Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 130

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч, аймгийн ерөнхий прокурор Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах, хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ед холбогдох 1913002010171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, яс үндэс казах, Б овогт Х-ын Е, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ажилгүй, хувиараа такси хийдэг, Баян-Өлгий аймгийн  Х сумын дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ.....................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 23 км зайтай газарт Толбо сумаас ирэх засмал замд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Толбо сумын 5 дугаар багийн иргэн Х овогтой Еын жолоодож явсан “Истана” маркийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас 2 настай хүүхэд Е.Агийн амь нас хохирсон, хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд, С.Кы эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Еы эрүүл мэндэд хөнгөн, Б.Еын эрүүл мэндэд хөнгөн, Х.Агийн эрүүл мэндэд хөнгөн, жолооч Х.Еын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 23 км зайтай газарт Толбо сумаас ирэх засмал замд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Толбо сумын 5 дугаар багийн иргэн Х овогтой Еын жолоодож явсан “Истана” маркийн *****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 3.4-6, 12.1-д заасныг зөрчиж, онхолдсоны улмаас 2 настай хүүхэд Е.Агийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины няцрал, тархины суурь ясны баруун ба зүүн далавчид хөндлөн хугаралт, хуйхан доор зулайны баруун ар хэсэгт цус хуралт, их тархины орой хэсэгт цус хуралт, тархины арын хөндийд цус хуралт, тархины эдэд цус хуралт, бага тархины гадна хэсэгт цус хуралт, дотор эдэд цус хуралт, баруун талын ташааны дээд хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн бүсэлхий орчим цус хуралт, зүүн гуяны гадна хэсэгт цус хуралттай зөөлөн эд бэртэл гэмтэл учирч түүний амь нас хохирсон, хохирогч Саулегүлийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилт няцралт, цээжний битүү гэмтэл, пнемоторакс /хий хуралдсан/, зүүн умдаг ёсны хугарал, амьсгалын дутагдлын 2-р зэрэг, баруун талын эгэм ёсны хугаралттай, зүүн уушгины гэмтэлтэй, зүүн нүд хөхөрсөн, зүүн хацарт, дух, нүүрэнд хавантай, эгэм цээжний баруун талд хавантай гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд, С.Кы биед тархины доргилт няцралт, зүүн талын далны хугаралт, зүүн нүүр духны хэсэгт, мөр, баруун бугалгаа, зүүн чих орчим, зүүн хүзүүний зүүн талд бүслүүр орчмын зөөлөн эдийн бэртэл гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Х.Еы биед тархины доргилт няцралт, бүслүүр орчмын зөөлөн эдийн бэртэл гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн, Б.Еын гавал баруун нүүрний шанаа, зулай, хацар, зүүн чихний дэлбэнгээ хамаарсан зулгарсан шархтай, хавантай гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн, Х.Агийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилт няцралт, хамрын нурууны мурийлт, таславч мурийсан хавантай, нүүрний хэсэгт духны хэсэгт зөөлөн эдийн бэртэл буюу эрүүл мэндэд хөнгөн, жолооч Х.Еын биед нурууны битүү гэмтэл, нурууны 12 дахь бүсэлхийн 1 дэх, 2 дахь нугалмуудын баруун хөндлөн сэртэн зөрүү багатай хугаралттай, бүсэлхийн 3 дахь, 4 дэх түвшинд зүүн фороминаль байрлал давамгай, бага зэрэг цүлхийсэн, бүсэлхийн 4 дэх, 5 дахь түвшинд жигд цүлхийж, нугасны өмнөд зай багассан, бүсэлхийн  5 дахь сүүлний 1 дэх түвшинд фороминаль байрлал цүлхийж мэдрэлийн зай  нарийсгасан зэрэг гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, зам тээврийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-19 дүгээр хуудас/,

2. Цогцост хийсэн үзлэг, фото зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-27 дугаар хуудас/,

3. Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, фото зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-19 дүгээр хуудас/,

4. Хохирогч Е.Агийн үхлийн шалтгааны тогтоосон шинжээч эмч К.Х-ын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай задлан шинжилгээний “Е.А нь тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

5.Хохирогч С.Сийн биед хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээч К.Хын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт. /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

6.Хохирогч С.Кы биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай дүгнэлт. /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,

7.3ам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон ЗЦТ-ийн зохицуулагч, дэслэгч Э.Гын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “1. Жолооч Х.Е нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтад заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 3.4-6 заалтад заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэснийг тус тус зөрчсөн байна. 2.Жолооч Х.Е нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөлд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,

8.Авто тээврийн төвийн мэргэшсэн инженер, ТХ-ийн үзлэгийн инженер Е.Жанатханы 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Х.Еын гаргасан зам тээврийн ослын улмаас миний 2 настай хүүхэд болох Е.А нас барсан. Зам тээврийн осол гарах үед би Улаанбаатар хотод байсан. Тэгээд Улаанбаатар хотоос онгоцоор ирсэн. Эхнэр С.С нь ослын улмаас хүнд гэмтэл авч аймгийн нэгдсэн эмнэлэгт 4-5 хоног эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод онгоцоор очиж гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж ирсэн. Эхнэр одоо хэвтрийн байдалтай, эмчилгээ хийлгэж байгаа. Бүрэн эдгэрээгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

10.Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний бие 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн 2 настай хүүхдийн хамт Х.Еын “Истана” маркийн тээврийн хэрэгслээр ирж байхад замд тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас миний бие ухаангүй байдалтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн. Ослын улмаас миний 2 настай хүүхэд болох Х.Али нас барсан. Одоо хэвтрийн байдалтай эмчилгээ хийлгэж байгаа. Бүрэн эдгэрээгүй байна. Тэр өдөр Х.Еын машин нэлээд хурдтай явж байсан. Гадаа цас орж байсан. Машин замаас гарч онхолдсон. Дараа нь юу болсныг би мэдэхгүй, ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

11. Хохирогч С.Кы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Толбо сумаас өөрийн охин Х.Атай хамт гэртээ харихаар Толбо сумын иргэн Х.Еын “Истана” маркийн тээврийн хэрэгслээр ирж байхад замд машин хурдтай явж байсан болохоор тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдож, миний бие гэмтэл авсан. Надад зүүн талын дал хугарч гэмтэл учирсан. Миний бие охин Х.Агийн хамт эмнэлэгт 3 хоног эмчлүүлж байгаад гарсан. Тэгээд гэрээр эмчилгээ хийлгэсэн.Тухайн үед гадаа нойтон цас орж, замд орсон цас хайлж урсаж байсан. Зам халтиргаатай байсан болохоор тээврийн хэрэгсэл халтирсан байх гэж бодож байна. Осол болох үед миний бие ухаан алдчихсан болохоор машин замын аль талд яаж унасан болохыг тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

