| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/06574/И |
| Дугаар | 210/МА2026/00214 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00214
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10543 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хананд байршуулсан самбарыг буулгаж, үл хөдлөх хөрөнгийн хана чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.2. Гэтэл ******* ХХК нь *******гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд дур мэдэн зар сурталчилгааны самбар байршуулж, *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар ашиглан орлого олж байна.
1.3. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид мэдэгдэхгүй, зөвшөөрөл авахгүйгээр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хананд том хэмжээний буюу өндөр нь 4.5 метр, урт нь 17 метрийн хэмжээтэй сурталчилгааны самбар байршуулж өөрийн дураар бусдын өмчлөлийн хөрөнгөд хууль бусаар халдаж байна.
1.4. Түүнээс гадна ******* ХХК нь дээрх байдлаар бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар халдахдаа Зар сурталчилгааны тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн, түүнд гадна хананд самбар байршуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгоогүй байна.
1.5. Үл хөдлөх хөрөнгөнд хууль бусаар, зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгах шаардлагыг Сууц өмчлөгчдийн холбоо болон ******* ХХК-д удаа дараа хандаж гаргасан ба Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс таны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хана бидэнд хамаагүй, манай Сууц Өмчлөгчдийн холбоо ямар нэгэн байдлаар эзэмшиж ашигладаггүй гэсэн хариу өгсөн. Харин ******* ХХК нь дээрх самбарыг буулгах арга хэмжээ авахгүй өдий хүрсэн.
1.6. Нэхэмжлэгчийн өмчийн үл хөдлөх хөрөнгө нь нийтийн орон сууцны барилгаас тусдаа хийцтэй, уг барилгын фасадыг барилгын оршин суугчид ашигладаггүй, барилгын орц, шат, коридор зэрэг нь нийтийн зориулалттай хэсэгтэй холбогддоггүй, орон сууцны хэсэг нь ард талд байрладаг.
1.7. Иймд *******гийн өмчлөлийн, ******* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хананд байршуулсан өндөр нь 4,7 метр, урт нь 17 метр хэмжээтэй самбарыг буулгаж, үл хөдлөх хөрөнгийн хана чөлөөлөхийг, хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК нь Нийслэлийн ******* дугаар байрны гадна хананд сурталчилгааны самбар байрлуулдаг нь үнэн.
2.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна гэж заасан байх ба тус хуулийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана ... зэрэг эд хөрөнгө гэж заасан байдаг.
2.3. Иймд тус байшингийн гадна хана нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан хууль ёсны өмчлөх эрхэд хамаарах эд хөрөнгөд хамаарахгүй тул ийнхүү тус ханыг чөлөөлөхийг шаардах эрхгүй. Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 308.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд байрлуулсан 4,7 х 17 метр хэмжээтэй самбарыг буулгаж, үл хөдлөх эд хөрөнгийн ханыг чөлөөлөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөх эрхийн хүрээнд шаардаж байгаа гэх боловч анхан шатны шүүхээс маргааны зүйл болсон барилгын гадна ханыг тодорхойлохдоо шийдвэрийнхээ 6 дугаар хэсэгт нийтийн эзэмшлийн барилга байгууламж... гэж үндэслэлтэй дүгнэлт хийж, мөн шийдвэрийнхээ үндэслэлийн 8 дахь хэсэг болон тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмчлөл гэж дүгнэн шийдвэрлэж, хуулийг буруу тайлбарлаж, алдаатай буюу логик уялдаагүй дүгнэлт гаргаж байгаа нь шүүх илт нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
4.2. Түүнчлэн Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна. гэж заасан байх ба тус дундын өмчлөл гэдэгт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна, орон сууцны байшингийн гадна хана ... гэж тодорхойлсноос үзвэл маргааны зүйл болж буй барилгын гадна хана нь нийтийн эзэмшлийн барилга байгууламжид хамаарах дундын өмч байна.
4.3. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ 5а хэсэгт үндэслэхдээ ******* СӨХ-ны 2025.04.03-ны өдрийн 25/008 тоот албан бичигт үндэслэн барилгын гадна ханыг СӨХ-ны эзэмшил биш гэж хуулийг буруу тайлбарлан албан бичигт үндэслэн шийдвэр гаргасан байна.
