| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0134/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 139
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, улсын яллагч Т.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Е,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Я,
Шүүгдэгч өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч К.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Ед холбогдох 1913002520172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1979 оны 05 дугаар сарын 17-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар баг, ****тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ*****, С овогт К-н Е.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Е нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг буюу Цагааннуур тосгоны “Талын толгой” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07 цаг 30 минутын үед тоормос нь бүрэн бус өөрийн “Фургон" маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас С.Тийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч К.Е нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг буюу Цагааннуур тосгоны “Талын толгой” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07 цаг 30 минутын үед тоормос нь бүрэн бус өөрийн “Фургон" маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн “а”, “б” хэсэг, 3.7-ийн “а”-д заасан заалтуудыг тус тус зөрчсөнөөс болж онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас иргэн С.Тийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 10-18-рх/,
- Хохирогч С.Тийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-22-рх/,
- Хохирогч С.Тийн үхлийн шалтгааны тогтоосон шинжээч эмч Е.Бы 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт. /хавтаст хэргийн 65-67-рх/,
- Жолооч К.Еы цусны дээжийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11цаг 20 минутаас 11 цаг 30 минутын хооронд авсан тэмдэглэл /хх-ийн 24-рх/, жолооч К.Еы цусанд этилийн 1.7 % промилль спирт илэрсэн, К.Е нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсныг тогтоосон шинжээч К.Хайратын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт. /хавтаст хэргийн 99-рх/,
- Цагааннуур тосгоны хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Д.Ерболын жолооч К.Еы согтуурлын хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 50 минутад шалгахад согтуурал шалгах багажийн заалт нь 1.70 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 23-рх/,
- Жолооч К.Еы согтуурлын хэмжээг шалгасан тухай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 39 минутын үед үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл,
- Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Цагдаагийн газрын ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад А.Мийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт: Уаз-22069-03 маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч К.Е нь Замын хөдөлгөөний дүрмийн доорх зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үүнд:
-Жолооч К.Е нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн “а” хэсэгт заасан энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах: тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын болон ар талын оврын гэрэл асахгүй болсон цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
-Жолооч К.Е нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн “б” хэсэгт хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна.
-Жолооч К.Е нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а”-д заасан жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
- Уаз-22069-03 маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч К.Е нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн “а”, 3.7-ийн “а” заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл нь осол гарах шууд шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 103-104-рх/,
- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн шинжээч Е.Жы 2019 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 15 дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны бүрэн бүтэн байдал осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 111-112-рх/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Зам тээврийн осолд орсон С.Т миний охин бөгөөд талийгаач болсон нөхөр С бид хоёр 2002 оны 07 дугаар сард үрчилж авсан. Түүний төрсөн эцэг нь миний хүүхэд болох Ч.Я, ээж нь С.А нар болно. Миний охины нас барсан хэрэгт цаашид өөрийн өндөр настай болон биеийн эрүүл мэндийн байдлаас болж оролцох боломжгүй. Миний уг хэрэгт хохирогчоор төлөөлөх эрхийг өөрийн хүү Ч.Яд хууль журмын дагуу шилжүүлж байна. Уг хэрэгт цаашид хохирогчоор Ч.Я оролцох болно. Ч.Я миний хохирогчоор эдлэх ёстой эрхийг эдэлж мөрдөн шалгах ажиллагаа болон бүх шатны шүүхэд миний нэрийн өмнөөс оролцох итгэмжлэлийг би гаргаж өгч байна. Иймд үүнээс хойш Ч.Яг хохирогчоор тогтоож, оролцуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-рх/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ягийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний бие эхнэр С.А, охин С.Тийн хамт Улаанбайшинтад байдаг хадам ээжийн гэр лүү амрахаар болж замын машин хүлээж Цагааннуур тосгоны замын постонд зогсож байхад цагаан өнгийн өнгийн **** БӨТ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл 06 цаг 40 минутын үед Өлгий талаас ирсэн. Тэгээд гар өргөж зогсоож Улаанбайшинт руу очих уу, сул суудал байна уу, бид нарт ачаа бараа байхгүй, аваад явах уу, Улаанбайшинт орох гэсэн юм гэхэд суучих сул суудал байгаа гэхээр нь эхнэр, охин, бид гурав уг машинд суусан. Би фургоны хойд суудлын хойшоо харсан суудалд суусан ба эхнэр миний өөдөөс урагшаа жолооч руу харсан суудалд, охин С.Т хаалганы дэргэдэх урагшаа харсан суудалд сууж явсан. Замд жолооч би ОХУ-ын “Кош агаш” район руу явж байна, та нарт таньдаг мэддэг хүн байна уу, хил дээр очир ихтэй байна гэж хэлж асуухаар манай нэг дүү шалган нэвтрүүлэх байранд ажилладаг, түүнд хэлж гаргаж өгье гэж ярилцаад явж байхад Улаанбайшинтад 5-6 км зайтай газар үлдсэн байхад машин гэнэт хоёр тал руу дайвж, зүүн талаар гүүрийн хашлага руу шахагдаж, дараа нь дахиж зүүн талын эрэг үү шахагдаж яваад зүүн тал руу буюу жолооч тал руу унаж 4 дугуй нь дээшээ харж онхолдсон. Тэр үед бид машинаас гарсан ба миний охин С.Т машины дээврийн салхивч руу толгой нь орж дарагдсан байсан. Бид фургоныг босгох гэж дийлээгүй, дараа нь тэнд ирсэн хүмүүс тусалж машиныг түлхэж босгож гаргаж ирэхэд охин С.Т нас барсан байсан. Тэгээд тэнд Цагааннуурын түргэний эмч болон цагдаа нар ирсэн. ...жолооч маш их хурдтай явж байсан. Зам шулуун, тэгш, уруу зам байсан ба жолооч замд унтчихсан болов уу гэж бодсон. Машин гэнэт хоёр тал руу гуйвж дайвж байгаад онхолдсон... Миний бие хэргийн материалтай танилцахаар ирэхэд гарсан зардал болох 87.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин талийгаач С.Тийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 2.480.000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн ах, эгч нарын замын зардал 1.132.600 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нийт 23.612.600 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгөхийг хүсье. Өөр нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33-34-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нөхөр Ч.Я, охин С.Тийн хамт Улаанбайшинтад байдаг ээжийн гэр рүү амарч ирэхээр болж өглөө 06 цагийн үед босож замын машин хүлээж Цагааннуур тосгоны замын постонд очсон. Тэнд зогсож байхад Өлгий талаас цагаан өнгийн өнгийн **** БӨТ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл 06 цаг 40 минутын үед ирэхээр нөхөр Ч.Я нь гар өргөж зогсоож уг машинд аваад явах уу гэхэд тэгье гэж жолооч бууж ирээд бид нарыг машинд суулгасан. Би фургоны цунд суудлын урагшаа харсан суудалд суусан ба нөхөр эсрэг харсан суудалд над руу харж суусан. Охин С.Т хаалганы дэргэдэх урагшаа харсан суудалд сууж явсан. Замд жолооч би ОХУ-ын “Кош агаш” район руу явж байна та нарт таньдаг мэддэг хүн Байна уу? Хил дээр очир ихтэй байна гэж хэлж асуухаар би манай нэг дүү шалган нэвтрүүлэх байранд ажилладаг юм түүнд хэлээд гаргаж өгье гэж ярилцаад явж байсан. Гэгээд Улаанбайшинт руу ороход 5-6 км зайтай газар замын бетон гүүрэнд дөхөж ирж уруу замаар ирж байсан. Машин нэлээд хурдтай ирж байгаад гэнэт хоёр тал руу дайвж гүүрээр гараад хурдаа сааруулахгүйгээр явж байгаад зүүн талын эрэг рүү шахагдаж явж байгаад Баруун тал руу гэнэт жолоогоо мушгиж машин зүүн талаар хажуудаж унаад 4 хөлөөрөө дээшээ хараад зогссон. Тэр үед миний хүүхэд О.Тийн толгой машины дээврийн салхивчийн хэсгээр гарч газар машин хоёрт дарагдаж амь насаа алдсан. Тэр машины дээврийн салхивч байхгүй гялгар цаасаар скочдсон байдалтай байсан. Бид машиныг түлхэж босгож охиноо гаргаж авсан боловч тэр газар дээр өнгөрсөн байсан. Хэрэв машины дээврийн салхивч зориулалтын шилтэй байсан бол дээврийн цонхоор миний охин хэзээ ч машинд дарагдахгүй байх байсан байх. Дээврийн шил хаалт болж машин дотор гэмтэл авахгүйгээр амьд үлдэх байсан болов уу гэх бодож байна. Зам тээврийн осол жолооч хурдтай явснаас болж үүссэн байх. Тэр жолооч би 20 жил энэ замаар явсан гэж хэлж ирж байсан болохоор замын нөхцөл байдлыг сайн мэдэж хурдтай явж байгаа болов уу гэж бодоод явж байсан. Болсон асуудал энэ болно. Би машин хэдэн милийн хурдтай явж байсан болохыг нүдээрээ хараагүй. Гэхдээ маш их хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 53-54-рх/,
- Гэрч К.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ОХУ-ын Кос-агаш районы иргэн бөгөөд Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан голын Рашааны амралтын газарт өөрийн өвчтэй зээ 6 настай М.Еыг байнга дагуулж ирж эмчлүүлж байдаг юм. Би Монгол Улсын Баян-Өлгий аймагт 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирж Цагаан голын рашаан орж өнөөдөр буцаж явж байгаа. Өглөө үүрээр 05 цагт Өлгий сумаас К.Е гэгчийн **** БӨТ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээр ирж байгаад замд Цагааннуураас 3 хүн бидний машинд Улаанбайшинтад очно гэж суусан. Би замд зээгээ тэврээд унтаад, нойрмог ирж байсан ба Улаанбайшинт руу дөхөж ирж байхад бидний машинд байгаа хүмүүс гэнэт хашхирч эхлэхэд би айж сандарч зээгээ чанга тэврээд суучихсан. Нэг мэдэхэд бидний машин онхолдож 4 дугуйгаар дээшээ харсан байдалтай болчихсон. Тэр үед машины дээд талын лукны хэсгээр замд суусан 3 хүний нэг нь болох охин толгойгоороо дарагдаж хавчигдсан байдалтай байсныг харсан. Машинд байсан хүмүүс бүгд өөрсдөө гарсан. Толгой нь дарагдсан охины аав охиныг гаргаж авах гэж оролдож байсан. Би охины гарыг барихад гар нь хөрч, судасны цохилт байхгүй болчихсон байв. Тэнд олон хүн цугларсан байсан ба тэд нараас би тусламж хүсэж машиныг босгож дарагдсан охиныг гаргаж авсан. Охин бидний гаргаж авах үед аль хэдийнээ нас барсан байсан. Миний бие болон миний зээ Ерасылын биед ямар ч гэмтэл учраагүй, шарх сорвигүй байсан. Миний бие хэн нэгэн хүнд гомдол байхгүй. Надад шалгуулах зүйл байхгүй. Бид ямар ч гэмтэлгүй эрүүл саруул байгаадаа баярлаж байна. Миний даралт, эрүүл мэнд бүгд хэвийн байгаа. Би унтаад ирж байсан болохоор мэдэхгүй байна. Машин хэдэн милийн хурдтай байсан болохыг хараагүй. Тээврийн хэрэгсэл 90-100 милийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би машинаас гараад харахад зам дэржгэнүүртэй муу зам байсан болохоор жолооч жолоодлого алдсан гэж бодож байна. Би өөрөө жолооч хүн. Олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон. Одоо ч гэсэн тээврийн хэрэгсэл жолоодож байгаа” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41-42-рх/,
- Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Улаанбайшинт Цагааннуур чиглэлийн замаар Улаанбайшинт руу дөхөж ирж байхад машин гэнэт хоёр тийшээ дайвж явчихсан. Нэг мэдэхэд машин хажуу талаар өнхөрч унасан. Машин унасны дараа машин дотроос би өөрөө гарсан. Мөн машин дотор байсан бусад хүмүүс гарах үед Цагааннуур тосгоноос суусан 3 хүний нэг нь болох 18 насны орчим настай охин машины дээврийн шилний /лук/ хэсгээр толгой нь дарагдсан. Фургоныг хүмүүс цуглуулаад машинаар татаж босгоход охин нас барсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 56-рх/,