12. Гэрч М.Ен мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Миний бие өөрийн хувийн ****БӨТ улсын дугаартай “Тоуоta fits” маркийн тээврийн хэрэгслээр Толбо сумаас 09 цаг 48 минутын үед аймаг орохоор 2 зорчигчийн хамт гарч ирж байхад “Хар салаагийн” гүүрээр өнгөрч аймагт 22 км зайтай дөхөж ирэхэд бидний өмнө 6 зорчигчтой гарсан Х овогтой Еын жолоодож явсан *****БӨҮ улсын дугаартай, “Истана” маркийн тээврийн хэрэгсэл замын зүүн талд гарч онхолдож осолдсон байсныг харсан. Машинд байсан хүмүүс бүгд гадагшаа гарсан байсан ба Х.Е гэдэг хүн миний машиныг зогсоож бид осолд орчихлоо, хүмүүсийн биеийн байдал муу байна, хүүхэд болон түүний ээжийн биеийн байдал маш муу байна яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай гэсэн. Тэгээд машинд байсан 2 зорчигчийг тэнд үлдээж Х.Ед хүүхдийг бариулж суулгаж түүний ээжийг урд суудалд суулгаж аваад аймаг нэгдсэн эмнэлэгт ирж хүлээн авах тасагт хүлээлгэж өгсөн. Тэндээс цагдаагийн газарт залгаж мэдээлэл өгсөн. Замд би Х.Ед хүүхдийн байдлыг үзээч яасан байна, гарыг нь барьж үзээрэй гэхэд Х.Е гар нь хүйтэн болсон байна, өнгөрсөн юм шиг байна гэсэн. Эмнэлэгт авч ирсний дараа эмч нар хүүхдийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Хүүхдийг ээжийн биеийн байдал муу, ухаангүй байдалтай эмнэлэгт ирсэн болно. Түүний нүүр маш ихээр хавдсан байсан. Бидний араас замын машинаар ирсэн жолооч Х.Е болон бас нэг эмээг насолкоор эмнэлэгт оруулсан. Жолоочийн нуруу гэмтсэн байж болзошгүй гэсэн. Бусад хүмүүс эмнэлэгт өөрсдөө орж үзүүлж байсан. Миний мэдэх зүйл энэ болно" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

13. Гэрч Х.Еы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр өглөө миний бие аймаг орохоор болоод төрсөн дүү Х.Еын машинаар 10 цагийн үед аймаг руу Толбо сумын төвөөс гарсан. Уг нь манай дүү өөрийнхөө **** БӨҮ улсын дугаартай “Истана” маркийн машинтайгаа Толбо-Өлгий чиглэлд зорчигч тээвэрлэдэг юм. Бид сумаас гарахад машинд нийт 7 хүн байсан. Жолоочийн суудалд манай дүү Х.Е, түүний туслах талын урд суудалд настай эмээ, жолоочийн хойд талын арын суудалд эмэгтэй хүн суусан. Түүний баруун талд буюу хажууд нь мөн эмэгтэй хүн суусан ба түүний өвөрт нь бага насны эрэгтэй хүүхэд суусан. Харин гуравдугаар эгнээний суудалд миний бие болон хажууд минь нэг  эмэгтэй хүүхэд сууж явсан. Ингээд сумын төвөөс гараад 50 гаруй километр засмал замаар яваад шар нуурын ойролцоо, хятадын зам барилгын кемпийн хажууд ирэхэд машин бултах шиг болоод нэг мэдэхэд машин хоёр, гурав онхолдох шиг болсон. Би машин онхолдоход цонхноос шидэгдсэн байсан. Би засмал замын зүүн талд замын хөвөөнд шидэгдсэн ба миний хажууд настай эмээ болон хүүхэдтэй эмэгтэй дөрвүүлээ нэг газарт ойрхон шидэгдсэн байсан. Тэгээд би шууд босоод харахад миний баруун хойд талд замын хөвөөнд нөгөө эмэгтэйн өвөрт сууж явсан эрэгтэй хүүхэд дээшээ харж, амны хөндийд нь цус хуримтлагдсан хэвтэж байхаар нь би шууд хүүхэд рүү очиход хүүхэд амьсгалж хэвтэж байсан. Тэр үед жолооч Х.Е шидэгдсэн газраасаа босож ирээд нөгөө хүүхдийн ээж дээр очоод толгойг өндийлгөж байсан. Тэгэх хооронд засмал замаар машин ирээд явахаар нь машиныг зогсоогоод бага насны эрэгтэй хүүхдийг ээжтэй нь цуг машинд хийж аваад нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад авчирсан. Одоогийн байдлаар машинд сууж явсан настай эмээ болон жолоочийн хойно суусан эмэгтэй хүүхэд, миний хажууд сууж явсан эрэгтэй хүүхдийн биеийн байдал нь гайгүй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

14. Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Өнөөдөр өглөө би ээжтэйгээ цуг Толбо сумын төвөөс иргэн Х.Еын машинаар 09 цаг өнгөрч байхад аймаг руу гарсан. Тухайн үед машин дотор 7 хүн байсан ба жолоочийн суудалд Х.Е, түүний хажууд туслах талын урд суудалд миний ээж Иман, би жолоочийн арын суудалд суусан. Миний хажууд баруун талд бага насны 2 настай эрэгтэй хүүхэдтэй эмэгтэй хүн суусан ба хүүхэд нь ээжийнхээ өвөрт суусан байсан. Миний сууж байсан суудлын хойд суудалд 2 эрэгтэй хүн суусан.Тэгээд сумын төвөөс засмал замаар аймаг руу явсан ба жолооч нэлээн хурдтай явсан. Дараа нь жолооч нэлээд хурдтай яваад замд 3,4 машиныг гүйцэж түрүүлж хурдтай явж байгаад Шар нуурын ойролцоо ирээд машин гулгах шиг болоход 2 удаа онхолдож, сүүлд нь 4 хөлөөрөө замын баруун талд гараад шороон дээр зогссон. Тэр үед машин дотор хэн ч үлдээгүй ба дотор нь байсан бүх хүмүүс гадагш шидэгдсэн. Харин би машины баруун талд газарт хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

15. Насанд хүрээгүй гэрч Б.Еын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Миний бие Толбо сумаас аймагт ирж хувцас авахаар таксинд явдаг X.Еын “Истана" маркийн тээврийн хэрэгсэлд сууж аймаг ирж байх замд түүний жолоодож явж байсан тээврийн хэрэгсэл халтирч замын зүүн талд гарч онхолдож осолдсон. Х.Еын тээврийн хэрэгслийг Толбо сумаас байнга таксинд явдаг Л.Жын “Истана” маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэл хурдтай гүйцэж түрүүлж явах үед Х.Е ч түүний араас тээврийн хэрэгслийн хурдыг нэмж явж байхад машин халтирч зүүн тал руу хазайж замаас гарч осолдсон. Машин эргээс гарах үед хэд хэдэн удаа эргэж онхолдож байгаад зогссон. Би машины арын 3 дахь суудалд сууж байсан. Миний хажууд Х.Еын ах Х.Е сууж байсан. Машин онхолдож эргэлдэх үед бид машинаас шидэгдэж газар сууж байсан. Би өөрөө машины цонхоор гарч шидэгдэж байгаа болохыг мэдсэн. Би газар унах үед зөөлөн буусан. Газраас босоход жолооч Е болон ах нь Х.Е бас нэг машинд сууж байсан нэрийг нь мэдэхгүй эгч босоод явж байсан. Машинд байсан нас барсан 2-3 настай хүүхэд, түүний ээж гэх эмэгтэй, бас нэг эмээ газарт хэвтэж байсан. Бид замд гарч араас ирж байсан Еы болон Хайрат нарын машиныг зогсоож нас барсан хүүхэд болон түүний ээжийг Еы машиндаа суулгаж аваад явсан. Хүүхэд ухаангүй байсан. Түүнийг өргөж Х.Е Еын машинаар хамт явсан. Хайратын “Портер” маркийн тээврийн хэрэгсэлд эмээ сууж явсан. Дараа нь Фургон машин ирсэн ба түүнд 21 настай эгч бид хоёр сууж аймагт нэгдсэн эмнэлэгт ирсэн. Бидний араас Толбо сумаас ирсэн машинаар Е ирсэн.  Тээврийн хэрэгсэл цас орж байхад хурдтай явж халтирснаас болж замаас гарч онхолдсон. Машин зүүн тал руу замаас гарч маш их хурдтай гарч онхолдсон. Машин хурдтай ирж байгаад гэнэт зүүн тал руу замаас гарсныг би халтирсан гэж хэлж байгаа юм. Учир нь, тэр үед цас их орж байсан. Засмал замын цас хайлж усархаг болж урсаж байсан болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

