| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0011/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 142
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, улсын яллагч А.Т,
Хохирогч Х.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгчид Х.Б, С.А,
Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ш овогт Ж-ийн От холбогдох 1913001730116 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1959 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймаг, Өлгий сумын ****** оршин суух хаягтай, Монгол Улсын гавьяат малын эмч цол тэмдгээр шагнагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б-ш овогт Ж-ийн О.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.С, К.И нарт 0210 кодтой, **** дугаартай Мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ олгохдоо уг гарал үүслийн гэрчилгээний хянан баталгаажуулсан гэх хэсэгт мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Б, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Р нарын гарын үсгийг дурайлган зурж, улмаар өөртөө хууль бусаар хадгалж байсан Мал эмнэлгийн улсын хяналтын алба, улсын байцаагч, УКА14-02-12 гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй тэмдгийг дарж, санаатайгаар хуурамч баримт бичиг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.С, К.И нарт 0210 кодтой, **** дугаартай Мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ олгохдоо уг гарал үүслийн гэрчилгээний хянан баталгаажуулсан гэх хэсэгт мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Б, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Р нарын гарын үсгийг дурайлган зурж, улмаар өөртөө хууль бусаар хадгалж байсан Мал эмнэлгийн улсын хяналтын алба, улсын байцаагч, УКА14-02-12 гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй тэмдгийг дарж, санаатайгаар хуурамч баримт бичиг үйлдсэн болох нь:
- Иргэн Ж.Оаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж өгсөн мал эмнэлгийн улсын хяналтын алба, улсын байцаагч, УКА14-02-12 дугаартай дугуй тэмдэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
- Иргэн Ж.Оаас гаргаж өгсөн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний №00075781 дугаартай тасалбар, мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний 024787 дугаартай төлбөрийн хуудас. /хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод хүргэх замд саатуулагдсан 86-82 БӨҮ улсын дугаартай, Волво маркийн тээврийн хэрэгсэлд ачсан гэх 20 тн махад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 51-57 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан 20 тн махыг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, уг эд мөрийн баримтыг устгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 58-80 дугаар хуудас/,
- Иргэн Ж.Оаас гаргаж өгсөн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний №00075781 дугаартай тасалбар, мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний 024787 дугаартай төлбөрийн хуудас, Мал эмнэлгийн улсын хяналтын алба, улсын байцаагч, УКА14-02-12 гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй тэмдгийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /хавтаст хэргийн 157 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас шалгасан хүнсэнд хэрэглэх чанарын шаардлага хангаагүй мах худалдсан гэх А.М нарт холбогдох зөрчлийн хэргийн материалууд /хавтаст хэргийн 81-156 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдээллийн үеэр гарсан 0210 кодтой, 00075730 дугаартай гарал тоот дугаартай гарал үүслийн гэрчилгээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байх тул уг асуудлыг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна.Уг гарал үүслийн гэрчилгээг бичсэн Ж.О гэх хүн өмнө аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хүн байгаа юм...Надад одоо гомдол санал байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158-160 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч К.Рн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... та нар гарын үсэг зурж баталгаажуулсан махнаас зөрчил гарсан байна гэж хэлсэн. Тэр үед би тэр хүмүүст гарын үсэг зураагүй байна гэж хэлэхэд бичгийн цаасан дээр гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг хэвлэн гаргаж ирээд үзүүлэхэд Х.Б бид хоёр хоёулаа энэ гарын үсэг бил нарын гарын үсэг биш байна гэж хэлсэн.Улаан өнгөтэй дөрвөлжин тамга бүдэг гарсан байна. Би ямар ч гарын үсэг зураагүй, тэмдэг дарж баталгаажуулаагүй болно. Надад учирсан хохирол байхгүй, хэн нэгэн хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А.Мтай тааралдахад би нийт 20 тн мах цуглуулсан байна, одоо Улаанбаатар хот руу ачуулах гэж машиндаа ачсан бэлэн болсон байгаа, та нар надад гарал үүслийн гэрчилгээ олоод өгөөч гэхээр нь бид нар Ж.О гэх хүн гарал үүслийн гэрчилгээ олгодог гэж сонсоод К.Е бид хоёр Ж.Оын гэрт очиж асуухад 20 000 төгрөг өгч, гарал үүслийн гэрчилгээ бичүүлэн авч А.Мд авчирч өгсөн болно. Уг гарал үүслийн гэрчилгээнд Ж.О болон Х.Б, мөн багийн дарга нарын гарын үсэг нь зурагдаж, тэмдэг дарж баталгаажуулагдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас/,
