Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 146

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч Ж.А,

Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-б овогт Х-н Сайранд холбогдох 1913003210199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1976 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс Казах, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр баг, хөшөөт гэх газарт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “СС Монголия” ХХК-д леботкачин ажилтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С-б овогт Х-н Сайран, регистрийн дугаар БЛ...................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.С нь иргэн М.Бийг  зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.С нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цаг 30 минутын орчимд Х.Аын зуны байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Бтэй маргалдаж улмаар зодож, түүний биед зүүн талын чихний дэлбэн, дух, хамрын хянга, баруун, зүүн талын тохой, нуруу, баруун талын мөр, баруун талын шилбэний хэсгүүдэд бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, зүүн талын хавирганы нум хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сумын төвд ирсний дараа машинаа янзлуулсан гэх хүн Х.Аад 1 шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи өгсөн бөгөөд тэр архийг аваад Х.А бид хоёр явж байхад Х.Стай тааралдсан. Улмаар бид гурав нийлээд явж байгаад Е.Гтай тааралдаж улмаар Х.Аын зуны байшинд очиж бид дөрөв хувааж уусан. Х.А дахин 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч ирсэн бөгөөд бид гурав хувааж ууж байгаад Х.С бид хоёр 2020 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас нэр дэвшиж орно гэж хэлсэн. Миний нэрийг Ардын намаас дэвшүүлэхгүй бол Ардчилсан намаас дэвшинэ гэж хэлснээс болж маргалдаж Х.С миний цээж рүү нэг удаа цохисон ба би босоод ирэх үед миний хажууд сууж байсан Х.А надад боль, тэнэг юм уу, согтоод байна уу гэж миний зүүн талын хацар луу алгадаж ухаантай бай гэхээр нь би больж буцаад суусан. Тэгээд хэсэг сууж байгаад Х.С бид хоёр дахин маргалдаж бие биенээ заамдаж барьж авах үед миний толгой, нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд Е.Г босож ирээд та нар боль гэж намайг барьж татах үед Х.С миний дагз орчим руу цохисон. Би урд талд байсан хоолны ширээ рүү унаж дараа нь газар унах үед Х.Сыг Х.А барьж авсан. Би газар унах үед Е.Г миний цээж рүү дараад суучихсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Х.С надад Улаанбаатар хот руу очиж эмчлүүлээд ир, зардлыг нь би дааж өгье гэж хэлж байгаа. Х.Сыг би уучилсан, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

- Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ачааны машин засаж байхад найз болох М.Б машиныхаа чиргүүлийг засуулахаар ирсэн. Тэрээр машин засаж дуусаад янзлаад өгье гэж хэлээд М.Бийн чиргүүлийг янзлах гэж байхад нэг залуу ирсэн. Сумын төвөөс 10-аад км зайд машин эвдэрчихлээ, дотор нь нярай хүүхэд байгаа засаад өгөөч гэхээр нь М.Бийг дагуулж очиж эвдэрсэн машиныг засаж өгөөд 22 цагт сумын төвд ирсэн. Тэгээд машинаа засуулсан залуу надад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи өгсөн ба М.Б бид хоёр явж байгаад Х.Стай тааралдсан. Тэрээр би гэрт мах чанаад явсан, очиж хоол идэх үү гэхэд Е.Гыг дуудчих, гэртээ ганцаараа байгаа гэхээр нь утсаар нь дуудаж залгаад улмаар манай гэр лүү явж байхад Е.Г тааралдсан. Бид дөрөв манай гэрт очиж чанасан махыг идэж 0.5 литрийн архийг хувааж уугаад дахин нэг шил архи задалсан. Тэрнийг уугаад сууж байхад 2020 оны сонгуульд 5 дугаар багаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол ардын намаас М.Б нэр дэвшин гэсэн. Тэр үед Х.С М.Б Монгол ардын намаас би дэвшин гэхэд мандат өгөхгүй бол Ардчилсан намаас дэвшинэ гэж хоорондоо маргалдаж эхэлсэн. М.Б миний сайн найз болохоор нь боль гэж хэлээд сууж байхад Х.С М.Бийг нэг удаа цээж рүү нь цохисон. Болатбек Х.С руу дайрах үед чи миний үгэнд ор, ухаантай бай гэж нэг удаа зүүн талын хацар луу нь алгадаж авсан. Тэрээр М.Б за за болилоо гэж хэлээд суугаад хэсэг хугацааны дараа дахин маргалдаж тэр хоёр бие биеэ заамдаж аваад М.Бийн нүүр, толгой хэсэг руу хэд хэдэн удаа цохиж, зодохоор нь Е.Г босож очоод М.Бийг, би Х.Аыг барьж авсан. Тэр үед Х.С миний гараас мултарч М.Бийн толгой руу цохиход газар унаад босох гэж байхад Е.Г очиж цээжинд нь суугаад босгоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Гэрч Е.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр жижүүрийн амралттай байсан бөгөөд тухайн өдөр найз Х.Сы хамт загасчлахаар голын ус руу очиж 20 цагийн үед ирсэн. Тэгээд гэрт сууж байхад 22 цаг 30 минутын үед Х.А гэх залуу утсаар та манай гэр лүү хүрч ирээд хоол идээд яваарай гэхээр нь Х.Аын гэр лүү явж байгаад замд Х.А, М.Б, Х.С нартай тааралдсан. Улмаар Х.Аын гэрт очиж хоол идээд Азамат 1 шил 0.5 литрийн архи задлаад бид хувааж уусан. Тэгээд Х.А дахин нэг шил архи задлаад тухайн архийг уугаад сууж байхад Х.С, М.Б нар 2020 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөх болно гэж тэд маргалдсан. Тэрээр Х.С М.Бийн цээжин тус газар нэг удаа цохих үед М.Б Х.С руу дайрсан. Тэр үед би больцгоо гэж хэлээд сууж байсан ба Х.А М.Б руу хэд хэдэн удаа боль гэсэн боловч хүч өгөхгүй суугаад байсан ба ухаантай бай гэж нэг удаа зүүн талын хацар луу алгадсан. Тэр үед М.Б за за болъё найз, хэн нь нэр дэвших нь хамаагүй гэж буцаад суугаад ярилцаж байгаад Х.Стай дахин маргалдаж улмаар бие биеэ заамдаж авч улмаар Х.С М.Бийг хэд хэдэн удаа нүүр, толгой хэсэг руу нь цохихоор нь би М.Бийг барьж авсан. Х.Сыг Х.А барьж авсан. Тэр үед Х.С Х.Аын гараас мултарч гарч ирээд миний барьж байсан М.Бийн толгойн ар хэсэг рүү нэг удаа цохих үед урд талын ширээ рүү унаж, улмаар газар унаад босох гэж байхад би дахин зодолдох юм бол уу гэж бодоод М.Бийг барьж суучихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Бы 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн “Иргэн М.Бийн биед зүүн талын чихний дэлбэн, дух, хамрын хянга, баруун, зүүн талын тохой, нуруу, баруун талын мөр, баруун талын шилбэний хэсгүүдэд бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, зүүн талын хавирганы нум хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн М.Бийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, газар унах үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх” дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Сы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Цэнгэл сумын Онцгой байдлын ангид ажилладаг Е.Г гэх найзтайгаа цуг гол руу очиж загасчилсан юм. Тэрээр 20 цагийн үед гэрт ирээд цайгаа уучхаад нэг айлаас юм авах гэж явж байхад 22 цагийн үед байх Х.А, М.Б нартай тааралдсан. Тэд нэг машин эвдэрчхээд очиж засаж өгөөд ирж байна, тэр машины жолооч нэг шил архи өгсөн, манай гэр лүү очиж мах идээд архийг хувааж уух уу гэхээр нь Е.Г энд ганцаараа байгаа дуудчих, тэгээд танайх руу хамт очъё гэж хэлсэн. Тэрээр Х.А Е.Г руу залгаж дуудсан ба бид гурав Х.Аын гэр лүү явж байхад манай урдаас Е.Г гарч ирээд улмаар бид дөрөв Х.Аын зуны байшинд очиж суугаад Х.А мах буулгаад махыг идэнгээ Х.Аын нэг шил 0.5 литрийн архийг уусан. Тэр архи дуусангуут Х.А дахин нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд тухайн архийг уугаад сууж байхад М.Б 2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол ардын намаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 5 дугаар багаас нэр дэвшин гэж хэлэхээр нь би найзын хувьд тоглоод юу гэж 5 дугаар багт Монгол Ардын намаас нэр дэвших юм вэ, би тухайн багт Монгол ардын намаас нэр дэвшин гэсэн. М.Б надад тэгвэл би Ардчилсан намаас нэр дэвшинэ гэсэн. Би цаашлуулаад тэгвэл тэг хоёулаа өрсөлдөх юм байна гэж хэлээд улмаар маргаан гарсан. Тэрээр над руу дайраад байхаар нь би М.Бийн цээж рүү нь нэг удаа цохиж одоо болно гэсэн чинь Е.Г, Х.А нар бид хоёрт одоо болно, больцгоо гэж хэлсэн ба М.Б хүч өгөхгүй дахин маргаан гаргаад байхаар нь Х.А чи миний найз биз дээ, би чамд боль гэсэн, чи одоо болчих, согтчихсон юм биш үү гэж нэг удаа алгадах үед М.Б за за одоо болилоо гэж суусан. Хэсэг хугацааны дараа М.Б дахин маргаан гаргаж над руу дайрахаар нь бид хоёр бие биеэ заамдаж авах үед М.Бийн нүүр, толгой хэсэг руу нь хэд хэдэн удаа гараараа цохих үед Х.А босож ирээд намайг барьж авч, Е.Г М.Бийг барьж авч салгасан. Тэрээр Х.А чамайг хэн сонгох юм гэхээр нь би Х.Аын гараас мултарч гараад М.Бийн толгойн ар хэсэгт нэг удаа цохих үед газар унасан. Тэр үед Х.А намайг барьж аваад байшингаас гаргаж явуулсан. М.Б чи Улаанбаатар хот руу очиж үзүүлж ир, би зардлыг нь өгье гэж хэлсэн. М.Бийг согтуудаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Намайг уучилсан тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Бийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Сы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж барагдуулсан тул түүнд төлөх төлбөргүй байна.  

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэргийн хамт шүүхэд шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С-б овогт Х-н Сайраныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.С нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК