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

4.2. Талууд 90,000,000 төгрөгийн хэмжээнд тохирч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан боловч өмгөөлөгч маань шүүхэд аваачиж өгөөгүйгээс болж хариуцагч хохироод байна.

4.3. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн гомдолд дурдагдсан 5,000,000 төгрөгийг гүйлгээ нь 2024 оны 10 сарын 23-ны өдөр хийгдсэн буюу бидний дунд хэлцэл хийгдэхээс өмнөх хугацаанд хамаарах асуудал юм. Талууд 11 сард хэлцэл хийж, тооцоо нийлэн 163,000,000 төгрөгөөр тохиролцсон.

5.2. Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. 90,000,000 төгрөгөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ хийнэ гэж дурдсан нь үндэслэлгүй, талууд гарын үсэг зурж гэрээ хийсэн зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 163,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Талуудын хооронд 2024 оны 11 сарын 07-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр талууд БНСУ-аас гар утас импортлон оруулж ирж, Монгол улсад худалдан борлуулахаар үйл ажиллагааг хуулийн этгээд байгуулахгүйгээр хэрэгжүүлэх, хамтын үйл ажиллагааны хураамжид тус бүр 50,000,000 төгрөгийг оруулж дундаа өмчлөх хөрөнгийг бүрдүүлэх, хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгийг 50 хувиар тус тус өмчлөх, үйл ажиллагааг ******* дангаар төлөөлөн хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон;

 

3.2. ******* нь хамтын үйл ажиллагаанд зориулж *******ын Хаан банкны ******* тоот данс руу 2024 оны 08 сарын 14-ний өдрөөс 2024 оны 11 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 149,570,000 төгрөг, хариуцагч нь *******д 66,850,000 төгрөг тус тус шилжүүлсэн;

 

3.3. Зохигчдын хооронд 2024 оны 11 сарын 28-ны өдөр “Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөрийг барагдуулах хэлцэл” байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь хамтран ажиллах үйл ажиллагааны үр шим төлбөрт 163,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 03-ны өдөр *******гийн Хаан банкны данс руу шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт өгчээ.

 

5. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохоор 2024 оны 11 сарын 28-ны өдөр “Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөрийг барагдуулах хэлцэл”-ээр тохиролцсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 7.2-т “хамтран ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссан, талууд шийдвэрлэсэн, ... хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр дуусгавар болно. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилна ...” гэж зааснаар талууд 2024 оны 11 сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, “Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөрийг барагдуулах хэлцэл”-ийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлахад талууд хамтын үйл ажиллагааг дуусгавар болгож, *******д 163,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас 163,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “... 2024 оны 10 сарын 23-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй” гэж дурджээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 2024 оны 10 сарын 23-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг оруулан тооцож, нийт 66,850,000 төгрөг төлсөн үйл баримтыг зөв тогтоосон ба уг 5,000,000 төгрөгийг төлснөөс хойш буюу 2024 оны 11 сарын 28-ны өдөр “Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөрийг барагдуулах хэлцэл” байгуулагдсан байх тул талууд хамтран ажиллах гэрээг дүгнэсэн хугацаанаас өмнө төлсөн мөнгөн хөрөнгийг уг гэрээний үүрэгт тооцож, төлсөн гэж үзэхгүй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ХУЛАН

 

 

     ШҮҮГЧИД                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                            С.ЭНХБАЯР