- Гэрч К.Ин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... А.М бид нарт ирээд би махаа ачуулах гээд байна, та нар энэ махны гарал үүслийн гэрчилгээг бичүүлж авч ирнэ үү гэхээр нь Б.С бид хоёр Ж.Оын гэрт очиж, 20, 000 төгрөг өгч мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авсан. Тэр үед би тэр хүнээс энэ бичиг чинь ямар нэгэн асуудалгүй биз гэж асуухад Ж.О бид нарт ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй, би өөрөө энэ бичгийг бичих эрхтэй гэхээр нь түүний үгэнд итгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174-175 дугаар хуудас/,
- Гэрч А.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мах ачуулахаар болсон үед Е, С нар Ж.От очиж Мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг бичүүлж, надад авч ирсэн болно. Энэ удаа мах цуглуулсан хүн би, надад мах захиалсан хүн Баярхүү, гарал үүслийн гэрчилгээг бичиж өгсөн хүн бол Ж.О, харин уг гарал үүслийн гэрчилгээг надад авч ирсэн хүн Е, С нар байсан юм...” гэснээр /хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/,
- Гэрч Х.Еы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний нэр Е байсан, ямар учраас Е гэж бичсэнийг мэдэхгүй байна. Энэ тухай анх уг гэрчилгээг миний эгчид авч ирсэн Е, С нар сайн мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас/,
- Гэрч А.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж нь өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээ бичих эрхтэй. Өөрөөр хэлбэл өөр нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээ бичихгүй гэсэн үг....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/,
-Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэнд “...Мал эмнэлэг. ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний хянан баталгаажуулсан мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч гэсэн хэсэгт Х.Бийн нэр, тайлалын ард зурагдсан гарын үсэг нь Х.Бээс авсан гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй байна. Мөн сумын Засаг дарга гэсэн хэсэгт К.Ргийн нэр тайлалын урд зурагдсан гарын үсэг нь К.Ргаас авсан гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй байна. Мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний малын их эмч гэсэн хэсэгт Ж.Оын нэр тайлалын урд зурагдсан гарын үсэг нь Ж.Оаас авсан гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирч байна, мөн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн гар бичмэл нь Ж.Оаас авсан бичгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирч байна...” гэснээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 188-193 дугаар хуудас/,
- Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэнд “...шинжлэгдэж буй мал, эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний сум/баг/-ын Засаг дарга гэсэн хэсэгт дарсан багийн засаг даргын тамга нь Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын тамгаар дарагдсан байх боломжтой...” гэснээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэдгээр гэмт хэрэгт тооцохгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 216-217-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ж.О нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь прокуророос шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирч байх тул шүүгдэгч Ж.Оыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардахгүй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.О урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч Ж.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн Е1906088 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Ж.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэх боловч шүүгдэгч нь бусдын эрхийг өөртөө хууль бусаар шилжүүлж авсан, хуурамч бичиг баримт үйлдсэнийг харгалзан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ш овогт Ж-ийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан **** дугаартай Мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ, 00075781 дугаартай Мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ, 024787 дугаартай Мал эмнэлэг-ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас, бичигдээгүй Мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнүүдийн маягт 10 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалсугай.
6. Шүүгдэгчийн Е**** дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК