Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 000066

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                      Д.Майжаргалд холбогдох эрүүгийн

                                                             хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс 142/2017/0012/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:           

 

         Прокурор                                                       Ц.Идэрмөнх

          Шүүгдэгч                                                       Д.Майжаргал

          Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч       Д.Туул

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.Сарантуул

          Нарийн бичгийн дарга                               Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолтой Д.Майжаргалд холбогдох, 201614000467 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 10-14 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ГЖ-90050211 регистрийн дугаартай, Боржигон овогт Далайн Майжаргал.

 

Шүүгдэгч Д.Майжаргал нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй байхдаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт Б.Эрдэнэбумангийн хэвлийн тус газарт хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Боржигон овогт Далайн Майжаргалыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 65 дугаар зүйлийн 65.1.д зааснаар шүүгдэгч Д.Майжаргалд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 66 дугаар зүйлийн 66.2.т зааснаар шүүгдэгч Д.Майжаргалыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хивсний хайчилсан хэсэг, дэрний цагаан даавуу, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн ноосон цамц, Сэрүүн гэсэн бичигтэй пивоны ногоон өнгөтэй хуванцар сав, бор өнгийн Сэнгүр гэсэн бичигтэй пивоны хуванцар сав, цус мэт зүйлээр бохирлогдсон мод, хохирогч Б.Эрдэнэбумангийн өмсөж байсан гэх урдаа бичигтэй цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, улаан өнгийн хагас ханцуйтай футболк, хар өнгийн даавуун өмд, улаан өнгийн ноосон оймс 1 хос зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь 198 хоног цагдан хоригдсоныг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

 

Шүүгдэгч Д.Майжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүнийг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт нэн даруй хүргэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Шүүхийн аюулгүй байдлыг хангах тасагт даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:

 

2017 оны 4 сарын 20-ны 108 тоот шийтгэх тогтоолоор Д.Майжаргалыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгахаар шийдвэрлэсэн билээ. Д.Майжаргал нь "2016 оны 10 сарын 09-ний өдөр Б Эрдэнэбумангаас эгчийгээ өмөөрч хэвлийн тус газарт нь хутгэлсан үйлдэл хийсэн бөгөөд уг хэрэгт холбогдох үедээ төрөлхийн оюун ухаан хомсдол өвчний хүндэвтэр зэрэглэлт сэтгэцийн өвчтэй" байсан.

 

Энэ нь шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 сарын 17-ны өдрийн дүгнэлт шинжээч эмч Должмаа, ээж болох гэрч Д.Туул болон бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.

2016 оны 11 сарын 17-ны өдрийн дүгнэлтээр Д.Майжаргалд “албадан эмчилгээ шаардлагагүй” гэсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон эмч Должмаа ч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй гэсэн. Дүгнэлт гаргах үед тайван байсан, цагдан хоригдож байх хугацаанд манайд цагдан хорих байрнаас хандсан зүйл байгаагүй гэдэг.