- Гэрч Х.Сейлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие фургон” маркийн тээврийн хэрэгсэл жолооддог байнга ОХУ-руу такси хийдэг К.Е гэгч залуутай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ОХУ-ын “Кос агаш” районд очихоор тохирсон байсан. Би ОХУ-ын “Кош агаш” районоос ойр зуурын бараа худалдаж авч ирэхээр төлөвлөсөн байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өглөө 05 цагийн үед манай гэрт К.Е өөрийн “Фургон” маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүрч ирснээр машинд сууж Өлгий сумын төвд ороод Хаан банкны АТМ-ээс мөнгө авч Оюунцэцэгийн гэрт очоод Оюунцэцэгийг авч, дараа нь Өлгий сумын бетон гүүрийн аманд байдаг мөнгөний ченж хийдэг айлаас би рубль худалдаж авсан. Дараа нь шатахуун түгээх станцаас бензин авч “Дастан” шатахуун түгээх станцын чиглэлд байдаг 3 замын уулзварт очиж тэндээс ОХУ-ын “Кош агаш” районд оршин суудаг гэх нэг эмэгтэй хүнийг хүүхдийн хамт суулгаж авсан. Тэгээд тэндээс шууд Улаанбайшинт руу явсан. Замд Цагааннуур тосгонд ирэхэд замын постын хажууд 3 хүн зам тосож байсан. Тэднийг суулгаж аваад цаашаа явсан. Улаанбайшинт руу дөхөж ирж байхад 4-5 км зайтай газар үлдсэн байх замд байсан бетон гүүр лүү машин дөхөж очиход гэнэт хоёр тийшээ дайвж явчихсан. Машин замын зүүн талын эрэг рүү тулж шахагдаж замын эргээс гарах шинжтэй болж очих үед жолооч машины хүрдийг баруун тийш дарах үед машин хажуу талаар унаж онхолдсон. Тэгээд юу болсныг мэдээгүй. Ухаан орж сэрэхэд машин дотор хэвтэж байсан. Машинаас өөрөө гарч машины хойно байсан хүмүүсийг гаргаж авсан. Тэр үед Цагааннуур тосгоноос суусан 3 хүний нэг нь болох 18 насны орчим настай охин машины дээврийн шилний /лук/ хэсгээр толгой нь дарагдсан хэвтэж байсан. Охиныг гаргаж авах гэж оролдоод чадаагүй. Дараа нь хүмүүс, машин ослын газар цуглаж ирсний дараа фургоныг машинаар татаж босгосон. Машинд дарагдсан охин нас барсан байсан. Цагааннуур тосгоны эмч нар ирж үзээд охин нас барсан байна гэдгийг хэлсэн. Цагааннуур тосгоны цагдаа нар ирж хэргийн газрыг хамгаалалтад авсан. Би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Болсон асуудал энэ болно. Машин гэнэт хоёр тал руу дайвж явж байгаад онхолдож унасан. Чухам юунаас болж хоёр тал руу дайвсан болохыг мэдэхгүй байна. Жолооч машиныг замаас гаргахгүй гэж оролдож байсан. Осол хоромхон хугацааны дотор болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 58-59-рх/,
-Шүүгдэгч К.Еы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн **** БӨТ улсын дугаартай, фургон маркийн тээврийн хэрэгслээр 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өглөө 07 цаг 20 минутын үед Өлгийгөөс Улаанбайшинт руу явж байх замд Улаанбайшинт руу 5-6 км зайтай газар машины хурдыг хасахаар тоормос дарах үед машины тоормос өрөөлдөж барьснаас болж тээврийн хэрэгслийн тэнцвэр алдаж онхолдож зам тээврийн осол гаргасан. Тэр үед Цагааннуураас суусан зорчигч болох С.Тийн амь нас хохирсон. Зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохирсон явдалд харамсаж байна. Миний бие амь насаа алдсан хохирогчийн ар гэрийн хүмүүсээс уучлалт гуйж байгаа. Миний бие 2018 оны 06 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан. Осол гарах үед би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэж аваагүй байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үед тээврийн хэрэгсэл жолоодсон минь үнэн. Миний бие зам тээврийн осол гаргасан өдрийн урьд өдөр нь амрахаас өмнө ганцаараа 0,35 граммын “Ерөөл” нэртэй архийг гэрт ганцаараа уугаад 22 цаг 30 минутын үед амарсан. Намайг осол гаргах үед Цагааннуур тосгоны цагдаа драйгерь үлээлгэж та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж хэлсэн. Би урьд өдөр нь архи уусан байсан болох нь үнэн. Машин жолоодож байх үед согтуу байгаагүй. Өөрийгөө эрүүл гэж бодсон. Осол гарах үед зам шороон зам байсан ба дэржгэнүүртэй байсан. Осол гарах үед зам бага зэрэг уруудаж байсан ба тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэхээр нь тоормос дарахад машин хоёр тал руу дайвж байгаад замын эргээс гарах шинжтэй болохоор эргээс машиныг гаргахгүй гэж бодоод баруун тал руу машины /рулийг/ хүрдийг дарах үед машин зүүн талаар онхолдож, 4 хөл нь дээшээ гарч зогссон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 116-рх/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч К.Еы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд засаан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан гэмт хэргийн болгоомжгүй хэлбэрт хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.Е нь анхаарал, болгоомжгүйгээр үйлдэгдэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Гэмт хэрэг гарахад Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах, уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч К.