Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00213

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09654 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох,

 

******* тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь ******* тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгч бөгөөд орон сууц нь Ү-******* дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй.

1.2. Тус орон сууцыг 1993 онд ******* худалдан авахаар харилцан тохиролцож байсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөлгүйгээр уг байранд оршин сууж ирсэн.

1.3. *******аас төлбөр төлөхийг удаа дараа шаардаж хэрэв төлбөр төлөхгүй бол орон сууцнаас албадан гаргах талаар сануулж албан бичиг хүргүүлж байсан. Гэтэл иргэн ******* нь манай байранд үл таних иргэн *******ыг дур мэдэн амьдруулж байгаа нь бидний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

1.4. Манай компани 2021 онд уг орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 210600558 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн.

1.5. Үүнтэй холбоотой Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан иргэний хэргийг 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 101/Ш32021/04828 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

1.6. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 700 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор уг эрүүгийн хэрэг хааж, тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу ******* тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий 3 өрөө, Ү-******* Улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг ******* гэдэг хүнээс 2017 онд худалдаж авч байсан. ******* нь Баянгол дүүргийн цагдаагийн газраас тэтгэвэрт гарсан, уг байрыг миний байр гэсэн тул би итгэж байсан. Бичиг баримтыг асуухад ямар ч асуудалгүй, миний байр 1993 оноос эхлэн амьдарч байсан гэсэн.

2.2. ******* ХХК-ийн захирал болон ******* нар хоорондоо танилууд. Нийлж залилсан байж болзошгүй гэж үзээд цагдаад гомдол гаргасан. Прокурорт гомдол гаргахдаа *******, н.******* хоёрыг хам хэрэгтэн байж магадгүй гэж үзээд эрүүгийн хэрэгт гомдол гаргаж байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн ******* тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дүгээр зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч ******* би иргэн *******аас энэхүү маргаж буй ******* тоот, 60 м.кв, 3 өрөө орон сууцыг 2017 онд худалдан авсан. Тухайн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна.

4.2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж авмагц миний бие иргэн *******аас Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өгч шалгуулахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Энэхүү орон сууц нь анх Орос иргэдийн эзэмшилд байсан. Оросуудыг нутаг буцахад тэднээс Нийслэлийн өмчийн газарт хүлээлгэн өгч улмаар ард иргэдэд олгосон байна.

4.3. Ийнхүү 1995 онд ******* нь 2,000,000 төгрөг, 500 ам.доллар төлж энэхүү орон сууцанд орсон хэдий ч тухайн үед орон сууц эзэмших ордер хараахан гараагүй байсан бөгөөд 2007 онд анх ордер олгогдоход нэхэмжлэгч ******* ХХК нэр дээрээ гаргаж авсан байна.

4.4. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад *******ын төлсөн гэх 500 ам.долларын баримт олдсон. Өөр баримт олдоогүй. Ийнхүү гомдлыг шалгаад шүүхээр шийдвэрлэх иргэний хэрэг биш хэмээн хэрэгсэхгүй болгосон.

4.5. Хариуцагч нь энэхүү орон сууцыг худалдан авснаас тасралтгүй амьдарч байгаа болохыг хөрш оршин суугчид гэрчлэх бөгөөд хорооны тодорхойлолт, өрхийн картаар тодорхойлогдоно.

4.6. Иймд өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсэн хэргийг дахин сайтар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан зарлагдахгүй 3 сарын хугацаа өнгөрсөн, хариуцагч *******од нотлох баримтаа гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. *******ын нь анхан шатны шүүх хуралдааны үед би *******д мөнгөө бэлнээр өгсөн тул надад үүнийг нотлох төлбөрийн баримт байхгүй гэж тайлбарладаг. Гэтэл тухайн орон сууцыг ******* үнэхээр бэлэн мөнгөөр худалдаж авсан эсэх нь тодорхойгүй байдаг.

5.2. Нэхэмжлэгчээс эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийн нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргаж байсан. Учир нь энэ хэргийг эрүүгийн журмаар шалгасан тохиолдолд манай компанийн гаргасан Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй.

5.3. Нэхэмжлэгч нь *******д орон сууцаа худалдан борлуулахаар тохирсон боловч ******* орон сууцны төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу орон сууцны төлбөрийг шаардсан.

5.4. Гэтэл ******* нь *******ыг тухайн орон сууцанд олон жил амьдруулсан байдаг. Нэхэмжлэгч тал анх 2022 онд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.

5.5. Энэ хэргийг эрүүгийн журмаар шалгасан тохиолдолд манай компанийн гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй, уг орон сууцыг битүүмжлэх эсвэл улсын бүртгэлд шилжилт хөдөлгөөнийг нь хаах процесс явагдах тул иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******од холбогдуулан ******* тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

 

3. ******* ХХК нь ******* тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, мөн хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4. Анхан шатны шүүх ******* тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч хөрөнгийг бодитоор эзэмшиж байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай.

 

4.2. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд ... маргаан бүхий орон сууцыг *******тай амаар тохирч 42,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарласан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг худалдан авах зорилгоор хариуцагч ******* нь *******д залилуулсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй, ******* нь уг орон сууцыг ******* ХХК-ийн өмнөөс бусдад худалдан борлуулах эрхтэй этгээд биш гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь маргааны бүхий орон сууцыг *******д худалдахаар тохиролцож, 500 ам.доллар авсан талаар баримт хэрэгт авагдсан боловч уг баримтыг үндэслэн *******ыг уг орон сууцны өмчлөгч гэж үзэх нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцэхгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.3. ******* тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК бүртгэлтэй байгаа тохиолдолд хариуцагч *******ын эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

Талуудын хооронд үүргийн эрх зүйн болон өмчийн эрх зүйн хэлцэл байгуулагдаагүй, мөн хариуцагч нь өмчлөгч бус этгээдтэй байгуулсан тохиролцоог үндэслэн уг орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэхгүй тул нэхэмжлэгч байгууллага нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

4.4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэлээр тодорхойлогдох тул амьдарсан хугацааг үндэслэн уг орон сууцыг шударгаар эзэмших эрхтэй гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ХУЛАН

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

С.ЭНХБАЯР