Д.Майжаргалд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан байгаа нь 1971 онд гарсан “НҮБ-ийн оюуны хомсдолтой хүмүүсийн эрхийн тунхаглал”, “1991 оны 12 сарын 17-ны Сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах 25 зарчим тунхаглалын 20-д заасан” гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд шүүх сэтгэц гэм судлалын шинжээчээр шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн заалт зөрчигдөж байна. Иймд шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ: Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Майжаргал нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй байхдаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт Б.Эрдэнэбумангийн хэвлийн тус газарт хутгалж  биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...  2016 оны 10 дугаар сарын 08-ны орой ажлаа тараад 19 цагийн үед ирээд жаахан архи уусан байсан болохоор ороо засаад унтсан. ...Нэг сэрэхэд манайд Бандиа буюу Эрдэнэбуман ирчихсэн охин Янжиндулам, Майжаргал нар пиво уугаад сууж байсан..., Майжаргал Бандиатай маргалдаад Бандиагийн толгой руу модоор цохиж байсан..., Би Майжаргалыг ингэж болохгүй боль гэж хэлээд Бандиагаас салгасан..., Бандиа Майжаргалаас зугтаагаад гэрээс гарахад араас нь Майжаргал гараад явсан..., Охин Янжиндулам Бандиаг өмөөрч байгаад өөрөө Майжаргалд цохиулчихсан.., Майжаргал Бандиаг хутгалсан эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна..., Майжаргалыг гэрээс гарахдаа хутга аваад гарахыг мэдээгүй..., Цагдаа нар ирсний дараа гэрийн шүүгээний нүдэнд байсан миний ажилдаа хэрэглэж байсан цагаан өнгийн 100 төгрөгний уяагаар ороочихсон жижиг хутга байхгүй байсан..., Миний хүү Майжаргал нь огцом ууртай, нэг уурлах юм бол хэний ч үгэнд ордоггүй, гартаа таарсан юу ч хамаагүй аваад шиддэг, дүү нараа зоддог..., Бид нар аль болох Майжаргалын аясаар байдаг уурлавал юу ч хийж магадгүй. ...Одоо сэтгэцийн 70 хувийн групптэй байдаг..., гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Эрдэнбумангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...Тухайн үед архи уучихсан их согтуу байсан..., Намайг хутгалсан залуугийн гэрт ороход ээж нь болох эмэгтэй, хүүхэдтэй эмэгтэй, намайг хутгалсан залуу нар байсан..., Хүүхэдтэй эмэгтэй надад ундааны саванд хийчихсэн архи өгөхөд нь би уусан..., Тэр үед их согтуу байсан болохоор бусад зүйлийг сайн санахгүй байна..., гэрээс нь гараад гудамжаар явж байхад араас Майжаргал гүйж ирээд миний хэвлий хэсэг рүү 2 удаа хутгалсан..., Майжаргалыг хаанаас хутга авсныг мэдэхгүй  намайг хутгалчихаад бас зодсон..., гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Янжиндуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 10 дугаар сарын 08-ны орой гэртээ би пиво уугаад байж байхад гаднаас Бандиа буюу Эрдэнэбуман орж ирсэн..., Дараа нь ах Майжаргал орж ирсэн..., Шөнө унтаж байхад Майжаргал Бандиа нар маргалдаж эхлэхээр нь би босч юу болоод байгаа юм бэ болиоч гэхэд ах Майжаргал намайг цохиод авахаар нь би гайгүй болох байх гэж бодоод буцаж хэвтсэн..., Өглөө сэрэхэд миний унтаж байсан орны даавуу, ...дэрний уут, хувцас хийдэг цүнх зэрэг зүйлүүд нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь ээжээс энэ яагаад цус болсон юм гэж асуухад ээж маань ах чинь Бандиагийн толгойг хагалчих шиг болсон гэж хэлж байсан..., Гаднаас өглөө цагдаа нар орж ирээд биднийг аваад явсан..., гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...2016 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цагийн үед Долгормаагийн гэрлүү очихоор гудамжаар явж байхад Майжаргалын хашаанаас Бандиа түрүүлж гүйхэд араас нь Майжаргал хутга барьчихсан гүйгээд хөөгөөд явсан..., Бандиа Майжаргал нар их хурдан гүйгээд гудамжны үзүүр лүү худаг байдаг хэсэг рүү тойроод гүйсэн..., Би дотроо Майжаргалын өвчин нь хөдөлчихөж гэж бодоод хурдан алхаад хүү Баясгаланг Долгормаагийнд хүргэж өгчихөөд буцаад явж байхад Майжаргал хутгаа зүүн гартаа барьчихсан ганцаараа гарч ирсэн..., Гарт нь байсан хутга гудамжны гэрэлд гялалзаад тод харагдаж байсан..,. Майжаргал Бандиаг хөөж байхдаа хутгаа баруун гартаа барьсан байсан..., Харин буцаад ирэхдээ зүүн гарт нь хутга нь харагдсан.., Би Баясгалангийн хамт гэрээс гарахад Майжаргалын хашаанд Янжиндулам пизда нараа миний хүүхдийг яачихваа гээд хашгираад нялх хүүхэд нь аймаар уйлаад, ээж нь согтуу байгаа бололтой орилоод байсан..., Майжаргалыг сэтгэцийн өвчинтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэж байсан..., Ер нь Майжаргал, ээж Туул нь дүү Янжиндулам, ах Үүрээ нар нь архийг байнга уудаг. ...Янжиндулам нь насанд хүрээгүй хүүхдүүд цуглуулж архи уудаг..., Өмнө нь манай хүү Саранцогтыг Майжаргал нь архины шилээр толгойн тус газар нь цохиж гэмтээж байсан..., гэсэн мэдүүлэг,