4.4. Түүнчлэн дээр дурдсан албан бичигт СӨХ ашигладаггүй тухай дурдсан хэдий ч Нэхэмжлэгч талын өмчлөлд байх тухай дурдаагүй бөгөөд угаас нэхэмжлэгчийн өмч байх боломжгүй зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
4.5. Мөн хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа тус маргааны зүйл болж буй барилгын гадна хана нь СӨХ-ны эзэмшилд хамаардаг буюу нэхэмжлэгчийн өмч биш талаар хууль зүйн үндэслэлээ гарган тайлбарласан боловч шүүх шийдвэрийн үндэслэлийн 5б хэсэгт Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшин болох нь тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй гэж маргааны зүйлд хамааралгүй барилгын дотор хананы талаар дүгнэлт гаргасан байна.
4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* ХХК-ийн нэг эцсийн өмчлөгчтэй харилцан хамаарал бүхий ******* ХХК-д хуульчаар ажилладаг бөгөөд тус компанийн ******* аймаг, ******* суманд орших барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын гишүүнээр ажиллах болсон тул холбогдох нотлох баримтуудыг хавсарган хариуцагчийн зүгээс шүүх хурал хойшлуулах хүсэлт өгсөн боловч шүүхээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгийг нотолсон баримтыг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
4.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ холбогдох баримтыг хавсарган хүргүүлсэн байхад түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь процессын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. ******* нь 308,7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл тухайн эд хөрөнгөтэй огт хамааралгүй ******* ХХК нь *******гийн өмчлөлийн дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд дур мэдэн зар сурталчилгааны самбар байршуулж, хууль бусаар ашиглан бусдад өдрийн 200,000 төгрөгөөр, сарын 6,000,000 төгрөгөөр түрээсэлж орлого олдог.
5.2. Өөрөөр хэлбэл, ******* компанийн охин компани болох ******* ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******д мэдэгдэлгүйгээр, зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авалгүйгээр түүний үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд том хэмжээний буюу 4,5:17 метрийн хэмжээтэй зар сурталчилгааны самбар байршуулж, өөрийн дураар бусдын өмчлөлийн эд хөрөнгөд хууль бусаар халддаг.
5.3. Хариуцагч тал энэ нь нийтийн зориулалттай орон сууц учир ******* гэх хүнд хамааралгүй гэх зүйлийн талаар ярьдаг. Талууд өмчлөлийн талаар, зар сурталчилгааны самбар зөвшөөрөлгүй байршуулсан, мөн тухайн эд хөрөнгийн өмчлөгчид мэдэгдээгүй зэрэг үйл баримттай маргаагүй.
5.4. Түүнчлэн дээр дурдсан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, холбогдох хууль дүрмийг зөрчөөгүй болон зохих этгээдүүдээс зөвшөөрөл авсан гэдгээ баримтаар няцааж, нотлоогүй буюу энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул бусдын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд зохих этгээдийн зөвшөөрөлгүй байршуулсан самбараа буулгахгүй гэж байгаа нь үндэслэлгүй.
5.5. Тухайн хана нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хана учир ашиглалт болон аюулгүй байдал нь нэхэмжлэгчид шууд нөлөөлдөг. Тодруулбал, тухайн хананд сурталчилгааны самбарыг тогтоохын тулд маш олон өрөмдлөг хийсний улмаас хананд цууралт үүссэн. Мөн хариуцагч тал маргаан бүхий зар сурталчилгааны самбар дээр маш хурц гэрэлтүүлэг тавьсан байдаг. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 4 замын уулзвар дээр байрладаг тул шөнийн цагаар ихэвчлэн том оврын тээврийн хэрэгслүүд зорчдог.
5.6. Тиймээс бидний өмчлөлийн эд хөрөнгө болон аюулгүй байдалд шууд халдаж байгаа юм. Мөн хариуцагч тал энэ талаарх асуудлыг сууц өмчлөгчдийн холбоо шийдвэрлэх ёстой гэх зүйл ярьдаг. Бид энэ талаарх шаардлагыг сууц өмчлөгчдийн холбоонд тавьсан боловч сууц өмчлөгчдийн холбооны зүгээс таны үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө бидэнд хамаагүй, бид ямар нэгэн байдлаар таны үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашигладаггүй, та нар өөрсдөө холбогдох газарт нь санал гомдлоо гарга гэх хариу өгсөн нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана.