16. Яллагдагч Х.Еын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Миний бие өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргалаа. Би хохирогч нарт учирсан хохирлыг төлж өгч, уучлалт гуйсан. Өөрөө ч гэмтэл авсан. Би одоо таягтай явж байгаа. Надад холбогдох хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, тохиромжит хурдыг сонгож яваагүйд санаатай, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Гэмт хэрэг гарахад Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах,  уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.

Хохирогч С.Сийн мэдүүлэг /хх-ийн 32-35/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91/, өвчний түүх /хх-ийн 160-183/ зэргийг үндэслэн түүний биед биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилт няцралт, цээжний битүү гэмтэл, пнемоторакс /хий хуралдсан/, зүүн умдаг ёсны хугарал, амьсгалын дутагдлын 2-р зэрэг, баруун талын эгэм ёсны хугаралттай, зүүн уушгины гэмтэлтэй, зүүн нүд хөхөрсөн, зүүн хацарт, дух, нүүрэнд хавантай, эгэм цээжний баруун талд хавантай зэрэг гэмтэлтэй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-т зааснаар “амь насанд аюултай, амь тэмцсэн, гэмтлийн улмаас үлдэц, уршигтай, хөдөлмөрийн чадвар алдалтад удаан нөлөөлөх” зэргээр хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүнд гэмтэл учирсан гэж үзлээ.

Хохирогч С.Кы мэдүүлэг /хх-ийн 36-38/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78/, өвчний түүх /хх-ийн 151-159/ зэргийг үндэслэн түүний биед тархины доргилт няцралт, зүүн талын далны хугаралт, зүүн нүүр духны хэсэгт, мөр, баруун бугалгаа, зүүн чих орчим, зүүн хүзүүний зүүн талд бүслүүр орчмын зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар “зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй” зэргээр хүндэвтэр зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзлээ.

Хохирогч Х.Е, Б.Е, Х.А нарын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 217, 219, 221 дугаартай  дүгнэлт /хх-ийн 71, 84, 106/, өвчний түүх /хх-ийн 143-150, 198-205/ зэргээр тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Мөн энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон нөхцөл байдал нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Х.Еын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч С.Кы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Х.А, Х.Е, Б.Е нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2 настай хүүхэд Е.Агийн амь насыг хохироосонгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч Саулегүлийн эрүүл мэндэд хүнд, С.Кы эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Еы эрүүл мэндэд хөнгөн, Б.Еын эрүүл мэндэд хөнгөн, Х.Агийн эрүүл мэндэд хөнгөн, жолооч Х.Еын эрүүл мэндэд хүндэвтэр тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирогч нар нь ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Еыг дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй байна

Мөн энэ гэмт хэргийн улмаас амь хохирогч Е.Агийн хууль ёсны төлөөлөгч А.Еэд 10.370.300 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хууль ёсны төлөөлөгч А.Е нь ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгч Х.Еыг түүнд төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Харин хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Еаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Еын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

Шүүгдэгч Х.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол, хор уршгийн хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Е урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн төвийн “Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 7. 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.Еын тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Мөн нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тухайн зүйл, ангид заасан хэмжээгээр буюу 3 /гурван/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаанд хүчингүй болгож, холбогдох байгууллага, албан тушаалтан нь ялын биелэлтэд хяналт тавих ёстой.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Еын жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х-ын Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч С.Кы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Х.А, Х.Е, Б.Е нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2 настай хүүхэд Е.Агийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т зааснаар шүүгдэгч Х.Еын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан Х.Ед хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Еын тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Ед оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг  албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Х.Ед тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Х.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Еын жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                А.ДАУРЕНБЕК