,

Гэрч Д.Лхагваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...Майжаргал нь өөрийн гэсэн ухамсар байхгүй, жаахан хүүхэд шиг ухаантай, сэтгэцийн өвчин нь хөдлөхөөрөө гартаа барьсан юмаа шиддэг хүүхэд байгаа юм..., Сэтгэцийн өвчин нь хөдлөөгүй үедээ зүгээр суугаад байдаг, гэртээ түлээгүй бол тэрэг түрээд уулнаас түлээ түүгээд ирдэг..., Майжаргалын уурыг хүргэхгүй бол аюул багатай..., гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Амарсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...Шөнө 00 цагийн үед гэрийн хаалга өшиглөөд би үхлээ, танай хаалганы харалдаа үхлээ шүү гээд байхаар нь хаалгаа онгойлгоход Эрдэнэбулган толгой нь хагарчихсан, хутгалуулчихлаа гээд гэдсээ үзүүлсэн..,. Хэн хутгалсан юм бэ гэхэд дуугарахгүй байсан..., Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан..., гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...Шөнө эмнэлэг дээр очиход манай хүү Эрдэнэбулган хэвлийн тус газартаа хутгалуулчихсан байсан. Эмнэлэгт байхдаа Эрдэнэбулган ухаан ороод Жагаа намайг хутгалсан гэж хэлсэн..., Бид нар хүүдээ Эрдэнэбулган гэж нэр өгсөн. Манай гэрийнхэн Эрдэнэбулган гэж дууддаг. Харин паспорт авахад нь Эрдэнэбуман гэж бичээд паспорт олгосон байсан тул бичиг баримтан дээр нь Эрдэнэбуман гэж явдаг юм гэсэн мэдүүлэг,

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 721дугаартай

 

Б.Эрдэнбулганы биед хүйсний зүүн доод талаар хэвлийн хөндийд нэвтэрч сэмж, цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун шуунд шалбархай, баруун нүдний дээд, доод зовхи, толгойн орой, баруун даланд зөөлөн эдэд цус хуралт, баруун мөр даланд зулгаралт, хуйханд дагз хэсэгт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ..., Хэвлийн хөндийд нэвтэрч сэмж, цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дагзны язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., Гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна... гэсэн дүгнэлт,

 

Хохирогч Б.Эрдэнэбулганы өмсөж явсан хувцасанд үзлэг шинжилгээ хийсэн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 129 дугаартай дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.Майжаргалыг урьд нь болон одоо төрөлхийн хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдолтой, зан төрхийн өөрчлөлттэй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй, албадан эмчилгээ шаардлагагүй гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн магадлагаа зэрэг нотлох баримуудаар нотлогдон тогтоогдожээ.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаагаар шүүгдэгч Д.Майжаргалыг албадан эмчлүүлэх шаардлагаүй гэж үзсэн боловч анхан шатны шүүх шүүгдэгч Д.Майжаргалын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзээд түүнд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт эмчлүүлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Д.Майжаргал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, уг этгээдийн цаашдын хууль бус ажиллагаанаас иргэдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, өвчнийг нь эмчлэн эдгэрүүлэх, цаашид гэмт хэрэг дахин үйлдүүлэхгүй байх зорилгоор түүнийг сэтгэцийн ердийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай ба эмчлүүлэх хугацааг нь эмнэлэгийн байгууллага өвчний байдлыг нь харгалзан үзэж тогтоох нь зүйтэй байна.

 

Иймд Д.Майжаргалд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.Майжаргалын өмгөөлөгчийн гаргасан ...Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээгээр Д.Майжаргалд албадан эмчилгээ шаардлагагүй гэж үзсэн тул шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү..., гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Майжаргалын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

 

                        ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

    

                                                                                                                                                                                                                                                            С.ЦЭЦЭГМАА