5.7. Маргаан бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь орон сууцнаас урагшаа 15 метр, хойшоо 10 метрийн зайтай, дээд талдаа ямар нэгэн орон сууцны барилга байгууламжгүй бөгөөд орон сууцны орох, гарах хэсэг болох орц, шат, коридор гэх мэт нийтийн зориулалттай хэсэгтэй холбогддоггүй. Хариуцагч тал манай өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд янз бүрийн сурталчилгааны самбар байршуулдаг.
5.8. Гэтэл тухайн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө дотор барьцаалан зээлдүүлэх байгууллага болон эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Маш олон иргэд маргаан бүхий зар сурталчилгааны самбарыг харж, төөрөгдөлд ордог. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нягтлан үзэж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийг нэхэмжлэгч эдэлнэ, түүний өмчлөлийн эд хөрөнгөд сурталчилгааны самбар байршуулсан үйлдлийг таслан зогсоох учиртай, эрх зөрчсөн үйлдэл гэж үзсэн.
5.9. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй огт хамааралгүй атлаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, саад учруулж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хананд байршуулсан самбарыг буулгаж, үл хөдлөх хөрөнгийн ханыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 308.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд 4.7х17 м.кв хэмжээтэй самбарыг ******* ХХК нь байрлуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 308.7 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд 4.7х17 м.кв хэмжээтэй самбарыг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцжээ.
4.1. Нэхэмжлэгч нь ... үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр самбар байрлуулсан нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж, хариуцагч нь ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд байшингийн хана хамаарна, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь уг барилгын дотор талбайд хамаарах тул өмчлөгчийн шаардах эрхийг эдлэхгүй гэж тус тус тайлбарласан.
4.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заажээ.
******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 308.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө нь орон сууцны барилгатай шууд залгаа хөрөнгө байх тул хуулийн дээрх ойлголтод хамаарна.
Дээр үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтыг хариуцдаг ******* Сууц өмчлөгчдийн холбооны 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 25/08 тоот албан бичигт ... Таны өмчлөлийн ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 308.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хойд талд /уулын зам руу харсан/-ын ханыг ******* СӨХ нь ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашиглаагүй болно гэж дурдсан байна.
Анхан шатны шүүх дээрх албан бичгийн агуулгыг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшин болох нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Тодруулбал, ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй талаар дурдсан байхад орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй талаар тодорхойлоогүй байгааг анхаарах нь зүйтэй.
4.3. Анхан шатны шүүх Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт гадна зар сурталчилгаанд нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар байрлуулах зар сурталчилгаа хамаарна., Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.12 дахь хэсэгт гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар олгоно гэж тус тус заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно. гэж заажээ.
Хүн, хуулийн этгээдээс аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхдээ төрийн байгууллагаас зөвшөөрөл авч, түүнийг үндэслэн явуулах үйл ажиллагааг хуульд нэрлэн зааснаас бусад үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхтэй. Гэтэл, хариуцагч байгууллага нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл авсан үйл баримтыг нотлоогүй тул ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 308.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд байршуулсан хариуцагч байгууллагын зар сурталчилгааг буулгаж, ханыг чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцнэ. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4.4. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 308.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгэлтэй.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь барилгын гадна ханыг өмчлөх эрхийг давхар олгохгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийн зохицуулалтыг хэрэглэсэн алдааг залруулна.
Хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд зохих зөвшөөрөлгүй зар сурталчилгааг байршуулсан нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн /зар сурталчилгааг тогтооход үүсэх доргилт, хананд тогтоож, бэхлэх, зар сурталчилгааг солих гэх мэт/ байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
5. Хариуцагч байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь ******* ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа атлаа ******* ХХК-тай хамааралтай асуудлаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10543 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 106 дугаар зүйлийн 106.1 ... гэснийг ... 106 дугаар зүйлийн 106.2 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
С.ЭНХБАЯР