Еы нь дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 50 минутад шүүгдэгч К.Еы “согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл” болон Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч К.Еы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож иргэн С.Тийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч К.Е нь мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Яд шүүх эмчид үзүүлсэн зардал 16.000 төгрөг, лам залж ном уншуулах үед гарсан зардал 358.000 төгрөг, талийгаачийн буяны гар цайллагад гарсан зардал 710.020 төгрөг, буяны ажил хийгдэх үед авсан хүнсний зүйлийн зардал 1.356.260 төгрөг, оршуулгын үеэр нядалсан малын үнэ 1.140.000 төгрөг, оршуулгын үеэр зарцуулсан бензиний үнэ 436.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг, нийт 4.316.280 төгрөг төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн байна. Энэ нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Я нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Харин 2 удаа аймагт ирж хэргийн материалтай танилцахад гарсан замын зардал 87.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Я нь шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү 87.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Я нь С.Тийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 2.480.000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн ах, эгч нарын замын зардал 1.132.600 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нийт 23.612.600 төгрөг нэхэмжилжээ.
Үүнээс 22.480.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.132.600 төгрөгийн хохирлыг хангаж шийдвэрлэлээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Я нь тэжээгч алдсаны тэтгэмж гээд 8 сарын тэтгэврийг сарын 310.000 төгрөгөөр тооцож, 2.480.000 төгрөг нэхэмжилсэн байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч С.Нийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтод “...С овогтой Т нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл....олгоно” гэж зааснаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл авах ёстой. 2019 оны 07 дугаар сарын байдлаар 310.000 төгрөгийн бүрэн тэтгэвэр авч байна” гэснээс үзвэл, энэхүү тэтгэврийг Ч.Яд биш, талийгаач С.Тд олгохоор тогтоосон. Мөн энэхүү тэтгэврийг Ч.Яд олгох хууль зүйн ямар нэгэн үндэслэл байхгүй тул гаргуулах үндэслэлгүй байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ягийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 20.000.000 /хорин сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуульд хүний амь хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохиролд төлөх мөнгөн дүнг тодорхойлоогүй тул шүүх сэтгэл санааны хохирлын хэмжээг шууд тооцон гаргуулах боломжгүй байна. Шүүгдэгч К.Е нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 4.316.280 төгрөгийг төлснийг дурдаж байна.
Харин Улаанбаатар хотоос талийгаачийн оршуулгын ажилд ирсэн төрсөн ах Я.Б, эгч Я.У, Ч.К, Б, хүргэн ах Ц нарын замын зардал болох 1.132.600 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэж шүүгдэгчээс иргэний нэхэмжлэлд тооцож гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Яд олгохоор шийдвэрлэв.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
- Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Еы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч К.Еы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, цаашид хохирлыг барагдуулахаар илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар гэмт хэрэгт нь хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.Еы үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч К.Ед оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч К.Е урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд түүний согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж хүнийг тээврийн хэрэгслээр дайрч алах, эрүүл мэндэд нь хохирол учруулах зэрэг санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамаарууллаа. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Е нь цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч К.Еы өмчлөлийн УАЗ-22060, **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч К.Еыд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.Еы гадаад паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК